Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-т холбогдох 1816001410070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  М

Шүүгдэгч М-н 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ********** багийн тоотод оршин суух Т-н амбаарт нууцаар нэвтрэн орж, 30 кг ноолуур хулгайлан авч, 2.880.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М-н 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багийн ******** тоотод оршин суух Т-н амбаарт нууцаар нэвтрэн орж, 30 кг ноолуур хулгайлан авч, 2.880.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...6 дугаар сарын 09-ний өдөр Д-г хүргээд Тонхил явсан. Тэгээд тэндээ 4 хоноод 12-нд нүүлгэж ирээд хөдөө буулгаад 13-нд явахдаа ноолуур хийснийг мэдээд тэгээд охиноо эмчлүүлэхээр хот явуулах гээд бас банкны зээл нэхэгдээд мөнгө олдохгүй байхаар нь ноолуурыг авчихсан юм. Тэгээд Баян-Өлгий явж ирээд банди нь ноолуур алга болсон гээд би Ж дээр очоод алга болгосон гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т-н “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай охин Б амбаарт орж үзэхэд байж байсан. Тэгээд М-н хажууд манай охин надтай утсаар яриад манай амбаарт юун 3 шуудайтай ноолуур байгаа юм манайх мөн юм уу гэхэд нь манайх байхгүй өөр хэнийх байдаг юм гээд утсаа тавьсан. Би бодохдоо манай ноолуурыг М авсан байх, тэр хүн манайхыг нүүлгээд, тэр хүний хажууд манай охин утсаар амбаарт байгаа ноолуурын талаар ярьсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ8-9/,

Гэрч Б-н "...Би амбаар дотор байж байхад М за хурдал гээд манай амбаарт орж ирсэн тэгэхээр нь би цүнхтэй юмаа М  ахад өгөөд за би одоо очлоо гээд араас нь гараад машинд нь суугаад явсан... ээжийн утас нь холбогдохоор нь би манай амбаарт байгаа 3 уут ноолуур хэнийх юм бэ? Нэг шуудайны ам нь онгорхой байна гэхэд ээж 2 ууттай нь манайх, 1 ихэнх тал шуудайтай нь танайх байгаа юм гэж хэлсэн...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр М ах сумын төв явж хоол хийгээд ирнэ гээд явсан. Тэгээд орой 22 цагийн үед охинтойгоо хоол хийж ирээд охиноо хүргэж өгөөд ирье гээд буцаад явсан тэгээд би 22 цагийн үед М ах руу залгахад гүүрээр гараад явж байна ингэсгээд очлоо гэж яриад тэгээд бүүр 01 цаг өнгөрч байхад ирсэн ..." гэсэн мэдүүлэг /ХХ10/

Гэрч Б-н "... 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би хөдөөнөөс сумын төв орж хоноод маргааш нь хашаанд байдаг амбаараас ноолуураа авах гэж очоод цоожинд нь түлхүүр хйигээд онгойлгоход цоож нь цүүтэйгээ давхар гараад ирэхээд нь би амбаарын хаалга онгойлгоод харахад ноолуур байхгүй болохоор нь би ээж рүү яриад манай байшинд хулгай орсон юм шиг байна. Ноолуур алга байна гэхэд ээж цагдаад очиж хэл гэхээр нь би цагдаад очиж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ11/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-5/, Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалагдсан агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Иймд тухайн гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ****** ГАҮ улсын дугаартай УАЗ Фургон маркын автомашиныг битүүмжиллээс чөлөөлж, №********* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч М-т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгааласан агуулахад нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял болох 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М-г шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М-т оногдуулсан 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** ГАҮ улсын дугаартай УАЗ Фургон маркын автомашиныг битүүмжиллээс чөлөөлж, №********* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч М-т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА