Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/325

 

2026         03           24                                                                               2026/ДШМ/325

 

 

Д.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-т холбогдох 2510055391343 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овгийн Д-ын Д-, ........, /РД: ДД-/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Д- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Морингийн давааны урд замд “Тоёота Приус 20” маркийн Д- УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.Д-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Д.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дагуу үзлэг оншилгооны хариу артерийн даралт ихсэж, зүрхний хэмнэл алдагдаж уушигний багтраа болон чихрийн шижин өвчин оншлогдож, хэрх тулай хууч өвчин сэдэрч зүүн хөлний шагай болон эрхий хурууны үеүүдээр хавдаж, алхаж гишгэж явж чадахгүй, удаа дараа хамарнаас цус их хэмжээгээр гарч эрүүл мэнд маань дордож муудаж байна.

Иймд гэм буруугаа ойлгон ухамсарлаж  хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг маань зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д- нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй. Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцсон боловч шүүх ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хариуцлагын хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Шүүгдэгч Д-ийн хувьд гэмт хэргийн улмаас хохирол учруулаагүй, эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Д- нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн талаар тайлбар хэлж байна. Тухайн эрүүл мэндийн асуудлыг хорих ангийн эмчдээ үзүүлээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, илтгэх хуудас /хх 3-6/,

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23/,

яллагдагч Д.Д-ийн “2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Д- ХХК-н байранд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд тухайн өдөр би унтахаасаа өмнө 19 цагийн үед 0,33 гр Хараа нэртэй архи ганцаараа уугаад орой 20 цагийн орчим унтсан. Шөнө дунд буюу 2025 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад хамаатны дүү М- М- дугаарын утаснаас залгаад манай ойрын хамаатны хүн нас барсан талаар мэдээ ирүүлсэн. Ингээд би шууд босоод гэрээсээ гараад М- УЕТ улсын дугаартай бор шаргал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг барьж хотын төв рүү ороод тэндээс жолоодох эрхтэй хүн олж машин бариулах зорилготой хөдөлсөн. Ингээд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах био комбинатын CU дэлгүүрийн урд замын цагдаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар үлээлгэж байсан. Би тухайн үед ганцхан шил архи уусан болохоор надаас үнэртэхгүй байх, мөн унтаж амарсан болохоор архи гарсан байх гэж бодсон. Ингээд тухайн үед шалгасан цагдаа намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа тул багаж үлээнэ үү гэхэд би уушгины багтраа өвчтэй болохоор үлээж чаддаггүй юм гэж хэлсэн. Ингээд намайг үлээхээс татгалзсан гэж үзээд шалгалтын ажиллагаа явуулна гээд тээврийн хэрэгсэл ачиж авч яваад намайг байцаагч руу аваад явсан. Би эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэдэж байсан. Би өмнө 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Нисэхийн тойрог орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. Дараа нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхээс жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж тэнсэх ял авсан. ...” /хх 30/ гэх мэдүүлэг,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол /хх 35-37/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Д.Д- нь 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байхад 13 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 04 цагийн орчим тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт тогтоогджээ.

  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-ийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Д.Д-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж хуульчилсан.

Шүүх, шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шийтгэх тогтоолдоо тодорхой хууль зүйн дүгнэлт хийсэн байхаас гадна Д.Д-т оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Д.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлснээс хойш 13 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй нь түүний хувийн байдлыг дүгнэх хүчин зүйл болж байна.

Иймд, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нараас “...гэмт хэргийн улмаас хохирол учруулаагүй, эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-т өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчид оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн шийдвэрлээгүй алдаа гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж заасан бөгөөд ял нь үндсэн болон нэмэгдэл ялаас бүрддэг болно.

Гэтэл, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн үндсэн ялыг  нэмж нэгтгэсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд, давж заалдах шатны шүүх магадлалд энэ талаар зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү эрх хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах зорилтод нийцнэ гэж дүгнэлээ.   

Тодруулбал, давж заалдах шатны шүүх үндсэн болон нэмэгдэл ялын нийт хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр, энэ гэмт хэрэгт шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял, өмнөх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл болон үндсэн ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг 2 жил 6 сараар, хорих ялын хугацааг 1 жил 7 сараар тус тус тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Д-ийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг Шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг хасаж, 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БОЛОРТУЯА

                                                ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР