Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01242

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01242

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/02014 дугаар шийдвэртэй

С.Эгийн нэхэмжлэлтэй Л.Гд холбогдох

орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоотод байрлах, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 47,551,450 төгрөг гаргуулах шаардлагатай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Т.Улаанбаатар нь н.Мөнхтулгаар дамжуулан Л.Гтэй уулзаж түүнээс 25,000,000 төгрөг зээлэхээр болж барьцаанд нь нэхэмжлэгч С.Эгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, 18105 дугаар гудамжны 32 дугаар байрны 00 тоотод байрлах, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалахаар болсон. Гэтэл Л.Г нь барьцаалж буй орон сууцыг заавал өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан, Т.Улаанбаатарт яаралтай мөнгөний хэрэгцээ байсан учир худалдах худалдан авах гэрээ байгуулж С.Эгийн орон сууцыг Л.Гийн нэр дээр шилжүүлсэн. Л.Гийн хүсэлтээр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, худалдсан орон сууцны үнийг 10,000,000 төгрөг гэж тохирсон. Л.Гээс зээлсэн 25,000,000 төгрөгийг төлөөд эргүүлээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр амаар харилцан тохирсон. Орон сууцны худалдах худалдан авах гэрээ байгуулсны маргааш буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн, зээлийн гэрээнд Т.Улаанбаатар, нэхэмжлэгч С.Э нарын гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу Л.Г нь С.Эгийн Голомт банкны 1809328767 тоот дансанд 24,960,000 төгрөгийг шилжүүлсэн, уг зээлийг буцаагаад Т.Улаанбаатарт өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Т.Улаанбаатар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Л.Г нь зээлийн мөнгийг Т.Улаанбаатар авсан талаар мэдэж байсан учир түүнээс зээлийн төлбөрийг байнга нэхэх болсноор Т.Улаанбаатар нь 3,000,000 төгрөгийг Л.Гийн дансанд шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргадаггүй. Харин зээлийн барьцаанд орон сууцыг тавьсан бөгөөд орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зүйл байхгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа гэжээ.

2. Хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Жанчив нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлж хийсэн хэлцлийн талаар заасан бөгөөд дүр үзүүлж хийсэн хэлцлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоол гарсан байгаа. Дүр үзүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан аливаа эрх, үүргийг үүсгэх дуусгавар болгох хүсэл зорилго байхгүй байхыг шаарддаг. Гэтэл худалдах худалдан авах хэлцэл нь талуудын хооронд хүсэл, зориг, үр дагавар бий болгохоор хийсэн байдаг. Т.Улаанбаатар, С.Э нар зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцыг шилжүүлсэн. Талууд барьцааны гэрээ байгуулах боломжтой байсан гэдгийг анзаараад одоо зээлээ төлдөггүй. Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл биш бодитой үр дагавар, эрх зүйн харилцаа үүсгэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан, талуудын хэлж буй тайлбараар нотлогдож байгаа. Зээлээ төлөх юм бол байрыг шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Жанчив нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: С.Этай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан. С.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хохироосоор байсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн М.Цд 35,000,000 төгрөгөөр худалдсан. С.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор миний нэр дээр шилжүүлсэн орон сууцны эзэмших, ашиглах эрхийг Л.Г, М.Ц нарт шилжүүлж өгөлгүй уг орон сууцандаа амьдрах, захиран зарцуулах эрхийг хязгаарласны улмаас 10,051,450 төгрөгийн хохирол учирсан. М.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр надтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул намайг хариуцагчаар татаж, худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, учирсан хохирол зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх М.Цтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрэний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 451,450 төгрөг, нийт 45,054,150 төгрөгийг надаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,051,450 төгрөг, нийт 47,551,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч С.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах эд хөрөнгийг Л.Гээс буцаан шаардах гэж байгааг мэдсээр байж М.Цд зарж 34,300,000 төгрөгийг Л.Г өөртөө шилжүүлэн авсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 37,440,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Гд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,111,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, 000 гудамж 000 байрны 00 тоотын 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Эгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.Гд даалгаж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Л.Гийн давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч С.Э 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 25,000,000 сая төгрөгийг хариуцагч Л.Г надаас зээлж, зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41.52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай орон сууцны зориулалттай орон сууцыг 10,000,000 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж тухайн орон сууцыг хариуцагч миний нэр дээр шилжүүлсэн юм. Гэвч нэхэмжлэгч надаас зээлсэн 25,000,000 зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөөгүй. Иймээс миний бие зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор миний дээр шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41.52 м.кв талбайтай орон сууцны зориулалттай орон сууцыг бусдад худалдан борлуулахаар болсон гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсноо мэдэгдсэн учир орон сууцны зориулалттай орон сууцыг М.Ц гэх иргэнд 35,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41.52 м.кв талбайтай орон сууцны зориулалттай орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжийг хааж боогдуулан, орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас тус орон сууцны өмчлөгч болсон М.Ц түрээсийн байранд түрээс төлөн амьдарч 9,600,000 төгрөгөөр хохирсон. Энэхүү түрээсийн төлбөрийг Л.Г надаас гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр гаргасан 101/ШШ2022/289 дугаар шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1045 дугаар хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 451,450 нийт 45,054,150 төгрөгийг надаас гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Би орон сууцыг худалдахдаа М.Цээс авсан 35,000,000 төгрөг дээр нэхэмжлэгч С.Эгийн зээлээ хугацаанд төлөөгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас түрээсийн төлбөрт төлсөн 9,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 451,450 төгрөг нийт 10,051,450 төгрөгийг төлж хохирсон болно. Анхан шатны "...хариуцагч Л.Г нь иргэн М.Цтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг гэрээнд оролцогч худалдан авч тал хэрэгжуүлсэн байх тул зээлийн гэрээний оролцогчоос хариуцагч хохирол шаардах эрхгүй байна..., Иймд сөрөг нэхэмжлэлээс хохиролд 10,051,450 төгрөг, ... холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.. гэж дүгнэн С.Эгийн буруугаас болж Л.Г надад учирсан 10,051,450 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. М.Цд орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр суллаж өгсөн бол би М.Цд 10,051,450 төгрөг төлж хохирохгүй байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Гэвч анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлт хийгээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхнй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 10,051,450 төгрөгийг С.Эгаас гаргуулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хариуцагч Л.Г нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сайн мэддэг. Тус орон сууцыг худалдаж авсан М.Ц нь шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Анх Т.Улаанбаатар нь н.Мөнхтулгаар дамжуулан Л.Гтэй уулзуулсан. н.Мөнхтулга энэхүү үйл маргаанд идэвхтэй оролцдог, С.Эгаас зээлийн гэрээний үүргийг шаарддаг этгээд юм. М.Цд шилжүүлсэн орон сууцаа өөрийн нэр дээр авах шүүхийн маргаанд яагаад С.Эг оролцуулаагүй вэ гэх асуудал яригдах ёстой. М.Ц гэх хүнд зарсан үйл баримтын хариуцлагыг хариуцагч өөрөө хүлээх ёстой. 10,051,450 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Гд холбогдуулан орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоотод байрлах, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 47,551,450 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, 18105 дугаар гудамжны 32 дугаар байрны 00 тоотод байрлах, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалах зорилготой байсан боловч зээл олгогч Л.Гийн шаардсанаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган ...Т.Улаанбаатар, С.Э нар зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцыг шилжүүлсэн. Зээлээ төлөх юм бол байрыг шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Э, Л.Г нар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь орон сууцны үнийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. /хх.3/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

7. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Л.Г нь маргааны зүйл болж буй Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, 000 гудамж, 000 байрны 00 тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.Цд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 35,000,000 төгрөгөөр худалдсанаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 34,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн банк хоорондын шилжүүлгийн баримт-аар тогтоогдож байна. /1хх.77/

8. Хэрэгт нотлох баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00289 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд Л.Г нарын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Л.Гээс 44,600,000 төгрөгийг гаргуулж М.Цд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх.83-85/

9. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь гэрч Т.Улаанбаатарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул маргааны зүйл болж буй орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

11. Анхан шатны шүүх хариуцагч Л.Г нь иргэн М.Цтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг гэрээнд оролцогч худалдан авагч тал хэрэгжүүлсэн байх тул зээлийн гэрээний оролцогчоос хариуцагч нь хохирол шаардах эрхгүй байна гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш юм. Иймд шүүх хариуцагч Л.Гээс зээлийн гэрээний үүрэгт 37,440,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,111,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/02014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 175,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО