Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01181

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01181

 

 

Л.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01328 дугаар шийдвэртэй

Л.Мгийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшингийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Л.М миний бие М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 02 дугаар сараас эхлэн тус компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ковид-19 цар тахалтай холбоотой дэглэмийн дагуу Өмнөговь аймгийн Ц суманд ажилчдын хамт 14 хоногийн тусгаарлалтад орсон. Тусгаарлалтын хугацаа уг нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусаад шууд ажилдаа гарах байсан. Гэвч компанийн удирдлагын хариуцлагагүй байдлаас буюу тусгаарлагдаад дуусч байсан хүмүүс дээр хотоос ирсэн шинэ хүмүүсийг нэмж оруулснаас болж тусгаарлалтад байх хугацаа 12 хоногоор сунгагдсан. Энэ хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр халтирч унасны улмаас хавиргаа хугалж гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэсэн боловч гэмтэл маань бүрэн эдгэрэхгүй байсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ц сумын эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авахад эмч нарын зүгээс ...Улаанбаатар хот руу явж компьютер томографикт харуулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хот руу явах унаа олдсон учир хот руу яаралтай явсан. Ингэж гарахдаа тусгаарлалтын байрнаас зөвшөөрөлгүй гарсан нь үнэн. Учир нь миний бие өвдөөд хүнд байсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлэгт очин комьютер томографикийн дүрс оношилгоонд орж, эмчилгээ хийлгэсэн. Энэ талаараа компанийн удирдлагууд руу мэдэгдэхээр хариуцсан хүмүүс болох менежер н.Учрал руу залгахад утсаа аваагүй. Харин менежер н.Батхүү рүү хэлэхэд ...та хүлээж бай, цалингүй байх байхдаа гэж хариу өгсөн. Ингээд миний бие 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн давхар ковидын шинжилгээ өгөхөд халдвар авсан гэж хариу гарсан. Би өөрийн хүүхдийнхээ утсаар холбогдох баримтуудыг явуулж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сард таныг ажлаас халсан гэж мэдэгдсэн. Ингээд би халагдах тушаалаа авъя гэхэд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хот хоорондын хүргэлтийн жолооч н.Батмөнх гэдэг хүнээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захирлын тушаалыг хүлээлгэж өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг тушаалыг хүлээн авсан баримт нь тушаалын ард талд бичигдсэн байгаа болно. Гэтэл ажлаас халах захирлын тушаал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан. Би эрүүл мэндийн шалтгаантай байсныг мэдсээр байж уг шийдвэрийг гаргасан. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэжээ. Би М ХХК-д хүнд даацын жолоочийн ажилд нэг сарын 650,000 төгрөгийн цалин авдаг. Гэхдээ сар бүрийн рейс хийхдээ буюу нэг явахдаа 5,000,000-7,000,000 төгрөг авдаг учир өөрийн авах цалингаа дунджаар 10,000,000 төгрөг гэж тооцсон болно гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан буюу нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Иймд шууд ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд ...унаж хавиргаа хугалсан учир тусгаарлах байрыг орхиж явсан. Тусгаарлах байранд байх үед гэмтэл авсан. Ингээд орон нутгийн эмнэлэгтээ үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбар нь Ц сумын эмнэлгээс авсан лавлагаагаар үгүйсгэгдэж байгаа. Эмнэлгийн лавлагаан дээр нэхэмжлэгчийг эмнэлэгт хандаагүй гэсэн байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн үед ковидын халдвараас сэргийлсэн тусгаарлах байранд байсан, тусгаарлах байрнаас гарах боломжгүй. Эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол тухайн тусгаарлах байрандаа зохих хяналтын дор эрүүл мэндийн тусламж авах байсан. Тиймээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар тусгаарлах байрыг орхисон, эмнэлэгт үзүүлсэн гэх тайлбарууд нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгаарлах байраа орхиж явсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тусгаарлах байранд тусгаарлагдсан хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ороод хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ПСР шинжилгээ өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Тухайн тусгаарлах байр болж байсан зочид буудлаас Л.М нь 2021 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө уг байрыг орхиж явсан болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Л.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн давж заалдах гомдлын агуулга: ...Нэхэмжлэгч Л.М нь М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 02 дугаар сараас эхлэн тус компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж эхлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ковид-19 цар тахалтай холбоотой дэглэмийн дагуу Өмнөговь аймгийн Ц суманд ажилчдын хамт 14 хоногийн тусгаарлалтанд орсон. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тусгаарлалтын хугацаа дууссан байсан боловч М ХХК-ийн удирдлагын хариуцлагүй байдлаас шалтгаалан хотоос ирсэн шинэ хүмүүсийг нэмж оруулсанаас болж тусгаарлалтанд байх хугацаа 12 хоногоор сунгагдсан. Энэ хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч халтирч унасаны улмаас хавиргаа хугалж гэмтэл авсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ц сумын эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авахад эмч нарын зүгээс Улаанбаатар хот руу явж томографт харуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хот руу явах унаа олдсон учир яаралтай явсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт очин компьютер томографик, дүрс оношилгоонд орж эмчилгээ хийлгэсэн. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа компаний менежер Батхүү рүү хэлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ковидын шинжилгээ өгөхөд халдвар авсан гэсэн хариу гарсан. Энэ талаар амбулаториор эмчлүүлэгсдийн карт, дүрс оношилогооны шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл М ХХК ийн захирлын 21/02 дугаар тоот тушаалаар Л.Мг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилдаа буцаж ирэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 хоног ажил тасласан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажилаас чөлөөлсөн байна. Л.М нь Улаанбаатар хотод 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлэгт очин компютер томографикийн дүрс оношилгоонд орсон нотлох баримтыг харгалзан үзээгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Мг ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орхиж явсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Л.М нь Улаанбаатар хотод ирэнгүүтэй дүрс оношилгоонд орж улмаар 5 хоногийн дараа ковидын халдвар авсан үйл баримт тогтоогдсон байхад үнэлээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Ажилтан Л.М тусгаарлалтын байрыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүй, түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр орхин явсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тусгаарлалтын хугацаанд жолооч нараас Өмнөговь аймгийн Ц сумын Онцгой комиссын авсан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ПиСиАр шинжилгээнд хамрагдсан жолооч нарын нэрсийн жагсаалтад ажилтан Л.Мгийн нэр байхгүй нь тэрбээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тусгаарлалтын байрыг аль хэдийн орхин явсныг илэрхийлнэ. Энэ нь хэрэгт нотлох баримтаар цугларсан Өмнөговь аймгийн Ц сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0317 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна. Учир нь хүнд даацын автомашины жолоочийн ажлын байр тус сумад байдаг. Ажилтан Л.М нь 2022 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө тус зочид буудлын тусгаарлалтын байрнаас явсан нь хэрэгт нотлох баримтаар цугларсан Ө ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/54 дугаартай албан бичгээр нотлогдож байна. 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу тусгаарлалтын хугацаанд ажилтан хальтарч унаж, хавирга хугарсны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан нь үндэслэлгүй. УБ хотруу явсан үйл баримтын цаг хугацаа эргэлзээтэй бөгөөд 2 өөр цаг хугацаа яригдаж байна. Ийнхүү сумын эмнэлэгт үзүүлээгүй нь Өмнөговь аймгийн Ц сумын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолтоор няцаагдаж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд хавсаргасан дүрс оношлогооны шинжилгээний хариуд Баруун талын 10 дугаар хавирганд хуучин хугаралтай гэж оношлосон бөгөөд энэхүү эд эрхтэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож зааж буй хавирга хугарсан гэх эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохирч буй боловч энэ нь хуучин хугарал болох нь нэхэмжлэгчийн өөрийнх анх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн тайлбарт заасан корона вирусын халдвар авсан гэх хугацаа нь түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 21/02 дугаартай тушаалд заасан ажил тасалсан гэх ноцтой зөрчлөөр заасан 2021 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрийн хугацаанд хамаарахгүй, ноцтой зөрчилд тооцсон хугацаанаас хойш тул хэрэгт хамааралгүй юм. Гэтэл ажил олгогчоос 2021 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрийн хугацаанд ажил тасалсан нь ноцтой зөрчил гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан 21/02 дугаартай тушаал гарсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар Ажилтан Л.М болон М ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.6.2-т заасан 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Ажилтан Л.Мгийн тээвэрлэх нүүрсийг экспортод гаргаж байсан боловч ноцтой зөрчлийн улмаас экспорт хийгдэлгүй ажил олгогчид хохирол учирсан нь хэрэгт нотлох баримтаар цугларсан 11 дүгээр сарын нүүрс тээврийн мэдээгээр нотлогдож байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлсэн. Ийнхүү үнэлэхэд цугларсан нотлох баримтын хүрээнд дээрх нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэв шийдвэрт зааснаас өөрөөр дүгнэх ётой гэсэн бол үүнийг нотлох баримтыг гарган өгөх ёстой боловч үүргээ хэрэгжүүлээгүй, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэг саад байгаагүй. Иймд Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

4. Хэрэгт М ХХК нь Л.Мтай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №21/043 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Л.Мг Гашуун сухайт салбарын тээврийн жолоочийн ажилд томилсон байна.

5. Ажил олгогч М ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/02 тоот тушаалаар ажилтан Л.Мг хүнд даацын автомашины жолоочийн ажлаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон М ХХК-иас Л.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.6.2-т заасныг тус тус баримталжээ. /хх.5/

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч М ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/02 дугаар тушаалаар Л.М нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-г орхин явж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ажилдаа буцаж ирэлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил таслан ноцтой зөрчлийг гаргасан үйл баримт тогтоогджээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

8. Хэрэгт Ө ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/54 тоот албан бичиг авагдсан ба уг албан бичигт ...танай байгууллагын тусгаарлалтад хамрагдаж байгаа жолооч нараас Л.М нар нь 2021 оны 11 дүгээр сарын 14 15-нд шилжих шөнө бидэнд мэдэгдэлгүйгээр тусгаарлах байр болон ковидын үеийн тусгаарлалтын журмыг зөрчин тусгаарлалтын байрыг орхин явсан талаар мэдэгдсэн, мөн Өмнөговь аймгийн Ц сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0317 тоот албан бичигт ... М ХХК-ийн 28 ажилтан ...Мандал зочид буудлуудад тусгаарлалтад орсон. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дахь хоногийн ПГУ-ын шинжилгээнд 23 ажилтан, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дэх хоногийн ПГУ-ын шинжилгээнд 17 ажилтан тус тус хамрагдаж тусгаарлалтаас гарсан гэсэн байна. /хх.89, 97/

9. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 6.2.2-т нийлбэр дүнгээрээ ажлын нэг улиралд 8 цагаас дээш хугацаагаар ажлаас хожимдсон, 2 хоног ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, амралт, чөлөөний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахыг ажилтан зөвшөөрөх ёстой гэж заажээ.

10. Иймд ажил олгогч ажилтанг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

11. Хэргийн 10-12 дугаар талд авагдсан Л.Мгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариуд ...баруун талд 10 дугаар хавиргад хуучин хугаралтай гэсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот албан бичигт ...Л.М нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл олдоогүй гэсэн албан бичиг ирсэн байна. /хх.10-12/

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогч ажилтанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахад хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь тогтоогдсон байхыг шаарддаг.

13. Ажил олгогч байгууллагаас ажилтан Л.Мтай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 21/02 дугаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтыг зөрчөөгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

14. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Мгийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М ХХК-ийн захирлын 21/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас буруу халсныг тогтоолгох, М ХХК-д хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО