Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 139

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Б.Батсайхан 

Хохирогч Ч.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүгдэгч: Б.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын А-т холбогдох 1812000470084 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: , Б овогт Б-ын А/ 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 13 дугаар гудамжны задгайд иргэн Ч.Өг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмөр малтуураар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812000470084 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Ч.Өгийн өгсөн:

“...2018 оны 01 сарын 19-ний өдөр Ө гэх найзынхаа хамтаар гэрт нь ороод нохойд нь хоол өгчихөөд бид 2 манайд ирсэн. Манай гэрт ирэх үед манайд Б.А, Г нар архи уугаад сууж байсан. Би гэртээ орж ирээд гал дээр цай чанаад байж байх үед Б.А Ц.Г гэдэг хүүхдээс тамхи байна уу? гэж асуугаад Ц.Г тамхи байхгүй гэсэн чинь Б.А уурлаад та нар муу сайн гуйлагчид тамхи харамлалаа гээд манайд агсам тавиад эхэлсэн тэгэхээр нь би уурлаад чи мөрөөрөө архи уухгүй гэрт агсам тавиад байхдаа яадаг юм бэ яв гэж хөөсөн чинь уурлаад гадаа гараад намайг модон иштэй төмөр малтуураар миний толгой, дух орчимд цохисон. Тэр үед миний дух толгой орчмоос маш их цус гарсан. Б.А намайг цохичихоод яваад өгсөн. Би Б.Аыг гэрээс гараад яв гээд хөөсөн. Б.А тэр үед их согтсон байсан. Намайг Б.А гэх хүн л зодсон өөр хүн зодоогүй. Б.А намайг төмөр малтуураар толгой руу цохисон. Б.А тухайн үед их согтуу байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/, 

* Хохирогч Ч.Өгийн дахин өгсөн: 

“...Манай гэрт Б.А архи уугаад байж байхаар нь та нар гарч архи уу гэж хэлэхэд архины шилээр цохих гээд байхаар нь хажууд нь байсан хүн булааж авсан. Дараа нь гэрийн гадаа төмөр малтуураар толгой хэсэгт 1 удаа цохиход би ухаан алдаад унасан, сэрэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлгийн тархи толгойн тасагт 14 хоног хэвтсэн. Тэр баримтаа гаргаж өгсөн. Ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Би одоогоор эмчилгээндээ 2.5 сая төгрөг зарцуулсан. Гомдолтой байна. Учир нь дээр дурьдсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/ 

* Гэрч Ч.Өы өгсөн:

 “...2018 оны 01 сарын 19-ний орой би ганцаараа Өгийн гэрт очсон тэгээд бид хоёр гэрт нь хэсэг байж байгаад надтай хамт манай гэрт очиж манай нохойд хоол өгчихөөд хашаагаа эргэж тойрчихоод ирэхээр болоод бид 2 хамт манай гэр рүү явсан тэгээд бид хоёр манайд ороод нохойгоо хооллочихоод замаар дэлгүүр ороод цай чанах сүү аваад Өгийн гэрт ирсэн гэрт ирэх үед Г, Б.А 2 гэрт нь архи уугаад сууж байсан. Тэгээд гэртээ ороод Өг цай гал дээрээ хийгээд байж байтал Г нэг найзынхаа хамтаар орж ирсэн. Тэгтэл Б.А Г гэх залуугаас тамхи байна уу гэж асуусан чинь Г та одоо тамхиа хүртэл бэлдүүлэх гээд байгаа юмуу гэж хэлээд заза худлаа худлаа май гээд нэг ширхэг тамхи авч өгсөн чинь Б.А наад тамхийг чинь авахгүй пизда минь та нар миний аавыг мэдэх үү би та нараас юу ч гуйхгүй гуйлгачингууд минь гээд агсам тавиад тогооны авдар дээр байсан аяга тавгыг цохиж унагаагаад хагалсан тэр үед Ө чи уухынхаа мөрөөр уучихаад гарч чадахгүй гэр оронд агсам тавьдаг хэн юм гээд Б.Аыг гэрээс хөөж гаргаад буцаж орж ирээд үлдсэн жаахан архийг нь аваад гарсан. Тэгээд гадаа Б.А тэр хоёр хэрүүл хийгээд Ө чи гараач зайлаач гээд л орилоод байсан. Үүнээс хойш удалгүй Г гэх залуу үүд шагайгаад Бээ ээжийгээ аваарай А ээжийн чинь тархийг хагалчихлаа шүү гэж хэлсэн. Тэгээд гэрээс Б гарах үед үүдний цаана Ө цасан дээр 4 хөлөлчихсөн цусаа гоожуулчихсан байж байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү дуудлага дуудаад эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед цаг хэд болж байсанг сайн санахгүй байна. Тэр 2 гэрийн гадаа хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд л удааагүй гэнэт л Ө орилоод байсан. Г гэх хүү гаднаас үүд шагайгаад Бээ ээжийгээ аваарай Б.А ээжийг чинь тархийг хагалчихлаа шүү гэж хэлсэн тэр үед тархи хагарсан цус гарч байсан. Ө гэрт орж ирээд Б.А миний толгой руу малтуураар цохиод миний тархийг хагалчихлаа гээд орилоод байсан сүүлдээ амь нь тэнцэж байгаа бололтой би яах вэ үхлээ ш дээ түргэн хурдан дуудаачээ гээд орилоод байсан. Өгийн толгой хагарсан цус их гарч байсан. Өөр гэмтэл бэртэл байгаагүй. Гадаа тэр үед Г тамхи татаад байж байсан. Г гэх хүүхэд А Ө 2-ыг гэрээс гарахаас өмнө түрүүлээд гадаа гарчихсан байсан. Б.А Ө нар ямар холбоотой эсэх талаар мэдэхгүй. Өг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Б.А их согтсон байсан. Харин Ө архи уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

* Гэрч Ц.Гын өгсөн

 “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой би цагийг нь сайн санахгүй байна. Би гэрээсээ гараад Ө гэх эгчийнд А ахын малгайг аваачиж өгөхөөр гэрт нь орсон тэр үед Ө эгчийн гэрт Г ах, Б.А ах, Ө эгч бас 2 эмэгтэй эгч, Ө эгчийн хүү Шижирээ нар байсан. Намайг орох үед Ө эгч Б.А ах 2 хоорондоо архинаас болж архиа булаацалдаад Б.А ах архи уунаа гээд тэгсэн Ө эгч бас ууна гээд төр 2 маргалдаад байсан. Тэр үед би өөрийн найз Д бид 2 гэрээс нь хажуу талын айлын хашаанд ороод гадаа тамхи татаад зогсож байсан чинь Ө эгч гэрийнхээ гадаа орилоод байхаар нь яваад очтол Ө эгчийн толгойноос цус гараад газар хэвтэж байсан. Тэгсэн А ах хажууд нь зогсчихсон гартаа төмөр малтуур барьчихсан малтуураараа дахиж цохих гээд байхаар нь би Б.А ахаас малтуурыг нь булааж аваад Ө эгчийн гэрийнх нь урд тал руу шидсэн. Тэгээд би Ө эгчийг гэр рүү нь оруулж өгөөд Э ахын гэрт орсон тэр үед Б.А ах ганцаараа хашаанаас гараад гэр рүүгээ бололтой гараад явсан. Тухайн үед Б.А ах Ө эгчийн толгой руу нь төмөр малтуураар цохиж зодоод байхаар нь би ганцаараа очиж салгасан. Тэр үед Б.А ах их согтсон байсан. Тэгээд Ө эгчийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь Ө эгчийн гэрт байсан настай эгч эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэр үед гэрт нь Ө эгчийн 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүүхэд нь хамт байсан. 2 эгч үлдсэн би тэгээд гэрээс нь гараад Э ахын гэрт орсон. Б.А ах Ө эгчийг модон иштэй төмөр малтуураар толгой руу нь нэг удаа хүчтэй цохьсон. Тэр үед Ө эгч газар унаад толгойноос цус гараад байсан. Өөр байдлаар цохиж зодоогүй дахиад цохих гээд далайхаар нь би очоод малтуурыг нь Б.А ахаас булааж аваад цааш нь газар шидсэн. Ө эгчийн толгой нь хагарсан толгойноос нь их хэмжээний цус гараад тогтохгүй байсан. Өөр гэмтэл бэртэл байсан эсэх талаар анзаарагдаагүй. Б.А ах Ө эгчийг модон иштэй төмөр малтуураар цохихыг би харсан. Өөр хүн хараагүй. Д харч чадаагүй байх. Б.А ах Ө 2 ямар холбоотой эсэх талаар нь би мэдэхгүй гэр орноор нь орж гараад л явж байдаг. Модон иштэй төмөр малтуурыг би Б.А ахаас булааж аваад цааш нь шидсэн тэгээд цагдаа нар ирээд уг малтуурыг аваад явсан. Ө эгчийг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. А ах л модон иштэй төмөр малтуураар толгойр руу нь нэг удаа гэрийнх нь гадаа цохиж үүний улмаас Ө эгчийн толгойноос нь их хэмжээний цус гараад байсан. Манай гудманд Б.А ахын малгай байсан би тэр үед нь Б.А ахын малгай мөн байна гэж бодоод Дээгий ахаас Б.А ахыг харсан уу гэж асуухад Б.А ах чинь Ө эгчийн гэр рүү явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/  

* Гэрч Б.Гын өгсөн: 

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө би өөрийн найз Б.Атай гол дээр таарсан тэр үед бас Этэй таарсан. Тэгээд Э салаад явчихсан. Б.А бид хоёр том пиво хувааж уусан тэгээд би Арслан цохионы 8-р гудманд ээжийнхээ хашаанд байдаг айлд очоод ганцаараа унтсан. Тэгээд байж байсан чинь Б.А 17 цагийн орчимд над дээр ирээд бид хоёр тэндээс гараад Пүүжээ гэх айлд ороод тэндээс гарч ирээд явж байтал Ө надаас түрүүлж гарч гүйгээд дэлгүүрээс нэг шил архи авсан байсанг Б.А бид 2 Э гэх айлд ороод нэг нэг жижиг хундаганд архиа хийгээд уусан. Тэгээд Ө гэх эгчийн гэрт орж ирсэн тэр үед Ө эгч мөн 3 хүүхэд бас 2 эгч хамт байсан. Тэгээд бид 2 авч орсон архиа Ө эгчийн гэрт уух гэтэл Ө эгч Ат архи өгөхгүй гээд архинаас болж маргалдсан тэр үед Г нэг найзынхаа хамтаар гэрт орж ирсэн тэгээд байж байтал Ө эгч архийг нь гаргаж шиднэ гээд гэрээс гарсан чинь араас Б.А гараад явсан тэгээд гадаа маргалдаад байсан. Би тэр үед Ө эгчийн гэрт байсан. Тэгээд удалгүй хэсэг  хугацааны дараа Ө эгч гаднаас толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Тэр үед Б.А гэрт орж ирэлгүй яваад өгсөн. Ө эгчийн гэрт байсан эгч нар түргэн дуудаад намайг эмнэлэг рүү дөхүүлж өг гээд би эмнэлэгийн машинтай хамт эмнэлэг дээр ирсэн. Тэгээд хэсэг эмнэлэг дээр байж байгаад буцаад Ө эгчийн гэрт очсон. Би тухайн үед гэрт байсан болохоор хараагүй. Гэрээс эхлээд Ө эгч А бид хоёрын авч гэрт нь орсон архийг гаргаж хаяна гээд гэрээс гараад явсан араас нь Б.А архи авах гээд гараад явсан тэгээд гадаа маргалдах чимээ сонсогдож байсан тэгээд л удалгүй Ө эгч гэрт орж ирэх үедээ толгойн хагарсан толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн тэр үед А гэрт орж ирээгүй яваад өгсөн. Ө эгчийг гэрт ороод ирэх үед нь юу болов яав гээд асуухад Б.А намайг малтуураар цохьчихоод зугтаагаад яваад өглөө ш дээ гэж хэлж байсан. Тухайн үед Ө эгчийн биеийн байдал хүнд толгой нь хагарсан цус гараад байсан өөр гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Г гэх залуу л харж байсан байх. Г гадаа тамхи татаад байж байсан гэсэн. Г Ө эгчийн гэрт орж ирээд гарч тамхи татлаа гээд гараад явсан. Ө эгч Б.А хоёрыг ямар харилцаатай талаар мэдэхгүй. Ө эгчийг өөр хүн цохиж зодоогүй. Б.А их согтуу байсан. Ө эгч архи уусан эсэх талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/

* Гэрч Л.Эийн өгсөн:

“...2018 оны 01 сарын 19-ний өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна. Би гэртээ хоол хийгээд байж байхад Ө эгчийг Б.А малтуураар цохьчихлоо гээд Г манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь үнэн юм уу гээд би Ө эгчийн гэрт орсон. Тэгтэл Ө эгч толгойгоо цагаан өнгийн алчуураар арчаад сууж байсан. Тэгээд би түргэн дууд гэж хэлээд гарсан. Ө эгчийн гэрт орох гэж байхад яг гэрийн үүдэн дээр цус гойжсон байсан. Тэдний гарт бага охин нь байсан. Тэр гэрт Шижирээ, Г, Ө гээд бас нэг эгч, нэг охин нь байсан. Гэр дотор толгойдоо цохиулсан Ө эгч үхлээ түргэн хурдан дуудаачээ гээд орилоод байсан. Өг Б.А цохьсон гэдгийг Ц.Гаас сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

* Гэрч Б.Шын өгсөн: 

“...2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой намайг гэртээ өөрийн 3 дүүгийнхээ хамтаар байж байх үед Г Б.А 2 манайд согтуу нэг хагас шил архитай орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд энэ архийг уучих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд тэр 2 манайд хагас шил архиа уугаад надад 2 удаа жижиг рүнкээр хийж өгөхөөр нь би уусан. Тэгээд байж байтал манай ээж Ө, Ө эгчийн хамтаар орж ирсэн. Үүний дараагаар Г найзынхаа хамтаар орж ирээд удалгүй гараад явсан. Тэгээд байж байтал Г, Б.А хоёр манай хажуу талын орон дээр унтаад босохгүй байхаар нь ээж уурлаад та 2 одоо яв та нарын архи уудаг газар биш гэж хэлээд Б.Аыг хөөгөөд гаргасан чинь А гэрт үлдсэн жаахан архиа нэхээд архиа авъя гээд орилоод байсан тэгэхээр нь ээж эргэж орж ирээд үлдсэн байсан жаахан архийг нь аваад Б.Ат гаргаж өгсөн. Тэгээд хэсэг байж байтал гэрийн гадаа ээж орилох чимээ гарсан Г гэх залуу Бээ ахын дүү гараад ирээрэй ээжийгээ аваарай гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Б гэрээс гараад Гтай хамт ээжийг гэрт оруулж ирэх үед ээжийн толгой хагарсан гэрийн үүдэн хэсэгт цус гарсан байдалтай байсан. Ээжийг гэрт оруулж ирээд бид нар цусыг нь тогтоох гээд алчуураар арчиж усаар угаасан. Тэгээд эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Тухайн үед манайд Г, Б, Ө эгч нар байсан. Б.А архинаас болж ээжтэй муудалцаад тэр 2 гэрээс гарсан удалгүй ээж гэрийн гадаа орилоод байсан. Тэр үед манай ээж Өг Г гэх залуу манай дүү Бийн хамтаар оруулж ирээд Б.А ээжийг чинь төмөр малтуураар толгой руу нь цохичихсон тэгээд уначихсан байх үед дахиж цохих гээд далайхаар нь салгаад малтуурыг нь булааж авч урагш нь шидчихлээ гэж хэлж байсан. Манай ээжийн толгойн  гавлын яс цөмөрсөн байгаа, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Тухайн үеийн үйл явдлыг гадаа  Г гэх залуу хараад тэгээд салгасан байсан. Б.А манай ээжтэй зүгээр л танил. Хааяа манайхаар орж гараад явж байдаг. Б.А их согтуу байсан. Харин манай ээж архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /29-30 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  56 дугаартай дүгнэлтэнд:

“...Ч.Өгийн биед, гэмтэл учирчээ. Ч.Өгийн биед, дух ясны зүүн талд шугаман хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсчээ. Дух ясны зүүн талын шугаман хугарал нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, тархи доргилт, зулайн хуйхны шарх нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хүнд гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-иас дээш хувиар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дугаар тал / 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 13 дугаар гудамжны задгайд иргэн Ч.Ө нь бусдад толгойн тус газартаа цохиулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А үйлдсэн болох нь  хохирогч Ч.Өгийн “...Б.А манайд агсам тавиад эхэлсэн тэгэхээр нь би уурлаад чи мөрөөрөө архи уухгүй гэрт агсам тавиад байхдаа яадаг юм бэ яв гэж хөөсөн чинь уурлаад гадаа гараад намайг модон иштэй төмөр малтуураар миний толгой, дух орчимд цохисон. Тэр үед миний дух толгой орчмоос маш их цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Өы “...Тэгээд гадаа Б.А тэр хоёр хэрүүл хийгээд Ө чи гараач зайлаач гээд л орилоод байсан. Үүнээс хойш удалгүй Г гэх залуу үүд шагайгаад Бээ ээжийгээ аваарай А ээжийн чинь тархийг хагалчихлаа шүү гэж хэлсэн. Тэгээд гэрээс Б гарах үед үүдний цаана Ө цасан дээр 4 хөлөлчихсөн цусаа гоожуулчихсан байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гын “...Ө эгч гэрийнхээ гадаа орилоод байхаар нь яваад очтол Ө эгчийн толгойноос цус гараад газар хэвтэж байсан. Тэгсэн А ах хажууд нь зогсчихсон гартаа төмөр малтуур барьчихсан малтуураараа дахиж цохих гээд байхаар нь би Б.А ахаас малтуурыг нь булааж аваад Ө эгчийн гэрийнх нь урд тал руу шидсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын “...Ө эгч архийг нь гаргаж шиднэ гээд гэрээс гарсан чинь араас Б.А гараад явсан тэгээд гадаа маргалдаа байсан. Би тэр үед Ө эгчийн гэрт байсан. Тэгээд удалгүй хэсэг  хугацааны дараа Ө эгч гаднаас толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Ө эгчийг гэрт ороод ирэх үед нь юу болов яав гээд асуухад Б.А намайг малтуураар цохичихоод зугтаагаад яваад өглөө ш дээ гэж хэлж байсан. Тухайн үед Ө эгчийн биеийн байдал хүнд толгой нь хагарсан цус гараад байсан өөр гэмтэл бэртэл анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Л.Эийн”... Би гэртээ хоол хийгээд байж байхад Ө эгчийг Б.А малтуураар цохьчихлоо гээд Г манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь үнэн юм уу гээд би Ө эгчийн гэрт орсон. Тэгтэл Ө эгч толгойгоо цагаан өнгийн алчуураар арчаад сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Шын “...Б.Аыг хөөгөөд гаргасан чинь А гэрт үлдсэн жаахан архиа нэхээд архиа авъя гээд орилоод байсан тэгэхээр нь ээж эргэж орж ирээд үлдсэн байсан жаахан архийг нь аваад Б.Ат гаргаж өгсөн. Тэгээд хэсэг байж байтал гэрийн гадаа ээж орилох чимээ гарсан тэгээд байж байтал Г гэх залуу Бээ ахын дүү гараад ирээрэй ээжийгээ аваарай гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Б гэрээс гараад Гтай хамт ээжийг гэрт оруулж ирэх үед ээжийн толгой хагарсан гэрийн үүдэн хэсэгт цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,  хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 56 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Аын бусдын биед халдаж эрүүл мэндэд нь  хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож гэж үзэн шүүхээс шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирогч Ч.Ө нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс нэг сая төгрөг бэлнээр авсан, одоо эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд уг хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй урд талдаа хавтгай төмөртэй малтуурыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Б овогт Б-ын А-ыг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 12/арван хоёр/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай. 

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч Ч.Өд 1.000.000/нэг сая/ төгрөг төлсөн, хохирогч Ч.Ө нь өөрт учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан модон иштэй урд талдаа хавтгай төмөртэй малтуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР