| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/15914/И |
| Дугаар | 197/ШШ2026/04100 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2026/04100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, *******,*******,*******, “*******” ХК/-т холбогдох,
1,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзанпагма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 1,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт ******* улсын дугаартай, Тоёота ландкруйзер маркийн автомашинтайгаа явж байгаад үргэлжилсэн усан борооны улмаас гулгаж, замын хажуугийн нүх рүү орсон. Машинаа гаргахаас өмнө даатгал руу ярьж дуудлага өгсөн ч “тухайн газарт нь салбар байхгүй тул хотод ирээд хандаарай” гэснийх нь дагуу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан. Даатгалын компани өргөдлийн дагуу үзлэг хийсэн ч “даатгалын гэрээнд заасан нөхцөл биш” гэх үндэслэлээр нөхөн олговор олгох боломжгүй гэсэн тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос “нөхөн төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэж өг” гэж хариуцагчид мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгохгүй байх тул даатгалын нөхөн төлбөрт 1,520,000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгох тохиолдолд хамаарахгүй. ******* улсын дугаартай, Тоёота ландкруйзер маркийн автомашиныг даатгаж, П.******* даатгалын гэрээг байгуулсан. Харин Б. гэх хүн манайхтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бидний хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүсээгүй. Иймд шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Б. нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт ******* улсын дугаартай, Тоёота ландкруйзер маркийн автомашиныг жолоодож явахдаа гулгаж, замын хажуу руу орсны улмаас уг тээврийн хэрэгсэлд 1,520,000 төгрөгийн хохирол учирсан болох нь талуудын тайлбар, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, “*******” ХК-д гаргасан өргөдөл, “Санхүүгийн зохицуулах хороо”-ны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3/3113 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.2 ******* улсын дугаартай, Тоёота ландкруйзер маркийн автомашины эзэмшигч нь П.*******, харин “Нэткапитал авто” ХХК нь П.*******тэй 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээл, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу өмчилдөг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.3 П.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* улсын дугаартай, Тоёота ландкруйзер маркийн автомашиныг даатгуулж, “*******” ХК-тай ******* дугаартай, “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г бичгээр байгуулсан байна.
3.4 П.*******, “*******” ХК нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
3.5 Харин нэхэмжлэгч Б. болон хариуцагч “*******” ХК нарын хооронд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй, даатгуулагч П.******* нь даатгалын гэрээний шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлээгүй, Иргэний хуулийнй 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын гэрээг байгуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд нэхэмжлэгч Б. нь П.*******, “*******” ХК нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-д холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч Б.гийн 1,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН