Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/342

 

  2026           03             25                                                                     2026/ДШМ/342

 

Ц.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Б.У-ын өмгөөлөгч Ч.Билгүүн,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.С-ын өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Ц.Б-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.С-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Б-д холбогдох 2503007391224 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Б- овгийн Ц-ийн Б-, ....., ял шийтгэлгүй, /РД:НЦ-/,  

           Шүүгдэгч Ц.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 04 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн замд Kia bongo загварын Ц- УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Гурав. Жолоочийн үүрэг 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих; 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Б.У-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Ц.Б-ыг 2 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-, иргэний хариуцагч С.С- нараас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 3,262,223 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 36,424,080 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.У-ад олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 12,466,290 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-, иргэний хариуцагч С.С- нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Б.У-ад хохиролд 4,412,968 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.У- цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлбэл эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.С- давж заалдах гомдолдоо: “...Болсон хэргийн тухайд Ц.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны үед нөхөр Н.Б-тэй утсаар холбогдож “хөдөө яваад ирэх гэсэн юм, машины хэрэг болоод байна, тус болооч” гэж гуйхаар нь нөхөр Н.Б- зөвшөөрсөн ба Ц.Б- нь манай аж ахуйн хашаанд байсан тээврийн хэрэгслүүдээс миний нэр дээр бүртгэлтэй байдаг Кай Бонго маркийн Ц- УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан гэдгийг нөхөр Н.Б-гээс мэдсэн юм. Осол гаргагч Ц.Б- нь өөрийн хувийн ажлаар хөдөө орон нутаг явах зорилгоор тусламж хүсэж тээврийн хэрэгслийг авч явсан бөгөөд С.С- миний өмнөөс, миний гуйлтаар ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэхээр тээврийн хэрэгслийг авч яваагүй билээ. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорын өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд миний бие Ц.Б-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүнд ашиглуулахаар шилжүүлэн өгөөгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Ц.Б- нь өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч болон манай үйлчлүүлэгч С.С-оос хохирогчид учруулсан хохирол төлбөр болон эрүүл мэндийн даатгалын санд учруулсан зардлыг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгч нь эмэгтэй хүн, тэрээр ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэлтэй хамааралтай асуудалд оролцдоггүй. Шүүгдэгч Ц.Б- нь С.С-ын нэр дээр бүртгэлтэй машиныг унахдаа түүний нөхрөөс нь асууж тухайн машиныг авч явсан, мөн иргэний хариуцагч нь өөрт хамааралтай хэргийн хүрээнд машинаа хэрэглүүлээгүй тул ямар нэгэн байдлаар хохирол, төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааныг иргэний хариуцагчгүйгээр шийдвэрлэсэн уг нөхцөл байдлыг хуульд заасан иргэний хариуцагчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч нь шүүгдэгчид өөрөө зөвшөөрөл өгсөн болох нь хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мөн иргэний хариуцагчийн нэр дээр маш олон тээврийн хэрэгсэл байдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон байдаг. Гэтэл иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “...С.С- нь эмэгтэй хүн учраас тээврийн хэрэгсэл мэдэхгүй, машинтай холбоотой асуудалд оролцдоггүй...” гэх тайлбарыг гаргаж байгааг хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл ойлголттой тайлбар байна гэж үзэж байна. Иргэний хариуцагч нь давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэж тусгасан байна. Гэвч шүүх хуралдаан эхлэх үед анхан шатны шүүх иргэний хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэхийг шүүгчийн туслахаас тодруулахад туслахаас “...тов мэдэгдсэн боловч С.С- хариу өгөөгүй...” гэх тайлбарыг илэрхийлдэг. Шүүхээс мэдэгдэх үүргийнхээ хүрээнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Шүүх хуралдаанд оролцох эсэх нь иргэний хариуцагчийн эрх хэмжээний асуудал гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно…” гэж заасан байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй. Мөн хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй…” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх хуралдаан явагдсан байх тул иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн нэг талын гэрэл осол гарах үед эвдэрсэн байсан байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шүүгдэгч Ц.Б- нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “...Тухайн үед машиныхаа гэрлийг асаасан боловч нэг талын гэрэл асахгүй байсан...” гэж мэдүүлдэг. Зөвхөн нэг талын гэрэл нь асдаг машинаар замын хөдөлгөөнд оролцох нь орчны харагдах байдалд асар их нөлөөтэй гэж үзэж байна. Тодруулбал, иргэний хариуцагч С.С- нь шүүгдэгч Ц.Б-д бүрэн бус, техник, эд ангийн асуудалтай машиныг шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд иргэний хариуцагч С.С-д хохирогчид учирсан хохирол, төлбөрийг шүүгдэгчидтэй хувь тэнцүү хувааж төлөх үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг миний бие бүрэн хариуцаж төлөх болно. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг иргэний хариуцагчид мэдэгдсэн талаар шүүх хуралдаан эхлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас танилцуулсан. Шүүгч мөн шүүгчийн туслахаас тов мэдэгдсэн эсэхийг тодруулахад “мэдэгдсэн” гэх хариуг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанд иргэний хариуцагчийг заавал оролцуулна гэх зохицуулалт байхгүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй…” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хохирол, төлбөрийг асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны хянан хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.С-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, энэ талаар ямар нэгэн баримт үйлдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэв.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцэх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур болно.

 

Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах боломж олгох, хуульд заасан эрхийг хязгаарласан байх бөгөөд энэ нь оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогддог нь хууль хэрэглээний хэвшиж тогтсон жишиг юм.    

            Иймээс давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн түүний гаргасан давж заалдах гомдлын “хурлын тов мэдэгдээгүй, намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР
 

 

ШҮҮГЧ                                                           П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ