Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 185

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А-ы Б-д   холбогдох 1812002250132 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  М овогт А, Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хүрэн шаамар” буюу Есөн мод гэх газраас иргэн Ц.Эгийн эзэмшлийн 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морийг хулгайлж 800.000/найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1812001690112 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ц.Эгийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой манайх адуугаа Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Модон даваа гэх газраас гэрийнхээ хажуухан тал руу Хүрэн шаамар гэх газар руу гаргасан. Тэгээд орой 22 цагийн үед манай үргээд тал нь гэрийнхээ гадаа ороод ирсэн. Адуугаа бүртгэж үзэхэд тал адуу нь байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш нь явж хураая гэж бодоод унтсан. Маргааш нь адуугаа хураагаад бүртгэж үзэхэд манай адуунаас миний хээр алаг зүсмийн морь хулгайд алдагдсан байсан. Адууг шөнө нь хээр бөөгнүүлж байгаад манай морийг хулгайлан авч явсан байсан. Адуугаа тэр үедээ хайж яваад олоогүй. Тэгтэл саяхан цагдаагийн хүмүүс манай ойр орчмын залуучуудыг шалгаж байгаа гэж байсан. Тэгтэл намайг цагдаа дуудаад танай морийг Б гэж залуу хулгайлсан байсан гэдгийг хэлсэн. Тэгтэл удалгүй Б өөрөө манайд ирээд надтай уулзаад би танай адууг хулгайлсан. Би мэдэхгүй авчихсан шүү гэж хэлээд уучлалт гуйгаад хохирлыг чинь төлнө гэж хэлсэн. Би Бд айл саахалт олон жил нутагласан байж яагаад миний ганц морийг хулгайлж байгаа юм бэ? гэж асуухад ахаа би танай морийг танисан бол авахгүй байсан гэдгээ хэлсэн. Зөв талын чих цуулбар имтэй, зөв талынхаа ташаанд Х гэсэн үсгэн хяргаасан тэмдэгтэй, тамгагүй, нас гүйцсэн жирийн унааны морь байсан. Морины хувьд их тарган байсан. Тэр жилээ унаагүй байсан. Дөрвөн хөл алаг, зөв талын дал алаг зүсмийн морь байсан. Би ганц унааны морьтой, уг морио хаваржин унадаг унааны сайн морь байсан болохоор үнэлгээг 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Адууныхаа хохирлыг авмаар байна. Би адуугаа эрж хайхдаа 200.000 төгрөгийн зардал гаргасан. Би адуугаа аймгийн төвд зарагдсан байж магадгүй гэж бодоод хоёр удаа аймгийн төвд ирсэн. Мөн засмал зам дагуу нядлаад толгойг нь хаясан байж магадгүй гэж бодоод их хайсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Эгийн дахин өгсөн: 

“...2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Хүрэн шаамар гэх газраас өөрийн адуун сүргээс нэг тооны хээр алаг зүсмийн зөв талын чих цуулбар имтэй, Х үсгэн хяргаастай нас нийлсэн адуугаа алдсан. Тухайн үед манай адууг хэн хэрхэн яаж хулгайлсан талаар мэдээгүй сүүлд нь цагдаа нар шалгаж тогтоогоод намайг дуудаж надаас мэдүүлэг авч эхлэх үед манай адууг Төвшрүүлэх сумын иргэн манай саахалт байдаг байсан А.Б нь хулгайлсан байсан. Би А.Бгээс хохирол төлбөрөө бүрэн авсан. Хулгайд алдсан адууны оронд нэг тооны адуу авч хулгайд алдсан адуугаа хайхад гарсан зардал 200.000 төгрөг авсан. Одоо А.Бд холбогдуулан гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 15-16 дугаар тал/, 

 

*Гэрч Б.Аын өгсөн:

“...2017 оны 12 сарын 10-ны үед манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Хүрэн шаамар буюу 9 модны энгэрт орой болгоод шөнө 22 цагийн үед адуу үргээд гэрийн гадаа ороод ирсэн. Маргааш өглөө нь би эрт босоод адуугаа бөөгнүүлээд тоолж үзэхэд хээр алаг зүсмийн нас гүйцсэн морь хулгайд алдсан байсан. Уг морь нь манай ах Э-гийн морь байсан. Уг морь нь жирийн унааны сайн морь байсан. Э ахын ганц морь байсан. Хүрэн зүсмийн азаргатай 45 тооны адуунаас алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Г.Эгийн өгсөн:

“...2017 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Б хээр алаг зүсмийн морь хөтөлчихсөн ирээд надаас худалдаж авсан мотоциклийнхоо өртөгт өгч байгаа талаар ярьсан. Би өөрөөс өгч байна гэж хэлээд өгсөн. Уг морь нас гүйцсэн тарган морь байсан. Им тамга мэдэгдээгүй. Буруу талын хаа цагаан, дөрвөн хөл цагаантай байсан. Би алаг морийг нь гэрийнхээ гадаа нядлаад идшиндээ идсэн. Б надад морио өгчихөөд харихаар явсан. Ямар нэгэн бугуйл байгаагүй. Өөрийнхөө хээр зүсмийн мортой ирсэн. Хээрээс адуунаасаа морь барьсан талаар ярьсан. Өөрөө ярихдаа миний морь гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

*Яллагдагч А.Бгийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө адууны эрэлд явж байтал Хөхсүм баг Хүрэн шаамар гэх  газар 30 гаран тооны адуутай таараад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болоод өөрт авч явсан мяндсан бугуйлаар алаг зүсмийн нэг тооны адуу барьж аваад гэр рүүгээ хөтлөөд явсан. Би тухайн үед хээр зүсмийн нас нийлсэн морь унаж явсан. Тэгээд хулгайлсан адуугаа авч яваад гэртээ авч ирсэн. Би уг адууг Э гэх найздаа өрөнд өгсөн. Би Эгаас урьд өмнө мотоцикль аваад мөнгийг нь өгөөгүй 600.000 төгрөгний өртэй байсан. Би мотоциклийнхоо өрөнд Эд нэг тооны адуу өгье гэж хэлсэн байсан. Э уг адууг хулгайн адуу байсан талаар мэдээгүй би өөрийнхөө адуунаас өрөндөө өгч байгаа юм шүү гэж хэлээд хулгайлсан адуугаа өгсөн. Би Э гэх найзаасаа урьд өмнө мотоцикль худалдан аваад мөнгийг нь өгөөгүй мөнгөнийнхөө оронд адуу өгье гэж тохирсон байсан. Тэгээд Эгийн өрийг өгөх зорилгоор адуу хулгайлсан. Би тухайн үед ганцаараа явсан.  Би тэр үед өөрийнхөө эзэмшлийн хээр зүсмийн нас нийлсэн морийг унаж явсан. Тухайн үед бэлчээр дээр байсан адуунаас нэг тооны адууг мяндсан бугуйл ашиглан бугуйлдаж барьж авсан. Би Ц.Эгийн хохирлыг төлж барагдуулсан би өөрийнхөө адуунаас хээр зүсмийн нэг тооны адууг Ц.Эд өгсөн...’ гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дугаар тал/

 

*Шинжээч А.Бвын 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хүрэн шаамар буюу Есөн мод гэх газраас иргэн Ц.Эгийн эзэмшлийн 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морь алдагдаж 800.000 төгрөгийн хохирол учирсан гэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн болох нь хохирогч Ц.Эгийн “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой манайх адуугаа Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Модон даваа гэх газраас гэрийнхээ хажуухан тал руу Хүрэн шаамар гэх газар руу гаргасан. Тэгээд орой 22 цагийн үед манай үргээд тал нь гэрийнхээ гадаа ороод ирсэн. Адуугаа бүртгэж үзэхэд тал адуу нь байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш нь явж хураая гэж бодоод унтсан. Маргааш нь адуугаа хураагаад бүртгэж үзэхэд манай адуунаас миний хээр алаг зүсмийн морь хулгайд алдагдсан байсан. Адууг шөнө нь хээр бөөгнүүлж байгаад манай морийг хулгайлан авч явсан байсан. Адуугаа тэр үедээ хайж яваад олоогүй. Тэгтэл саяхан цагдаагийн хүмүүс манай ойр орчмын залуучуудыг шалгаж байгаа гэж байсан. Тэгтэл намайг цагдаа дуудаад танай морийг Б гэж залуу хулгайлсан байсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын “...2017 оны 12 сарын 10-ны үед манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Хүрэн шаамар буюу 9 модны энгэрт орой болгоод шөнө 22 цагийн үед адуу үргээд гэрийн гадаа ороод ирсэн. Маргааш өглөө нь би эрт босоод адуугаа бөөгнүүлээд тоолж үзэхэд хээр алаг зүсмийн нас гүйцсэн морь хулгайд алдсан байсан. Уг морь нь манай ах Эрдэнбуянгийн морь байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эгийн “...2017 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Б хээр алаг зүсмийн морь хөтөлчихсөн ирээд надаас худалдаж авсан мотоциклийнхоо өртөгт өгч байгаа талаар ярьсан. Би өөрөөс өгч байна гэж хэлээд өгсөн. Уг морь нас гүйцсэн тарган морь байсан. Им тамга мэдэгдээгүй. Буруу талын хаа цагаан, дөрвөн хөл цагаантай байсан. Би алаг морийг нь гэрийнхээ гадаа нядлаад идшиндээ идсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч А.Бгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  Шинжээч А.Бын 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 123  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч А.Бгийн бусдын малыг  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Бд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт, хохирогч Ц.Э нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус  мэдүүлжээ. 

 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1/нэг/, хазаар 1/нэг/, мяндсан бугуйл 1/нэг/ ширхэгийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч М овогт А-ы Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тус тус тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 06 сарын 23-ны өдрийн 26 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Б-гээс гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг мөн хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, мяндсан бугуйл 1 ширхэгийг тус тус  улсын орлого болгосугай. 

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР