Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0505

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаарh221/МА2018/0505

Улаанбаатар хот


Л.Д-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлоор, Л.Д-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна...

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн зохицуулалт бол шүүхийн шийдвэр хуульд. үндэслэсэн, нотлох баримтад тулгуурласан байх тухай ойлголт. Түүнээс бус шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих, биелэгдэх боломжтой байх тухай зохицуулалт биш гэж ойлгож байна.

Тиймээс тус хуулийн заалтыг дээрх байдлаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгосон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн тус шийдвэр бүхэлдээ уг хуулийн зохицуулалтад нийцээгүй хууль ёсны, үндэслэл бүхий бус шийдвэр юм. Иймд тус хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Маргаан бүхий 2 барилгын 1 барилгыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2016/29 тоот "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт" -аар хүлээн авсан гэх боловч тус барилгын 2016/11-10 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан байдаг. Тодруулбал барилга баригдаж эхлэхээс өмнө батлах ёстой архитектур төлөвлөлтийн даалгаврыг барилга баригдаж дууссан, комисс хүлээн авсны дараа нөхөн гаргасан.

Мөн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №ХУД-18/12 тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-т нэг газар дээр нэг барилга барихаар батлагдсан байдаг. Гэтэл илт тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь зөрчиж 2 хэсэг, өөр хэмжээ бүхий барилга барьсан байхад гуравдагч этгээд П.Ц-ийн барилгыг зураг төслийн дагуу баригдсан гэж үзээд хүлээн авсан. Эл асуудлаар бид холбогдох хуулийн байгууллагад нь хандсан ба тус барилгыг хүлээн авахад оролцсон комиссын бүрэлдэхүүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.

Тиймээс тус 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 2016/29 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, мөн барилгыг бүрэн хүлээн авсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй болно.

Харин гуравдагч этгээд П.Ц-ийн барилгад иргэд оршин сууж байгаа гэх боловч бодит байдал дээр иргэд байгаа эсэх, тухайн иргэд нь тус байрны оршин суугчид, өмчлөгчид мөн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Нөгөө талаас үйлдвэрийн бүсэд амьдрах нь иргэдийн эрх, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангавал "иргэд амьдарч байгаа болох нь нотлогдож" байгаа, "маргаан бүхий барилгад амьдарч буй өмчлөгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх" зэргээр шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад үндэслээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, даргалагч шүүгч Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар А/262 захирамж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №ХУД-18/12 тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар" зэрэг захиргааны актуудыг хууль зөрчсөн, энэ үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй, бодит нөхцөл байдлуудыг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчид гаргасан нь хууль бус байх хэдий ч бодит байдалд шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд сэргэхээргүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн, хууль бус байна гэхдээ хууль бус гэсэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн утгатай.

Захиргааны байгууллага албан тушаалтан хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол түүнийг нь хүчингүй болгох, хууль бус болохыг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг. Хууль зөрчиж гарсан шийдвэрийг үндэслэж гарсан шийдвэрүүд бүхэлдээ хууль бус. Хэрэв гуравдагч этгээд нар хууль зөрчиж барилга барьсан бол тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай асуудал яригдахгүй.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, цаашид эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн буюу нэхэмжлэгч Л.Д-н эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлтэй.

Гэтэл нэгэнт хууль зөрчиж барилга барьсан болох нь тогтоогдож буй гуравдагч этгээдийн эрх, эрх нь хөндөгдөж буй эсэх нь тодорхойгүй оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалах гэх нэрийдлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөө талаас шүүхийн шийдвэр биелэгдэх эсэх, хэрхэн биелүүлэх нь шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараах асуудал ба хэрэгжүүлэх байгууллага нь ч тусдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал.

Хууль зөрчиж гарсан актыг хүчингүй болгож, хууль бус байсан болохыг тогтоосноор гуравдагч этгээд нарын эхний барилгатай холбоотой гарсан төрийн захиргааны байгууллагуудын шийдвэрүүд бүхэлдээ хүчингүй болох, хоёрдахь барилгыг улсын комисс хүлээн авахгүй. Тэгэхээр хууль бус актуудыг хүчингүй болгох, хууль бус байсан болохыг нь тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд бүрэн хэрэгжих боломжтой.

Хэрвээ хууль бус актыг үндэслэж, хууль зөрчиж баригдаж буй барилга бүхнийг нэгэнт баригдаад дууссан гэх үндэслэлээр актыг нь хүчингүй болгох, хууль бус байсан болохыг нь тогтоохоос татгалзаад байх юм бол захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, гаргах шийдвэр үр дүнгүй болно.

Тиймээс ийн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх байдлаар дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан нь захиргааны байгууллагын хууль бус актаас нэхэмжлэгчийн эрхийг шүүх хамгаалахаас татгалзсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ялгамжтай байдлаар хандсан гэж үзэхээр байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Л.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хан-Уул худалдааны төв”-ийн баруун урд талд байрлах Г.Ө, П.Ц нарын эзэмшлийн 0.023 га газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгож, уг захирамжийн дагуу боловсруулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай орон сууцны барилга барих “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Нийслэлийн барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга /хуучнаар/ баталсан байх бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус барилгад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар П.Ц-н эзэмшлийн 370 м.кв газар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар Г.Өын эзэмшлийн 350 м.кв газрын зориулалтыг тус тус “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчилсөн бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга уг захирамжуудыг үндэслэн боловсруулсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаар,  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-уудыг баталснаар өмнөх 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” хүчингүй болжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/551 дүгээр захирамжаар зориулалт, хэмжээг 350 м.кв болгож өөрчилсөн гуравдагч этгээд Г.Ө-н газарт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгожээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “эдгээр захиргааны актууд нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/262 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчлөх үед тухайн орчин нь үйлдвэрийн бүсэд хамаарч байсан, тус шийдвэрүүдийн дагуу баригдсан гуравдагч этгээдүүдийн барилга манай газартай тулгаж баригдсан, барилга хоорондын зайн хэмжээ зөрчигдсөнөөр өөрийн барилгаа хууль журмын дагуу ашиглах эрхэд халдсан” зэрэг үндэслэлүүдээр маргаж байна.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл маргаан бүхий барилга орчмын газар болон нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд зааснаар “үйлдвэрийн район”-д хамрагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг батлагдсанаар тухайн газар нь “суурьшлын холимог бүс” байхаар төлөвлөгджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Д болон гуравдагч этгээд Г.Ө, П.Ц нарын хооронд газрын давхцалын асуудлаар маргаангүй байх бөгөөд гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөн, тухайн газар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдаж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу маргаан бүхий барилгууд баригдсаны улмаас нэхэмжлэгч Л.Д-н хувьд өмчлөлийн барилгаа хууль ёсны дагуу ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Л.Д-н эзэмшлийн Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай объект нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан болох нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11/2077 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11/2294 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн хариу тайлбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-01/2757 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.

Иймээс хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын “нэхэмжлэгчийн эзэмшилд буй барилга нь зөвшөөрөлгүй баригдсан тул бусад барилгад зөвшөөрөл олгохдоо тухайн барилгатай зай хэмжээ тооцохгүй” гэх, гуравдагч этгээдийн “зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий барилгын улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхгүй” гэх тайлбаруудыг үгүйсгэх боломжгүй юм.

Түүнчлэн, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4, Барилгын тухай хуулийн /2016 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар барилга байгууламж нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх шаардлагыг хангах ёстой.

Энэ тохиолдолд Г.Ө, П.Ц нарын орон сууцны барилгууд нэхэмжлэгч Л.Дын үйлдвэрийн барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулаагүй, орц гарцыг хаагаагүй байх бөгөөд маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн П.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт тус захирамжийн ...”Г.Ө-д холбогдох хэсгийг...” гэж буруу бичжээ.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Нийслэлийн барилга хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04,  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” зэрэг актуудыг баталсан байгууллага, албан тушаалтныг одоогийн нэршлээр бичсэн байгааг шүүхийн зүгээс зөвтгөх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0406 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т...” гэснийг “Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-т” гэж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн...” гэсний ард “Г.Ө-д” гэснийг “П.Ц-д” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН