| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2510 01356 0623 |
| Дугаар | 2026/ДШМ/324 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/324
Ю.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
шүүгдэгч Ю.Б-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Б-ын өмгөөлөгч Д.Болд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Ю.Б-од холбогдох 2510 01356 0623 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овгийн Ю-гийн Б-, ........, ял шийтгэлгүй, /РД: ЦЮ-/;
Шүүгдэгч Ю.Б- нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Уулын зам, Хийморийн овооны зүүн замд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 56 минутын үед “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаар ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс; суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй замд байрлуулна”, 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн эсрэг урсгал сөрж орсны улмаас “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ю.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ю.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 12.145.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Э-т олгож, бусад зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ю.Б-оос 174.680 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ю.Б-ын өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, шүүгдэгчид ял хэт хүнд оноосон алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж уг гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлт: ... шүүгдэгчийн өмгөөлөгч нар “... шүүгдэгч Ю.Б- нь гар урлал хийдэг. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал энэ ажлаа хийх боломж муутай болно. Харин торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой тул түүнд 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргасан. ... Шүүгдэгчид тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалтай нийцүүлэн торгох ял оногдуулах боломжтой гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал, шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирогч Р.Э-т 12.145.000 төгрөгийн хохирол болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 174.680 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч нь “Э-” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтод “Ю.Б- "Э-" ХХК-д 2023 оны 05 сараас эхлэн ахлах мужааны ажлын байранд 3.000.000 төгрөгийн цалинтай гэрээт ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэж, мөн тус компанийн ажилтны зан төлөв, ажлын байран дахь хандлагын тодорхойлолт авагдсан. Мөн шүүгдэгч нь өөрийн Хаан банкны дансны хуулгаар ажил хөдөлмөр эрхэлж, цалин авдаг болох нь тодорхой харагдаж байна. Шүүгдэгч Ю.Б-ын эхнэр С.Б- нь “Б-” ХХК-тай 2025 оны 11 сарын 20-ны өдөр “Солонгос улс руу их сургуулийн Магистр, Докторын хөтөлбөрт зуучлах, зуучлуулах гэрээ” байгуулан, нийт төлбөрийн 1/3 буюу 500.000 төгрөгийг 2025 оны 11 сарын 20-ны өдөр төлсөн болно. Дээрх гэрээнд заасанчлан БНСУ-ын Их, Дээд сургуулийн Магистр, Докторын хөтөлбөрт хамрагдан тус улсад суралцахаар бэлтгэж байна. Шүүгдэгчийн эхнэр БНСУ-д суралцах үед Ю.Б- нь өөрийн хүүхдийг асран хамгаалах үүргийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдахаар байна. Иймд хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзаан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ю.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Ю.Б-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлын агуулгатай санал нэг байна. Хохирол төлбөр барагдуулсан байдлын хувьд, анхан шатны шүүх хуралдааны дараа эрүүл мэндийн даатгалын санд болон хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн. Шүүгдэгч нь гар урлалын буюу мужааны ажил хийдэг. Бараа бүтээгдэхүүнээ өөрөө татах, үйлчлүүлэгчээсээ захиалга авдаг тул зорчих эрхийг хязгаарлах ял нь ажлын онцлогтой тохирохгүй байна. Шүүгдэгчийн эхнэр Б- гадаадад сургуульд сурахаар явахаар шүүгдэгч хүүхдээ харж үлдэх, ажлаа хийж амьжиргаагаа залгуулах шаардлагатай. Иймд шүүгдэгчийн дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол болон эрүүл мэндийн даатгалд учирсан хохирлыг төлсөн байх тул торгох ял болгож, өөрчлөх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ю.Б- нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Уулын зам, Хийморийн овооны зүүн замд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 56 минутын үед “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хурд хэтрүүлэн эсрэг урсгал сөрж орсны улмаас “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Р.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Р.Э-ын “...2025 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ажлынхаа хоёр хүнтэй эхнэрээ ажилд хүргэж өгөөд тэгээд зайсан чиглэлд хоёр ажилтантайгаа хамт ажил руу буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй уулын замаар явж байсан. Тэгээд явж байхад нэг тээврийн хэрэгсэл урдаас гэнэт цагаан шугам даваад урсгал сөрж орж ирээд би тэр машинтай мөргөлдсөн. Үүний дараа би бууж ирээд нөгөө талын жолоочтой уулзаад “бие нь гайгүй юу” гэсэн чинь “гайгүй” гээд би “даатгал байгаа юу” гэж асуухад “даатгал байхгүй” гэсэн. Тэгээд “юу болов яав” гэсэн чинь Б- гэх жолооч “урд машин явж байхаар нь гүйцэж түрүүлээд гулгачихлаа” гэж хэлсэн. ...” /хх 106/,
гэрч Ц.М-гийн “... 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 30 минутын орчим хамт ажилладаг Э-ын тээврийн хэрэгслийн хойно нь би, миний хажууд Г-, харин урд талын суудал дээр Э-ын эхнэр суугаад зорчин явж байгаад Э-ын эхнэр 19 дүгээр сургуулийн үүдэн дээр буусан. Тэгээд бид нар цаашаа ажил руугаа явахаар ТЭЦ-4 урд замаар явж байгаад уулын замаар нийлсэн. Нэг мэдсэн чинь эсрэг урсгалаас урдуур хар өнгийн машин гэнэт тэс хөндлөн орж ирээд тас няс болоод нөгөө тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Машинаас буугаад би нэг хэсэг амьсгал авч чадахгүй байсан. Тухайн үед жолооч талын суудлыг цээжээрээ мөргөсөн. ... Гадаа хүйтэн цаг агаартай, халтиргаа гулгаатай, зорчих хэсгийн хөдөлгөөн сийрэг байсан. Э- ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан байх. ...” /1 хх 209/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Р.Э-ын биед өвчүү ясны их биеийн бүрэн бус хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, цохих хүчний үйлчлэлээр үүсгэх боломжтой, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0725/5489 дугаартай дүгнэлт /1 хх 96-97/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Airbag sensor-т ослын тэмдэглэл бичигдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай автомашины .... мэдээллийг уншуулахад 54 км/цагийн хурдтай явсан байх боломжтой байна...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0225/513 дугаартай дүгнэлт /1 хх 73-80/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай автомашины Airbag sensor-оос мэдээллийг уншуулахад 74 км/цагийн хурдтай явсан байх боломжтой байна...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0225/520 дугаартай дүгнэлт /1 хх 85-90/,
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээний “... “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байна. “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0225/513 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна. “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 74 км/цаг хурдтай явсан нь тогтоогдсон байна. Мөн гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын тэмдэглэл зэргээс харахад “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад “Тоёота приус” маркийн Ю- УБВ улсын дугаартай автомашин чигээрээ явсан, “Тоёота приус” маркийн Ю- УАА улсын дугаартай автомашин халтиргаатай зам хурд хэтрүүлэн явж эсрэг урсгалд орсон байна. “Тоёота приус” Ю- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөл бүрдүүлсэн. ...” гэсэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 130 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 217-218/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-12/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 хх 33-36/, шинжээч Р.Мөнхбаярын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн, анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаар ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс; суурин газрын гаднах замд 30 м-ээс тууш замд 50 м-ээс багагүй замд байрлуулна”, 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй үндэслэлээр уг магадлагааг нотлох баримтаар үнэлээгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ю.Б-ын хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Р.Э-т 12.145.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 174.680 төгрөг тус тус нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ю.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ю.Б- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнийн гаргасан “... зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Шүүгдэгч Ю.Б- нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Р.Э-т 12.145.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 174.680 төгрөг тус тус төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2717 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “... 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэснийг “...торгох ял...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ю.Б-од шүүхээс оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн,
“Шүүгдэгч Ю.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Р.Э-т 12.145.000 /арван хоёр сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 174.680 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ная/ төгрөг тус тус төлснийг дурдсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР