| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0139/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: П.Г
Шүүгдэгч: Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Гт холбогдох 1812002050138 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б-ийн Г/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнж хорооллын ,, тоотод иргэн П.Гыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч П.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн”...2018 оны 04 сарын 02-ны өдрийн өглөө Б ах бид хоёр Б.Г ахын гэрт очсон. Тухайн үед бид хоёр нэг пиво, нэг тал пиво аваад очсон учраас тэр пивоо ууж дуусгаад одоо явъя даа гэж хэлсэн чинь “та хоёр намайг ингэж хордуулчихаад хаяад явахгүй юм байгаа биздээ” гэж хэлэхээр нь Б ах за тэгвэл пиво аваад ирье гээд 6 ширхэг пиво авч ирээд хоёр пиво уугаад байж байтал маргалдсан. Гадаа гарч маргалдаад гэрт орж ирээд дээлээ өмсөөд бид хоёр явах гэж байтал Б.Г ах намайг дахиад барьж авах гэж байгаа юм шиг болохоор нь ор руу нь түлхсэн чинь Б.Г ах ухас хийх шиг болсон чинь шүүгээнээсээ хар иштэй хутга аваад намайг 3 удаа хутгалсан. Би аймгаас шинжилгээ гаргуулаад намайг нарийн шинжилгээ гаргуулаад ир гэхээр нь өөрийн зардлаар явж гарынхаа хурууг нарийн шинжилгээ гаргуулахад мэдрэлийн хоёр судас тасарсан, цаашид эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Эмнэлгийн зардал, хоёр сарын цалин, Улаанбаатар хот, аймаг руу ирж очсон унааны зардал гээд нийт 670.000 төгрөг нэхэмжилж байна. Өчигдөр Б.Г ахаас надад 700.000 төгрөгийг хохирол төлбөр барагдуулсан байгаа. Ажил хийж байсантай холбоотой нотлох баримт гэх зүйл байхгүй, намайг ажил хийж байсан талаар Б.Г ах мэдэж байгаа. Харин Хайрхан сумаас 15000 төгрөгөөр аймаг руу ирдэг. Аймаг руу ирж очсон гэх зардалтай холбоотой баримт байхгүй, учир нь дандаа хувийн унаа явдаг учраас мөнгөө бэлнээр өгөөд ирж очдог байгаа...” гэх мэдүүлэг
* Эрүүгийн 1812002050138 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч П.Гын өгсөн:
“...Би 2018 оны 04 сарын 02-нд Г гэх айлд өөрийн таньдаг ах Бын хамт очсон. Тэгээд бид хоёр 2.5 литрийн 1 бүтэн, 1 тал пиво Гынд 41
Дараа нь Б ах дахин 2.5 литрийн 6 сав Боргио нэртэй пиво дэлгүүрээс авч ирээд бид гурав 4 сав пивыг нь хувааж уугаад байж байтал Б.Г ах над руу хандаж чи их том болжээ гэж хэрүүл өдөөд байхаар нь би таньтай юу ярих зүйл байхгүй гэж хэлээд гэрээс нь гарч явтал миний араас Б.Г ах бариад авахаар нь би 2 удаа хөл рүү нь хавсарч унагаад буцаж гэрт нь ороод дээлээ өмсөөд явах гэж байтал дахиад Б.Г ах хэрүүл хийгээд бариад авахаар нь би ор руу нь түлхээд орхитол босож тогооны шүүгээнээс хар иштэй бололтой хутга аваад над руу дайрахаар нь би зүүн гараараа хаатал миний гарын алга хэсэгт хатгасан. Тэгэхээр нь би гараа буулгатал миний зүүн гарын ар хэсэгт хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би ахаа намайг хатгачихлаа хутгыг нь аваарай гээд хойшоогоо эргэтэл миний зүүн хажуу хэсэг рүү хутгаараа хатгасан. Энэ үед Б ах хутгыг нь булааж аваад салгасан. Тэгээд Б ахтай мотоцикль дээр нь сундалдаж эмнэлэгт очсон. Бид нарын хооронд маргах шалтгаан байгаагүй. Би бага зэрэг согтолттой, Б, Б.Г ах хоёр их согтолттой байсан. Одоо миний биеийн байдал зовиуртай зүүн гарын ар болон урд хэсэг, зүүн далны доод хэсэгт шархтай байна. Миний хувьд гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,
* Гэрч Б.Пгийн өгсөн:
“...2018 оны 04 сарын 02-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн орчимд утсаар эмнэлгээс танай хүү П.Г хүнд хутгалуулсан байдалтай цус алдалттай ирсэн гэж байсан. Тэгээд би машинаараа ээж ахынх нь хамт эмнэлэг дээр иртэл миний хүү П.Г эмнэлэгт ирсэн хэвтэж байсан. Тэгээд Б.Г ах намайг хутгалсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
* Гэрч Д.Бын өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Асгат багийн нутаг Цагаан-Овоо, Арлын гол гэх газруудаар явж морио хайгаад олоогүй тэгээд оройтоод П.Гын гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүннү голоор явж морио хайна гэсэн чинь П.Г би төв орно гээд миний мотоцикльтой хамт Хайрхан сумын төв орж ирээд малын арьсаа тушаагаад дэлгүүрээс пиво аваад хуурай ах Отгонбаатарын гэрт очиж хувааж уугаад хоол идчээд унтаж байтал П.Г намайг сэрээсэн. Босоод харахад 2.5 литрийн 4 ширхэг пиво аваад ирсэн байна тэгээд би босоод тухайн пивыг П.Гтай хувааж уугаад сууж байгаад 2 ширхэгийг нь ууж дуусгаад тасарсан байсан. Нэг мэдэхэд маргааш өглөө нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уурын зуухны галч Төөмөө гэдэг айлд П.Гтай хамт сэрээд бид хоёр Б.Гын Араб азарганы төл гарсан гэж байна хамт очиж үзье гээд нэг ширхэг 2.5 литрийн пиво, тал дундуур пиво аваад очсон тэгтэл Б.Г гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд бид хоёр Б.Гыг сэрээгээд морьны зүчээнд ороод унагыг нь хараад гэрт нь буцаж орж ирээд хоол халааж идчихээд авч ирсэн нэг ширхэг 2.5 литрийн пиво, тал пивыг гурвуулаа хувааж уугаад дууссан. Тэгтэл Б.Г та хоёр унтаж байсан хүнийг сэрээгээд пиво өгчихөөд одоо хаяад явах гэж байгаа юм биш биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь П.Г бид хоёр дэлгүүр яваад сумын төвийн Энхболд гэх хүний дэлгүүрээс 2.5 литрийн Боргио нэртэй пиво 6 ширхэгийг аваад буцаж Б.Гын гэрт очоод гурвуулаа хувааж уугаад суусан. Тэгээд авсан пивоны 3 ширхэгийг нь уугаад 4 дэх нь талдаа орж байхад би бие засаад гарч ирээд алхаж байтал 2 Г хашаан дотор хоорондоо маргалдаад зогсож байснаа П.Г нь Б.Гыг хоёр удаа хавсраад газар унагасан. Тэгээд би гүйж очоод салгаад гэр рүү нь хоёуланг нь дагуулж ороод гэрийн зүүн талын буйдан дээр 2 Г суугаад би гэрийн баруун талд ширээний хажууд сууж байтал Б.Г нь босоод гал тогооны шүүгээ рүү ухасхийгээд яг хутга авах гэж байна гэж бодоод араас нь босоод очиж байтал П.Г Г миний гар руу хутгалчихлаа гэж хэлээд орилсон. Тэгээд би Б.Гыг салгаад хутгыг нь аваад гэрээс гаргаад шидчээд буцаад ороод ирэхэд П.Г нь ахаа судас тасарсан юм шиг байна эмнэлэг явъя гэхээр нь би П.Гыг мотоцикль дээрээ суулгаад Хайрхан сумын эрүүл мэндийн төв дээр ирээд эмч нарт хүлээлгэж өгсөн. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. П.Г нь Б.Гын хурдан морийг унадаг хүүхэд байсан. Намайг гэрээс гарахад тэр талаараа яриад сууж байсан. П.Г гэрийн зүүн буйдангийн дээд талд нь, Б.Г нь тухайн буйдангийн доод талд буюу гал тогооны шүүгээ талд сууж байсан. Хоорондоо юу ярьж байсныг би сонсоогүй тухайн үед миний чихнээс булга гараад чих муу сонсож байсан. Ямар ч байсан маргалдаж байсан. Надаас өөр харсан хүн байхгүй. П.Г, Б.Г хоёр хоорондоо ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. П.Гыг би багаас нь мэднэ, хурдан морь унадаг хүүхэд. Хааяа архи, тамхи хэрэглэдэг, эрүүл үедээ даруухан зантай хүүхэд. Харин Б.Гыг би сайн мэдэхгүй харьцаж байгаагүй нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мэднэ. Б.Г П.Гыг хар өнгийн иштэй хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
* Яллагдагч Б.Гын өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө намайг гэртээ байж байхад гаднаас П.Г, О гэх найзынхаа хамтаар 2 том Боргио нэртэй пиво авч орж ирсэн. Тэгээд бид 3 тэр пивийг ууж дуусаад гэрээс яваад дэлгүүр ороод дахин 6 ширхэг том пиво аваад тэр 2 буцаж манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 3 авч ирсэн пивийг ууж дуусаад байж байтал П.Г надтай хэрүүл маргаан хийгээд архинаас болж согтуурхаад танай хэдэн адууг би нааш цааш нь болгоно гэх мэт юм яриад байхаар нь ахын дүү ямар том болчихсон юм бэ гэсэн чинь би угаасаа том болсон том болсоноо харуулах уу гээд бид хоёр маргалдсан. Тэр үед О ямар нэгэн юм яриагүй зүгээр л хараад сууж байсан. Тэгээд Г бид 2 гэрээс гараад барьцалдаж аваад хэсэг зодолдож байгаад салаад гэрт орж ирээд дахин надад томроод хэл амаар доромжлоод маргаад байхаар нь миний уур хүрээд шүүгээнээс хар иштэй хутга ааваад гар болон цээж орчимд нь нэг нэг удаа хутгалчихсан. Тэгсэн П.Г О 2 гэрээс гараад эмнэлэг рүү яваад өгсөн. Өөр ямар нэгэн байдлаар зодоон цохион болоогүй би хэсэг хугацааны дараа эмнэлэг рүү П.Гын араас очсон. Намайг яваад очиход П.Г боолт хийлгүүлсэн биеийн байдал хэвийн байдалтай байсан. Тухайн үед П.Г бид 2 архи уусан их согтсон байсан. Тэгээд бид хоёр хэрүүл маргаан хийж бас барьцалдаж авч ганц нэг цохилцсон. Тэгээд надад томроод маргалдаад байхаар нь миний уур хүрээд би шүүгээнээс хар иштэй том хутга аваад П.Гын гар болон цээж рүү нь нэг нэг удаа хутгалсан. Би тухайн үед их согтсон байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тухайн үед П.Г, О бид гурав манай гэрт байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтэнд:
“...П.Гын биед дараах гэмтэл учирсан байна. П.Гын биед цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гарын алганд болон алганы ар талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал /
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 365 дугаартай нэмэлт дүгнэлт:
“...П.Гын зүүн гарын эрхий, долоовор хурууны нугалах тэнийлгэх, сарвуу атгах хөдөлгөөн хязгаарлагдаагүй байна. Зүүн сарвууны мэдрэлийн өвдөлт, хурууны үзүүр бадайрах зовиуртай байна. Энэ нь урьд гаргасан дүгнэлт өөрчлөгдөх үндэслэл болохгүй. П.Гын биед дараах гэмтэл учирсан байна. П.Гын биед цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гарын алганд болон алганы ар талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 90 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнж хорооллын 14-04 тоотод иргэн П.Г нь бусдад хутгалуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн болох нь хохирогч П.Гын “...Б ах дахин 2.5 литрийн 6 сав Боргио нэртэй пиво дэлгүүрээс авч ирээд бид гурав 4 сав пивыг нь хувааж уугаад байж байтал Б.Г ах над руу хандаж чи их том болжээ гэж хэрүүл өдөөд байхаар нь би таньтай юу ярих зүйл байхгүй гэж хэлээд гэрээс нь гарч явтал миний араас Б.Г ах бариад авахаар нь би 2 удаа хөл рүү нь хавсарч унагаад буцаж гэрт нь ороод дээлээ өмсөөд явах гэж байтал дахиад Б.Г ах хэрүүл хийгээд бариад авахаар нь би ор руу нь түлхээд орхитол босож тогооны шүүгээнээс хар иштэй бололтой хутга аваад над руу дайрахаар нь би зүүн гараараа хаатал миний гарын алга хэсэгт хатгасан. Тэгэхээр нь би гараа буулгатал миний зүүн гарын ар хэсэгт хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би ахаа намайг хатгачихлаа хутгыг нь аваарай гээд хойшоогоо эргэтэл миний зүүн хажуу хэсэг рүү хутгаараа хатгасан. Энэ үед Б ах хутгыг нь булааж аваад салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пгийн “...2018 оны 04 сарын 02-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн орчимд утсаар эмнэлгээс танай хүү П.Г хүнд хутгалуулсан байдалтай цус алдалттай ирсэн гэж байсан. Тэгээд би машинаараа ээж ахынх нь хамт эмнэлэг дээр иртэл миний хүү П.Г эмнэлэгт ирсэн хэвтэж байсан. Тэгээд Б.Г ах намайг хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын “...2 Г хашаан дотор хоорондоо маргалдаад зогсож байснаа П.Г нь Б.Гыг хоёр удаа хавсраад газар унагасан. Тэгээд би гүйж очоод салгаад гэр рүү нь хоёуланг нь дагуулж ороод гэрийн зүүн талын буйдан дээр 2 Г суугаад би гэрийн баруун талд ширээний хажууд сууж байтал Б.Г нь босоод гал тогооны шүүгээ рүү ухасхийгээд яг хутга авах гэж байна гэж бодоод араас нь босоод очиж байтал П.Г Г миний гар руу хутгалчихлаа гэж хэлээд орилсон. Тэгээд би Б.Гыг салгаад хутгыг нь аваад гэрээс гаргаад шидчихээд буцаад ороод ирэхэд П.Г нь ахаа судас тасарсан юм шиг байна эмнэлэг явъя гэхээр нь би П.Гыг мотоцикль дээрээ суулгаад Хайрхан сумын эрүүл мэндийн төв дээр ирээд эмч нарт хүлээлгэж өгсөн. Б.Г П.Гыг хар өнгийн иштэй хутгаар хутгалсан...” гэх мэдүүлэг хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 169 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Гын бусдын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож гэж үзэн шүүхээс шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогчид 787.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хохирогч шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хохирогч П.Г нь хохирол төлбөртэй холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогчид 787.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Г нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хар иштэй хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР