Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 193

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүгдэгч: Б.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зая чуваан овогт Бгийн Бд холбогдох 1812003610220 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б. Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нептүн” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Б.Дгийн Хэювэй ви 5 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 330.000/гурван зуун гуч/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1812003610220 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Б.Дгийн өгсөн: 

“...2018 оны 06-р сарын 22-с 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт байрлах Нептүн бааранд аймгуудын бүсийн тэмцээний хүлээн авалтийн үеэр миний гар цүнхнээс Хайвэй ви 5 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед 23:40 цагийн үед би цүнхнээсээ гар утсаа гаргаж цаг харчихаад буцаагаад хийснээс хойш 2-3 цагийн дараа цүнхээ авсан чинь миний гар утас алга болсон байсан.  Тэгээд гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Миний гар утас баруун доод буланд бага зэрэг цөмөрсөн, хар саарал өнгөтэй өөр ямар нэг содон шинж тэмдэг байхгүй.  2018 оны 01 сард Архангай аймгийн Мобикомын салбараас лизингийн зээлээр худалдан авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй тухайн үед гаднаас өөр хүмүүс байгаагүй Булган, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Архангай аймгуудаас нийт 200 орчим хүмүүс байсан. Би гар утсаа 2018 оны 01-р сард 399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ үнээр нь үнэлж байна, миний утсан дээр ажлын тайлан мэдээ байгаа. Одоо ямар нэг гомдол санал гээд байх зүйлгүй гар утсаа олж авмаар байн а...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Гэрч Ө.Мын өгсөн: 

“...Манай гэр бүлийнхэн мобиком, юнител, скайтелийн хэрэглэгчид Би 99767059, манай эхнэр 99800670, манай том хүү М.П 99333727 гэсэн дугааруудыг эзэмшдэг. 99333727 дугаарт ашиглагдаж байгаа Хайвэй маркийн саарал өнгийн гар утсыг 2018 оны 07-р сарын 13-ны өдөр найз Б.Бгаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тэр утсыг дугаартай нь манай хадам ээж барьж байгаа. Тухайн үед манай найз тэр гар утсыг олсон гэж байсан хаанаас олсон эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, 

 

*Гэрч Д.Эгийн өгсөн:

“...Зун 6 сарын үед манай нөхөр Б.Б гар утас олсон гээд гэртээ ирсэн. Би тэгээд хаанаас олсон талаар лавлаж асуугаагүй. Тэгээд манай нөхөр Б.Б олсон гар утсаа хэсэг барьсан. Тэгээд нөгөө гар утсаа зарчихлаа гээд гэртээ ирэхэд би хэнд зарав гэж асуухад Мын хадам ээжид 150.000 төгрөгөөр зарчихлаа гэж байсан. Манай нөхөр Б.Б нь 1989 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Бгийн том хүү болон мэдэлсэн. Архангай аймгийн Билгүүн сургуульд орж 10 жилээ төгсөж 2007 онд Архангай аймгийн багшийн сургуульд бага ангийн багшаар орж 2011 онд төгссөн. Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2013 оны 03 сард Ихтамир сумын сургуулийн нийгмийн ажилтан хийж байсан. Бид хоёр 2009 гэр бүл болж 1 охин 2 хүүтэй болсон. Одоо манай нөхөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 12 дугаар цэцэрлэгт жижүүр хийж байгаа. Хулгай хийсэн гэж яриагүй. Гар утас олсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бгийн өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн төвд бүсийн аймгуудын дунд спортын тэмцээн уралдаан болж би оролцсон. Орой нь аймгийн төвд байх “Нэвтүн” бааранд хүлээн авалт болсон. Би хүлээн авалтанд оролцоод Эрдэнэбулган сумын Тамгын газарт ажилладаг Д гэх хүүхнээс тамхи гуйж авсан. Тэгэхэд тэр хүүхний цүнхэнд нь гар утас харагдаж байсан. Тэгээд удалгүй Дгийн цүнх нь сандал дээр байхаар нь тамхи авах гээд онгойлгосон чинь цүнхэнд нь гар утас байсан. Тэгээд би тэр гар утсыг нь хулгайлчихсан. Тэгээд маргааш нь тэмцээн дээр миний цүнхэнд Дгийн гар утас байсан. Би тэгээд өгөх гэсэн чинь 5, 6 утас алга болсон гэхээр нь айгаад өгч чадаагүй. Тэгээд сүүлд нь манай найз Мын хадам ээж утасгүй гэхээр нь 150.000 төгрөгөөр зарсан. Би найз Мт энэ гар утсыг олсон гэж хэлсэн. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Би тэр гар утсыг Мын хадам ээжээс буцааж аваад Б байцаагчид авчирч өгсөн...’ гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/ 

*Шинжээч А.Бын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нептүн” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Дгийн Хэювэй ви 5 маркийн гар утас алдагдаж 330.000 төгрөгийн  хохирол учирсан гэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Дгийн “...2018 оны 06-р сарын 22-с 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт байрлах Нептүн бааранд аймгуудын бүсийн тэмцээний хүлээн авалтийн үеэр миний гар цүнхнээс Хайвэй ви 5 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед 23:40 цагийн үед би цүнхнээсээ гар утсаа гаргаж цаг харчихаад буцаагаад хийснээс хойш 2-3 цагийн дараа цүнхээ авсан чинь миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Мын “...Хайвэй маркийн саарал өнгийн гар утсыг 2018 оны 07-р сарын 13-ны өдөр найз Б.Бгаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн “...Зун 6 сарын үед манай нөхөр Б.Б гар утас олсон гээд гэртээ ирсэн. Би тэгээд хаанаас олсон талаар лавлаж асуугаагүй. Тэгээд манай нөхөр Б.Б олсон гар утсаа хэсэг барьсан. Тэгээд нөгөө гар утсаа зарчихлаа гээд гэртээ ирэхэд би хэнд зарав гэж асуухад Мын хадам ээжид 150.000 төгрөгөөр зарчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Бгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  Шинжээч А.Бын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 190  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Бгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт, хохирогч Б.Д нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус  мэдүүлжээ. 

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч З чуваан овогт Бгийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тус тус тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР