Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/339

 

2026           03            25                                                                        2026/ДШМ/339

 

Э.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Д-д холбогдох 2405 01659 1225 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Х- овгийн Э-гийн Д-, ....., /РД: УЭ-/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сар 8 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 8 хоногоор тогтоож шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/42 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтад өөрчлөлт оруулж 3 жил 5 сар хугацаагаар хорих ял болон 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1124 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Э.Д-д Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 42 дугаартай магадлалаар оногдуулсан 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн;                        

Шүүгдэгч Э.Д- нь 2024 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч С.Н-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн 3.495.770 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 промакс” загварын гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр, иргэний болон жолооны үнэмлэх, банкны карт, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,

мөн тэрээр бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтлохдоо, хохирогч С.Н-гийн ар хүзүү хэсэг рүү цохиж, түүний эрүүл мэндэд хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугарал, хүзүүний 2-5 нугалмын түвшин дэх нугасны няцрал, 4 мөчний саа саажилт, аарцгийн хөндийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал, духанд шарх, зулай, нүүрний хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Д-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Д-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1124 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 202 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндийн зардалд 6.984.877 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 3.395.770 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 35.640.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Д-өөс гаргуулж хохирогч С.Н-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д-өөс 15.097.159 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Д-өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Э.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс 13 жил 2 сар 3 хоногоор хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би уг гэмт хэргийг үйлдээгүй хэмээн мөрдөн шалгах болон прокурор, шүүхийн шатанд удаа дараа хэлсэн. Тэгэхэд улсын яллагч Б.Энхбат нь шунахайн сэдлээр хохирогч С.Н-г зодож, дээрэмдсэн хэмээн үздэг. Шунахайн сэдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байвал ядаж өөрийн ашигладаг байсан Хаан банкны Н-13 гэх дансыг маань шүүгээд дэлгэрэнгүй хуулга үзээд өгөөч, надад тухайн хохирогч гэх С.Н-г зодож, дээрэмдэх, эд зүйлийг авах дутагдаж гачигдах шаардлага байхгүй. Учир нь, ээж болох О.Э- нь Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлдэг, “миний хүү мөнгө хэрэгтэй юу” гэж мөнгө шилжүүлдэг байсан. Мөнгөөр дутаж гачигдах зүйл байгаагүй. “Миний хүү машинтай бол” гэж банк бусаар Н- УЕК улсын дугаартай “Тоёота акуа” машин лизингээр авч өгсөн. Мөн би өөрөө ажил хөдөлмөр эрхэлж лизингээ төлдөг байсан. Анхан шатны шүүхээс хохирогч С.Н-г хүчээр авч яван Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15 дугаар гудамж руу орж хүч хэрэглэн зодож, дээрэмдсэн гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл байдаггүй. Хохирогч анхан шатны шүүх хуралд “энэ хүнийг танихгүй, хэн цохисныг мэдэхгүй” гэдэг. Мөн Ч.Э- нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “хохирогчийн биед ямар нэгэн цус гарсан зүйл байгаагүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгснөөс өөр мэдүүлэг өгдөг. Таксины жолооч гэрч Ц.Б- нь анхан шатны шүүх хуралдаанд Ч.Э-ынхаас өөр мэдүүлэг хэлдэг. 2024 оны 04 дүгээр сарын дундуур хүргэн ах болох Б.Х- нь над руу залгаж “чамайг цагдаа асуугаад байна” гэхээр нь миний бие тухайн цагдаагийн дугаарыг авч өөрийн барьдаг байсан Х- гэсэн дугаараас залгахад “чи хаана байна, бид хэд энд хүн хайж явна, чи Их засаг сургууль дээр залгахаар хүрээд ир” гэсэн, залгахад нь би “машинтайгаа явж очиход чи хүний утас авсан байна, тэрийгээ өгчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд хэлтэс явсан. Цагдаатай хамт хэрэг болсон газар луу явж “камерын бичлэг шүүнэ, чи буруутай бол чамайг цагдан хорино” гэдэг. Гандангийн автобусны буудлын хүнсний дэлгүүрийн камер шүүдэг, мөн миний машины хар хайрцгийг шүүж үзээд “чи азтай п... юмаа яв” гэж хэлдэг. Тэрнээс хойш 1 жил 3 сарын дараа хорих ангид шал өөр байцаагч ирээд “чи энэ гэмт хэрэгт яллагдагчаар тогтоогдсон” хэмээн хэлдэг. Зам шалгалтаар явахдаа миний бие газар дээр нь мэдүүлэг өгөн Эрүүгийн төлөөлөгчтэй шүүж байсан камерыг заан тухайн гэмт хэргийг харах боломжтой би харсан гэж заахад хяналтын прокурор Б.Энхбат нь шал өөр газрын ажилчдаас гэрчийн мэдүүлэг авсан. Хүнсний дэлгүүр, ломбард, үсчин гэсэн газрын ард талын камерын нэг талыг хавтаст хэрэгт оруулчихаад нөгөө талын камерыг байхгүй байсан гэж худал хэлдэг. Миний бие зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан хохирогч гэх С.Н-г машин байсан газраас 65 метр зайтай гэж дүгнэдэг. Тэгвэл тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын цахим бугуйвч нь өөртөө жипи эс-тэй бөгөөд байнгын хяналтад байдаг байхад үүнийг шалгаж үзээгүй. Хохирогч гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүгээр гэсэн дүгнэлтээр явуулахад орой нь буцаж ирээд үзүүлэхэд 4 мөчний саа саажилттай, хүзүү нь хугаралтай, аарцаг хөндийн үрэвсэлтэй гэж дүгнэсэнд гайхдаг. Шонхор тас харуул хамгаалалтад шуурхай албан бус хамгаалагч, Гранд хилл зочид буудалд зөөгчөөр давхар ажил хийдэг байсан. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан ч өмнөх хэргүүд маань насанд хүрээгүй байхдаа өөрийн тэнэг алдаанаас болж хүмүүсийг хохироож байсан. Одоогийн хувьд өөрийн алдааг ухамсарлаж, засрал хүмүүжлээ олж, ирээдүйгээ гэгээлгээр бүтээж хардаг болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Иймд гомдлыг минь харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Д-ий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гомдлын агуулга нь:

... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүд мэнд, халдашгүй байх эрх чөлөөнд халдаж эрүүл мэнд, бие, физиологийн бүрэн бүтэн байдал, оюун санааны сайн сайхан байдалд хохирол учруулдагт нийгмийн хор аюулын шинж чанар нь тодорхойлогдох ба энэ гэмт хэргийн обьект нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд байна. ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь гэмт этгээдээс хүний эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдэл, үйлдлийн улмаас гэмт халдлагад өртөгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршиг, үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байна. Хүний эрүүл мэндэд халдсан үйлдэл нь цохих, зодох зэргээр биеийн идэвхитэй үйл ажиллагааны нийлбэрээр хэрэгждэг. Энэ гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох “эрүүл мэндэд учирсан хүнд хохирол” гэдэгт: Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 5 сарын 21-ний өдрийн дугаар А\225 хамтарсан тушаалаар баталсан журамд заасан гэмтлийн аль нэг учирсан байхыг ойлгоно. Дээрх хүнд хохирол учруулсан үйлдэл түүний улмаас учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байх нь обьектив талын үндсэн шинж болно. Шалтгаант холбоо нь хүний эрүүл мэндэд халдсан үйлдэл түүний улмаас хүнд хохирол учирсан хор уршгийн дотоод харилцан хамаарал бүхий бодит шинжийг илэрхийлэх ба энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтсон тохиолдолд энэ зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болдог. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн дотоод шинж буюу субьектив шинжийг гэм буруугийн санаатай хэлбэртэй байхыг хууль тогтоогчоос энэ зүйлийн үндсэн шинж болгон хуульчлан заажээ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хүн оюун санааны шинжийн хувьд өөрийн хэрэгжүүлж байгаа үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан, гарах хор уршгийг мэдсэн бол хүсэл зоригийн шинжийн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үйлдэл, түүний улмаас учрах хор уршигт хүсэж, зориуд хүргэсэн байх нь энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болдог. Субьектын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүн байна. Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийг үйлдсэн субьектын хувьд тусгай шинжийг хуульчлаагүй учир энэ гэмт хэрэг нь нийтлэг субьекттэй гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд шударга ёсны зарчмыг хуульчилсан байх ба энэ нь гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй нь тогтоогдсон бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зарчмын агуулгыг хуулийн хэрэглээний хувьд давхар илэрхийлдэг.

Дээрэмдэх гэмт хэргийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл ба “дээрэмдэх” гэмт хэрэг нь давхар обьекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж, зөрчдөг, тухайлбал, өмчлөх эрхэд халдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно. Энэ тохиолдолд хохирогчийн өмчлөх эрх үндсэн шууд, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал нэмэгдэл шууд обьект болно. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох аргаар үйлдсэн байхаар хүндрүүлэх шинжид хуульчилсан. Хүч хэрэглэж гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирол бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн амь биед аюултай нөхцөл бий болгохоор байсан бол энэхүү ойлголтод хамааруулан үзнэ. Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д гэм буруутайд тооцохгүй байх, 1.7 дугаар зүйлд хуулийг чанд сахих, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласнаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна. Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.

Дүгнэлт: Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Э.Д-ий үйлдэл болон гарсан хор уршгийн хоорондын шууд, зайлшгүй шалтгаант холбоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны стандартын хэмжээнд эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

Нотлох баримт: Дээрх үндэслэлүүд болон дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Цагаатгах тал: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх 1/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 43-46/, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 51-52/, 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 55/, гэрч Ч.Э-ын мэдүүлэг /1 хх 57/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 62-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-69/, гэрч О.Т-гийн мэдүүлэг /1 хх 80/, гэрч Ч.Ө-ын мэдүүлэг /1 хх 84/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудас /1 хх 89-90/, цээжний эгц байрлалын рентген зураг /1 хх 93/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10374 дугаартай дүгнэлт /1 хх 114-118/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1124 дугаартай шүүгчийн захирамж /3 хх 2-7/, яллагдагч Э.Д-өөс мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд гаргаж байсан хүсэлт, гомдол, тэдгээрийн шийдвэрлэсэн прокурорын шийдвэрүүд, хариу мэдэгдэх хуудаснууд /1 хх 188-214/,

Хууль зүйн хэрэглээний үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг харьцуулан шалгахад: Хууль зүйн хэрэглээний үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг харьцуулан шалгахад, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодитой, бүх талаас нь үнэлээгүй, харин яллах талд ашигтай баримт, тайлбарыг харьцангуй авч үзсэн нь тогтоогдож байна.

Санал: Шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл, шархыг 3 минутын хугацаанд үүсгэх боломжгүй талаар тайлбарласан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтэл нь нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас үүссэн болох нь тогтоогдсон. ... Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гудамжинд явж байтал араас шилэн хүзүү рүү цохисон, улмаар ухаан алдсан...” гэж тогтвортой мэдүүлсэн. Уг үйл явдал шөнийн 04 цагийн орчим болсон бөгөөд өглөөний 07 цагийн үед тухайн газраас хохирогчийг олсон байдаг. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Э.Д- нь хохирогчийн араас дагаж очоод, ойролцоогоор 3 минутын дараа буцаж гүйж, тээврийн хэрэгсэлдээ сууж буй үйлдэл бичигдсэн. Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо хамааралтай гэж үзсэн. ... Миний бие хэрэг гарсан газарт очиж, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцсон. Тухайн гудамжны байршил, орчны нөхцөл байдлыг тогтоох зорилгоор гэрч н.Э-ын мэдүүлэгтэй тулган шалгасан. Уг газар нь Гандангийн автобусны буудлын урд талд байрлах, Туулын 15 дугаар гудамж бөгөөд нэг талдаа мухар, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй, нөгөө талдаа далантай, баруун талаараа өөр гудамжтай холбогдсон байршилтай. ... Шүүгдэгч Э.Д- нь хяналтын прокурорт хандан хэргийн газарт очиж шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан бөгөөд уг хүсэлтийг хангаж, тухайн үед боломжит 3 камерыг шалгасан. Автомашины камерын бичлэгийн талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй бөгөөд энэ асуудал шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд анх удаа яригдсан. Түүнчлэн тухайн автомашин нь худалдагдсан болох нь тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Д-ийг хохирогч С.Н-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний эд зүйлсийг дээрэмдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтлохдоо, хохирогч С.Н-гийн ар хүзүү хэсэг рүү цохиж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1124 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Д- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1124 дугаартай шүүгчийн захирамжаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 42 дугаартай магадлалаар оногдуулсан 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ба тэрээр тухайн өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна. 

Шүүгдэгч Э.Д- нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар /3 хх15/ 2 жил 3 сар 2 хоногийн, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар /3 хх 29/ 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял эдлээгүй үлдсэн талаарх ялын тооцоо тус тус хэрэгт авагджээ.  

Ялын тооцооны тодорхойлолтоор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар /3 хх 29/ 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял үлдсэн талаарх ялын тооцоог анхан шатны шүүх хэрхэн яаж 2 жил 2 сар 3 хоног гэж тооцсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “... шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон...” талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ялын тооцоонд үндэслэн шүүгдэгчид оногдуулах ялыг нэмж нэгтгэн эсэх асуудлыг үндэслэлтэй зөв тооцох учиртай.

Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                             Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

   

                        ШҮҮГЧ                                                              М.АЛДАР