| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0109/Э |
| Дугаар | 00109 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00109
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Г.Баяраа,
хохиргч Д.Н ,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э холбогдох эрүүгийн 1815001280105 дугаартай, 163/2018/0109/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л. Э
Холбогдсон хэргийн талаар:
Л.Э нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн орой 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Овооны өвөр” гэх нэртэй газарт хохирогч Д.Н тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э өгсөн: Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохиргч Д.Н гийн өгсөн: Надад гомдол, санал байхгүй. Би эмчилгээнийхээ зардлыг гаргуулмаар байна. Толгойны ухархайгаар өвдөж, татдаг болсон. Эмчилгээний зардалд 2.000.000 гаруй төгрөгийг зарцуулсан. Цаашид 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор миний бие их өвдсөн зүйл байхгүй, хааяа нэг толгой өвдхөөр нь эм уудаг. Шинээр өгөх нотлох баримт байхгүй байна. Уг нь надад эм тариа авч байсан баримтууд байгаа боловч айлд мартчихсан байна гэв.
18150001280105 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохиргч Д.Н гийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 09-ны өглөө гэртэй байж байтал манай хажуу айлын О гэх залуу хонь авч, мөн хурга ишиг хөнгөлөөд өгөөч гэхээр нь зөвшөөрч хурга ишийг нь хөнгөлж дуусаад уг О гэх айлд 0,75 литрийн архийг О гийн ээж Ааяа, О гийн найз гэх зүс таних залуу, эхнэрийн хамт бид 5 хувааж ууж дуусаад Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Шар ам” гэх газраас Овооны өвөрт Э өгсөн юм. Уг айлд хурга, ишгийг нь хөнгөлж өгөөд хажуу талын айл болох Э дүүгийнд очиж хурга шигийг нь хөнгөлж өгсөн юм. Дүүгийнд нь 0,75 литрийн архийг Ааяа, Энх-Отгон, Э дүү, эхнэрийн хамт архи хувааж уусан юм. Тухайн үед Э дүүгийндээ сууж байхад 2016 онд Э дүүтэй зодолдож байсан юм. Уг асуудлын талаар Э үг хаяад байсан юм. 16 цагийн үед Э дүүгийнхээс гараад эзгүй газар Э надтай ноцолдож миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 2-3 удаа цохихоор нь би харъяа гэтэл Э надаас уучлалт гуйя гээд явуулахгүй байсан юм. Уучлалт гуйгаад явахаар нь энэ намайг уучлаагүй байна гээд мотоциклиос татаж унагаад миний нүүрэн тус газар цохиод байсан юм. Мөн намайг гүйцээнэ гээд хурга хөнгөлдөг хутгыг барьж дайраад байсан. Тэгээд байж байтал хажуу талын айлын Чандаа ах ирж салгаж намайг явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Б.Цолмонжавхаагийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр манайх хурга ишиг засаад байж байтал манайхтай ойролцоо байх Д.Н гэх залуу нилээд халамцуу 1 шил 0,5 литрийн Ерөөл архитай ирээд манайд байсан хүмүүстэй хувааж уугаад манайд засаа идсэн. Удалгүй хүмүүс явцгааж манайд би, манай нөхөр, Энх-Отгон, саахалт айлын залуу Мөнхжаргал, Д.Н , Магсаржав нар үлдээд байж байтал манай нөхөр Энх-Отгоныг Д.Н үгээр өдөөд элдэв янзийн үг хэлээд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж аваад зууралдаад гэрээс гарцгаасан. Тэгээд нэг их удаагүй манай нөхөр Э нүүр ам нь бага зэрэг хавдсан байдалтай орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Д.Магсаржавын өгсөн:...Д.Н ирэхдээ нэлээд согтсон байдалтай замаараа манайхаар ороод Энх-Отгоныд очсон юм..., Энх-Отгон, Д.Н г их согтсон байна. Би хүргэж өгнө гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Д.Мөнхжаргалын өгсөн:...Д.Н уначихсан хэвтэж байхаар нь яав гайгүй юу гэж асуутал хөл өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь татаж босгоод мотоциклийг нь босгож мордуулж өгөөд адуу дэллэж байсан газарт ирсэн. Д.Н тухайн үед архи уучихсан нилээн халамцуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
С.Отгонбаярын өгсөн:...Э гадаа яваад очтол Энх-Отгон, Д.Н нар гэрийн гадаа барьцалдаад авчихсан маргалдаж байхаар нь больцгоо та нар нэг нутгийн хүмүүс байж юж болоод байгаа юм гэж хэлээд салгатал Д.Н мотоциклио унаад харих гэж яваад, Э гэртээ орсон гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Н гийн биед тархи доргилт, хамар баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөр тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 10/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Энх-Отгоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Э нь 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн орой 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Овооны өвөр” гэх нэртэй газарт хохирогч Д.Н тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Э нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч эмчилгээний баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрлүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Э ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолгүй цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН