Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2026/00556

 

 

 

2026 03 18   317/ШШ2026/00556

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** өөрийн байр хаягт оршин байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоот хаягт оршин байрлах, С ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГКН-23-22 дугаар Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 19,308,181 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГКН-23-22 дугаар Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 19,308,181 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: А" ХХК нь "С" ХХК-тай нэг бүр нь 54,000 төгрөгийн үнэ бүхий, 240 ширхэг, нийт 12,960,000 төгрөгийн үнэ бүхий Пумасупер", нэг бүр нь 29,000 төгрөгийн үнэ бүхий, 340 ширхэг, нийт 9,860,000 төгрөгийн үнэ бүхий "Бутилийн эфир" хэмээх ургамал хамгаалах бодисуудыг нийлүүлэхээр харилцан тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГКН-23-22 дугаар "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ***дугаар Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу барааны нийт үнэ 17,600,000 төгрөг байх бөгөөд гэрээний 2.1-т "...урьдчилгаа 30% буюу 5,280,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, үлдэгдэл 12,320,000 төгрөгийг 30 хоног тутамд 1.6%-ийн хүүтэйгээр, энэхүү гэрээний хавсралт №2-т заасны дагуу бүрэн төлнө" гэж, гэрээний 2.3-т Хавсралт №2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 30 хоног тутамд 1.6%-ийн хүү тооцогдож, гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн хүү тооцогдсон дүн дээрээс өдрийн 0.5% алданги тооцогдох болно" гэж заасан. Худалдагч талын зүгээс гэрээнд заасан хугацаанд барааг худалдан авагч талд бүрэн шилжүүлж хүлээлгэн өгсөн бөгөөд худалдан авагчийн зүгээс урьдчилгаа төлбөрт 5,280,000 төгрөгийг худалдагч талд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй. Үлдэгдэл төлбөр төлөх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойших өнөөдрийг хүртэл үндсэн төлбөрт 12,320,000 төгрөг, тооцогдсон хүү 900,181 төгрөг, алданги 6,160,000 төгрөг, нийт 19,380,181 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээ бол хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид тухайн бараа материалыг хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн зүгээс хүлээж аваад урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад гаргасан хариу тайлбартаа ган гачиг болсон. 2025 онд давагдашгүй хүчин зүйл болсон гэдэг. Практик дээр харахад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, агуулгыг хүлээн зөвшөөрөхгүй буюу хариу тайлбартаа тиймээ хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгөх, эсвэл хэлбэрийн хувьд хүлээн зөвшөөрөх буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй буюу хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбарыг харахаар "..манайх ямар нэгэн байдлаар өөр агуулгаар маргаагүй шүү, зөвхөн давагдашгүй хүчин зүйл болсны үндсэн дээр л энэ алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн" өөр агуулгын хүрээнд болохоор нэхэмжлэлийн үндсэн төлбөр, хүү, алдангитай ямар нэгэн байдлаар маргаагүй. Ганцхан хүндэтгэн үзэх шалтгаан байна гэсэн тайлбар гаргасан байдаг. Нэг талаараа хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаар тухайн гэрээ 2023 онд байгуулагдсан. 2023 онд ашиглах бодисыг өгсөн. Цаашлаад хадгалсаар 2024 онд ашиглах бодисыг өгсөн. Хариуцагчийн гаргасан тайлбар болон нотлох баримтуудад 2025 онд ган гачиг болсон гэсэн байна. Тэгэхээр гэрээ байгуулснаас хойш 2, 3 жилийн дараа болсон ган гачигийг, одоо төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт "Хөдөө аж ахуйн корпораци ХХК-аас ирүүлсэн баримтад "С ХХК ургамал тариалаад мөнгө тушаагаад, ургамлаа тушаагаад явж байсан баримтууд хангалттай харагдаж байна. Тэр нь давагдашгүй хүчин зүйл байсан гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой, үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн байр сууртай байна. Иргэний хуулийн зорилго нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийг зорьдог. Энэ маргаан хэний хооронд үүсэж байгаа юм. Б.Б, А ХХК хоёрын хооронд үүсэж байгаа юм уу, А ХХК болон С ХХК-ийн хооронд үүсэж байгаа юм уу? н.Б хэнийг төлөөлж гарын үсгээ зурж байгаа юм бэ. Өөрийгөө төлөөлж байгаа юм уу? С ХХК-ийг төлөөлж байгаа юм уу?. Миний санаж байгаагаар 1 жилийн өмнө Монгол Улсын дээд шүүх дээр яг энэ кейс дээр жишиг тогтсон. Борлуулалтын ажилтан нь компаниа төлөөлж худалдах, худалдан авах ажиллагаа хийж байгаа нь зөв үү% эсхүл буруу юу. Гэрчилгээн дээр өөр хүний нэр байна. Энэ хоёрын хүсэл зориг ижил гэж Дээд шүүх үзсэн. С ХХК, Б.Б хоёрын хүсэл зориг ижилхэн. Энэ 2 хүн бордоог авч ургамалдаа ашиглах хүсэл зоригтой. Энэ хоёрын хүсэл зориг биелсэн. Талуудын хооронд буюу С ХХК, А ХХК-ийн хооронд Иргэний хуулийн гол зорилго болсон гэрээний эрх зүйн маргаан үүссэн. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан. Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, Иргэний эрх зүйн харилцаа үүсэх бусад үндэслэл гээд. Өнөөдөр С ХХК нь А ХХК-иас бараа хүлээн авч ашиглаагүй гэж маргаагүй. Аль хэдийн бараа хүлээн аваад ашигласан. Харилцаа үүссэн хүмүүс бол С ХХК болон А ХХК хоёр байна. С ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн, төөрөгдсөн үйл явдал байхгүй. С ХХК нь А ХХК-аас химийн хор авах сонирхолтой байж, тэр сонирхлоо илэрхийлсэн гэрээ байгуулж гэрээний дагуу хороо аваад ашигласан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний чөлөөт байдлын дагуу талуудын хүсэл зориг нийлсээр үр дүнд хүрсэн байна. Энийг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх боломжгүй. Ингэж үзэх юм бол Дээд шүүх дээр сая яригдсан борлуулалтын албаны ажилтан хүртэл компаниа төлөөлж явах эрхгүй этгээд. Яагаад гэвэл итгэмжлэл олгогдоогүй учраас. Гэхдээ тэр компанийн хүсэл зоригийн талаар ажилладаг хүн Б.Б ч гэсэн ялгаагүй. С ХХК угаасаа ажилчдаа төлөөлүүлнэ. Тиймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үйл явдал байхгүй. Хоёрдугаарт, давагдашгүй хүчин зүйл буюу гэрээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж байгаа юм. Үлдэгдэл төлбөр төлөх хугацаа 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болно. Сая өмгөөлөгч хэллээ. Энэ хойшлох ёстой. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх ёстой үүрэг 2025 онд болсон үйл явдлын улмаас хойшилно гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зүгээс болон Т.С төлөөлөгчийн зүгээс алданги л хэцүү байна гэж маргадаг. Хуульд заасан гэрээ хэлцлээ байгуулчихсан байхад хууль ёсны дагуу төлөх үүрэгтэй болчихоод байна. Нэг зүйл сануулаад хэлэхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой гэв.

2.Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нэхэмжлэлийг талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2023 оны 06 дугаар сарын 23-нд ****дугаар гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 26 ***дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2024 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл мөндөр дайрч, тариалсан талбай маань сүйдсэн тул энэ төлбөрийг төлөх боломжгүй болсон. 2025 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл ганд нийт талбайн 100 хувийн ургацаа бүрэн алдсан. Иймд алданги болох өдрийн 0.5 хувийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул зогсоож өгнө үү. Хавсралтаар Сумын засаг даргын тодорхойлолт, аймгийн Онцгой байдлын газрын дүгнэлт, аймгийн Цаг уурын газрын дүгнэлтийг хавсаргав. Хариу тайлбар бичсэн Т.С гэж бичээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С гэж гарын үсгээ зурсан байна. Мөн "С ХХК гэсэн албан бланк дээр Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №9 дугаартай хариу тайлбар хүргүүлэх тухай гэсэн байна. Манай байгууллага нь 2023 оны 06 дугаар сарын 26-нд ЗГКН-23-26 гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 26-нд БГКНН-23-22 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2024 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл мөндөр дайрч тариалсан талбай маань сүйдсэн тул гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжгүй болсон. 2025 онд байгалийн давагдашгүй зүйл гаран нийт талбайн 100 хувийн ургацаа бүрэн алдсан. Иймд алданги болох өдрийн 0.5 хувийг төлөх боломжгүй байгаа тул зогсоож өгнө үү. гэжээ./хх 30, 31/

3.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлтдээ:

Бид сөрөг нэхэмжлэл гаргасан даанч шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаад дахин гаргах хүсэлтийг хангаагүй. Сөрөг нэхэмжлэл бол хариуцагчийн байр суурь гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр гүйцэтгэх захирал Б.Б гэдэг хүнээр гарын үсэг зуруулсан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх Н.Ц гэдэг гүйцэтгэх захирлаас ямар нэгэн итгэмжлэл авагдаагүй байна. Энэ гэрээ бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар бичгээр хийсэн хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үйлдэж гарын үсэг зурсан байна. Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн тал хүсэл зоригийг илэрхийлсэн цахилгаан, албан бичиг, факс тэдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэснийг зөрчсөн байна. Тиймээс энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ учраас нэхэмжлэгчийн зүгээс алданги шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар тодорхой заасан байдаг. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч давагдашгүй хүчин зүйл огт үүсээгүй гэх үгүйсгэсэн тайлбар хэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар давагдашгүй хүчин зүйл үүсээгүй гэх баримт огт байхгүй. Мөн нэхэмжлэгч энэ талаар хэлж тайлбарлаж байгаа нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй, няцаагдаагүй. Тиймээс гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хойшлох нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан юм байна лээ. Нэхэмжлэгчийн зүгээс түүнийг хүлээж авах боломжгүй гэж шүүхэд хандсан юм байна гэж бидний зүгээс ойлгож байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ярьсан. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан Шүүх бодит үнэнийг тогтооно. Бодит үнэнийг тогтоохдоо мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Үүний дагуу гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ байна. Тийм учраас алданги төлөх үндэслэлгүй, 6,168,000 төгрөгийн алданги тооцогдох үндэслэлгүй байна. Мөн хүү тооцогдох үндэслэл байхгүй. Ийм нөхцөл байдал байгаа. Сүүлд гаргасан нэмэлт тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгчээс асуулт асууна. Үүний дараа тайлбараа хэлнэ. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагын алданги болон хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан. Хуулийн 263.1-т зээлээр худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулна гэх шаардлага тавьсан байдаг. Бичгээр байгуулах нь ямар зохицуулалтай байдаг юм гэхээр сөрөг нэхэмжлэл огт гаргаагүй гэж шүүх хүлээж аваагүй гэснээс биш бид гаргаагүй гэж яриагүй. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн болов уу? гэж би ойлгож байна. 263.1-т бичгээр байгуулагдана гэж заасан. 263-т бичгээр байгуулагдах гэрээ нь өөрөө ямар зохицуулалтай вэ гэхээр Иргэний хуульд ч мөн бичгээр байгуулагдах гэрээ байгуулахдаа ямар шаардлага баримталдаг талаар тодорхой заасан. Гэрээ бол талуудыг төлөөлж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын бичиг баримт байна. Магадгүй эрх бүхий албан тушаалтан өөрөө гэрээ байгуулах бол итгэмжлэлээр гэрээ байгуулж болно гэж заасан. Гэрээний дагуу итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Мөн олон удаа ийм гэрээ байгуулсан гэж ярьж байх шиг байна. Олон удаа ийм гэрээний харилцаанд орсон талаарх баримтууд байхгүй. Мөн өмнөх тайлбар дээр нэг юм залруулж хэлье. Нэхэмжлэгч талын зүгээс бид нар 17,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан гэж яриад байдгаас биш бид нар тийм бараа бүтээгдэхүүн аваагүй гэдэг байр суурийг илэрхийлээгүй. Яагаад тэгж байгаа юм гэвэл энэ гэрээ маань нэхэмжлэгч өөрөө хүлээлгэж өгсөн гэдэг үйл баримтыг нотлох ёстой. Бид нар энэ хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авсан гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл хэрэгт ийм баримт огт байхгүй. Магадгүй нэхэмжлэгч бид нар хүлээлгэж өгсөн гэж байгаа бол хууль зөрчсөн баримт нь хаана байгаа юм бэ. Ийм баримтыг аваагүй. Би хэрэгтэй танилцахад огт олж хараагүй. Тийм учраас бид нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

4.Хэрэгт дараах нотлох баримт авагджээ. Үүнд:

4.1.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Итгэмжлэл /хх 4/, хүсэлт /хх 5/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С**** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 6-9/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С**** дугаар Барьцааны гэрээ /хх 10-14/, С ХХК-ийн зээлийн үндсэн төлбөр, түүний хүү, алдангийн тооцоолол /хх 15/, А ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 16/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх 17/, С ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх 73-74/ зэргийг баримтаар өгсөн,

4.2.Хариуцагчаас: С ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 22/, Итгэмжлэл /хх 23/, хариу тайлбар /хх 30-31/, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/405 дугаар албан бичиг /хх 32/, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 040/50 дугаар Хохирол баталгаажуулах тухай албан бичиг /хх 33/, Төв аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 040/60 дугаар Хохирол баталгаажуулах тухай албан бичиг /хх 34/, Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06/187 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх 35-37/ гаргаж өгсөн,

4.3.Шүүхээс: нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас ирүүлсэн С ХХК-ийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй баримт цахимаар ирүүлсэн болон эх хувиар ирүүлсэн /хх 69-71/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.А ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С**** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,380,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...алдангийг хүлээн зөвшөөрөхгүй тухай бичгийн тайлбар гаргасан бол шүүх хуралдаанд оролцсон түүний өмгөөлөгч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С**** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тул тус гэрээний үүрэгт 19,380,181 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжлэн судлаад нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт 19,380,181 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С**** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг болон тус гэрээний хавсралт №1, №2, №3, мөн Барьцааны гэрээг тус тус нэг талаас А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э, нөгөө талаас С ХХК-ийн захирал гэх Б.Б нар харилцан тохиролцож гарын үсэг зурж, тус тусын компанийн тамгыг дарж баталгаажуулж, уг гэрээг байгуулсан байна./хх 6-9, 10-14/

5.Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээнд гарын үсэг зурсан Б.Б нь С ХХК-иас эрх олгогдоогүй, итгэмжлэлгүй, төлөөлөх эрхгүй этгээд хийсэн тул тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгчийн шаардсан 19,380,181 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж марган сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн хууль зүйн үндэслэлээр 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 317/ШЗ2026/01912 дугаар шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцүүлэхээр ...гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

6.Зохигч талуудын хооронд үүссэн маргааны зүйл болсон 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн С**** дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлд 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан; 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. гэж тус тус зааснаар уг гэрээний талууд болох А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э, С ХХК-ийг төлөөлж захирал гэх Б.Б нар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Т.С нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...гэрээ байгуулсан захирал гэх Б.Быг хийх ёсгүй гэрээг хийсэн талаар тайлбар гаргаж маргаагүй бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд ...Манай нөхөр байгаа юм. Бид хоёр хамт үйл ажиллагаагаа явуулдаг, Н.Ц нь захирал гэж явж байгаа боловч компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, өндөр настай хүн байдаг. Өв залгамжлалын зарчмаар надад өгч байгаа компани юм... гэж тайлбарласан тул гэрээ байгуулсан этгээд Б.Б нь хариуцагч С ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг бодитоор хэрэгжүүлсэн байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул уг гэрээг Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

7.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу нэгжийн үнэ 29,000 төгрөгийн үнэтэй 160 ширхэг бутилийн эфир, нэгжийн үнэ нь 54,000 төгрөгийн үнэтэй 240 ширхэг Пумасупер нэртэй ургамал хамааллын бодис нийт 17,600,000 төгрөгийн үнэ бүхий барааг, урьдчилгаа 30 хувь буюу 5,280,000 төгрөгийг 2023-07-06-ны өдөр нийлүүлэгчийн Хаан банк **** тоот дансанд шилжүүлнэ, Барааны нийт дүнгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 12,320,000 төгрөгийг 30 хоног тутамд 1,6%-ийн хүүтэйгээр, энэхүү гэрээний Хавсралт №2-т ...Төлбөр төлөх эцсийн хугацаа 20/11/2023, гэрээний хугацаа 6 сар, ...хүүгийн төлбөр 900,181 төгрөг..., 2023/11/20 хойш нийт төлбөр 13,220,181 төгрөгийн үлдэгдэл... гэж зааж тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт № 1, хавсралт № 2, хавсралт №3-ыг тус тус байгуулсан байна./хх 6-9/

8.Гэрээний 2.1-т Барааны нийт үнэ 17,600,000 төгрөг,...барааны нийт үнийн урьдчилгаа 30 хувь буюу 5,280,000 төгрөгийг нийлүүлэгчийн Хаан банк дахь **** тоот дансанд шилжүүлнэ гэж зааснаар талууд шүүх хуралдаанд гаргасан болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа 17,600,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон 5,280,000 төгрөгийн урьдчилгааг өгсөн, авсан тал дээрээ хэн аль нь маргаагүй ба энэ тухай хариуцагчаас нэхэмжлэгчийн Хаан банкны А ХХК-ийн **** тоот дансанд гүйлгээний огноо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17:32:15, кредит гүйлгээ 5,280,000 төгрөг, гүйлгээний утга С ХХК грипцид урьдчилгааны үнэ гэж, харьцсан данс **** тоот данснаас гүйлгээ хийж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан /хх 74/ баримт, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх тайлбар мэтгэлцээнээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч А ХХК гэрээний үндсэн үнийн үлдэгдэл 12,320,000 төгрөгийг хариуцагч С ХХК-аас шаардах эрхтэй.

9.Хариуцагчийн өмгөөлөгч ...Нэхэмжлэгч тал бид нарыг 17,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан гэж яриад байдгаас биш бид нарт тийм бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэдэг үйл баримтыг нотлох ёстой. Бид нар энэ хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авсан гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл хэрэг дотор ийм баримт огт байхгүй... гэх тайлбар, татгалзал гаргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, тус гэрээний хавсралт №1, №2-т тус тус зааж тохиролцсон заалт болон нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хэргийн 74 дэх талд авагдсан Хаан банкны Депозит дасны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэргээр ...нэгжийн үнэ 29,000 төгрөгийн үнэтэй 160 ширхэг бутилийн эфир, нэгжийн үнэ нь 54,000 төгрөгийн үнэтэй 240 ширхэг Пумасупер нэртэй ургамал хамааллын бодис нийт 17,600,000 төгрөгийн үнэ бүхий барааг... нэхэмжлэгчээс хариуцагч компанийг хүлээн авсан үйл баримт нотлогдож байна гэж шүүх үзэв.

10.Мөн гэрээний 2.3-т Барааны нийт дүнгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 12,320,000 төгрөгийг 30 хоног тутамд 1,6 хувийн хүүтэйгээр энэхүү гэрээний хавсралт №2-т заасны дагуу бүрэн төлнө гэж зааснаар 900,181 төгрөгийн хүү төлөхөөр тооцож гэрээнд зааж зохигч талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана: 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ; 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа; 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ; 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам, 263.3-т Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй., 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ. гэж зааснаар ...хүү 900,181 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. /хх 6-9/

11.Дээрх гэрээний 2.3-т хавсралт №2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, сав баглаа боодлыг тоо ёсоор буцаан тушаасан тохиолдолд гэрээний дагуу хөнгөлөлт эдэлж, хүүгийн төлбөрийг 100 хувь чөлөөлж үлдэгдэл болох үндсэн төлбөрийг төлүүлнэ. Хэрэв хөнгөлөлт эдлэх эрх цуцлагдаж, гэрээ байгуулсан өдрөөс гэрээг дуусах хүртэл /хавсралт №2-т заасан хугацаанд/ төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд 30 хоног тутамд 1,6 хувийн хүү тооцогдож, гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн хүү тооцогдсон дүн дээрээс өдрийн 0,5 хувийн алданги тооцогдох болно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус зааснаар 6,160,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

12.Хариуцагчийн төлөөлөгч ...байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр ургац алдсан тул алдангийг төлөх боломжгүй, алдангиас чөлөөлж өгнө үү гэж маргаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/405 дугаар албан бичиг /хх 32/, Төв аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 040/50 дугаар Хохирол баталгаажуулах тухай албан бичиг /хх 33/, Төв аймгийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 040/60 дугаар Хохирол баталгаажуулах тухай албан бичиг /хх 34/, Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06/187 дугаартай албан бичиг, хавсралт /хх 35-37/-ыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд хамаарахгүй буюу гэрээний Хавсралт 2-т заасан Барааны төлбөр төлөх эцсийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж зааж тохирсон төлбөр төлөх эцсийн хугацаанаас хойш буюу 2025 онд хамаарах баримтууд байх тул эдгээр баримтад үндэслэн Гэрээний Тав дахь хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйлд хамруулж хариуцагчийг алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

13.Хариуцагч С ХХК нь 2023, 2024, 2025 онуудад ургац тариалж, хураан авч үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/173 дугаар албан бичгээр ирүүлсэн Өглөг, авлагын дэлгэрэнгүй хэргийн 69-72 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна гэж үзэв.

14.Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үндсэн төлбөр 12,320,000 төгрөг, хүүгийн төлбөр 900,181 төгрөг, алданги 6,160,000 төгрөг нийт 19,380,181 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

15.Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,851 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 19,380,181(арван есөн сая гурван зуун наян мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,851(хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин нэг) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254,851 (хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ