Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/344

 

2026          03            25                                                                             2026/ДШМ/344

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2511014831810 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

            Ш- овгийн А-ийн Б-, ……., /РД:ЧА-/,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 634 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

 

             Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19 дүгээр гудамжны А- тоот байшингийн цонхоор нууцаар орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,

мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэж улмаар хэргийн газраас зугтах явцдаа хохирогч Ж.Д-гийн биед халдаж түүнд “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

              Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3  жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор сольж 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Ж.Д- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул хохирогч Ж.Д- нь нотлох баримтаа бүрдлүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон ирсэн 2 ширхэг СД-ийг хавтаст хэрэгт хавсаргаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа А.Б-гийн өмчлөлийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б-д буцаан олгохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдолдоо: “...Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл шүүхээс намайг гэм буруугаа хүлээх үүрэггүй, эрхээ эдэлж байгаа гэж бүхэлд нь гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой байсан. Учир нь прокурорын шатанд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрвөл ял тохирох боломжтой гэж байсан мөртлөө гэм буруугаа хүлээгээгүй гэж үзсэнийг шүүх хүлээн авч хөнгөрүүлэх талын нөхцөл байдлуудыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ... гэв.

            Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Б-гийн зүгээс хадаасаа авахуулах хүсэлт ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс хорих ангийн эмнэлгээс холбогдох тодорхойлолт гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт хохирол, төлбөрийн асуудал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой үзэж байгаа тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор О.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч А.Б-г урьд энэ төрлийн гэмт хэрэгт 8 удаа холбогдож, ял шийтгүүлсэн боловч ухаарч ойлгоогүй байгаа болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дээрх ялыг шүүгдэгчид оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм, хэмжээ биш. Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тохиолдолд шүүхээс хэрэглэж болох зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

хохирогч Ж.Д-гийн “...Байшингаа онгойлгоод ороход манай угаалгын өрөөнд нэг үл таних хүн байсан. Манай гэрт тухайн хүнээс өөр хүн байгаагүй, тэр хүн хажуу талаар гараад явахаар нь нөхрийгөө “наадахаа бариад авг, хулгайч байна” гэж хэлсэн. Тэгээд би араас нь нөхрийнхөө хамт хөөгөөд бариад авахад миний толгой руу архины шилээр цохиод авсан. Тэгээд ноцолдсоор байгаад тухайн хүний гар утсыг нь булаагаад авчихсан. Тухайн хүн ганцаараа байсан. ...Манай гэрээс эмэгтэй хүний сувдан мөнгөн ээмэг 1 хос, ээмэг, бөгж, кулон, хос мөнгөн хэрэгсэл, цагаан өнгийн хослол, опал чулуу буюу ээмэг зүүлт бөгжний чимэглэл, шүрэн хэлхээ буюу хүзүүний зүүлт, бөөрөнхий мөнгөн кулон 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, дөрвөлжин опал чулуу 1 ширхэг, навчтай мөнгөн чулуун бөгж 1 ширхэг, бондгор цагирган бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй нарийн мөнгөн гинж, жижиг хайрцагтай мөнгөн эдлэлүүд /дотор нь хэд байсан талаар мэдэхгүй байна/, нүдэн цагирагтай мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс байсан. Надад нийт 1 сая орчим төгрөгийн хохирол учирсан. ...” гэсэн /хх 16-17/,

яллагдагчаар А.Б-гийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө. ...” гэсэн /хх 170/ мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0725/5635 дугаартай дүгнэлтэд “...Ж.Д-гийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...” /хх 25-26/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10/, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-32/,Дамно” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх19-22/, таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /хх 42-45/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19 дүгээр гудамжны А- тоот байшингийн цонхоор нууцаар орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэж улмаар хэргийн газраас зугтах явцдаа хохирогч Ж.Д-гийн биед халдаж түүнд “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хохирогчийн байшингийн цонхоор нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж нийт 1,280,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэж улмаар хэргийн газраас зугтах явцдаа хохирогч Ж.Д-гийн биед халдаж түүнд “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Б-гээс гаргасан “хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл шүүхээс “гэм буруугаа хүлээх үүрэггүй, эрхээ эдэлж байгаа” гэж бүхэлд нь гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой байна, хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрчлөн өөрийн хулгайлах болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх түүний гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. 

Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” үндсэн эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулдгаараа нийгэмд сөрөг үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хор уршигтай юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Хохирогч Ж.Д-гийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0725/5635 дугаар дүгнэлт хэрэгт авагдсан ба энэ нь тус гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүсгэгдэхийг тайлбарласан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Б- нь өөр этгээдийн эд хөрөнгийг хулгайлж буй хууль бус үйлдлээ бүрэн ухамсарласан, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүн хэрхэн хохирч болохыг мэдсээр байж, хүсэж хор уршиг учруулсан байх ба хэдийгээр гэм буруугаа ойлгон гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлсэн боловч тэрээр урьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, ял шийтгүүлж байсан нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна.

Ийнхүү ял эдэлсэн боловч хууль бус үйлдэл хийхгүй байж, зөв төлөвшихийг эрмэлзэж чадаагүй, дахин үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал болоод үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийн биед гэмтэл хөнгөн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй тул шүүгдэгч А.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч А.Б-гийн овгийн эхний үсгийг янз бүрээр бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч А.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гийн цагдан хоригдсон нийт 51 /тавин тавин/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                                   Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ