| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2535000000206 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
2026 02 24 2026/ДШМ/09
Б.Ит холбогдох
эрүүгийн хэргийн тухай
У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нарыг оролцуулан,
У аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Ит холбогдох, 2535000000206 дугаартай дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, З ургийн овогт Б-ын И, *** оны ** дугаар сарын **ны өдөр У аймгийн У суманд төрсөн, ** настай, *, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, У сумын ерөнхий боловсролын * дугаар сургуульд туслах ажилтан, ам бүл *, нөхөр, * хүүхдийн хамт У аймгийн У сумын * дугаар багийн *-* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр У аймгийн У сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хатуу хучилттай авто зам дээр “Toyota prius 20” загварын, *-* *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.2, 3.7а, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, иргэн С.С ыг дайрч амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. У аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас яллагдагч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. У аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолоор:
- З ургийн овогт Б-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 2 жил хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 '000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч Б.И-ыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
- шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Toyota prius 20” загварын, ***улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн 1567394 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ...Шүүгдэгч Б.И болон түүний өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг журамлаж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д:“Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.
Дээрх заалтаас харвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ял оногдуулахын тулд дээрх нөхцөлүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг хангасан байхыг шаардахгүй. Хамгийн гол нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд дээрх нөхцөлүүдийг харгалзаж шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор байна.
Өөрөөр хэлбэл, Б.Иын холбогдсон гэмт хэргийн хувьд түүний буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэснээр “хүний амь нас хохирсныг нөхөн төлөх боломжгүй, хор уршгийн шинж чанар хэзээ ч арилахгүй” гэдгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч бид ойлгон ухамсарлаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Иын хувийн байдал, гэм буруугаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын болон буяны ажилд 10 сая төгрөг өгсөн, цаашид сэтгэцийн хохиролд 15 сая төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж, дээрх заалтыг журамлах боломжтой байсан гэж үзэж байна.
Миний үйлчлүүлэгч Б.Иын хувьд бага насны 2 хүүхэд (4, 6 настай)-тэй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, цалингийн зээлтэй зэрэг хувийн байдал, тухайн үед машин бариулахаар нөхрөө дуудсан боловч нөхөр нь ажилтай байсан тул ирж авч чадаагүй, улмаар гэртээ үлдээсэн 2 бага насны хүүхэд рүүгээ яарч явсан нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон зэргийг харгалзаж, У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ШЦТ/255 дугаар тогтоолын “тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй, учир нь хүний амь нас хохирсон, нөхөх боломжгүй хохирол учраас хохирол төлөгдсөн гэж үзэхгүй гэдэг байдлаар хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд маш олон урьдчилсан нөхцөлүүд байдаг. Эдгээр урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг хангахыг шаардахгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг гэж заасан байгаа, магадгүй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд учруулсан хохирлыг төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж харж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүх заавал хэрэглэх императив хэм хэмжээ биш боловч, шүүгдэгчийн хувьд хэрэглэх боломжтой гэж харж байгаа, давж заалдах шатны шүүхэд энэхүү эрх байгаа учраас бидний зүгээс гомдлоо гаргасан.
Шүүгдэгчийн хувьд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр шийтгүүлсэн боловч 6.7 дугаар зүйлийг хэрэглэн доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгөөч ээ гэж хүсэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт хэрхэн ял оногдуулж буй талаар шүүхийн цахим сангаас судалж үзсэн. Шүүхээс 6.7 дугаар зүйлийг журамлаж, 2 жилээс доош хугацаагаар ял оногдуулсан нь 50-аас доошгүй хувийг эзэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон. Үүнд мэдээж хүнд ангиллын гэмт хэргүүдэд ял оногдуулахдаа цээрлүүлэх зорилготой байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хорих ял авсан, ялаа багасгуулъя л гэж байгаа. 2 бага насны хүүхэдтэй, ар гэр, амьдралын хувьд асуудал ихтэй. Шинэ жилийн баяр, үндэсний цагаан сарын баяраар цагдан хорих байранд өнгөрүүлсэн. Түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэж эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэв.
6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А нарын зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.
Дээрх гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний амь нас хохирсон бол гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохоор хуульчилсан. Иймд хүний амь нас хохирсон нь хэргийн хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа. Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэгдэнэ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс хуульд заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн Зуутраг ургийн овогт Балжиннямын Ит холбогдох, 2535000000206 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Шүүгдэгч Б.И нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар У аймгийн У сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хатуу хучилттай авто зам дээр “Toyota prius 20” загварын, ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, иргэн С.С ыг дайрч амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),
- зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр
хуудас),
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас),
- Б.Иын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас),
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 100- 113 дугаар хуудас),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү С.С нь эхнэр авч өрх тусгаарлаж байгаагүй, хүүхэдгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, У сумын 8 дугаар багт байх өөрийн төрсөн эцэг, эхийн 6 ханатай монгол гэрт ганцаараа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул ах, дүү нарынхаа гэр орноор явж хоол, цай, ойр зуурын мөнгөтэй залгадаг байсан ба хараа муутай учир сард 500’000 гаруй төгрөгийн тэтгэмж төрөөс авдаг, архи согтууруулах ундааны зүйл ихэвчлэн хэрэглэдэг байсан.
Би 2025 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08-09 цагийн үед Ө суманд ажилтай явахад миний эхнэр залгаж, С.С автомашинд мөргүүлж амь нас нь хохирсон байна гэж хэлэхээр нь тухайн газраас У сумын чиглэлд гарч 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирж, дүүгийнхээ буяны ажилд оролцсон. Түүний дараа дүү С.С ыг мөргөсөн гэх автомашиныг барьж явсан эмэгтэйгийн хадам аав А.Э гэх хүн хоёр дараа ирж уулзаж, уучлалт гуйж 7’500’000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хувьд тухайн сэтгэцийн зэрэглэл тогтоолгохоор Ховд аймагт очиж дүгнэлт гаргуулах боломжгүй. Харин сэтгэл санааны хохирлын хувьд тухайн жолооч бид хоёр тохиролцож 15 сая төгрөгийн хохирол барагдуулахаар болж бичгээр баталгаажуулсан тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
- гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед У сумын ** дугаар багийн нутаг *-р сургуулийн арын замаар доош ах н.Э, эгч н.С нарын хамт автомашинтай явж байхад * дугаар сургуулийн арын автобусны буудал зөрөөд зогсоол дээр Тоёота приус автомашинтай эмэгтэй аваараа татаж зогсоод гараа өргөөд замаас гар гэж дохио өгсөн, мөн бид нарын урд талд буюу эсрэг урсгалын хэсэгт эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Автомашин дотроосоо уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “цагаан өнгийн приус 20 загварын автомашин хүн мөргөчхөөд зугтчихлаа” гэхээр нь цагдаа, эмнэлэг дуудсан талаар асуухад дуудаагүй гэсэн учраас эгч бид эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),
- гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн пробокс автомашинтай 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед эхнэр болон хамт ажилладаг Б-ын хамт * дугаар сургуулийн арын замаар доош явж байхад автобусны зогсоол дээр цагаан өнгийн приус машин аваар татаж зогсоод жолооч эмэгтэй замын гол хэсэгт гараа өргөж зогсоосон. Мөн тухайн газарт зогсох үед өмнө замын эсрэг урсгалын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байгааг харсан. Уг эмэгтэй гүйж ирээд цагаан өнгийн приус автомашин хүн дайрчхаад зугтчихлаа гэж хэлсэн. Бид нар автомашинаас бууж замын дээд болон доод хэсэгт очиж уг хүнийг дахин машин мөргөхөөс хамгаалж анхааруулж байхдаа эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн анх зогсоосон эмэгтэй нэлээн сандарсан байдалтай байсан учраас өөр ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирж түүнээс хойш бид нар машиндаа суугаад хүлээж байсан. Мөн эмнэлгийн машин ирсний дараа нөгөө хүн мөргөсөн гэмээр цагаан өнгийн приус урд шил нь хагарсан байдалтай ирээд шууд зогсоол дээр очоод аваараа татаж зогссон. Машины жолооч талын хаалганаас эмэгтэй хүн бууж ирсэн гэхдээ яг ямар эмэгтэй гэдгийг нь нарийвчлан хараагүй учраас хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
- гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед нөхөр болон манай ажлын газрын залуугийн хамт * дугаар сургуулийн арын замаар доош явж байхад автобусны буудал зөрөөд манай автомашины урд 10 орчим метр зайд явж байсан машин гэнэт хурдаа хасаж баруун гар талдаа дохио өгч зогсоод аваар татаж, жолооч эмэгтэй нь бууж ирээд гараа өргөж бид нарыг зогсоосон. Тэгэхэд уг эмэгтэй гүйж ирээд цагаан өнгийн приус автомашин хүн дайрчхаад зугтчихлаа. Би тодорхой харлаа гэж хэлсэн ба замын хойд талын урсгалын хэсэгт эрэгтэй хүн хэвтэж байхыг би харсан. Бид нар автомашинаас бууж уг хүнээс эмнэлэг дуудсан талаар асуухад дуудаагүй гэсэн учраас би өөрийн утсаар 21 цаг 44 минутад эмнэлэгт дуудлага өгсөн. Түүнээс хойш 2-3 минутын дараа анх зогсоосон эмэгтэй жолооч “ эгч нь эмнэлэг явлаа” гэж хэлээд явсан. 10 минутын дараа цагдаа, эмнэлгийн автомашин ирээд зогссоны дараа урд шил нь хагарсан байдалтай цагаан өнгийн приус автомашин ирээд зогсоол дээр зогссон. Автомашинаас 4 хүн бууж ирсэн бөгөөд жолооч нь хэн байхыг хараагүй. Түүнээс хойш бид нар машинаасаа буугаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
- гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :“...2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 13 цагаас хойш баз н.Г-ын хамт манай У сумын 11 дүгээр баг 7-24 тоотод байх тамбарын тасалгаа нураасан. Өдөр 20 цагийн үед н.Г эхнэр И-тэй утсаар ярихад ажил дээрээ байна, тарах болоогүй байна гэж ярьсан. Түүнээс хойш 21 цаг өнгөрөөд байж байхад И нь нөхөр Г руу залгаад “би хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь Г болон эхнэр Ц-ын хамт шууд машинтай гараад ТН ХХК-ийн арын гурван замын уулзвараар доош явж, * дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо очиход уг осолд орсон хүн замын голд хэвтэж байсан мөн нэг пробокс автомашинтай хүмүүс дуудлага өгчихсөн гэж байсан бөгөөд эмнэлэг болон цагдаа ирээгүй байсан. Тухайн үед Б.И өөрөө байгаагүй учраас дахин залгаж хаана байгаа талаар асуухад гурван замын уулзвар арай хүрээгүй буюу ТН ХХК-ийн яг ар талд хашаа дагаад зогсож байна гэсэн. Яваад очиход машин дотроо ганцаараа жолоон дээрээ сууж байсан бөгөөд урд шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэлээн шоконд орсон байдалтай байсан, “ хүн дайрчихлаа” гэдгээс өөр зүйл хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
- гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед байх, * дугаар сургуулийн арын замаар “Тоуоtа Рrius” загварын *** улсын дугаартай автомашин жолоодож ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу Улиасны хэвийн чиглэлд явж, 0 дугаар сургууль өнгөрөөд хурд сааруулагч дээгүүр гарах гэж хурдаа хасаж, автомашины урд талын дугуй хурд сааруулагч дээгүүр давж байхад надаас 5-6 метр зайтай замын эсрэг талын зорчих хэсэг дээр хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, хар өнгийн түрийтэй гутал, гартаа цэнхэр өнгийн тортой зүйл барьсан эрэгтэй хүн такси барих гэж байгаа бололтой гараа өргөж зогсож байхад эсрэг талын урсгалаас буюу Улиасны хэвээс 6 дугаар сургуулийн чиглэлд хурдтай ирж байсан “Приус 20” загварын, цагаан өнгөтэй автомашин тухайн хүнийг мөргөж, түсхийх чанга дуу чимээ гарсан. Би тэр даруй автомашинаа зогсоож автомашинаасаа буухад замын зорчих хэсэг дээр зогсож байсан эрэгтэй зогсож байсан газраасаа зорчих хэсэг дагуу шидэгдэж зам дээр унасан, мөргөсөн автомашин нь чигээрээ миний хажуугаар өнгөрөөд явчихсан. Уг зам тээврийн ослыг хараад миний бие тавгүй болсон учир автомашинд мөргүүлсэн хүн рүү очоогүй ба араасаа ирсэн “Ргоbох” маркийн автомашиныг зогсоож, ослын талаар хэлсэн. Цагдаагийн байгууллага руу дуудлага өгөхөөр залгаж ярихад ослын талаар дуудлага мэдээлэл ирсэн талаар хэлсэн. Би хүн мөргөсөн автомашины улсын дугаарыг харж чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас),
- шүүгдэгч Б.И-ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед ажил тарах үеэр Ц эгч түгээлт хийж ирэхдээ 4 ширхэг, 2.5 литрийн пиво авч ирсэн байсан. Тэгээд Ц эгчийн автомашинтай ажлаас хөдлөөд ойрхон гэр хороолол дунд зогсож байгаад автомашин дотроо уусан. Ууж дууссаны дараа бид гурав ажил дээр автомашинтай очиж би түрүүлээд өөрийн автомашинаа унаад явсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан бөгөөд би шууд ажлаасаа машинаа унаад * дугаар сургуулийн арын замаар дээш гэрийнхээ чиглэлд ганцаараа явсан. Би автомашин барьж явахдаа бол замаар чигээрээ явж байхад гэнэт зүүн гар талаас хүн орж ирсний улмаас мөргөсөн. Тухайн үед би айж сандарсан, мөн автомашинаа зогсоож чадаагүй, замын гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин тааруу байсан учраас ийм зүйл болж хүн мөргөсний дараа зам чөлөөлж зогсох гэсэн боловч баруун гар талдаа бууж зогсох газар байхгүй байсан учраас нэлээн яваад замаас бууж зогссоны дараа нөхөр рүүгээ ярьж “-*-р сургуулийн ойролцоо хүн дайрчихлаа, хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй нөхөр ирсний дараа буцаж хэргийн газарт хамт очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.И нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой автомашин жолоодож, зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу драгер багажаар шалгахад 1.72%-ийн согтолттой, цусан дахь спиртийн агууламж 1.2 процент промилли байсан болох нь эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл / хх-ийн 24-р тал/, согтуурал шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 26-р тал/, спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2025 оны 8 сарын 19-ний өдрийн 99 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон зохицуулалтыг зөрчсөн, тухайлбал тус дүрмийн 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.2-т заасан: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, С.С ын амь нас хохирсон үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
2.2. Шүүгдэгч Б.И нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч С.С ыг дайрч зам тээврийн осол гаргасан даруйдаа осол болсон хэргийн газрыг зориуд орхиж явсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Тэрээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 9.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн, тухайлбал, осол болсон даруйд тээврийн хэрэгслээ зогсоож, ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг тавих, ослын газрын эд юмсыг хөдөлгөхгүй байх арга хэмжээ авч, улмаар ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр осол болсон газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
4. Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.А нарын хамтран гаргасан “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
4.1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул уг хохирол нөхөн төлөгдөх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан нэг жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, шүүгдэгчид хоёр жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хэдийгээр, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, нөхөгдөж сэргээгдэхгүй хохирол учирсан боловч хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдсон байгааг харгалзахгүй байх, эрүүгийн хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалтуудыг хэрэглэхгүй байх зэргээр хэт хязгаарлах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журам, зорилгод нийцэхгүй тохиолдол гарч болзошгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал болон гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзэх нь чухал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт, гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан, гэмт санаагаа хэрэгжүүлсэн арга, давтамжийн байдал, хамтран оролцсон байдал зэрэг хүчин зүйлүүдийг,
гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт, тухайн хүний зан төлөв, дадал зуршил, амьдралд хандах хандлага, гэр бүлийн байдал, нас, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, ял шийтгэл хүлээж байсан, шагнал урамшуулал авч байсан эсэх зэрэг тухайн этгээдийн хувийн шинжтэй нөхцөл байдлуудыг тус тус хамааруулж ойлгоно.
4.2. Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд оногдуулах ялын төрөл, хэр хэмжээг дээрх хуульд заасан нөхцөл байдлууд болон тухайн гэмт хэргийн ангилал буюу хүнд, хөнгөн, гэм буруугийн хэлбэрийг харгалзан тогтоох бөгөөд шүүгдэгч Б.Ит ял шийтгэхэд харгалзан үзэх дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнэв.
4.2.1. Шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр хоёр буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
4.2.2. Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудас /1-р хх-ийн 180-р тал/-аар нотлогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.2.3. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас амь хохирогчийн оршуулгын зардал болон ар гэрт учирсан бусад зардалд 10,000,000 төгрөг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн нь хэрэгт тогтоогдсон ба тэрээр гомдол мэдээллийг шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, ухамсарлаж байгаагаа илэрхийлсэн, бага насны буюу * настай * хүүхэдтэй зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
4.2.4. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.
4.2.5. Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, журмыг зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт: шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан.
6. Хэрэгт тогтоогдсон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу эд хөрөнгийн хохирлыг төлж арилгасан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу нэг жил хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж дүгнэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.И-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 96 /ерэн зургаа/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.И-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1–т зааснаар шүүгдэгч Б.И-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах, 1 жил хорих ялаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.И-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 96 /ерэн зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН