Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/323

 

2026           03            19                                                                        2026/ДШМ/323

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

насанд хүрээгүй хохирогч П.Ц-ий хууль ёсны төлөөлөгч Х.С-,

шүүгдэгч Т.М-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2510 03549 1703 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Т- овгийн Т-ийн М-, ........, ял шийтгэлгүй, /РД: ХТ-/;                        

Шүүгдэгч Т.М- нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Т- дугаар байр, 19 тоот гэртээ өөрийн 14 настай охин П.Ц-ийг “2025 оны 6 дугаар сарын 18, 19, 20-ны шөнө 01-04 цагийн хооронд гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар гарлаа” гэх шалтгааны улмаас цохиж зодон, эрүүл мэндэд “нуруу, хоёр шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч нь миний насанд хүрээгүй охин бөгөөд бид эх, хүүхдийн хувьд цаашид хамт амьдрах, харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй байгаа болно. Охин маань өөрийн тайлбар, өргөдөлдөө нөхцөл байдлыг дахин тодорхойлж, гэр бүлийн харилцааг хадгалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Надад оногдуулсан 2 сарын зорчих эрх хасах ял нь гэр бүлийн бодит нөхцөл байдалд хэт хүндрэл учруулж, насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалалт, сургууль, дугуйлан, өдөр тутмын хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй байх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэл зүйн зөвлөгөө, арга хэмжээнд хамрагдах боломжтойгоо илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн оногдуулсан 2 сарын зорчих эрх хасах ялыг хөнгөрүүлж, эсхүл өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч П.Ц-ий хууль ёсны төлөөлөгч Х.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Хүүхдээ зодсон Т.М-гийн үйлдэл буруу. Насанд хүрээгүй хохирогч одоо гэр бүлийн хамт амьдарч байгаа. П.Ц- нь 7 дугаар сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг бөгөөд гэр бүлийн орчин нөхцөл хэвийн байгаа. Давж заалдах гомдлын талаар санал, хүсэлт байхгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй. ...” гэв.

 

Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "... Шүүгдэгч Т.М- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй. Прокуророос торгуулийн ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.М-д 2 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Дээрх шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн. Энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал тул прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.М- нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Т- дугаар байр, 19 тоот гэртээ өөрийн 14 настай охин П.Ц-ийг “2025 оны 6 дугаар сарын 18, 19, 20-ны шөнө 01-04 цагийн хооронд гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар гарлаа” гэх шалтгааны улмаас цохиж зодон, эрүүл мэндэд “нуруу, хоёр шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Ц-ий “...2025 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 40 минутад гэрээсээ гарсан. 04 цаг болж гэртээ орсон. Манай хажуу байранд байдаг Үйлсээ /эрэгтэй/ гээд найзтайгаа хамт гарсан. Үйлсээ үеэлтэйгээ /эмэгтэй/ хамт гарч ирсэн. ... 03 цаг нэлээн өнгөрчихсөн байсан болохоор гэртээ орцгоосон. ... Гэртээ орж ирсэн чинь манай гэрийнхэн ээж, аниа хоёр сэрчихсэн байсан. Ээж агаа руу залгаж ирүүлээд “камер шүүнэ” гээд ээж бид хоёр явсан. Би айсандаа ээжид “хоёрхон шөнө гэрээсээ гарсан юм аа” гээд худлаа хэлчихсэн. 18-ны шөнийн бичлэгийг үзчихээд байнга шөнө гэрээсээ гардаг юм биш үү гэсэн. Би 18-ны шөнө л анх удаа гэрээсээ шөнийн цагаар гарч үзсэн. Ээж, аавд шөнийн цагаар гардаг юм байна гээд ойлгуулчихсан, өөрөө ч бас тэгээд ойлгочихсон. ... Өдрийн цагаар гэрээсээ гарч чадахгүй болохоор шөнийн цагаар намайг гэрээс гарсныг хэн ч мэдэхгүй болохоор гарья гэж бодсон. ... Би шөнийн цагаар 3 удаа гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр гарсан. Намайг 3 удаа гарсан гэхэд ч итгэхгүй байгаа. ... Манай ээж миний биеийн ихэнх хэсэгт хөхрүүлсэн, сангийн уян, төмөр, үзүүр дээрээ төмөр боолттой хоолойгоор хаа сайгүй цохисон, цэнэглэгч болон уртасгагчаар 2 гарын шуу, нуруу, гуя хэсэгт цохиж, гар, хөлөөрөө цохиж, өшиглөсөн. ...” /хх 25-29/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М-гийн яллагдагчаар өгсөн “... 2025 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед намайг сэрэхэд охин Ц- байгаагүй. Гэрийн хаалга онгорхой байхаар нь Ц- рүү залгасан орж ирсэн. Эгч нь сэрээд утсыг нь ухахад чат олж харсан. ... Цагдаагийн газарт ирэхгүй гэхээр нь би зодсон. Тухайн чатны учрыг олж байж цагдаад гомдол гаргана гэж хэлэхэд “би явахгүй” гэхээр нь охиноо зодсон. Эхлээд цагдаа руу явъя гээд ганц, хоёр нударсан. Гар бариад байхаар нь өшиглөсөн, тэгээд явахгүй болохоор цахилгааны уртасгагчаар цохисон. Явахгүй байхаар нь би 108 дуудсан. ...” /хх 90/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...П.Ц-ий биед нуруу, хоёр шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Охин хальс гэмтэлгүй байна. Бэлгийн замын ДОХ, тэмбүү, Заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. ...” гэсэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/8412 дугаартай дүгнэлт /хх 75-76/,

Аюулын зэргийн үнэлгээний “өндөр” гэх тэмдэглэл /хх 42-43/, хохирогч П.Ц-ий насыг тоолсон тэмдэглэл /хх 121/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Т.М-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.

Мөн шүүгдэгч Т.М-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.М- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Т.М-г 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Т.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М- нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР