Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01180

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01180

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00937 дугаар шийдвэртэй

Н.Бын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,191,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал, түүний өмгөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Н.Б 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С ХХК-д худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Гэтэл С ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон боловч С ХХК-иас намайг ажилд томилохгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан 134 хоногийн цалин 9,191,730 төгрөгийг С ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангалын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлф кэйр ХХК нь Н.Быг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн буруу зүйл, заалтыг баримтлан тушаал гаргасан байна хэмээн дүгнэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 тоот шийдвэрээр Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Манай компанийн хувьд дээр дурдсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, Н.Быг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгохоор түүний 88119754 дугаарын утсаар холбогдоход тэрээр танай компанид эргэж орохгүй, өөр ажилд орж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидэнтэй холбоо барьж, шүүхийн шийдвэрийн дагуу Н.Бт олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг барагдуулах, мөн түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр бичгээр авчрахыг шаардсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохын тулд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид Н.Быг ажилд нь эргүүлэн авах тухай тушаалыг шинээр үйлдэн хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс Н.Быг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн томилоогүй асуудал гаргаагүй ба Н.Б нь өөрөө манай компанид эргэж ажилд орохгүй тухайгаа илэрхийлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 тоот шийдвэр гарах үед өөр газар ажиллаж байсан ба өнөөдрийг хүртэл тухайн газартаа ажиллаж байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,191,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 182.817 төгрөгөөс 162,017 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 20,799 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 162,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангалын давж заалдах гомдлын агуулга: ... С ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00835 дугаар шийдвэрийг бичгээр гарсны дараа буюу 2021 оны 05 дугаар сард гардаж аваад 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ТУ21/026 дугаартай тушаалаар Н.Быг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон байдаг. Ийнхүү ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тухай С ХХК-ийн захирал Э.Мөнхпүрэв нь Н.Бт утсаар мэдэгдэж, ажилдаа хэзээ ирэх талаар асуухад танай компанид цаашид ажиллахгүй гэж хэлсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба бидний хувьд энэхүү үйл баримтыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй болохоо илэрхийлсэн. Н.Бын хувьд шүүхийн шийдвэрийг гардаж авсан атлаа С ХХК-д шаардлага тавиагүй, ажилдаа эргэж орох талаар ямар ч хүсэл зориг илэрхийлээгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш хагас жилийн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан нь нэхэмжлэгчийг С ХХК-д ажиллах хүсэл зориггүй байсныг тодорхой харуулна. Н.Б нь С ХХК-д ажиллах хүсэл зориггүй байсан тул 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан байхад мөн хугацаанаас эхлэн Ремакс буюу Б ХХК-д агентаар ажиллах зорилгоор тус компаниас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулдаг үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентийн сургалтад тус тус хамрагдан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эдвэнсэд Про ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан агентаар ажиллаж эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Н.Б нь Сэлф кэйр ХХК-д эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авч байсан, өөр газар ажиллаж байсан тохиолдолд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Ийм учраас хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох, хариуцагч өөрөө олж авах боломжгүй дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж үзэж хангахгүй орхисонд гомдолтой байна. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Н.Бын 2021 онд ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх талаар лавлагаа, тодорхойлолт, холбогдох бичиг баримтуудыг, Б ХХК-иас иргэн Н.Бтой байгуулсан бүхий л гэрээ хэлцлүүдийг нотлох баримтаар гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б ХХК-ийн маркетингийн менежер М.З, захирал Г.Г нарыг гэрчээр асуулгах, Б ХХК-ийн албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсанд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн шинэхэн агентуудын танилцуулга гарчигтай нийтлэлд үзлэг хийлгэх, учир нь дээр дурдсан баримтуудаар нэгд Н.Б нь ажилгүй байгаагүй, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өөр ажил, албан тушаал эрхлэхээр өөр байгууллагатай гэрээ хэлцэл байгуулсан болохыг нотлох, хоёрт: нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоох ач холбогдолтой байсан. Н.Бын хувьд ажлаас халагдсан тушаал гарснаас хойш хуулийн хугацаанд нийгмийн даатгалын хэлтэст хандаагүй, шүүхийн шийдвэр гарсны дараа нийгмийн даатгалын хэлтэст хандаж, 2021 оны 04 дүгээр сараас ажилгүйдлийн тэтгэмж авч байсан гэх мэдээллийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн бидэнд өгсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Н.Быг нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжтэйгээ давхардуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 00937 дугаар шийдвэртэй Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хуралдаанд С ХХК-ний захирал, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэрийг танилцуулан, сонсгосон үед хүчинтэй болно гэх заалт байдаг. Үүний дагуу Селф кейр ХХК Н.Быг ажилд томилох зүйтэй байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилсон. Н.Быг ажилд өөрөө ороогүй гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн байгууллагаас ажилд томилсон тушаал гаргаагүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Н.Б Эдвенсед про ХХК-нд ажилласан нь хөдөлмөрийн харилцаа бус иргэний эрх зүйн харилцаа буюу ажлынхаа хажуугаар давхар хийж болдог харилцаа. Энэ талаар анхан шатны шүүхэд нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар хамтран ажиллах гэрээг гаргаж өгсөн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хуулга хэрэгт авагдсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 00937 дугаар шийдвэр үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,191,730 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна. /хх.1-2, 19-20/

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ202/00835 дугаар шийдвэрээр Н.Быг С ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, С ХХК-аас 4,321,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч С ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. /хх.4-6/

5. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.Бын урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг сард 1,474,753 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 68,595 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

7. Нэхэмжлэгч Н.Б С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Т21/040 дугаар тушаалаар тус өдрөөс Худалдааны төлөөлөгч-ийн ажилд нь буцаан томилсон үйл баримт тогтоогдсон байна. /хх.7/

8. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүртэлх хугацаанд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 9,191,730 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Ажилтан ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан нь ажил олгогч хууль зөрчиж чөлөөлсний үр дагавар болох ажилтанд олговор олгох тухай хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч өөр компанид ажиллаж байгааг нотлох зорилгоор ...М.З, Г.Г нарыг гэрчээр асуулгах, Б ХХК-ийн веб хайгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2022/05101 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын маргахгүй үйл баримтыг шүүхээс дахин нотлох шаардлагагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх.45-46/ мөн ...Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүх 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/05542 дугаар захирамжаар маргаанд ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО