Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01191

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01191

 

Б.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01053 дугаар шийдвэртэй

Б.Жгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Чд холбогдох

Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах, 100000000 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагч Ч.Ч, түүний өмгөөлөгч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Б 00 гудамжны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 000420729 дугаартай, 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч юм. Уг өмчлөлийн газар дээр иргэн Ч.Ч байшингаа дур мэдэн оруулж барьсан нь холбогдох кадастрийн зураг болон шинээр эргэлтийн цэг тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Б.Ж нь газрыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр худалдан авч өмчлөгч болсон бөгөөд 2021 оны 09 сард Ч.Чын байшин манай газарт орж баригдсаныг мэдсэн. Иймд Б.Жгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах, 100000000 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан Ч.Чын байшинг нүүлгэн шилжүүлж газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.Ч, түүний өмгөөлөгч М.Батчулуун нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Сүхбаатар дүүрэг 00 дүгээр хороо Б 00 гудамж 25 тоот хаягт байрлах, 410 м.кв талбай бүхий газарт 1985 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2002 онд газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаад өөрийн хүүхдүүдийн хамтаар тухайн газрыг хамтран өмчилж, өмчлөх эрхийг гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авсан. Бидний өмчлөн амьдарч байгаа газрын хойд хэсэгт миний нөхөр С.Баясгалан нь өөрсдийн амьдарч байсан хуучин хувийн сууцны орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2012-2013 оны хооронд 2 давхар бүхий хувийн сууц барьж байгуулсан. Тухайн үед бид хуучин жижиг байшин байрлаж байсан газрын суурь дээр 2 давхар хувийн сууцыг барьж байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Ж шүүхэд газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргахаас өмнө бусдын өмчлөлийн газар луу хэтэрч баригдсан талаар мэдээгүй, энэ талаар Б.Ж болон өмнө уг газарт амьдарч байсан иргэн П.Б, Ж.Ц нар нь огт мэдэгдэж байгаагүй болно. Ингээд миний зүгээс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн амьдарч байгаа хувийн сууц нэхэмжлэгч Б.Жгийн өмчлөлийн газарлуу хэдий хэр хэмжээтэй хэтэрч орсон байгааг тодруулахаар Баян-өлгийн капитал ХХК-д хандаж хойд талын хоёр эргэлтийн цэгийг тодорхойлуулсан. Тус барилгын зүүн хойд өнцөг нь хойшоогоо 30 см, баруун хойд өнцөг нь хойшоогоо 73 см илүү гарсан нь хэмжилтийн үр дүнгээр тодорхойлогодсон гэж дүгнэсэн. Мөн миний зүгээс газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим сайтад нэвтэрч нэхэмжлэгч Б.Жгийн өмчлөлийн газрын дэлгэрэнгүй мэдээллийг харахад тус газар нь Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Б 17-р гудамж 00 тоотод бүртгэлтэй, 699 м.кв талбай хэмжээтэй, дуудлага худалдааны анхны үнэ нь 46,581,360 төгрөгөөр үнэлэгдсэн буюу одоо өмчилж байгаа тус газрын 1 метр квадрат тутам нь 66,640 төгрөг улсад төлж авсан байгаа талаар мэдээлэл авсан. Харин манай гэр бүлийн өмчлөлийн газар нь Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Б 17-р гудамж 25 тоотод бүртгэлтэй, 410 м.кв талбай хэмжээтэй, дуудлага худалдааны анхны үнэ нь 27,171,520 төгрөгөөр үнэлэгдсэн буюу одоо өмчилж байгаа тус газрын 1 метр квадрат тутамд 66,272 төгрөг төлж авсан байх тухай мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус хувийн сууцны барилгын бүтээц /тоосго/ нь баригдсан байршлаас буулгаж шилжүүлэх боломжгүй байхаар баригдсан байх тул нэхэмжлэгчийн шаардсаны дагуу буулгаж нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд бидний зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газар луу хэтрүүлэн оруулсан хэмжээ болох 5.8 м.квадрат хэмжээгээр тус хэмжээ бүхий газарт оногдох дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох 386,512 төгрөгийг нэхэмжлэгчид төлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь миний нөхөр болон миний бие залуу хөдөлмөрийн насандаа үнэнч шудрагаар олон жил хөдөлмөрлөж, түүний үр дүнд хурааж хуримтлуулсан хөдөлмөрийн хөлсөөр барьж байгуулсан хувийн сууцыг холбогдох хууль тогтоомжоор хамгаалдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй хувийн сууц барьсан энэхүү газрыг чөлөөлүүлэх эрхийг Газрын тухай хуульд зааснаар гагцхүү эрх бүхий этгээд хэрэгжүүлэх зохицуулалт агуулсан байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн байр суурь болон нэхэмжлэлийн шаардлагад хүндэтгэлтэй хандаж анхны дуудлага худалдааны үнээр эвлэрэн хэлэлцэх боломжтой байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн хариуцагч Ч.Чд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах, 100000000 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жгаас 649,484 /зургаан зуун дөчин есөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж Ч.Чд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, В.Энхтамир нарын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх Мэргэжлийн байгууллагын хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд хийсэн нарийвчилсан хэмжилтийн дүн бүхий шинжээчийн дүгнэлтийг Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтаар үгүйсгэж дүгнэсэн. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн газрын зарим хэсгийг эзэмшилдээ авсныг Хууль бус эзэмшил гэж үзэхгүй гэх дүгнэлт алдаатай. Учир нь Ч.Чын байшин баригдсан газрын зарим хэсэг /8 м.кв/ нь түүний өөрийн өмчийн бус, нэхэмжлэгч Б.Жгийн газар дээр байршиж байгаа болохыг Б.Ж 2021 онд мэдэж, түүнийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн даруй Ч.Ч түүний газраас хууль бусаар эзэмшилдээ авснаа мэдээгүй байснаа хүлээн зөвшөөрдөг төдийгүй газрын өмчлөгчид учруулсан хохирлоо барагдуулах боломжит шийдлийг нэхэмжлэгч болон шүүхэд санал болгодог. Гэтэл шүүхээс хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэгч Б.Жгийн газрыг хууль бусаар эзэмшээгүй гэж дүгнээд үүнийг үндэслэл болгон дүгнэжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт зөвхөн хэрэг авагдсан нотлох баримтуудтай зөрчилтэй төдийгүй хууль хэрэглээний алдаатай дүгнэлт юм. Хөрш нэгж талбарууд болох нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Ч.Ч нарын хувийн өмчийн газруудын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж, баталгаажсан, эдгээр хөрш газрууд анх төрөөс иргэдэд өмчлөгдөхдөө газрын хэмжээ, байршил солбицлоороо ямар нэг давхцалгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн төдийгүй үүнийг шинжээч дүгнэлтэд баталгаажуулсан, нэхэмжлэгч Б.Ж нь өмчлөгчийн хувиар мэдээллийн санд бүртгэгдсэн солбицол, координатын дагуу өөрийн өмчийн газрын хил заагийг газар дээр нь хатуу цэгээр тэмдэгжүүлэгдэх үйл ажиллааг мэргэжлийн байгууллагаар хийлгэхдээ хөршийн байшин өөрийнх нь өмчийн газар руу халдаж баригдсаныг мэдсэн дариу шаардах эрхээ хэрэгжүүлсэн төдийгүй үүнийг нь эрх бүхий шинжээч нотолсон, хариуцагч Ч.Ч нь өөрийн байршлын маргааны зүйл болж буй байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчийн газрын кадастрын мэдээллийн санд тусгуулаагүй, хариуцагч Ч.Чын өмчийн газар 410 м.кв талбайтайгаар кадастрын зурагт бүртгэгдэж, улсын бүртгэлд баталгаажсан байхад Ч.Ч хашаалсан газрын хэмжээ зөрчилтэй буюу 458 м.кв байгааг шинжээч тогтоосон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэхдээ дараах хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн байшин нь зүүн хойд талаараа 30 см, баруун хойд өнцөг нь хойшоогоо 73 см-ээр тус тус нэхэмжлэгчийн газар руу илүү гарсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс талуудын ...газрын хил зааг нарийн тогтоогдсон, маргаангүй гэж үзэх боломжгүй байна гэх дүгнэлт илт алдаатай хууль зүйн дүгнэлт юм. Анхан шатны шүүхийн маргааны зүйл болсон газар дээрх хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Жгийн газар дээрх Ч.Чын байшин нь газрын бүрдэл хэсэг тул хариуцагчийн байшингийн доорх Б.Жгийн газрыг хууль бусаар эзэмшилдээ аваагүй гэх дүгнэлт мөн л алдаатай. Учир нь нэг талаас Ч.Ч нь нэхэмжлэгч Б.Ж өмчийн газрын зарим хэсэг буюу 8 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан нь шинжээчийн дүгнэлт болон бусад нөхцөл байдлаар тогтоогдсон зүйл. Харин Б.Жгийн өмнөх өмчлөгч энэхүү хууль бус эзэмшлийг мэдээгүй эсхүл таслан зогсоох арга хэмжээ авсан ба аваагүй мөн Ч.Ч мэдсээр эсхүл мэдэлүйгээр хөршийнхөө газарт хэсэгчлэн халдаж байшингаа барьсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 85.1, 85.2 дахь заалтын үндэслэн алдаатай дүгнэсэн. Учир нь Иргэний хууль 85 дугаар зүйлийн 85.1, 85.2, Газрын тухай хуулийн 4.1.7-д заасан зохицуулалт нь тухай газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламж нь холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу зохих зөвшөөрөл, тохиролцоотойгоор анх баригдсан тохиолдолд уг газрынхаа бүрдэл хэсэг болж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг газар өмчлөгч этгээд болон бусад этгээдээс хамгаалах төдийгүй шаардлагатай тохиолдолд шүүхийн хамгаалалт тогтоох агуулга зохицуулалт юм. Тийм ч учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу Ч.Чын Б.Жгийн өмчийн газраас 8 м.кв газрыг эзэмшилдээ авсан үйлдэл нь хууль бус юм. Мөн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ч.Ч нь 410 м.кв газрын өмчлөх эрхтэй байтал бодит байдал дээр 458 м.кв буюу 48 м.кв газрыг илүү хашсан зөрчил нь энэхүү маргааны үндэс болсон байгааг анхан шатны шүүх харгалзаж, дүгнэсэнгүй. Аливаа нэгж талбарыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь газрынхаа эргэлтийн цэгүүдийн газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх, үүнийг дагуу газраа хашаалах, хамгаалах; тэмдэгжүүлэх үүрэгтэй болно. Ч.Ч, Б.Ж нарын өмчийн газрын хил зааг нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн дагуу нарийвчлан тодорхойлогдсон төдийгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан тул Иргэний хуулийн бодитоор эзэмшилдээ авсан байгааг харгалзах үзэх ерөнхий зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Б.Ж өөрийн хууль ёсны өмчийнхөө газрын зарим хэсгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй болж байгаа төдийгүй, шүүхийн шийдвэрээр шинжээчийн зардлыг төлөхөөр өрөнд орж байгаа нь туйлын хачирхалтай шийдэл болж байгаа хэрэг юм. Талууд маргаангүй байхад шүүх өөрөө санаачлан Ч.Чын хувийн орон сууцыг маргааны зүйл болж буй байшин гэж дүгнэсэн нь алдаатай. Учир нь нэхэмжлэгч Б.Ж өөрийн өмчийн газрынхаа зарим хэсэг буюу 8 м.кв талбайг Ч.Чын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ч.Ч энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаагаа шүүхэд хүлээн зөвшөөрч, газрын маргааныг шийдвэрлэх тодорхой шийдлийг шүүхэд санал болгож байхад шүүхийн энэхүү үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр маргааны зүйл болж буй байшин-гийн доорх газрын Ч.Ч хууль бусаар эзэмшээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн төдийгүй хууль хэрэглээний алдаатай дүгнэлт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3 дахь заалтуудад гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ч.Ч, түүний өмгөөлөгч М.Батчулуун нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хариуцагч нь уг газарт 1985 оноос эхлэн оршин суусан. Өөрийн газарт байшингийн суурийг тавин байшин барьсан. 2012 онд өөрийн барьсан өмнөх байшинг нурааж шинэчлэн 2 давхар хувийн сууц барьсан. 2017 онд тухайн эзэмшлийн газрыг өмчлөлийн газар болгож авах үед байшин баригдсан байсан. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасны дагуу байшин газрын бүрдэл хэсэг болсон учир өмчлөх эрхээ баталгаажуулсан. 2017 онд нэхэмжлэгч нь хөрш зэргэлдээ газрын өмчлөгч болсон. 2021 онд газрын эргэлтийн цэгийг тогтоолгох үедээ хариуцагч газрын давхцал байна гэдгийг олж мэдсэн. Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт зааснаар хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзнэ гэсэн зохицуулалтыг үндэслэн хариуцагчийн хувийн сууцны хил заагаар тодорхойлогдоно гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ч.Чд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах, 100000000 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ж нь иргэн П.Б, Ж.Ц нараас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг худалдан авсан, хариуцагч нь уг газарт 1985 оноос эхлэн оршин сууж байгаа бөгөөд 2012 онд өөрийн барьсан өмнөх байшинг нурааж шинэчлэн 2 давхар хувийн сууц барьсан. Нэхэмжлэгч нь хөрш зэргэлдээ газрын өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

4. Хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамжны 00 тоот хаягт байрлах, 100000000 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ж бүртгэгджээ. /хх.5-9/

5. Хэргийн 30 дугаар талд авагдсан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчилгээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Б 00 гудамж, 25 тоот хаягт байршилтай 000000 нэгж талбарын дугаартай 410 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч нь Ч.Цэрэнлхам, Б.Гантулга, Ч.Ч нар бүртгэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотлогооны хэрэгслээр тогтоогдоно гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.

6. Нэхэмжлэгч Б.Ж хариуцагч Ч.Ч нар нь хил залгаа газар эзэмшигч нар бөгөөд Б.Жгийн өмчлөлийн 699 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын 1461801377 /100000000/ дугаар бүхий кадастр нь Ч.Чын өмчлөлийн 410 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын 1461801319 дугаар бүхий кадастрын зураглалтай Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мэдээлэлд давхцалгүйгээр бүртгэгдсэн гэсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх.58-60/

7. Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Ж иргэн П.Б, Ж.Ц нараас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тухайн газрыг худалдаж авсан, түүнийг худалдаж авахад хариуцагч буюу хөрш Ч.Ч нь үл хөдлөх эд хөрөнгө барьсан байсан үйл баримт тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн худалдаж авсан газар нь эд хөрөнгийн болон биет байдлын доголдолтой тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаарх гомдлоо худалдагч талд гаргах эрхтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Жд газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт байрлах, 100000000 /1461801377/ нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан хариуцагчийн байшинг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Учир нь, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО