Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2026/00341

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,391,305.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, .. -р хороо, .. .. байрлах, Х банк ХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д овогтой Х  /РД: ../ нь тус банктай 2021 оны 12 сарын 08-ны өдөр №ЗГ/ВСС211207049-1 тоот "Кредит карт эзэмших гэрээ", No3Г/ВСС211207049-1-1 тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ" тус тус байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувийн хүүтэй, жилийн 3,60 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Д  овогтой Х  /РД: ../-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зарцуулсан дүн: 21,995,930.04 төгрөг

Хүүгийн авлага: 15,381,575.53 төгрөг

Хугацаа хэтрэлтийн шимтгэл: 0.00 төгрөг

Шимтгэлийн авлага: 1,800 төгрөг

Нотариатын зардал: 12,000 төгрөг

Нийт: 37,391,305.57 төгрөг

Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан NoЗГ/ВСС211207049-1 тоот "Кредит карт эзэмших гэрээ"-ны туу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 37,391,305.57 төгрөгийг Д  овогтой Х  /РД: ../-с гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д  аймгийн З  сум,..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт Д-ын Х /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Х  би Х банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 37,391,305.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Д.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,391,305.57 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Х  нь зээлийн 37,391,305.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,391,305.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Х  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,907 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 172,453.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 172,453.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б