Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

2026           02            26                                                          2026/ДШМ/16                                  

 

                                                     М.Б, Д.М нарт холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 2234001480516 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ....-ний өдөр .... төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..... хамт ................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Д.М,

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, 59 настай, эрэгтэй дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл ...., ..... хамт ......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.Б,

2.Шүүгдэгч, М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр Д.Мт “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын ...... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, тээвэрлүүлж, давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт ....... гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 1 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн 21 /хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Бгийн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг  1/нэг/ жил 5 /тав/ 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ Ө.О эзэмшлийн "Хьюндай 5 тонн гоулд" маркийн ".....улсын ашигласан иргэний нэхэмжлэгч дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15,009,800 төгрөгийг шүүгдэгч Д.Мээс, шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн 181,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөө, шүүгдэгч М.Бд хариуцуулсан гэх 532 ширхэг 32м³ хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөгчийн тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл"-ийг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг, шүүгдэгч Д.М нь ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн давж заалдах гомдолд  болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  “...Өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч М.Бг ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууринаас оролцож байна. Өөрөөр хэлбэл, өөрийн төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал олгоогүй, ойгоос хуурай мод бэлтгэх зөвшөөрлийн бичгийг албан тушаалд заасан эрх мэдлийн хүрээнд зохих журмын дагуу олгосон гэж үзэж байгаа.

Шүүгдэгч Д.М нь "Хууль бусаар мод бэлтгэсэн гэж яллаад байгааг ойлгохгүй байна. Би хуулийн дагуу бэлтгэсэн. М.Б надад хуулийн дагуу бичдэг юмыг нь бичиж өгсөн.....", мөн тухайн шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч М.Б нь "Би хуулийн дагуу ёс журмаар нь мод бэлтгүүлсэн. Би өөрөө хоёр гурван удаа очиж эргүүл шалгалт хийж байсан. Хоёр удаа гоожин бичсэн. Би хөдөө орон нутагт гоожин бичдэг. Харин гарал үүслийн бичиг өгөөгүй, би бичиж өгдөггүй" гэх мэдүүлэг, мөн нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, 82-83 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийг гэрчээр асуусан мэдүүлэг, Авлигатай тэмцэх газрын комиссар Саранхүү яллагдагч М.Бгээс мэдүүлэг авахдаа яллагдагчийг өөрөөр нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг зөвшөөрүүлэхгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалтыг зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй мөртлөө яллах дүгнэлт танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Түүнчлэн нотлох баримтаас шинжээчийн дүгнэлтийг хасуулах тухайд шинжээч Ц.Батбаярын гаргасан дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа хувийн болон байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно. Гэтэл уг шаардлагыг хангаагүй байхад шинжээчийн тайлбарыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нэгдүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэсгийн төлөөлөгчийн үйлдэл байдаг ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуульд зааснаар прокурорын зөвшөөрөл авахгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

6.Прокурор Б.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх агуулга бүхий нөхцөл байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэм буруугийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд дотор хууль зөрчсөн болон процесс зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх асуудлын тухайд гүйцэтгэх ажил гэдэг нь нууц, далд аргаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг ойлгоно. Харин цагдаагийн албан хаагч нийтэд ил байршуулсан, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл баримтыг өөрийн санаачилгаар бүртгэлд авч, шалгах ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

7.Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.

 

8.Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа:  “...Миний хувьд шүүгдэгч Д.Мийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

9.Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн магадлалаар М.Бг Д.Мт давуу байдал олгосон эсэхийг тогтоох нь зүйтэй гэж заасан. Мөн фермийн хашаанд үзлэг хийгээгүй, үзлэг хийж тогтоох шаардлагатай гэж дурдсан. Түүнчлэн Төв аймгийн Баянцогт сумын мэргэжилтэн Отгондуламыг хохирогчоор асуугаагүй талаар дурдаж, эдгээр дутагдлыг арилгахыг заасан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар прокурор үргэлжилсэн үйлдлийг тогтоогоогүй, шууд бүлэглэсэн, үргэлжилсэн үйлдэл гэж зүйлчилсэн нь буруу, уг асуудлыг тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр буцаасан. Гэтэл прокурор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 2234001480516 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талуудыг мэтгэлцүүлж, тэдний хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангагдсан гэж үзэх юм. 

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр Д.Мт “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын ........................ гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, тээвэрлүүлж, давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт сумын .............. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 1 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудад тусгагдсан байдаг.

3.Төв аймгийн прокуророос нотолбол зохих байдлыг шалгаж шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргээс үргэлжилсэн үйлдэлд нь яллахаас татгалзсан зүйлгүй байна.

 4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах ёстой.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд хэргийг хэлэлцүүлж хэргийн бодит байдлыг тогтоохдоо “...шүүгдэгч Д.М нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр Төв аймгийн Баянцогт сумын ............ гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д "Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлнэ” гэж зааснаар тооцож 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан,

...шүүгдэгч М.Бг нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садны хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт .............. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м³ хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн...” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч нарыг 2022 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрийн хугацаанд хамаарах үйлдэл холбогдолд гэм буруутайд тооцсон дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан журмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болов.

5.Давж заалдах шатны шүүх уг зөрчлийг зөвтгөн залруулах боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...”, 1.3-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б, Д.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав. 

6.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б, Д.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Б, Д.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЦЭРЭНХАНД

                                                           

                                      ШҮҮГЧИД                                                Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                                  З.ТҮВШИНТӨГС