Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01241

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01241

 

Э ХХК, Д.Мын нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01139 дугаар шийдвэртэй

Э ХХК, Д.М нарын нэхэмжлэлтэй Нт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КХХК

Д.Мын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, ц, 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам, Э ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 00000 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Болоржаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01211 дугаар шүүгчийн захирамжаар Э ХXК, Д.М нараас 1,453,654,360 төгрөгийг гаргуулж, КХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Мын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003010677 дугаарт бүртгэлтэй, 000637 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, Үйлдвэр районд байрлах, 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай, 620 метр урттай төмөр зам, төлбөр төлөгч Э ХХК-ийн өмчлөлийн нэгж талбарын 00000 дугаартай Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, Э, 12282 м.кв талбайтай, эзэмших эрхтэй үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх зэргийг 2021 оны 08 сарын 24-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 сарын 30-ны өдөр хураах ажиллагаа явуулсан байна. Нт төлбөр төлөгч Э ХХК, Д.М нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үнийн санал өгөхдөө 1,500,000 ам.доллар гэж өгсөн байхад Н Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Файн эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4-121/18510 дугаар мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч мэдлээ. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Файн эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Д.Мын өмчлөлийн Мазутын аж ахуйн барилгыг 701,694,000 төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замыг 520,000,000 төгрөгөөр, Э ХХК-ийн эзэмшлийн 12282 м.кв газрыг 705,382,000 төгрөгөөр нийт 2,027,076,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан байна. Иймээс нэхэмжлэгч Д.М, Э ХХК нар нь тус бүрдээ өөрийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнхийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрээр Доржсүрэнхорлоогийн М, Э ХХК-иас 1,457,437,671 төгрөгийг гаргуулж, Капитрон банканд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э ХХК, Д.Мын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Мын өмчлөлийн Дархан-Уул аймаг 00 дугаар баг Э 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Э ХХК-ийн эзэмшлийн 12282 м.кв талбайтай газрыг хурааж төлбөр төлөгч Э ХХК, Д.М нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр авахад 1,500,000 доллароор үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч КХХК хүлээн зөвшөөрөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-иар тогтоолгоход 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр авагч Капитрон банканд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Б.Соёлмаа, Д.М нарт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус биечлэн мэдэгдэж эрх үүргийг танилцуулж гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжингийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар Э ХХК болон Д.М нараас 1.453.654.360 төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан үнэлгээг шинжээч томилж хийлгэсэн байгаа. Тухайн шинжээчийн үнэлгээг манайх хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бодитойгоор үнэлсэн гэж үзэж байна. Шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Зах зээлийн үнэ яг хэд болохыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөд нотлох үүрэгтэй. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж одоог хүртэл биелэгдэхгүй, төлбөр төлөгдөх хугацаа удааширч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Д.Мын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, ц, 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам, Э ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 00000 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК болон Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Э ХХК болон Д.Мт олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаагийн давж заалдах гомдлын агуулга: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01211 дугаар шүүгчийн захирамжаар Э ХХК, Д.М нараас 1,453,654,360 төгрөгийг гаргуулж КХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Данд байрлах дээрх хөрөнгө нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төмөр зам, Б зэргийг газрын хамтаар үнэлгээ хийхдээ адил төрлийн, ойролцоо байрлалтай объекттой харьцуулалт хийгээгүй, мэн шинжээч нь харьцуулалт хийж байгаа объекттой очиж танилцаагүй, шинжээчийн дүгнэлтэд харьцуулж байгаа объектуудын мэдээлэл дутмаг, зураг, үнэлгээ байхгүй байхад өөрийн үзэмжээр үнэлгээ гаргасан байдаг. Иймээс нэхэмжлэгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул шүүхийн журмаар дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзсан. Мөн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар ийм компани байдаг эсэх, ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй байдаг. Файн эстимэйт ХХК гэх компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм зэрэг үнэлгээ хийх эрхтэй компани мөн болохыг нотолсон ямар ч баримт хөрөнгийн үнэлгээ болон уг хэргийн материалд авагдаагүй бөгөөд шүүх үүнийг тодруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч Н.Цолмонгэрэлийг бус Файн эстимэйт" ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахаар шинжээчээр томилсон тул уг компанийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх талаарх мэдээллийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр байдлыг тодруулалгүйгээр шинжээчийн дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэснийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжингийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа үндэслэлээ гаргаагүй. Зах зээлийн үнэлгээгээр 2,027,076,000 төгрөгөөс их байгаа гэх талаар тодорхой баримт гаргаж өгөх ёстой. Гэтэл 2,027,076,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг атлаа хэдэн төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй талаар нотлох баримт гаргаж өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК, Д.М нь Нт холбогдуулан Д.Мын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, ц, 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам, Э ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг 2,027,076,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргажээ. /хх.1-2, 70/

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дугаар захирамжаар хариуцагч Э ХХК болон Д.М нь 1,453,654,360 төгрөгийг КХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх18-19, 82-84/

5. Н 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20300448/02 тоот тогтоолоор Дархан-Уул аймгийн Д, 00 дугаар баг, ц, 1600 м.кв талбайтай, Б, үйлдвэрлэлийн зориулалттай 620 метр урттай төмөр зам, Э ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 00000 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 12.282 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 20300448/03, 20300448/034 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан байна. /хх.23-26/

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Э ХХК, Д.М нарт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4-121/18508, 4-121/18510 тоот мэдэгдэх хуудсуудаар үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, төлбөр төлөгч Д.М, Э ХХК барьцаа хөрөнгийг 1,500,000 ам.доллароор үнэлснийг төлбөр авагч КХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх.27-28, 99-101/

7. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/241 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг тогтоолгохоор Файн эстимейт ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Файн эстимейт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 2,027,076,000 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт гаргажээ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

9. Шинжээчээр томилогдсон Файн эстимейт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Файн-Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ тогтоох зорилгоор шинжээчээр томилсон байхад Н.Цолмонгэрэл нь үнэлгээний тайлан гаргасан нь зөрчилтэй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь, Файн эстимейт ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Н.Цолмонгэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд Н.Цолмонгэрэлд Н 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хууль тайлбарласан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт хэрэгт авагдсан байна. /хх.102/

11. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО