| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2305007471627 |
| Дугаар | 2026/ДШМ/341 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/341
2026 03 25 2026/ДШМ/341
Ч.Ч-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Э.Мягмардорж,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Э.Мягмардоржын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Ч-т холбогдох 2305007471627 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Ч-гийн Ч-, ........, ял шийтгэлгүй, /РД:ИЧ-/;
Шүүгдэгч Ч.Ч- нь 2023 оны 01 дүгээр 28-ны өдөр “Ч-” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “..малын өвс, тэжээл авна зарна” гэсэн нэртэй фейсбүүк группт “өвс хямд зарна, утас Ч-” гэсэн хуурамч зарыг нийтэлж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Н.А-ийн өвс худалдан авах хүсэл зоригийг нь далимдуулан Төв аймгийн Борнуур сумын өнжмөл өвс 1 боодол нь 6000 төгрөг гэж байгаа, одоо хот руу ачих гэж байна, урьдчилгаа мөнгөө өгөх юм бол ачаад очно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 4А- дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Ч-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар төрөөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч- нь нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвар гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Ч-” гэх фэйсбүүк хаягтай байсан болон Ч- гэсэн дугаар эзэмшдэггүй болох нь тогтоогддог. Эдгээр нь шүүгдэгч Ч.Ч-ын утсанд хийсэн үзлэг /xx-66/-ээр Ч.Ч- нь “А- А-” гэдэг нэртэй фэйсбүүк хаяггүй талаар мөрдөгч нотолжээ. Түүнчлэн Unitel XXК-ийн тодорхойлолтоор Ч.Ч- нь хохирогчийн дурдаад байгаа Ч- гэсэн дугаар огт эзэмшдэггүй, байсан талаар нотлогдсон байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Ч- нь “Ч-” гэх фэйсбүүк хаягаас өвс зарна гэж утасны дугаар тавьж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэж байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтыг үндэслэн гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бур хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг шударга шүүхээр шүүлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шударга ёсны зарчмыг зөрчжээ, шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтүүд нь Ч.Ч-ыг гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болоход ноцтой зөрүүтэй байхад анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ.Хуурах гэж гэмт хэрэг үйлдсэн хүн бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд эзэмшигч, өмчлөлийг бодит байдалд илт нийцээгүй, худал хуурмаг байдалд оруулж төөрөгдүүлэхийг ойлгоно. Зохиомол байдлыг бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгохыг ойлгоно. Гэтэл хэргийн үйл баримтаас харахад зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх шинжийг үгүйсгэж байна Ч.Ч- нь бусдын эд хөрөнгийг өөртее олж авах санаа зорилго агуулаагүй, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Харин өөрийн данс руу орж ирсэн мөнгийг ахаас шилжүүлэн ирсэн мөнгө гэж андуурч захиран зарцуулсан үйл баримт байна. Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг, гэтэл Ч.Ч-ын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй байхад залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Харин шүүгдэгч дансаар андуурч орж ирсэн мөнгийг захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломж байна. Шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, тэдгээрийг нотлох баримтын агуулгын талаар дурдаагүй байна. Хохирогч тухайн дансны дугаарыг Ч- дугаартай холбогдож авсан болох нь нотлогдоогүй, дансны дугаарыг андуурч гүйлгээ хийсэн хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй хүнд ял өгсөнд гомдолтой байна.
Шүүх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “шүүгдэгч Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон хирнээ тогтоолын 7-д тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ч-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй” гэж зөрүүтэй дүгнэлт хийж эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тодорхойлсон 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагуй байна. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай тусгасан заалтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлд хэргийн нотолбол зохих байдлыг тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн нөхцөл бүрэн нотлогдоогүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон байх ба Ч.Ч- нь андуурч шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно буюу тухайн үйл явдал болсноос хойш 2 жил өнгөрсний дараа яллагдагчаар татсан байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль бус байна. Ийнхүү хуулиар зохицуулахдаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ч-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг ноцтой зөрчсөн байна” гэх тайлбарыг гаргаж байна. Өмгөөлөгчөөс шийтгэх тогтоол хуулийг зөрчсөн гэх үндэслэлээ тайлбарлахдаа шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг хөндөж байна. Шүүгдэгч Ч.Ч-т мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан “хувийн баталгаа гаргах” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээ нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохоор Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлагдсан байдаг учир таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой анхан шатны шүүхийг хууль зөрчсөн гэж үзэх нь өөрөө үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...Ч.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа боловч анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, мөн уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2 жил байдаг...” гэх агуулгатай тайлбарыг дурдаж байна. Хэргийн үйл баримтын талаар товчхон дурдвал хохирогч А- нь фэйсбүүк зарын группт “малын тэжээл, өвч авна” гэх зарыг оруулсан. Уг зарын дагуу шүүгдэгч Ч.Ч-той холбогдож хэргийн үйл баримт эхэлсэн. Шүүгдэгч нь хохирогчид “...Төв аймгийн Борнуур сумын өнжмөл өвс 1 боодол нь 6000 төгрөг гэж байгаа, урьдчилгаа мөнгөө өгөх юм бол ачаад очно...” хэлэхэд нь хохирогч нь шүүгдэгчид итгэж түүний Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу өвсний мөнгө болох 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ болсон процессын талаар тодорхой мэдүүлсэн. Түүний мэдүүлэгт “би дансаа андуурч шилжүүлсэн юм” гэх утгатай хариулт, өгүүлэмж байдаггүй. Цахим орчинд үйлдэгдэж байгаа “залилах” гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд өөрийн ашигладаг үндсэн цахим хаягаас үйлдэл хийдэггүй. Гэмт хэрэг үйлдэж байгаа учир өөрийгөө нуун далдлах зорилготой хуурамч хаягаас гэмт хэрэг үйлдэх тохиолдол их байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлоо тайлбарлахдаа Ч.Ч-ыг “Ч-” гэх хаягийг ашигласан гэдгийг тогтоож чадаагүй гэх тайлбарыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл өгсний дараа даруй хугацаанд хэрэг бүртгэлийн хэрэг нээж хэргийг шалгаж эхэлсэн, хэрэг шалгах явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийж ажиллагаа явуулсан. Гэвч гар утсанд үзлэг хийх ажиллагаа удааширч үзлэгийг хэрэг гарсан гэх өдрөөс 2 жилийн дараа явуулсан учир төдийлөн сайн үр дүнд Х-гүй гэсэн хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн эзэмшлийн банкны дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүнийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийн хэрэглэж байсан гэх “Ч-” дугаар хэний эзэмшлийн болохыг хөдөлбөргүй тогтоох зорилгоор “Юнител” компани руу албан бичиг хүргүүлэхэд “Ч-” дугаарыг хэн нэгэн этгээд эзэмшиж, ашиглаж байсан түүх байхгүй гэх хариуг ирүүлсэн. Уг лавлагаанаас дээрх дугаар нь хуурамч дугаар байсан болох нь тогтоогдож байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч уг дугаарыг нэг удаа хэрэглээд дахин хэрэглээгүй байх боломжтой гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг хаах саналыг гаргаж, тогтоолыг ирүүлж байсан. Тухайн хаах саналтай тогтоолыг хяналт тавьж байгаа прокуророос хянаад хэргийг хаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байгаа болохыг дурдъя. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ч.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Ч- нь “2023 оны 01 дүгээр 28-ны өдөр “Ч-” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “..малын өвс, тэжээл авна зарна” гэсэн нэртэй фейсбүүк группт “өвс хямд зарна, утас Ч-” гэсэн хуурамч зарыг нийтэлж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Н.А-ийн өвс худалдан авах хүсэл зоригийг нь далимдуулан Төв аймгийн Борнуур сумын өнжмөл өвс 1 боодол нь 6000 төгрөг гэж байгаа, одоо хот руу ачих гэж байна, урьдчилгаа мөнгөө өгөх юм бол ачаад очно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 4А- дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Н.А-ийн “... “малын өвс тэжээл авна, зарна” гэх нэртэй группт “Ч-” гэсэн нэртэй фейсбүүкээс “өвс хямд зарна, утас:А-” гэсэн зар байхаар нь А- дугаарын утас руу залгаад “хаана байгаа өвс вэ, үнэ хэд вэ” гэж асуухад “Төв аймгийн Борнуур сумын өнжмөл өвс, 1 боодол нь 6.000 төгрөг гэж байгаа. Одоо ингээд хот руу ачих гэж байна. Урьдчилгаа мөнгө өгөх юм бол ачаад очно” гэсэн болохоор нь би дахиж зар харж байгаад малын өвсний үнэ ханш судлаад түүний зарна гэсэн өвс нь хямдхан байсан болохоор авахаар болоод А- дугаарын утас руу дахин залгаад “их хэмжээгээр авбал хямдрах уу” гэсэн чинь “500 боодлоос дээш хэмжээгээр авах бол хямдарна, боодол нь 5.000 төгрөг болно” гэхээр нь 500 боодлыг авахаар тухайн хүний өгсөн Худалдаа хөгжлийн банкны 4А- тоот данс руу урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5А-0 тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлснийхээ дараа утас руу нь залгахад утсаа авахгүй, удалгүй утас нь ашиглалтад байхгүй болчихсон. ...” /хх 37-38/ гэсэн мэдүүлэг, Ч.Ч-ын Худалдаа хөгжлийн банкны 4А- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60-61/, Худалдаа хөгжлийн банкны 4А- тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62-65/, мөн Ч.Ч-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 62-65/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ч.Ч- нь хохирогч Н.А-ийг “...өвс хямд зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Н.А-аас 1,000,00 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
“Төв аймгийн Борнуур сумын өнжмөл өвс, 1 боодол нь 6.000 төгрөг, одоо ингээд хот руу ачих гэж байна. Урьдчилгаа мөнгө өгөх юм бол ачаад очно” гэсэн Ч.Ч-ын хуурсан, төөрөгдөлд оруулсан байдалд итгэн Н.А-аас 1,000,000 төгрөгөө Ч.Ч-т шилжүүлсэн байна.
Үүнээс үзэхэд шүүгдэгч Ч.Ч- нь хохирогч Н.А-ийн шилжүүлгийн утга дээр бичсэн утасны дугаараар холбогдож уг шилжүүлгийн талаар тодруулах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан “...Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байна, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ч- нь мөрдөн байцаалтын шатанд “хүнээс авах байсан мөнгө орж ирсэн гэж бодоод өөрийн хэрэгцээнд зарцуулсан” гэх боловч тэр талаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Ч.Ч-ын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас Ч.Ч-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон төдийгүй түүний үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх талаар заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалт хуулийн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай” тусгахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь анхан шатны шүүхэд заавал шийдвэрлэх үүрэгжүүлсэн заалт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ