Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/335

 

                       

 

  2026             03            25                                       2026/ДШМ/335


С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306020991030 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Т...................... овгийн С.Б, ................................................................/, урьд,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэж, хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын хугацаа дуусч суллагдсан, 

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 910 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар  50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар 6 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан;

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МФ” эмийн сангаас утлагын аппарат 3 ширхэг, нярайн хослол 2 ширхэг, нярайн сүү 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 727.775 төгрөгийн хохирол,

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 27 минутын орчим Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “N” дэлгүүрээр үйлчлүүлэхдээ “Zoom Lebron nxxt gen” загварын 2 ширхэг пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.159.800 төгрөгийн хохирол,

2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” зоогийн газраар үйлчлүүлж байсан хохирогч Г.Т-ын эзэмшлийн цүнхтэй мотоцикл болон тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүр 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 595.668 төгрөгийн,

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” мини маркетын лангуунаас 2 ширхэг хромон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Бт 500.000 төгрөгийн,

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоот хохирогч Б.С-ын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, будаа агшаагч, ээмэг, гоёлын хослол зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага хэмжээнээс дээш төгрөгийн,

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “М” дэлгүүрт байрлах лангуун дээр байсан 18 ширхэг мөнгөн бугуйвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Г-д 1.422.000 төгрөгийн,

2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн ... дугаар давхарт байх “L” дэлгүүрээс эрэгтэй загварын 12 ширхэг өмдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5.398.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, хохирогч нарт нийт 10.635.243 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 388 /гурван зуун наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 3.743.575 төгрөгөөс хохирогч “М” ХХК-д 727.775 төгрөгийг, “Б” ХХК-д 1.159.800 төгрөгийг, “Б” ХХК-д 1.856.000 төгрөгийг тус тус олгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд саад учруулаагүй, мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, хохирлоо төлж барагдуулж дууссан. Цагдан хоригдох хугацаандаа өөрийн үйлдэлдээ маш их харамссан. Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 388 хоног цагдан хоригдсон. Эрүүл мэндийн байдал хүнд, нойр булчирхайн хурц үрэвсэл болон эрүү нүүрний мэс засалд орсон тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Иймд надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ц.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. С.Б урьд нь гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан ч энэ удаагийн хэрэгт бусдад учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа бүрэн нөхөн төлсөн, цаашид дахин хэрэг үйлдэхгүй гэх байр суурийг илэрхийлж, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тэрээр 48 настай, эрүүл мэндийн хувьд хүнд буюу тархины гэмтэлтэй, эрүүндээ хоёр гадны биеттэй учраас үрэвсэл ихтэй, өмнө хоригдож байхдаа гар, мөчдийн гэмтэл авсан зэрэг байдалтай байгаа бөгөөд энэ нь хорих ял эдлэхэд хүндрэл учруулж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргахгүй боловч тухайн зүйл ангид заасан санкци нь 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулагдсан тул шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багасгаж, 3 жилийн хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн шүүгдэгч нь хэрэгт шалгагдаж байх хугацаанд тасралтгүй цагдан хоригдсон бөгөөд энэ хугацаа, мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор З.Өлзийхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч эрүүл мэндийн шалтгаанаар нэг удаа суллагдсан бөгөөд тус хугацаанд Улсын их дэлгүүрт үйлдэгдсэн гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс болж дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Улсын яллагчаас шүүгдэгчид холбогдуулан 4 жил 6 сарын хорих ялын санал гаргасан боловч шүүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь 2-8 жил хорих ялын санкцитай гэмт хэрэгт харьцангуй хөнгөн ял гэж үзэж байна. Хэдийгээр хохирол төлбөрийг бүрэн төлж, бусдад төлөх төлбөргүй болсон нөхцөл байдлыг улсын яллагч дүгнэлтдээ тусгасан боловч шүүгдэгч өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэрнээ дахин гэмт хэрэг үйлдсэн нь өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, зан үйлээ засахгүй байгааг илтгэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг багасгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Б.М-ын “...115.000 төгрөгийн үнэ бүхий BWell нэртэй утлагын аппарат 1 ширхэг, ...115.000 төгрөгийн утлагын аппарат 2 ширхэг, ...99.000 төгрөгийн үнэ бүхий нярайн ком хослол 2 ширхэг, ...89.000 төгрөгийн үнэтэй нярайн сүү 2 ширхэг, 45.000 төгрөгийн үнэтэй нярайн сүү 2 ширхэгийг тус тус авч нийт 811.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн залуу хамгийн эхэнд орж ирэхдээ олуулаа орж ирээд тэгээд хулгай хийхдээ ганцаараа аваад гарч байсан...” (1хх 17),

хохирогч Х.Э-ийн “...40-50 орчим насны бор царайтай хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн футволктой эрэгтэй хүн орох хаалганы орчимд хураалттай байсан пүүзнээс 2 хайрцагтайг бариад гарч байсан, “Lebron nxxt gen” нэртэй нэг ширхэг пүүзийг 579.900 төгрөгөөр худалдан борлуулдаг. Нийт 1.159.800 төгрөгийн үнэтэй 2 ширхэг пүүз хулгайд алдсан...” (1хх 104-105),

хохирогч Г.Т-ын “...Урьхан 2 зоогийн газарт кофе уухаар ороод ширээн дээр хувцас болон каск цүнхтэй эд зүйлээ ширээн тавиад текэн дээр оочирлож байсан. Тэгээд буцаад ширээн дээр ирэхэд миний бор цүнх алга болсон байсан. Арьсан цүнхэн дотор 2014 оны “BMW S1000RR” загварын мотоциклын чиптэй түлхүүр болон 2015 оны “FH \/оlvo” загварын тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүр алдагдсан...” (1хх 218-219),

хохирогч Б.С-ын “...манай монгол гэрийн тамбар онгорхой, дотогш ороход гэрийн хаалга онгорхой, зүүдэг цоожийг нь эвдээд хажууд нь тавьсан байvан. Гэр рүүгээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон, LG загварын 42 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, аяга тавагны ком, тавагтай ваар, 2 ширхэг монетон ээмэг, мөнгөн ээмэг бөгж, будаа агшаагч, хөргөгчинд байсан мах зэрэг эд зүйлс алдагдсан...” (2хх 71-72),

хохирогч А.Б-ийн “...худалдагч Н.С надад манай дэлгүүрээс сая 1 хүн зарагдаж байсан хром гутал авч гарч зугтаагаад хүмүүст баригдсан гэхээр нь би сумын цагдаад мэдэгдээд цагдаад өгсөн. 1 ширхэг нь 250.000 төгрөгөөр зарагдаж байсан гутал...” (2хх 141-142),

хохирогч Б.Г-гийн “...хяналтын камерын бичлэгийг шалгаж үзтэл нэг эрэгтэй хүн манай бугуйвчнуудаас хэдэн ширхэгийг аваад халаасандаа хийж байгаа, хэсэг хугацааны дараа хамт байсан эрэгтэй хүн нь манай бугуйвчны дээд талын тавиурыг бугуйвчнуудтай нь цуг аваад гадуур хувцасныхаа энгэрийн халаасанд хийж байгаа, мөн хийж байхдаа хэдэн ширхэгийг шалан дээр унагаад түүнийгээ газраас түүж аваад гараад явж байгаа дүрс бичлэг байсан. Эхлээд хэдэн ширхэг бугуйвч хулгайлсан эрэгтэй хүн саравчтай малгай, хар өнгийн богино куртик өмсөж, нүдний шил зүүсэн 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. Харин сүүлд нь тавиуртай нь хулгайлсан хүн саравчтай малгай, цэнхэр өнгийн футболк, бор шаргал өнгийн гадуур хувцас, жинсэн өмд өмссөн хүзүүндээ мөнгөн гинж зүүсэн, 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. Тэр хоёр эрэгтэй хүн нийтдээ манай лангуунаас 18 ширхэг өргөн, нарийн эрэгтэй хүний мөнгөн бугуйвчнууд хулгайлсан...” (3хх 214-215),

хохирогч Б.О-ын “...хяналтын камер шүүсэн чинь 45-50 орчим насны саравчтай малгайтай эрэгтэй хүн манай дэлгүүрт ороод хар цүнхэндээ өмд хийж байгаа бичлэг байсан. 12 ширхэг өмд алга болсон ба нийт 5.398.000 төгрөгийн хохирол учирсан...” (4хх 166-167),

гэрч Б.Х-ийн “...хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй, цахилгаан даавуун цамц, малгай, өмд, гуталтай 45-50 орчим настай, 170-180 орчим см өндөртэй бор арьстай эрэгтэй хүн цүнхэндээ өмд хийгээд, лангуунаас хулгайлаад тэврээд гараад явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байсан...” (4хх 170-171),

гэрч Н.С-ийн “...нэг саравчтай малгайтай залуу манай дэлгүүрт зарагдаж байсан хром гуталнаас 2 хосыг аваад гарч байсан. Би тэгээд хулгайч байна, наад хүнээ бариад аваарай гэсэн чинь нөгөө залуу дэлгүүрээс гарч зугтаагаад хүмүүс хойноос нь хөөсөн болохоор гутлаа шидэж үлдээгээд машиндаа суугаад зугтаагаад явсан...” (2хх 144-145),

гэрч О.Н-ын “...Батхүү бид хоёр орж уух юм авах гээд орсон чинь тэр дэлгүүрийн бараа үзэж яваад надад түрийтэй гутал харуулаад энийг аваад гарах уу хоёулаа гэхээр нь би дэмий байх, яах гэсэн юм гээд эргээд харсан чинь миний араас 2 түрийтэй гутал бариад ирж байсан, би ч нилээд айгаад гарах гэсэн чинь худалдагч энэ хулгайч нарыг бариад аваарай гээд орилох шиг болсон. Батхүү авч явсан гутлаа шидээд гараад гүйчихсэн...” (2хх 151-152),

гэрч Н.Н-ийн “...дэлгүүрээс Батхүү нөгөө танихгүй эмэгтэйтэй дэлгүүрээс гүйгээд гараас ирсэн. Араас нь хүмүүс хулгайч бариад аваарай гээд орилоод байсан, ...сүүлд нь дэлгүүрээс 2 хос гутал авч байгаад баригдчихсан юм гэж үнэнээ хэлсэн...” (2хх 155-156) гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1188 дугаартай “...МФ эмийн сангаас авсан аппарат, утлагын аппарат, нярайн ком хослол, нярайн сүү зах зээлийн үнэлгээгээр нийт 727.775 төгрөгөөр үнэлэгдэв...” (1хх 21-26),

- 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай “...Чиптэй түлхүүр 595.668 төгрөг...” (1хх 228- 230),

- 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 755 дугаартай “...зурагт, будаа агшаагч, ээмэг, хослол зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 832.000 төгрөг...” (2хх 85- 86),

- 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 531 дугаартай “...18 ширхэг мөнгөн бугуйвч зах зээлийн үнэлгээ нь 1.422.000 төгрөг...” (3хх 216-220),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7443 дугаартай “...Zoom Lebron nxxt gen ep” загварын 2 ширхэг пүүзний нийт бодит үнэ цэнийг 1.159.800 төгрөг байх боломжтой...” (1хх 113-117),

- 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 913329 дугаартай "...Levi’s брэндийн өмд 12 ширхэг нь нийт 5.398.000 төгрөг...” (4хх 191-197),

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарны 23-ны өдрийн “...хромон гутал /шинэ/ хос 500.000 төгрөг...” (2хх 134-137),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх гэрэл зургаар ирүүлсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь МN003110011370 дугаараар бүртгэгдсэн Б.С-ийн баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна...” (2хх 74-84) гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 64-68, 2хх 123-124), эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх 125-126, 127-130), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 10-13, 28, 121-123, 220-222, 2хх 177, 3хх 229-233, 4хх 176-177), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4хх 200-205), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4хх 73-74), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1хх 101, 225) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэр бүхий 7 хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 10.635.243 төгрөгийн хохирол учруулсан ба ингэхдээ хохирогч Б.С-ын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.Б “...өөрийн үйлдэлдээ гэмшиж, хохирлоо төлж барагдуулсан, эрүүл мэндийн байдал хүнд, нойр булчирхайн хурц үрэвсэлтэй, эрүү нүүрний мэс засалд орсон тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай, иймд 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Б цагдан хоригдож байгаад эрүүл мэндийн шалтгаанаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/602 дугаар шүүгчийн захирамжаар түүнд хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, сулласан байна /3хх 178-179/. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөнөөс гадна 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт байх “Levi’s” дэлгүүрээс эрэгтэй загварын 12 ширхэг өмдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5.398.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 82 (наян хоёр) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гийн цагдан хоригдсон нийт 82 (наян хоёр) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ