| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0110/Э |
| Дугаар | 00110 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00110
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Д.Д ,
шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч , тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Н ,мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0110/Э индекстэй, 1815001090100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Т овогт Я.Н
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Ш овогт Ц.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, С овогт Ө.Чи
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, С овогт Ө.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Я.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Д г бусдад зодуулж байх үед салгах гэж очсон хохирогч Э. нүүрэн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн энэ үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хохирогч Д.Д гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан
Яллагдагч Ц.Б , Ө.Ч , Ө.Чи нар нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж бусдад хүч хэрэглэж хохирогч Д.Д гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Н ын өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ы өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Чи ын өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ч ын өгсөн: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д гийн өгсөн: Шүүгдэгч Ө.Ч намайг хоёр согтуу нөхөр дагуулж ирээд зодсонд гомдолтой байна. Надад 2.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би шүүгдэгч нараас 3.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Цаашид гарах хохирол төлбөрийг хэлж мэдэхгүй байна. Одоо миний бие удаан хугацаагаар зогсож чадахгүй, явахаар хөлс гоожоод хэцүү байна. Шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэв.
1815001090100 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Д ы өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ноолуур авах ажлаар 3 уулаа ирсэн. Дараа нь 2 найз ирсэн. Тэгээд ноолуур авсан. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд сумын төвд ноолуур аваад машиндаа сууж байхад 1 машин ирсэн. Тэгээд нөгөө машинаас 2 танихгүй залуу бууж яасан даварчихсан пиздаа нар нар вэ гээд том биетэй тарган залуу нь машинаас чирж буулгаад хавсарч унагасан тэгтэл нөгөө залуу нь газар унасан байхад нуруу руу 3, толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Нэг хүн ирээд салгах шиг болсон. Тэгээд нөгөө машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед цагдаа нарт хэлээгүй. Тэгтэл орой 18 цаг өнгөрч байхад Мухар гэх залуу цагаан өнгийн “приус” маркийн машинтай ирээд та нар яваагүй байгаа юм уу бүдүүн пиздааг ална өнөө шөнө чиний сүүлчийн шөнө байх болно. Машины чинь 6 дугуйг хагална. Надад хууль үйлчилдэггүй гэсэн. Та нар цагдаа нараа дууд гээд Тэгээд утасаараа нэг хүн рүү залгаад нөгөө пизда чинь яваагүй байна ирж алаач гэсэн тэгээд 10 минутын дараа 1 машин ирээд дотроос нь 3 залуу бууж ирээд ганцхан над руу дайраад намайг сандал дээр сууж байхад шууд над руу 4 залуу нийлж байгаад зодчихсон. Борц хөшиглөөд сууж байсан хутга гарч минь байсан тэрийг барьж байгаад Мухар гэх залуу зураг дараад дараа нь эд мөрийн баримт гээд хашгираад байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан. Миний биеийн зүүн ташаа хэсэгт маш их өвдөлттэй, сууж чадахгүй босож чадахгүй, яс хэсэгт гэмтэл байх шиг байна. Үүдэн дээд 1 шүд суларсан. Толгой их өвдөж байна гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Хохирогч Э.С өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ноолуур авах ажлаар ирсэн. Тэгээд ноолуур авсан. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг өнгөрч байхад хамт ноолуур авч байсан хүмүүстэй юм яриад сууж байхад Мухар гэх Хишиг-Өндөрийн залуу цагаан өнгийн приус маркийн машинтай ирээд. Би танидаг юм болохоор уулзах гээд очиход Мухар согтуу Д.Д гэх хүн рүү дайраад ална гээд байсан. Тэгээд би Мухарыг машинд суугаад би таньтай юм ярихгүй наад бүдүүн пиздааг чинь ална гээд байснаа утсаа аваад хүмүүс дуудсан. Удаагүй машинтай хүмүүс ирээд Д.Д г нийлж зодсон. Тэгэхэд салгах гээд очход Нямсүрэн гэх залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би хойшоо саваад унасан. Намайг босоход миний хамарнаас цус гарсан. Миний үүдэн дээд 1 шүд хөдөлсөн. Тэгээд би нөгөө хэд рүү дахиж очоогүй. Машин дээрээ ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Гэрч Д.Цэдэвсүрэнгийн өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд ноолуур болон хөнгөн цагаан авч байтал 12 цагийн орчимд нэг хэлгүй залуу мотоциклийн аккумлятор өгсөн. Тэгээд бид нар 500 төгрөгөөр авна гэсэн. Тэгтэл хажуу талаас Ц.Б гэх залуу 5000 төгрөгөөр авдаг та нар 5000 төгрөгөөр ав гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би авахгүй гээд нөгөө аккумляторыг буцаагаад нөгөө залууд өгсөн. Тэгээд удалгүй нэг машинтай 5 залуу ирээд 2 залуу бууж ирээд надтай хамт байсан Д.Д гэх залууг машин чирж буулгаад нилээд өшиглөөд, цохиод зодоод байсан. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн. Би цагдаа нар луу ярьж хэлэх гэтэл цагдаа нарын дугаарыг мэдэхгүй байсан. Тэгээд бид нар цагдаад хэлээгүй. Тэгээд орой 18 цагийн орчимд Мухар гэх хүн цагаан өнгийн приустэй согтуу ирээд утасаар залгаад Баянхонгорын пизда нар чинь яваагүй байна. Хурдан ирээд алаач гэсэн. Тэгээд Д.Д нартай маргалдаад байж байтал удаагүй 80-60 УНМ гэсэн хөх өнгийн машинтай согтуу залуучууд ирсэн. Дотроос нь өдрийн зодоон хийдэг 2 залуу дээр Нямсүрэн гэх залуу нэмэгдээд Д.Д г зодсон. Бид нар салгах гээд дайраад салгах боломж олгохгүй байсан. Бид нартай хамт явсан Содном гэх хүн салгах гээд очиход Нямсүрэн гэх залуу шууд цохиод унагасан. Тэгээд би цагдаад ирж дуудлага өгсөн. Цагдаа нар очоод аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,
Гэрч Д.Батбаатарын өгсөн:...тэгээд бид нар хөзөр тоглоод байж байтал нэг машинтай 5 залуу ирээд 2 залуу машинаас буугаад ирсэн чинь нөгөө хэрүүл хийгээд байсан залуу бууж ирээд зайлцгаа пиздаа нар минь гээд Д.Д ахыг машинаас чирч буулгаад өшиглөж, цохиж зодсон..., Мухар гэх согтуу машин барьж ирээд Баянхонгорын пиздаа нарыг алнаа надад хууль үйлчилдэггүй юм. 5 залуу дуудаж авч ирээд ална. Өнөөдөр чиний сүүлийн шөнө шүү гэсэн. Тэгээд утсаараа залгаад хүмүүс дуудсан. Удалгүй нэг машинтай 5 залуу ирсэн. Тэгээд 3 залуу бууж ирсэн. Өнөөдөр зодоон хийдэг 2 залуу байсан. Дээр нь Нямсүрэн гэх залуу нэмэгдсэн байсан. Тэгээд тэр 4 нийлээд Д.Д ахыг ямар нэг үг солилгүй шууд зодсон. Бид нар салгах гэтэл бид нар луу дайраад байсан. Содном ах салгах гээд очиход Нямсүрэн нүүрэн хэсэгт нэг удаа цохьсон. Содном ах хойшоо саваад унасан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд салгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,
Гэрч Э.Жамболсодномын өгсөн:...нэг машинтай 5 залуу ирээд 2 залуу машинаас буугаад ирсэн чинь нөгөө хэрүүл хийгээд байсан залуу бууж ирээд зайлцгаа пиздаа нар минь гээд Д.Д ахыг машинаас чирч буулгаад өшиглөж, цохиж зодсон..., Мухар гэх согтуу машин барьж ирээд Баянхонгорын пиздаа нарыг алнаа надад хууль үйлчилдэггүй юм. 5 залуу дуудаж авч ирээд ална. Өнөөдөр чиний сүүлийн шөнө шүү гэсэн.... утсаараа залгаад хүмүүс дуудсан..., 3 залуу бууж ирсэн..., Нямсүрэн гэх залуу нэмэгдсэн байсан... тэр 4 нийлээд Д.Д ахыг ямар нэг үг солилгүй шууд зодсон.... Содном салгах гээд очиход Нямсүрэн нүүрэн хэсэгт нэг удаа цохитол хойшоо саваад унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,
Гэрч А.Жаргалсайханы өгсөн:...Ц.Б нь приус 20 маркийн маркын авто машинтай Чинбаатай цуг согтуу ирээд Д.Д г Стана маркийн автомашинаас чи наашаа буугаад ир гээд Чинбаа гуд татаж унагаад хоёулаа нийлээд Д.Д гийн бөөр хэсэг газар, ар нуруу хэсэг болон шанаа руу нь цохиж зодчихоод яваад өгсөн..., Мухар гэдэг хүн приус маркийн машинтай согтуу ирээд Д.Д руу чи миний ахыг нутаг дэвсгэрээс нь хөөдөг хэн бэ, ална, зайл, машины чинь цонхыг хагална шүү гэж хэлээд газраас жижигхэн хөнгөн цагаан сандал шиг юм авч шидэх гээд дайраад байсан...энэ Баянхонгорынхныг алаад өгөөч гэж дуудсан....Чинбаа, Нямсүрэн, Ц.Б нар ирээд Д.Д г том “Хино” автомашины бүхээгт дотор борц хөшиглөөд сууж байхад цөмөөрөө буугаад ир алаад өгөе гээд орилоод байсан тэгэхэд Д.Д бууж ирээд сандал дээр суусан тэгтэл зодож эхэлсэн. Тухайн үед Ц.Б , Чинбаа, Нямсүрэн нар нь Д.Д г сандал дээр сууж байхад толгой, хөл, цээж хэсэг рүү бүгд цохисон. Бүгд нийлээд зодоод байсан. Тэгснээ Чинбаа нь машин руугаа гүйж очоод торцов авчирч ирээд Д.Д гийн өвдөг гуя руу нь цохиод байсан. Тэгтээд Содномыг салгах гээд очиход Нямсүрэн гэгч нүүр лүү нь цохиж авсан. Содном өнхөрөөд унасан. Чинбаа нь хөх куртик, барзгар том пүүзэн гуталтай, Нямсүрэн гэх нь юүдэнтэй шар цамцтай, хар хромон гуталтай байсан бөгөөд ямар өмдтэй байсныг нь би сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Гэрч Ч.Ганчимэгийн өгсөн:...тарган махлагдуу хүн байсан 50 орчим насны хүн байсан. Уг хүнийг үзхэд ил харагдах гэмтэл шарх сорви байхгүй байсан. Даралт өндөр, зүрх дэлсчихсэн, пүүлс өндөр байсан. Тэгээд ямар зовиур байна гэхэд хэвлийгээр өвдөж байна. Ар нуруугаар өвдөж байна гэсэн. Тэгээд надад ямар нэгэн мэдэгдэх зүйл байхгүй байна. Та дахиад эвгүй болох юм бол дуудаарай гэсэн. Тэгээд би хүнээ үзчихээд дэлгүүр орчихоод явж байхад Жинсмаа гэх хүн араас дуудаад дахиад нэг хүн байна үзээд өг гэсэн. Тэгээд нөгөө хүнийг үзэхэд дээд уруулын хэсэгт жоохон шалбарсан байсан. Тэгээд би тэр хүмүүст та нар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн хүмүүст ил харагдах учирсан гэмтэл учирсан зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/,
Гэрч Х.Шинэтөрийн өгсөн:...бид Ө.Чи нарт зодуулсан гэх Д.Д нарыг согтуурал хэмжих багажаар шалгахад эрүүл байсан. Харин Ц.Б ыг шалгахад 1.49-ийн согтолттой байсан. Тэгээд Д.Д гэх хүний нуруу өвдөөд байна гэхээр нь би дагуулаад сумын эмнэлэг орсон..., гадна бол ил харагдах шарх алга байна гэж байсан. Тэгээд би эргүүлээд гараад тэнд байсан хүмүүс даргатай хамт цагдаагийн хэсэг дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5122 дугаартай дүгнэлтэнд: 1.Д.Д гийн биед бэлхүүсийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дээд уруулын зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 79 хуудас/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дугаар дүгнэлтэнд: 1. Э.Содномын биед тархи доргилт, баруун зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулд зурагалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 84 хуудас/,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Д г бусдад зодуулж байх үед салгах гэж очсон хохирогч Э.Содномын нүүрэн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн энэ үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хохирогч Д.Д гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн хохирогч Д.Д , Э.Содном, гэрч Д.Цэдэвсүрэн, А.Жаргалсайхан, Д.Батбаатар, Э.Жамболсодном, Ч.Ганчимэг, Х.Шинэтөр, Г.Бумантамир нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5122 дугаартай дүгнэлт, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 279 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Я.Н нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Я.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д , Э.Содномы нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д шүүгдэгч нараас 3.000.000 төгрөг авсан бөгөөд зодуулсандаа гомдолтой байна гэжээ.
Шүүгдэгч нар хохирогч Э.Содномд 1.500.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхэд хохирогч нар нь энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нар цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Я.Н ыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан,
мөн Ш овогт Ц.Б , С овогт Ө.Чи , С овогт Ө.Ч нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н ыг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нар цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Н , Ц.Б , Ө.Чи , Ө.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН