| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00538/И |
| Дугаар | 320/ШШ2026/00619 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 320/ШШ2026/00619
| 2026 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 320/ШШ2026/00619 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: А.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 12,310,200 (арван хоёр сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00538/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
Хариуцагч А.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. А.Д , бид хоёр 2023 оны 11 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэн цайны газар ажиллуулахаар ярилцаж тохирсон. Би цайны газрын засвар хийх, тоног төхөөрөмж худалдаж авахад зориулан 7,118,200 төгрөг зарцуулж, ашгийн 60 хувийг авахаар болсон. А.Д багшаар ажилладаг болохоор цайны газарт бараг ажиллахгүй, нааш цааш явж, ашгийн 40 хувь авахаар тохирсон. Цайны газар ашиг орлогогүй байсан тул 38 хоног ажиллуулсан. Энэ хугацаанд А.Д нь хоёр хүн ажиллуулахад ашиг гарахгүй байна, та дүүгээс минь зээлсэн 40,000,000 төгрөгийг одоо өгвөл би гарна, эсхүл 20,000,000 төгрөг хасуулаад эндээс та гар гэх санал удаа дараа тавьсан болохоор би авсан бүх гал тогооны тоног төхөөрөмжөө үлдээгээд гарсан. А.Д цайны газраа ажиллуулаад үлдсэн. Гэтэл А.Д зээл 40,000,000 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гал тогооны тоног төхөөрөмж энэ хэрэгт хамаагүй гэж хэлээд тус зээлийг төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан мөртлөө тэрээр тайлбартаа өмнөх шүүх хуралдаанд Д.Н мөнгөө хасуулна гэсэн учраас хасуулчихсан гэх тайлбар өгсөн байсан. Би шүүхийн шийдвэрээр гарсан зээлийн төлбөрөө төлж дуусгасан. Цайны газар хамтарч нээж ажиллуулахад шинээр худалдаж авсан тоног төхөөрөмж. Үүнд:
1. Ширээ 8ш, буйдан сандал 16ш*3,500,000 төгрөг, шилэн хөргүүр 1ш*650,000 төгрөг, богино долгионы зуух 1ш*200,000 төгрөг, газан плитка 1ш*160,000 төгрөг, хуушуурын тогоо 150,000 төгрөг, ус халаагч 1ш*88,000 төгрөг, хиншүү сорогч 1ш*180,000 төгрөг, 380-ийн кабель утас 15метр 210,000 төгрөг, паар 3ш*240,000 төгрөг, сангийн хөлс төлсөн зардал 74,000 төгрөг, шугам хоолой шинээр тавьж ашиглалтад оруулсан зардал 1,000,000 төгрөг, цай, кофе аяга 30ш, халбага-сэрээ 30ш, шарсан махны ширэм таваг 5ш, уртасгагч залгуур 3ш, мах, гурилны мод, хутга, заазуур, хормогч, хамгаалалтын хулдаас 10 метр эд зүйлүүдийн үнэ 366,200 төгрөг, нийт 7,118,200 төгрөг. 2. Куртик 1ш*350,000 төгрөг. 3. 3ээл 4,842,000 төгрөг, бүгд 12,310,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч А.Д зээлж авсан мөнгөөс 2,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн тул тус мөнгийг хасаад нийт 10,310,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)
2. Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Н тай хамтарч цайны газар ажиллуулахаар тохиролцож, миний зүгээс 4,800,000 төгрөг, Д.Н гийн зүгээс 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулж, ашгийн 60 хувийг Д.Н г, 40 хувийг миний бие авч байхаар тохиролцсон. Үүнтэй зэрэгцээд тэрээр манай дүүгээс 40,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд Д.Н нь уг мөнгөнийхөө хүүг миний данс руу шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учир дүү маань намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүх хуралдаан дээр Д.Н ширээ сандал, хамтарч бизнес хийхэд гаргасан зардлуудаа уг мөнгөнөөсөө хасна гэж тайлбар гаргаж байсан тул би нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, тухайн шүүх хурлаар аль алиндаа өгөө аваагүй байхаар тэрхүү хэргийг шийдүүлчихлээ гэж бодсон. Гэтэл одоо нөгөө л ширээ, сандал энэ тэрээ бичсээр мөнгө нэхэмжлээд байгаад гайхаж байна. Тухайн үед уг цайны газрыг ажиллуулах үедээ Д.Н тухайн хугацааны бүх орлогыг аваад надад юу ч үлдээхгүй явсан. Зарим нэг эд зүйлс байгаа ч тэрээр надад өгөх мөнгөндөө үлдээж гэж бодсон. Би уг цайны газрын түрээс 2,000,000 төгрөг, 2 сарын тог, ус, дулааны зардлын өрөнд үлдсэн. Би Д.Н гийн данс руу 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 2,000,000 төгрөг, дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг шилжүүлж байсан. Одоо би түүнд ямар ч өргүйн дээр харин ч түүнээс авах мөнгөнөөс хассанаараа би өөрөө дүүдээ мөнгөний өртэй байгаа болно. Д.Н г би нутгийн эгч, нэгэн цагт хамтарч бизнес эрхэлж явсан гэдэг утгаар 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж бүх асуудлыг цэгцэлсэн гэж бодож байхад миний энэ сэтгэлийг ойлгохгүй, харин ч надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 33 дахь тал)
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон.
а. Зохигч болох Д.Н , А.Д нар хамтран цайны газар ажиллуулж, гарсан ашгаа 60 хувь, 40 хувиар тус тус хувааж авахаар тохирсон талаар маргаагүй тул тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. (хавтаст хэргийн 1-4, 33 дахь тал)
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Н , хариуцагч А.Д нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээ амаар байгуулагджээ.
б. Харин нэхэмжлэгч Д.Н нь гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 7,118,200 төгрөг, куртикийн үнэ 350,000 төгрөг, зээл 2,842,000 төгрөг, бүгд 10,310,200 төгрөг гаргуулна, хариуцагч А.Д нь зээл, алданги, нийт 60,000,000 төгрөг гаргуулах шүүх хуралдаанд хамтарч бизнес хийхэд гаргасан зардлуудаа хасаж шийдүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д гийн ...Би Д.Н тай...хамтарч цайны газар ажиллуулахаар болоод миний зүгээс 4,800,000 төгрөг, Д.Н нь 7,000,000 төгрөг оруулж, байраа тохижуулаад ашгийн 60 хувийг Д.Н , 40 хувийг би авахаар тохиролцсон. Үүний дараа Д.Н нь миний дүү П.Б гээс 40,000,000 төгрөг зээлж авахад нь би зуучилж өгсөн...Цайны газар хамтран ажиллахад оруулсан төгрөг нь 40,000,000 төгрөг зээлсэн асуудалтай ямар ч хамаагүй. Д.Н тай ярилцаад 23,800,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... гэх тайлбар, хариуцагч Д.Н гийн ...Миний П.Б гээс зээлсэн мөнгө нь А.Д тай хамтран ажиллаж байсан цайны газрын мөнгөний асуудалтай хамаагүй гэдгийг ойлголоо. Би А.Д тай ярилцаад П.Б гээс мөнгө зээлсэн тул түүнд зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, эвлэрч байна... гэх тайлбар тус тус гаргаж зохигч хоорондоо эвлэрсэн тухай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 122/ТМ2024/0**** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдлоо. Тодруулбал хариуцагч А.Д гийн маргаж байгаа тайлбар дээрх баримтаар няцаагдаж байх бөгөөд тэдний хооронд гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнийг зээл, алданги, нийт 60,000,000 төгрөгийн дүнд оруулан тооцож, эвлэрээгүй байна. (хавтаст хэргийн 6-8, 92-96, 98-111 дэхь тал)
в. Нэхэмжлэгч Д.Н гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ нийт 7,118,200 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч эд зүйлийн үнэлгээг нэг бүрчлэн тодорхой тайлбарлаж чадахгүй, 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий куртик өгсөн, 2,842,000 төгрөг зээлээр өгсөн тухайгаа нотлох баримтгүй, хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримтыг ирүүлээгүй ба зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Гэхдээ хариуцагч А.Д гийн гаргасан ...Д.Н тай хамтарч цайны газар ажиллуулахаар тохиролцож, миний зүгээс 4,800,000 төгрөг, Д.Н гийн зүгээс 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулж, ашгийн 60 хувийг Д.Н г, 40 хувийг миний бие авч байхаар тохиролцсон... гэх тайлбараар Д.Н цайны газар ажиллуулах гал тогооны тоног төхөөрөмж, засварын зардалд 7,000,000 төгрөг оруулсан нь тогтоогдож байх бөгөөд тус мөнгийг буцааж өгсөн тухай нотлогдохгүй байна. (хавтаст хэргийн 33 дахь тал)
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно, 479.4-д Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Н цайны газрыг хамтран ажиллуулах гэрээнээс гарсан тул тэрээр гал тогооны тоног төхөөрөмж, засварт оруулсан зардлаа гаргуулж авахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч А.Д гаас гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,310,200 (гурван сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Д.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,913.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,000,000 (долоон сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдлаа.
6. Дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: а. Нэхэмжлэгчийн ирүүлсэн Д.Н гийн эзэмшлийн Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд нотолгооны ач холбогдолгүй. б. Хариуцагчаас ирүүлсэн банкны дансны хуулгууд нь ямар банкны, хэний эзэмшлийн, хэдэн тоот дансны хуулга болох талаар тодорхойгүй, түрээсийн гэрээний хуулбар, ХААН банкны зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээ, итгэмжлэл, төлбөрийн тооцооны хуудсын хуулбар, утсаар харилцан бичсэн мессэжийн хуулбар зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хавтаст хэргийн 9-25, 41-91 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д гаас гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,310,200 (гурван сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,913.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д гаас улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-д заасныг баримтлан энэ өдрөөс 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА