Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 355

 

 

Т.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлал, тус магадлалд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор залруулга хийсэн, Т.Э холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Жаргалант багийн 9-4 тоотод оршин суух,

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Т-ны Э.

Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Аялгуу” караоке дотор хохирогч О.У-ын толгойн тус газар 0.75 граммын “Ерөөл” нэртэй шилтэй архиар 1 удаа цохиж, мөн караокены гадаа “Ерөөл” нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газар дахин нэг удаа цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саажилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Э-аас хохиролд 3,263,658 төгрөгийг гаргуулж, хохирогч О.У олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Х.Энхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолд ...дээд шатны шүүхэд гомдол гаргах хугацааг бичихдээ гаргасан техникийн шинжтэй алдааг залруулж магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “30 хоногийн дотор” гэснийг “14 хоногийн дотор” гэж залруулан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс тогтоосон бодит хохирол болох 3,263,658 төгрөгийг хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж тухайн үедээ хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байсан. Хохирогч О.Ууганбаатарт дээрх хохирлыг нөхөн төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүхэд өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс гомдол гаргасан боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн дотоод итгэлийн асуудал боловч мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байхыг шаардаж байгаа бөгөөд шүүгдэгч Т.Э-ын тухайд анхан шатны шүүхээр тогтоогдсон бодит хохирлыг нөхөн төлсөн байхад давж заалдах шатны шүүх хор уршиг арилаагүй гэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан, хохирлыг төлсөн талаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад магадлалдаа дурдаж шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж магадлалд өөрчлөлт оруулж, хохирол нөхөн төлсөн талаар дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Энхбаатар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, тохирсон ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн Т.Э холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Аялгуу” караоке дотор хохирогч О.У-ын толгойн тус газар 0.75 граммын “Ерөөл” нэртэй шилтэй архиар 1 удаа цохиж, мөн караокены гадаа “Ерөөл” нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газар дахин нэг удаа цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саажилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Т.Э холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Б.Одбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН