| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2505 00000 1957 |
| Дугаар | 2026/ДШМ/340 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/340
2026 03 25 2026/ДШМ/340
Ж.О-, Д.О- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
хохирогч У.Т-,
шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О-, Ж.О- нарт холбогдох 2505 00000 1957 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н- овгийн Ж-ы О-, ......., ял шийтгэлгүй, /РД: УЖ-/;
2. Б- овгийн Д-ын О-, ......., /РД: ВД-/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;
Шүүгдэгч Д.О-, Ж.О- нар нь бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 512 дугаар пост буюу 32-ын автобусны буудлын урд талын явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийн бүх чигт зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, замын хөдөлгөөнийг зохицуулж байсан Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч У.Т-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан дүрэмт хувцаснаас нь зулгаах, түлхэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэж, “замын зорчих хэсгээс гарах” шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.О-, Д.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.О-, Д.О- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-, Ж.О- нарыг 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж гомдол гаргаж байна.
Хүсэлт: Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
Гомдлын үндэслэл: Д.О-г гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж буй баримтын талаар; Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч, замын хөдөлгөөн зохицуулагч цагдаагийн дэд ахлагч У.Т-ийн мэдүүлэг нь шүүгдэгч Д.О-гийн гаргаж өгсөн видео бичлэг гэх нотлох баримт болон мөрдөгч мөрдөн байцаах ажиллагааны явцад өөрөө цуглуулж бэхжүүлж хэрэгт хавсаргасан хэргийн үйл баримтыг харуулсан видео бичлэг гэх хоёр нотлох баримтаас зөрүүтэй байсан бөгөөд энэ тухай шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие хохирогчоос тодруулж асуухад тэрээр тодорхой хариулт өгч чадаагүй бөгөөд “олон сарын өмнөх явдлыг тодорхой санахгүй байна, одоо мартчихаж” гэсэн хариулт өгсөн, мөн тухайн хохирогчид шүүх хуралдаан дээр миний зүгээс “Шүүгдэгч Д.О- нь шүүгдэгч Ж.О-той нэгэн цаг үед зэрэгцэн тань руу гүйж очсон боловч биед тань халдаагүй, доромж үг хэлээгүй, хэрэлдээгүй, харааж загнаагүй, эд зүйлд тань хүрээгүй, харин зөвхөн О- та хоёрыг тойрон лайв бичлэг хийж явж байгаа нь харагдаж байна. Иймээс иргэн хүн цагдаагийн ажилтан руу ойртож, лайв бичлэг хийж, асуулт асууж болохгүй гэсэн хуулийн заалт байгаа юу” хэмээн асуухад тэрээр хариулахдаа “манайд бол мэдэхгүй... Америкт бол цагдаад нэг метр ойртвол буудаж ч болох тухай дүрэм байдаг” хэмээн хариулсан болно. Мөн “Шүүгдэгч Д.О- таны эрх ашгийг яг яаж зөрчсөн юм бэ” гэх асуултад хохирогч тодорхой хариулж чадаагүй. Энгийн иргэн байсан бол энэ асуулт тавигдахгүй байсан ба эрх зүйч мэргэжлийн хүнийх нь хувьд түүнд ийм асуулт тавиад авсан хариулт нь энэ юм. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд нэг л удаа мэдүүлэг өгсөн ба магадгүй хэрэгт авагдсан видео бичлэгүүдийг шүүх хуралдааны шатанд үзсэн байх магадлалтай тул түүний мэдүүлэг эдгээр бичлэгээс зөрүүтэй байгааг мэдээд хуралдаан дээр ийнхүү тодорхой ярьж чадахгүй байдалд орсон болов уу гэж таамаглаж байна. Тэгвэл хохирогчийн ийм зөрүүтэй, тодорхой биш, “үнэн зөв” гэхэд эргэлзээтэй мэдүүлгийг шүүх дүгнэхдээ яллагдагчид ашигтай талаас нь дүгнэж болох байсан гэж үзэж гомдолтой байна. Мөн шүүгдэгч Ж.О-, Д.О- нар нь өөр өөр машинаас зэрэг бууж цагдаа руу гүйж очиж таарсан болохоос биш үгсэн тохиролцсон, санаа зорилго нэгдсэн, биесээ дэмжсэн, турхирсан ямар ч үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байгаа тул тэдгээрийг “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймд Д.О-гийн гэм буруугүй болохыг тогтоож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тухайн үед албан ёсны жагсаал, цуглаан хийж байсан. Энэ талаарх баримтаа хэргийн материалд гаргаж өгсөн. Тухайн өдөр Ц- гэх хүний машиныг Мөнхсайхан гэх хүнээр жолоодуулаад өөрөө хажуугийн суудал дээр суугаад, гар утсаар лайв /Live/ хийгээд явж байхад замын хөдөлгөөнийг зогсоосон. Тэгсэн Ж.О- нь замын цагдаа дээр гүйж очоод зууралдаж эхэлсэн, түүнийг цагдаатай 1 минут орчим зууралдаж байхад манай машиныг жолоодож байсан М- гэх хүн надад хандаж “чи оч” гэж хэлэхээр нь би очсон. Би лайв хийж байсан учраас тэр хоёрыг нэг удаа тойрч лайвын бичлэгээ үргэлжлүүлээд машиндаа суусан. Тухайн үед ийм л зүйл болсон. Миний бие Ж.О-той бүлэглэж замын цагдаагийн биед халдаагүй, түүнийг цохиж, зодоогүй, биед нь хүрээгүй. ...” гэв.
Хохирогч У.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед болсон асуудлыг хяналтын камерт бичигдсэн байсан учраас энэ талаар дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд томилогдсон шинжээч нь гутлын урагдлыг шинэ урагдал болохыг тогтоосон. Миний зүгээс мэдүүлэг, тайлбартаа шүүгдэгч нараас ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн эрүүгийн хариуцлагын тухайд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын зүй бус, хууль бус үйлдлийн улмаас миний бие цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр гарч, чөлөөлөгдсөн. Учир нь, энэ хэргээс хойш цахим орчны дарамт миний өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлж байсан учир уг шийдвэрийг гаргасан. Миний зүгээс гомдолтой холбоотой тайлбараас гадна анхан шатны шүүхийн ял, шийтгэл хөнгөдсөн гэх саналыг гаргаж байна. ...” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Шүүгдэгч Д.О-гаас “хохирогч У.Т-ийн биед хүрээгүй, ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, халдаагүй” гэх тайлбарыг гаргаж, гэм буруугийн асуудал дээр маргадаг. Тухайн үед шүүгдэгч Д.О- нь шүүгдэгч Ж.О- цагдаагийн албан хаагчийн биед хэрхэн халдаж байгааг харсан, улмаар тухайн хоёр этгээдийн маргалдаж байгаа газарт очиж, шүүгдэгч Ж.О-г дэмжиж, “машинуудыг явуул” гэж орилж, лайв бүхий бичлэг хийгээд, тойрч явж байгаа үйлдэл нь шүүгдэгч Ж.О-гийн үйлдлийг дэмжсэн, урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцож байгаа хэлбэр гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Урангоод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.О-, Ж.О- нар нь бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 512 дугаар пост буюу 32-ын автобусны буудлын урд талын явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийн бүх чигт зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, замын хөдөлгөөнийг зохицуулж байсан Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч У.Т-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан дүрэмт хувцаснаас нь зулгаах, түлхэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэж, цагдаагийн албан хаагчийн “замын зорчих хэсгээс гарах” шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч У.Т-ийн “... Үүрэг гүйцэтгэх хугацаанд ...21 цаг 30 минутын орчим явган хүний гарцаар явган зорчигчид гарах гээд явж байх хооронд би дохиур модоо дээш өргөөд бүх чигийн хөдөлгөөнийг түр зогсоогоод явганы хөдөлгөөнөө гарцаар гаргаж байтал гэнэт 1 эмэгтэй ертөнцийн зүгээр баруун талаас авто замын 2 дугаар эгнээнээс гүйгээд над руу ирээд юу ч хэлэлгүйгээр шууд над руу нулимаад миний дүрэмт хувцаснаас зуураад гартаа утсаа барьчихсан бичлэг хийгээд “Монголын цагдаа намайг зогсоолоо, би явмаар байна” гэх мэтээр орилоод над руу дайраад байсан. Тэр үед ахиад нэг эмэгтэй гарч ирээд бас гартаа утсаа барьчихсан над руу ирээд миний зүүн хөлийн гутал руу өшиглөөд “замаас зайл, бид нар явмаар байна” гээд орилоод баруун гараас зулгаагаад эхэлсэн. ... Тэр 2 эмэгтэй хоёулаа зэрэг надаас зуураад намайг 2 талаас зуурчхаад тавихгүй утсаараа бичлэг хийгээд орилоод байсан. Би тэр 2 эмэгтэйд хандаж “та хоёр яагаад байгаа юм бэ, ямар учиртай хүмүүс вэ, замын зорчих хэсгээс гарчих” гэх хууль ёсны шаардлага тавиад байхад огт сонсохгүй өөдөөс нулимаад “Монголын цагдаа зайл, бид нар явмаар байна” гэх мэтээр орилоод байсан. ....” /хх 7-9, 12-13/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... У.Т-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй ...” гэх ЕГ0725/12638 дугаар дүгнэлт /хх 32-33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн пүүзэн гутлын зүүн өмсгөлд 55мм хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зулгаралт байна. ...” гэх ЕГ0125/2589 дугаар дүгнэлт, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 44-50/,
Таньж олуулах ажиллагаагаар хохирогч У.Т- нь Ж-ы О-, Д-ын О- нарыг шууд заан таньж байгаа талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх 14-21/,
Цахим орчинд байршуулсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...цагдаагийн баруун гар талаас урт үстэй хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эмэгтэй болон хөх саарал өнгийн өмд, дундуураа нарийн цагаан зураас орсон хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн гуталтай 2 эмэгтэй ирж цагдаатай зууралдаж түлхэлцэх ба ... эмэгтэй хүн замын цагдаа руу гүйж очин зууралдаж байна. Араас нь ахин нэг эмэгтэй очиж байна. ...” /хх 22-27/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 37/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 38/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх 58-63/, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албан даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/469 дугаартай тушаалын хуулбар, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчдын гудамж замд үүрэг гүйцэтгэх ажлын хуваарийн хуулбар /хх 109-114/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-, Д.О- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.О-, Д.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Г.Тунгалагаас “... Ж.О-, Д.О- нар нь өөр өөр машинаас зэрэг бууж цагдаа руу гүйж очиж таарсан болохоос үгсэн тохиролцсон, санаа зорилго нэгдсэн, биесээ дэмжсэн, турхирсан ямар ч үйл баримт байхгүй тул “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Д.О-гийн гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч У.Т- нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд өөрийн албан үүргийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулагчаар ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албан даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/469 дугаартай тушаал болон Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчдын гудамж замд үүрэг гүйцэтгэх ажлын хуваарь /хх 109-114/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, биед нь халдах гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Д.О-гийн тухайд Ж.О-гийн араас очиж, цагдаагийн албан хаагч У.Т-тэй зууралдаж, шууд бичлэг хийх зэргээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд үйлдлээрээ нэгдэж, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг нотолсон камерын бичлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэн, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадсан байх ба шүүгдэгч Д.О-гийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, түүнийг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР