| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2503006470986 |
| Дугаар | 2026/ДШМ/343 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/343
2026 03 25 2026/ДШМ/343
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2503006470986 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овгийн Н-ийн Б-, ....., ял шийтгэлгүй, /РД:ГН-/.
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монте Роза сургуулийн баруун талын замд “Lexus NX300” загварын Н- УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 9 настай, эрэгтэй Б.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зуйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 6,336,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О- нь насанд хүрээгүй хохирогчид учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдолдоо: “...Үйлдсэн хэрэг маань ноцтой хор уршиг дагуулаагүй, нийгэмд учруулах аюул багатай байхад шүүхээс оногдуулсан ял хэт хатуу байна гэж үзэж байна. Миний хувьд ял хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглээгүй, хэргийн газраас зугтаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, анх удаа хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Иргэний нэхэмжлэгчид 688,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 173,000 төгрөг, хохирогчид 6,336,000 төгрөгийг тус тус төлсөн. Ингэснээр бусдад төлөх төлбөргүй болсон. Оногдуулсан нэмэгдэл ял нь миний бага насны 3 хүүхдийн эрх, ашигт нөлөөлж байна. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авах, мөн сургуулиас гадуурх дугуйлан, үйл ажиллагаанд хамруулах, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах зэрэг зайлшгүй хэрэгцээг хангах шаардлагатай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хэрэглэхгүй байх эсхүл хугацааг нь багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас эхэлж ажиллаж байна. Өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан “нэмэгдэл ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх гомдлын агуулгатай санал нэг байна. Уг хэрэгт ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай зүйлүүд байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж гэм буруутайд тооцсон. Уг гэмт хэргийн объектив талын шинж нь “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байхыг шаарддаг. Хавтаст хэргийн 60 дахь талд хохирогчийн “Грандмед” эмнэлэгт үзүүлж, өвдөгний имрайн зураг авахуулсан баримтууд болон имрайн зураг авагдсан. Тус өвдөгний имрайн зурагт “...гадна саран жийргэвч эмгэг дохионы эрчимгүй, хэвийн...” гэж тусгагдсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээч эмч Наранчимэгийн дүгнэлтэд “...гадна саран жийргэвч урагдалтай...” гэж тусгагдсан байдаг. Тодруулж хэлбэл дээрх 2 эмч нарын хохирогчийн биед хийгдсэн үзлэг, шинжилгээ, дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн 105-106 дахь талд О- гэх дүрс оношилгооны эмчийн “оношилгооны хариу” авагдсан. О- эмчийн гаргасан дүрс оношилгооны хариу нь хэзээ, ямар эмнэлгээр хийлгэсэн болох нь тодорхой бус байдаг. Гэвч тухайн О- эмч оношилгооныхоо хариу дээр чухал зүйлүүдийг дурдсан байдаг. О- эмчийн дүрс оношилгооны хариу болон “Грандмед” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Н-ын хариунууд нь хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Гэтэл дээрх 2 эмчийн зөрүүтэй дүрс оношилгооны хариу дээр үндэслэж Шүүх шинжилгээний эмч дүгнэлт гаргасан. Бид хуульчид бусдын биед ямар хэмжээний гэмтэл учир эсэхийг нарийн тодорхойлж, хэлж чадахгүй, тэр ч утгаараа гэмтлийн зэргийг тогтооход тусгай мэдлэг эзэмшсэн этгээдүүд тогтоодог. Гэтэл тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргаж байгаа этгээдүүдийнхэн дүгнэлт зөрүүтэй байхад түүнийг шалгаж, тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнийг шийдвэр гаргахдаа хавтаст хэргийн 105-106 дахь тал болон 60 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулж дүгнэлтээ гаргаасай гэж хүсэж байна. Хавтаст хэргийн 105-106 дахь талд авагдсан дүрс оношилгооны хариуг 2 хувь үйлдсэн байдаг. 2 дахь хувийнхан арын хэсэгт “мэдэгдсэн онош” гэж бичээд арилгах байдлаар дарсан байдаг. Мөн тухайн дүрс оношилгооны хариу дээрх “мэдэгдсэн өөрчлөлт” гэдэг хэсэг дээр ямар нэгэн зүйл тусгагдаагүй байдаг. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийг “Грандмед” эмнэлэгт 06 дугаар сарын 04-ний өдөр үзүүлсэн, эмнэлгээс хариуг 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч дүгнэлтдээ “Грандмед” эмнэлгийн дүрс оношилгооны хариуг 06 дугаар сарын 04-ний өдөр илгээсэн гэж дурддаг. Үүнээс юуг харагдаж байна вэ гэвэл “Грандмед” эмнэлгийн дүрс, оношилгооны хариу гараагүй байхдаа Шүүх шинжилгээний байгууллага руу илгээгдсэн байдал харагдаж байна. Гэтэл энэ нь цаг хугацааны хувьд байх боломжгүй учир шүүх шийдвэрээ гаргахдаа энэ нөхцөл байдлыг анхаарч үзнэ байх гэж найдаж байна. Зам тээврийн осол дээр мөрдөгч магадлагаа гаргадаг. Энэ хэрэг дээр мөрдөгчийн зүгээс “шүүгдэгч Н.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил ойлгогддог. Гэтэл мөрдөгч, прокуророос мөрдөн шалгах ажиллагааны шатанд магадлагааг миний үйлчлүүлэгчид танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид “шинжээчийн дүгнэлттэй танилцуулна” гэх эрхийг хязгаарласан байна. Энэ талаар Н.Б-гаас шүүхэд илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...мөрдөгч магадлагааг прокурорт болон энэ хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу оролцогчид танилцуулна…” гэж заасан байдаг. Гэвч мөрдөгчөөс дээрх хуулийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн тайлбарын гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй байна гэж үзэж байгаа. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зөвхөн “Гранменд” эмнэлгийн дүгнэлтэд үндэслэж тайлбарыг гаргаж байна. Хэрэгт “Грандменд” эмнэлгээс гадна Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан. Прокурорын зүгээс Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийг тусгай мэдлэгийнхээ хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монте Роза сургуулийн баруун талын замд “Lexus NX300” загварын Н- УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 9 настай, эрэгтэй Б.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. О-гийн “...Тэгээд хүү машины араас буугаад араар тойроод гарах үед цаанаас өөр нэг машин хурдтай, зай хэмжээ барилгүй орж ирсэн. Тэгэхэд мөн тухайн автомашины араас өөр нэг машин орж ирээд зогсолгүй урдаа байсан машиныг мөргөж, тухайн автомашин урагшилж манай хүү С-ийг мөргөж, манай машинтай хавсарч зогссон. Хүү С-ийг уйлаад орилох чимээнээр нөхөр бид хоёр машинаас буугаад харахад хүү хөдлөх боломжгүй хавчуулагдсан байсан. Тэгээд арын хоёр машины жолооч сандарсандаа ухрах үйлдэл хийсэн, тэгээд би дуудлага өгсөн. ...Тухайн үед бол нөхөр бид хоёр хүүхдээ сургуулийн хүүхэд буулгах ёстой орц гарцны хэсэгт зогсож буулгасан. Тэгэхэд л араас ирсэн автомашинууд зай, хурдаа тохируулалгүй огцом орж ирж ийм осол гаргасан. ...Гомдолтой байна, хүүгийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ, буруутай жолооч нарт холбогдох хариуцлагыг тооцуулмаар байна, цаашид бусад хүүхдэд дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх 21/ гэсэн,
гэрч О.Г-ийн “...Би 2025 оны 5 дугаар сарын 30-ны адөр 08 цагийн үед хүүхдээ “Монте Роза” гэх сургуульд хүргэж өгөхөөр хойд зогсоол руу орох үед урд талын тээврийн хэрэгсэл зогсож баруун болон зүүн хаалгаараа 2 хүүхэд буулгаж зүүн талаар буусан хүүхэд нь урд талын авто машин болон манай машины голоор зам хөндлөн гарч байх үед ард хүлээгээд зогсож байхад араас авто машин мөргөж урагшаа түлхэгдэж тэр хүүхдийг мөргөж хавчсан. School police “хүүхэд хавчигдчихлаа, ухраарай” гээд араас мөргөсөн машин болон би ухарч хүүхдийг гаргасан. ...” /1хх 45/ гэсэн,
гэрч Э.Г-ын “...Тэгэхэд ар талын автомашин хүүхдээ буулгах гээд хүүхэд нь хаалгаа дутуу онгойлгоод, хаалгаа онгойлгож чадахгүй болохоор нь би хаалгыг нь онгойлгох үед тухайн автомашины араас автомашин зогсоод машин нь хойшоо хүч алдах үед огцом хурд авч урагшилж урд байсан автомашиныг мөргөсөн. Уг мөргүүлсэн автомашин урагшлах үедээ урдуур нь гарч байсан хүүхдийг зогсож байсан автомашинтай хавсарч мөргөөд 5 орчим секунд зогссон. Би “ухраарай” гэж ухрааж тэр хавчигдсан хүүхдийг гаргасан. ...” /1хх 47/ гэсэн,
Н.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Ингээд “Монте Роза” сургуулийн ертөнцийн зүгээр хойд зогсоол дээр ирсэн, тэгээд зогсоол руу ордог хэсэг дээр буюу миний машины урд хоёр автомашин зогсож байсан, тухайн зам нь урагш налуу учраас би хурдаа хасаад зогсож байсан машины араас ойртож ирээд зогсох үед машин ухрахаар нь тоормос дээрээ гишгэх гэж байгаад хаазан дээрээ андуураад гишгэсэн. Тэгэхэд урдаа зогсож байсан машины араас нь мөргөсөн, тэгэхэд ойр орчимд байсан хүмүүс “хүүхэд хавчуулагдчихлаа ухраарай” гэхээр нь машинаа ухраагаад зогсоосон. Тэгээд би машинаас буугаад харахад миний урд талын машины урд хэсэгт бага насны хүүхэд газар суучихсан хажууд нь хүмүүс тойроод зогссон байсан, тэр үед би осол гарсан байна гэж мэдсэн. Би 2014 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон, түүнээс хойш авто машин жолоодохгүй байж байгаад одоогоос 2-3 жилийн өмнөөс авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа. ...Би хүүхэд авто машинаас бууж байгааг хараагүй. ...Авто машины хөдөлгөөн их байсан, осол болсон газар нь зогсоол хэсгийн орц хэсэг байсан. Уг нь тэр газарт хүүхдээ буулгадаггүй юм, цаг агаар хэвийн, замд халтиргаа гулгаа байгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...Хохирогч хүүхэд осол болсны маргааш нь өдөр сургууль дээрээ олимпиадад ороод явж байсан, ямар нэгэн байдлаар бие зовуурилсан зүйл ажиглагдаагүй. Мөн осол болсноос хойш 7 хоногийн дараа сургуулийнх нь хүүхдүүдийн аялал болох үед тухайн хохирогч хүү болох С- хэвийн алхаж гишгээд явж байсан. ...Бодит хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 129-130/ гэсэн,
Шинжээч эмч Н.Наранчимэгийн “...Дээрх гэмтэл өвдөлт илрэх боловч алхаж гишгэх хөдөлгөөн хийх боломжтой. ...Дээрх гэмтэл нь өөрөө бүрэн эдгэрэх боломжгүй мэс заслын эмчилгээгээр эдгэрэх боломжтой. Тийм учраас эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг тул хүндэвтэр хохиролд хамаарна. ...” /1хх 142/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/7629 дугаартай шинжээчийн “...Б.С-ийн биед баруун өвдөгний гадна жийргэвчний урагдал, зүүн ташаа, өвдөгт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 50-51/ гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0825/2603 дугаартай шинжээчийн “...Дээрх зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б-ийн С- (РД:УБ-)-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1хх 53-55/ гэсэн,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1000590 дугаартай шинжээчийн тээврийн хэрэгсэлд хийсэн “Хариулт 1. Уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм хэвийн байна. Хариулт 2. Урд нүүр буюу сетка нь зүүн доод хэсгээрээ бага зэргийн хагарсан байв. Хариулт 3. Уг тээврийн хэрэгсэл нь хийн-шингэн дамжуулгын АВ5 тоормосны системтэй байна. Хариулт 4. Тоормосны систем бүрэн ажиллаж байна. Хариулт 5. Уг тээврийн хэрэгслийн хол ойрын гэрлийн тусгал хэвийн гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай байв. Хариулт 6. Тус тээврийн хэрэгсэл нь М-S буюу дөрвөн улирлын дугуйтай байна. Дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна...” /1хх 65-68/ гэсэн,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн тээврийн хэрэгсэлд хийсэн “Хариулт 1. Уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм хэвийн байна. Хариулт 2. Хойд буфер бага зэрэг сэвтэй байна. Хариулт 3. Уг тээврийн хэрэгсэл нь хийн-шингэн дамжуулгын АВS тоормосны системтэй байна. Хариулт 4. Тоормосны систем бүрэн ажиллаж байна. Хариулт 5. Уг тээврийн хэрэгслийн хол ойрын гэрлийн тусгал хэвийн гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай байв. Хариулт 6. Тус тээврийн хэрэгсэл нь М-S буюу дөрвөн улирлын дугуйтай байна. ...” /1хх 73-76/* гэсэн дүгнэлтүүд,
2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1202 дугаартай мөрдөгчийн магадалгаа “..Н- УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан гэх үндэслэлтэй байна. ...” /1хх 116-117/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн аесан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /1хх 4-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явган зорчигч Б.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” талаар маргаж оролцож байгаа боловч тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчид хүндэвтэр хохирол учирсан нь хөтөлбөргүй тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирол төлбөрт 6,336,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ