Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00113

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Ч.М , түүний өмгөөлөгч Г.Гочоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чойжоогийн Ч.М  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000850089 дугаартай, 163/2018/0099/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ч.М  

Холбогдсон хэргийн талаар:

     Ч.М  нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Бугат сумын “Мааньт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М ийн өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн өглөө 09 цагийн үед би хөдөө айлын гэр лүү тэжээл ачаад явж байсан.  Тэжээлээ буулгачихаад буцахдаа Булган аймгийн Бугат сумын “Мааньт” гэх газраас мод ачсан. Мод ачихдаа мааньтын нөхөрлөлийн дарга Мөнхжаргал гэх хүнтэй утсаар холбогдож танай эндээс мод ачиж болно гэх гэрээ хэлцэл хийсэн үү? гэж асуухад тэр хүн тиймээ, ачиж болно гэж хэлсэн. Би албан ёсны бичиг баримтыг нь авч мод аваагүй нь буруу зүйл боллоо. Тэгээд модоо ачиж пост руу орж ирэхэд зөвшөөрөлгүй мод ачсан байна гээд зогсоосон гэх мэдүүлэг,

 

1815000850089 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ч.Булган-Эрдэнийн өгсөн: Би шүлхий өвчний үеийн устгалын ажлын хэсэгт ажиллаж байх  хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх газраас тус сумын 3 дугаар багийн харьяат Чойжоо овогт Ч.М  нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч Г.Золзаяагийн өгсөн: Би тухайн өдөр би Бугат сум Орхон аймаг хоёрын дунд малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчний хорио цээрийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг  гүйцэтгэж байх хугацаанд Булган чиглэлээс 21 цагийн үед мод ачсан 2 цагаан өнгийн портер маркийн авто машин ирэхээр нь саатуулаад шалгатал мод бэлтгэн тээвэрлэх ямар нэгэн бичиг баримт байхгүй байхаар нь саатуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч овогт Ч.М  **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явахад нь саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Гэрч Х.Ууганбаярын өгсөн: Би Ч.М ийг харвал зүс танина. Би хэнд ч мод бэлтгэх үүрэг даалгавар өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

Гэрч Г.Гансоёмбын өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бугат сум Орхон аймгийн хамтарсан хорио цээрийн №5 дугаар постонд үүрэг гүйцэтгэж байсан. Ч.М  гэдэг хүнийг сайн танихгүй. Гэхдээ намайг хяналтын постонд гарч байх хугацаанд хэд хэд орж гарсан болохоор нэрийг нь мэднэ зүс танина. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Ч.М  гэдэг ах цагаан өнгийн дугаарыг нь сайн санахгүй байна. “Бонго” маркийн авто машинтай мод тээвэрлэж яваад саатуулагдсан. Тэвшний урттай тэнцэхээр тайрсан түлшний зориулалтаар бэлтгэсэн байсан.  

             

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар Ч.М ийн өгсөн: Манай хэдэн мал Булган аймгийн Бугат сумын Мааньт гэх газарт оршин суудаг Баатархүү ахынд байдаг. 2018 оны 3 дугаар сар 08-ны өглөө би Орхон аймгийн бараан захын арын нэрийг нь сайн мэдэхгүй гурил тэжээл зардаг дэлгүүрээс 10 шуудай тэжээл аваад дүү Энхтөрийн хамт Булган аймгийн Бугат сумын Мааньт гэх газарт өвөлжиж байсан Баатархүү ахын гэр лүү явж байтал Шүлхийн пост дээр манай сумын Засаг дарга Ганцогттой таарсан. Тэгээд манай сумын иргэд Булган аймгийн Бугат сумын Засаг даргатай манай сумын Засаг дарга нар хоорондоо “түлшний модны эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болно гэсэн утгатай” гэрээ хийсэн гэж ярьж байсан “дам” ярианаас сонссон. Тэгээд би Ганцогт даргаас түлшний мод ямар бичигээр бэлтгэн тээвэрлэх талаар асуусан чинь Ганцогт дарга болон ачиж ирсэн модныхоо талыг нь Шүлхийн пост дээр буулгаад талыг нь Бугат сумын түлшний модны захбн хашаанд буулган бүртгүүлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би Баатахүү ахын гэрт дүү Энхтөрийн хамт очоод тэжээлүүдээ дүү Энхтөрийн хамт буулгачихаад тэгээд тэр өдөр өө Баатархүү ахынд хоноод маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Баатархүү ахынхаас харих замдаа Мааньт гэх газраас хуурай түлээний мод моторт хөрөөгөөр хөрөөдөн өөрийн унаж явсан Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр ачин Орхон аймаг руу гэр лүүгээ явж байгаад Орхон аймгийн Шүлхийн постон дээр байсан цагдаа нартай таарч журамлуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/,

  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-45, 50, 56-60 хуудас/,  нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 51 хуудас/,  эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 23 хуудас/,  хохирлын баримт /хх-ийн 83 хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 81 хуудас/, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 82 хуудас/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М  нь 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Булган аймгийн Бугат сумын “Мааньт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.М ийн...2018 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Баатархүү ахынхаас харих замдаа Мааньт гэх газраас хуурай түлээний мод моторт хөрөөгөөр хөрөөдөн өөрийн унаж явсан Бонго маркийн тээврийн хэрэгсэл дээр ачин Орхон аймаг руу гэр лүүгээ явж байгаад Орхон аймгийн Шүлхийн постон дээр байсан цагдаа нартай таарч журамлуулсан гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.Булган-Эрдэнийн...Чойжоо овогт Ч.М  нь хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй түлшний мод бэлтгэн тээвэрлэж яваад саатуулагдсан байсан гэх, гэрч Г.Золзаяагийн...Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Чойжоо овогт Ч.М  **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явахад нь саатуулсан гэх, гэрч Х.Ууганбаярын...Би Ч.М ийг харвал зүс танина. Би хэнд ч мод бэлтгэх үүрэг даалгавар өгөөгүй гэх, гэрч Г.Гансоёмбын...2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 17 цагийн орчимд Ч.М  гэдэг ах цагаан өнгийн дугаарыг нь сайн санахгүй байна. “Бонго” маркийн авто машинтай мод тээвэрлэж яваад саатуулагдсан. Тэвшний урттай тэнцэхээр тайрсан түлшний зориулалтаар бэлтгэсэн байсан гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.М ийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 155610 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 466830 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  

Хавтас хэргийн 77 дугаар талд авагдсан №0035587 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-**ОРХ улсын дугаартай BONGA маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Чойжоо овогтой Ч.М ийн эзэмшилийнх болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”..., мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.М ийн гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн  4м3 метр куб мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн **-**ОРХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны “Bonga” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гочоо нь шүүгдэгч Ч.М д холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх ойлголт байхгүй ба гэмт хэргийн шинж гэх ойлголттой болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж байгаа хэдий ч прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг /хх-ийн 81 хуудас/ гаргажээ.

Шүүгдэгч Ч.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Б овогт  Ч.М ийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч
Ч.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М ийн гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4 метр куб мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн **-**ОРХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны “KIA WINE BONGO” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

    

                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН