Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01228

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01228

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/01969 дугаар шийдвэртэй

Н.Бгийн нэхэмжлэлтэй Ү.Од холбогдох

15,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие Ү.Отэй 2020 оны 1 сард 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа үнэгүй суулгана, хугацааг тохирно гэсэн зарын дагуу утсаар ярихад Ү.О гэдэг эмэгтэй холбогдож ...надад 15,000,000 төгрөг хэрэгтэй байгаа, зээлийн хүүнд байрандаа үнэгүй суулгана, хэрэв та зөвшөөрч байгаа бол хоёулаа гэрээ хийе гээд Чингэлтэй дүүрэгт байрладаг Энхтуяа гэх нотариатч дээр очиж гэрээ хийсэн юм. Бид хоёрын харилцан тохиролцож хийсэн уг гэрээнд 2024 онд дуусгавар болох, Ү.О нь 2024 оны 01 дүгээр сард 15,000,000 төгрөгөө эргүүлэн өгч байраа авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл одоо та 2 жилд нь суучихсан тул мөнгийг хагасалж өгнө гээд залилан луйвар хийж байгаа тул 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь охиныгоо ийм байдлаар дэмжин өөрийн цуглуулсан мөнгөө бусдад хүүгүй зээлүүлэн, оронд тухайн хүний орон сууцанд нь охиноо амьдруулж байсан юм. Хариуцагч Ү.Оийн Шуурхай зар сонины 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаарын 29 дэх талд 15 сая төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа суулгана. Хугацааг тохирно. Утас: 89999116 гэж нийтлүүлсэн зарын дагуу холбогдон уулзаж, гэрээний хугацааг 4 жил байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний бусад зүйл нь Шуурхай зар сонинд Ү.Оийн нийтлүүлсэн агуулгаар гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Гэрээ хийх үед би харааны нүдний шилээ авч гараагүй байсан тул гэрээг нарийвчлан сайн харах боломж нь хязгаарлагдмал байсан. Манай эхнэр н.Алтансэлэнгэ Ү.Оээс гэрээний хугацаа дуусаад бид хоёр 15,000,000 төгрөг буцаан авахаар заасан биздээ гэж дахин дахин асуусан. Ү.О нь гэрээний нэг хувийг өгөөд, тиймээ гээд гэж хэлээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сард Ү.О нь гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ цуцлах санал тавьсан юм. Ингээд Н.Б миний бие нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байраа суллаж өгсөн бөгөөд 15,000,000 төгрөгөө авъя гэхэд 7,500,000 төгрөг л буцааж өгнө гэж хэлсэн. Гэрээний хугацааг 4 жилээр тохиролцсон ч Ү.О гэрээний хугацаа дуусгахаар өөрийн санаачлагаар гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсан хариуцлагыг биднээс шаардах эрхгүй юм. 15,000,000 төгрөгийн сарын 5 хувийн хүүтэй зээлэхэд cap бүрийн зээлийн хүү нь 750,000 төгрөг байхаар байгаа юм. Гэтэл одоог хүртэл мөнгийг буцаан өгөхгүй байгаа нь биднийг дахин хохироож байна. Иймд Хариуцагч Ү.О нь харилцан тохиролцсоны дагуу мөнгийг буцаан өгөхгүй байгаа үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Н.Бд 15,000,000 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ү.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь байраа 6 сараас 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь байрандаа суулгахаар зар оруулсан байсан. Н.Б гэх хүн над руу холбогдож уулзсан бөгөөд бид ярилцаад 15,000,000 төгрөгөөр 4 жилийн хугацаатай байрыг минь түрээслэхээр тохиролцож тухайн үед уулзсан газрын нотариатаар гэрээгээ бичүүлж батлуулсан билээ. Иргэд хооронд мөнгө зээлэн хүүнд нь байрандаа суулгах тохиролцоо хийдэг бөгөөд энэ 4 жилийн хугацаатай биш дээд тал нь 1 жилийн хугацаатай л байдаг. Би Н.Бгийн 4 жил байрыг чинь 15,000,000 төгрөгөөр түрээсэлж сууя гэх нөхцөлийг анх өөрөөс нь сонсоод хэн хэндээ ашигтай юм байна гэж бодсон. Миний хувьд мөнгө эргүүлэн төлөхгүй, Н.Бгийн хувьд бага мөнгөөр байр түрээслэх нөхцөл тавьсан учраас зөвшөөрч гэрээ байгуулсан. 2020 оны 01 capд 2 өрөө байр түрээслэх төлбөр доод ханш 700,000 төгрөг байсан бөгөөд Н.Б нь манай байрыг сард 312,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Гэтэл манайх ам бүл нэмэгдсэн тул байр түрээслэх гэрээг цуцалж байраа суллаж аваад үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг өгье гэж Н.Бтай уулзахад анх ярьсан зүйлээсээ шал өөр зүйл ярьсан. Н.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу байраа суллан өгсөн тохиолдолд байранд амьдарсан хугацааны зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөр 6,562,500 төгрөгийг өгч болно гэжээ.

3. Хариуцагч Ү.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ү.О нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Н.Бтай орон сууц хөлслөх тухай гэрээг нотариатаар гэрчлүүлэн байгуулсан байдаг. Уг гэрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 95а байрны 103 тоотод байрлах 51 м.кв хоёр өрөө байрыг 4 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээслэгч тал 15,000,000 төгрөгөө түрээслүүлэгч Ү.Од төлж, Ү.О нь Н.Бд байраа хүлээлгэн өгсөн байдаг. Ү.О нь гэрээг цуцлаж өөрийн байранд амьдрах шаардлагатай болсон талаар түрээслэгч Н.Бд мэдэгдсэн боловч гэрээнд байхгүй шаардлага тавьж ... түрээсийн төлбөр өгөхгүй, өгсөн 15,000,000 төгрөгөө бүхлээр нь авч байж гарна... гэж хууль бус шаардлага тавьж байх тул шүүхэд хандаж Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 95а байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

4. Нэхэмжлэгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Бид хэлсэн ёсоор 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байраа суллаж өгсөн. Энэ үед Уламбаяр утсаар байнга яриад суллахыг шаардасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Энэ үед мөнгө нь бэлэн үү гэхэд бэлэн, бэлэн гээд мөнгөний хэмжээ хэлээгүй. Бид гарчихаад байр хүлээлгэж өгөх үед тэр 2 өмгөөлөгч дагуулж ирээд мөнгө өгөх болоход дансаа өг 7,500,000 төгрөг өгнө гэсэн. Бид 15,000,000 төгрөг өгсөн та нарын зарын дагуу хүүнд нь суусан гэхэд гэнэт та наад гэрээгээ унш гээд байсан тэр үед өмгөөлөгч дагуулж ирсэн нь зохион байгуулалттай байжээ. Бид байрнаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан тул албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ү.Оээс 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэгч Н.Бд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяагийн давж заалдах гомдлын агуулга: ... Талуудын хооронд зээлийн гэрээ бус орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 1 дэх хэсэг буюу ерөнхий нөхцөлийн 1 дүгээр зүйлд ...Хөлслүүлэгч О нь Бд өөрийн өмч болох орон сууцаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай хөлслүүлнэ... 5 дугаар зүйлд ...4 жилийн төлбөр 15 сая төгрөг байна... 4 нэмэлт нөхцөлийн 3 дахь заалт...хөлслөх төлбөр 4 жил бөөнд нь 2020 оны 01 дүгээр сарын 20- ны өдөр авна... хэмээн утга агуулга тодорхой байдлаар орон сууц хөлслөх гэрээ байгуулжээ. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэх заалтыг орхигдуулан хэргийн материалд огт байхгүй талуудын хооронд үүсээгүй харилцааг бий болсон мэтээр өөрийн санаачилгаар дүгнэн шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэмээн тодорхойлон шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын тодруулгаа гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэсэн хирнээ огт өөр үндэслэлээр буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрт дурдсан Э.Оийн мөнгө зээлэн хүүнд нь орон сууцанд суулган гэсэн зар нь ганц Бд хандсан санал биш бөгөөд нийтэд хандсан санал байсан байдаг. Ү.Оийн гаргасан саналыг шууд гэрээний нөхцөл хэмээн тодорхойлох боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэрээний гол нөхцөлийг тодорхойлох боломжтой. Хариуцагч талаас орон сууцаа бусдын өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас байр түрээсэлсэн мөнгөө бүхлээр нь нэхэмжилж түүний орон сууцыг сулласан гэж амаар тайлбарлан хүлээлгэж өгөхгүй байсаар шүүх хуралдаан дээр байрны түлхүүр өгч байгаа үйлдэлд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үйлдэл байхад шүүхээс тэмдэгтийн хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас Н.Бгийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 6,562,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломгүй байх тул шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ү.Од холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 6,562,500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Бгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ү.О нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 95а байрны 103 тоотод байрлах 51 м.кв хоёр өрөө байрыг 4 жилийн хугацаатай хөлслүүлэх, Н.Б нь 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх.6/

5. Зохигчид дээрх гэрээ байгуулсан үндэслэлийн талаар зөрүүтэй тайлбар гарган маргаж нэхэмжлэгч ...Би Ү.Отэй 2020 оны 1 сард 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа үнэгүй суулгана гэж тохиролцсон гэж,

хариуцагч ...Н.Б 4 жил байрыг чинь 15,000,000 төгрөгөөр түрээсэлж сууя гэсэн, байраа суллан өгсөн тохиолдолд байранд амьдарсан хугацааны зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөр 6,562,500 төгрөгийг өгч болно гэжээ. /хх.1-2, 21,36, 76/

6. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу талуудын тайлбар, бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зохигчид энэ асуудлаар маргаагүй.

7. Харин хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан 15,000,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан гэсэн тайлбар нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ү.Од 15,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай шилжүүлэх, Ү.О нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүүний төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлэх харилцан үүрэг үүссэн байна гэж дүгнэсэн нь буруу биш байна.

8. Учир нь, хэргийн 8, 53 дугаар талд авагдсан Шуурхай зар сонины 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мягмар гарагийн 29 дэх нүүрт ...15 сая төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа суулгана. Хугацааг тохирно. Утас:89999116 гэх бичгийн баримтуудаар талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ү.Оийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

10. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэгч Н.Б нь орон сууцыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...шүүх хуралдаан дээр орон сууцны түлхүүр өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үйлдэл байхад шүүхээс тэмдэгтийн хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж заасныг хангах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцыг шүүх хуралдаан хүртэл чөлөөлөөгүй байсан гэх байдлаа хариуцагч нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

12. Анхан шатны шүүх хариуцагч Ү.Оээс 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэгч Н.Бд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/01969 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО