| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2508000001804 |
| Дугаар | 2026/ДШМ/319 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/319
2026 03 19 2026/ДШМ/319
Ч.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х,
яллагдагч Ч.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЗ/873 дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Ч.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2508000001804 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
И..................... овгийн Ч.Э, ..........................................................,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Ч.Э нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, зүүн баян уулын ....... дүгээр гудамжны ....... тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан талийгаач Т.М-ыг эхнэрээ өмөөрсөн гэх шалтгаанаар уурлан толгойн тус газарт нь ширээний модон хөлөөр цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллагдагч Ч.Э-д холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бодит хохирол, сэтгэл санааны хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х болон амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Ш.Б нар нь шүүгдэгч Ч.Э болон түүний эхнэртэй садан төрөл, хадам талын харилцаа хамааралтай, ах дүүсийн холбоотой байсан нь хэрэгт авагдсан талуудын мэдүүлгээр тогтоогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй талаарх хүсэлтийг гаргаж байсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох тухай хүсэлтийг гаргахгүй байх, уг хүсэлтийг шүүхээс хүлээн авахгүй байх эрх зүйн зохицуулалт хуулиар олгогдоогүй билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл ... хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гээд 40.2.1 дэх заалтад “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж тус тус хуульчлан тодорхойлжээ. Дээрх хуулийн заалтуудад үндэслэн дүгнэвэл тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байх төдийгүй, хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гарахад тодорхой цаг хугацаа шаардагдах тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй болох нь илэрхий байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-д гэмт хэргийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, амьдралын баяр баясалгүй болох, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол журамд зааснаар аль зэрэглэлд хамаарахыг тодорхойлох зэрэг ажиллагааг шинжээч томилж, зохих ажиллагааг хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Дээрх ажиллагааг дутуу хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог зорилт хангагдаагүй, мөрдөн шалгах хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдсон.
Яллагдагч Б.Э-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй” гэх хүсэлтийг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотой хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно...” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ч.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Яллагдагч Ч.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “гэрч Т.У, Ш.Б, С.Н нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлээгүй байна” гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Тодруулбал, тухайн гэрч нараас дахин мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас шийдвэр гаргахдаа шүүгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хангасан тул миний гаргасан дээрх гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах, дахин мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж байна гэж уншиж танилцуулсан. Гэвч тус шүүхийн шүүгчийн захирамжийн 7 дахь заалтад “Яллагдагч Ч.Э-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэх хүсэлтийг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотой хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно” гэж бичсэнд гомдолтой байна. Иймд уг шүүгчийн захирамжид дээрх байдлаар өөрчлөлт оруулж, гэрч нараас дахин мэдүүлэг авахуулах, мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Яллагдагч Ч.Э-ийн өмгөөлөгч Х.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлтээр хэлэлцсэн. Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байна. Мөн яллагдагчийн хүсэлтдээ дурдсан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах асуудлыг үндэслэлтэй гэж үзэж байна” хэмээн тайлбарласан боловч захирамж бичгээр гарахдаа “яллагдагчийн хүсэлтийг хангаагүй” гэж гарсанд манай үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санал, гомдолгүй.” гэв.
Прокурор З.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоох шаардлагатай байна” гэх үндэслэлээр буцаасан. Шүүгчийн захирамжид “яллагдагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв” гэж тусгасан байдаг. Хэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаж байгаа тул яллагдагчийн гаргаж буй гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах асуудлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн яллагдагчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг урьдчилсан байдлаар хэлэлцэж прокурорт буцаах хууль зүйн зохицуулалтай.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй ба Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.
Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан хэдий ч мөн зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан юм.
Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг хохирогч нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасны дагуу тодорхой төрлийн хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан тул энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт юм.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой заасныг баримтлах нь зүйтэй.
Яллагдагч Ч.Э-ийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд шинжилгээний байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байх ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэж “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан төдийгүй хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гарахад тодорхой цаг хугацаа шаардагдах тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй” хэмээн үзэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүнэлээ.
Яллагдагч Ч.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байна. Мөн яллагдагчийн хүсэлтдээ дурдсан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах асуудлыг үндэслэлтэй гэж үзэж байна” хэмээн тайлбарласан боловч захирамж бичгээр гарахдаа “яллагдагчийн хүсэлтийг хангаагүй” гэж гарсанд гомдолтой байгаа талаар давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцахад шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт ямар нэг зөрүүтэй байдал үгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Яллагдагч Ч.Э-ийн давж заалдах гомдолд дурдагдсан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах талаарх асуудлыг хэдийгээр шүүгчийн захирамжид дурдаагүй байгаа ч прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож “нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэлээр хэрэг прокурорт буцаж байгаа учир яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах асуудлаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гарган шийдвэрлүүлбэл зохино.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЗ/873 дугаар захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ч.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Ч.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, амь хохирогчийн эхнэр Ш.Б, хууль ёсны төлөөлөгч М.Х нартай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ