Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01295

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01295

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 18,726,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Х ХХК-ийн өмчлөлийн Ланд Круйзер маркийн 00-00 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөнөөс Э ХХК-ийн В маркийн 00-00 УНИ улсын дугаартай Э.М жолоочтой автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдэж тогтоогдсон. Энэ ослын улмаас компанийн эд хөрөнгөнд 18,726,000 төгрөгийн хохирол учирсан байх дээрх гэм хорын хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэм хорын хохиролд 18,726,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:. Х.Б, Х.Болортуул нар нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Х ХХК-иас 139,050,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар 96 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээл авсан. Мөн тухайн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь Х ХХК-ийн нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлсний дараа тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн нэр дээр шилжих бөгөөд Фидуцийн гэрээ-ний 2.4.5-т Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан тул аливаа этгээдэд учруулсан хохирлыг зээлдэгч нар өөрсдөө хариуцахаар гэрээгээр тохиролцсон. Иймд Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 18,726,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайханы давж заалдах гомдлын агуулга: ... Энэ хэрэг гарах үед буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Х ХХК-ийн өмчлөлд байсан нь шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгагдсан байдал болон улсын бүртгэлээр бүрэн тогтоогдож байна. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэлд дурдаад байгаа ФД2018443553044 дугаартай гэрээний 2.1-д ... Хөрөнгийн өмчлөл гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгийн өмчлөгч нь банк байна... гэж тусгасан байдаг. Ингэснээр гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгө болох Ланд Круйзер маркийн 00-00 УНР улсын дугаартай автомашин Х ХХК-ийн өмч мөн болохыг тодорхойлон банк өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч улсын бүртгэлээр баталгаажуулсан. Энэ өмчлөх эрх нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс бусдын өмчлөлд буюу иргэний нэр дээр шилжин бүртгэгдэж өмчлөх эрх дуусгавар болсон байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасны дагуу Х ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн албан ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхээ эдэлж, хуульд заасан үүрэг хүлээх ёстой нөхцөл үүссэн. Х ХХК нь энэхүү хуульд заасан эрхээ эдэлж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр өмчлөх эрхээ дуусгавар болгон бусдад өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. Гэтэл хуулийн дагуу олгосон эрхээ эдлэхийн сацуу хуулийн дагуу хүлээх ёстой үүргээ биелүүлж хариуцлага хүлээх ёстой байсаар байтал үүргээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэж шүүхийн зүгээс үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрх нь Улсын Дээд шүүхэд хадгалагдаж байхаар хуульчлагдсан байдаг. Гэтэл дээрх байдал нь хуулийн заалтыг анхан шатны шүүхийн зүгээс тайлбарлаж байна гэж ойлгогдохоор байгаа боловч энэ тайлбар нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй энэ тайлбараараа юуг тодотгож, тодорхойлох гээд байгаа нь бүрхэг байгааг тодруулах шаардлагатай байна.

Гэрээний талууд буюу Х.Б, Х ХХК-ийн хооронд үүсч байгаа хариуцлага хүлээх харилцааг зохицуулснаас биш Иргэний хуульд заасан өмчлөгч бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн заалт, зохицуулалтаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байгаа болно. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар тус хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг шүүгч хүлээн авахаас татгалзаж захирамж гаргах, уг захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөхөөр хуульчилсан. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангасан байна гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсний дараа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцдаа нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгох шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байгаа болно. Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.3-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь талуудын маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл Х ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тул хариуцах ёстой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Гэтэл н.Б болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг зээлээр авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр н.Бын өмчлөлд шилжүүлсэн. Х ХХК-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг зөвхөн бусдад шилжүүлэхээс хязгаарлаж барьцаалсан харилцаатай. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Тухайн тээврийн хэрэгслийг Х ХХК-ийн хувьд өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, захиран зарцуулах эрхийг эдлэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас гэж заасан. Эзэмшигчийн зөвшөөрөл гэдэг нь эзэмшигч тухайн тээврийн хэрэгслийг барьцаалуулагч буюу н.Б эзэмшсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй үлдээж өгнө үү . Мөн нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэлд дурдсан гэм хорын хохирол учирсан гэх тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйл заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа тухайн 5718 УНИ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбарыг хавсаргаж өгсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18,726,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Х.Б нь Х ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843553044 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 139,050,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө ФД2018443553044 дугаартай фидуцийн гэрээ байгуулж, Toyota LC200-GX-R, 2018 оны суудлын автомашин барьцаалсан байна. /хх.11-16/

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Гурван түрүү гэх газар Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн 128 дахь км шонгийн асфальтан зам дээр Ланд круйзер-200 маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь Э.М жолоочтой Волва маркийн 00-00 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ. /хх.6/

6. Хэргийн 17 дугаар талд авагдсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дахь хэсэгт заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Х.Б нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эсрэг урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас нь хохиросон болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 213400197 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсэгт Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээндээ зааж болно гэж заасан байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээний 2.4.5-д хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч буюу Х.Б бүрэн хариуцахаар тохиролцсон байна.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-д холбогдох гэм хорын хохирол 18,726,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

11. Хэргийн 44-46 дугаар талд авагдсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй байна. Иймд шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО