| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2116000470093 |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
Ц.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.А, Б.Б (цахимаар),
Хохирогчийн өмгөөлөгч А.К (цахимаар),
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Д,
Иргэний хариуцагч Б.Э-ын өмгөөлөгч Г.У (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.А, Б.Б нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Ц.Г-д холбогдох эрүүгийн 2116000470093 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
Б овогт Ц.Г нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, ********, ам бүл *****, ******** ********* хамт Ховд аймгийн ******** сумын ******** баг *** - *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ПЮ ********* регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-ыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багийн нутаг давсгэр, Говь-Алтай аймгаас 109 км, Ховд аймгаас 331 км-т улсын чанартай хатуу хучилттай зам дээр “**********” ХХК-ийн өмчлөлийн *** - *** ТТА улсын дугаартай “LGMG MT***” маркийн өөрөө буулгагч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглогдсон -газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, гэснийг
Мөн дүрмийн 24.5 дугаар зүйлд заасан “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэснийг Мөн дүрмийн 9.3. “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ. в харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд”; ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”,
Мөн дүрмийн 9.4-д заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”
Мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м- ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”,
Мөн дүрмийн 9.6-д заасан “ Чирүүлж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн ард байрлуулж хөдөлгөөнд оролцоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ховд-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан *** - *** ХОҮ улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобус “LGMG MT***” маркийн өөрөө буулгагч автомашиныг мөргөж улмаар эсрэг урсгалд явсан ** - ** ГАО улсын дугаартай “Toyota Crown” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас “Kia Granbird” маркийн тээврийн хэрэгсэлд 8.265.000 төгрөгийн хохирол, “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгсэлд 14.155.000 төгрөгийн хохирол, иргэн С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Н, Ө.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Б, Н.О нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Б овогт Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасч, эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар иргэний хариуцагч “********* ХХК”-иас 14,155,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д, 5,485,083 төгрөг гаргуулж хохирогч С.О-д, 1,170,400 төгрөг гаргуулж хохирогч Ө.Х-д, 1,179,881 төгрөг гаргуулж хохирогч С.Э-д, 2,901,090 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д, 8,265,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг бүхий CD /сиди/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, ** - ** ХОҮ улсын дугаартай “Kia Granbird” маркийн цагаан өнгийн автобусны хяналтын камер, 4 ширхэг лампыг устгаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг 4 жилийн хугацаанд явуулахдаа мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн болох, осол гаргасан жолооч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоогоогүй хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг цаг алдалгүй бүрэн хийгээгүйгээс гэмт хэргийн шинж зөв тодорхойлогдоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотолбол зохих байдал бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянах үүргээ биелүүлээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байгаа талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй нь өмгөөлөгчийн дүгнэлтэдээ хэлсэн саналын үндэслэл болгосон баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Тухайлбал: Өмгөөлөгч миний бие нь гэмт хэргийг хэн үйлдсэн болох, шинжээчийн дүгнэлтүүд хэрхэн хууль зөрчиж гарсан болох хэргийн бодит байдлыг хэрхэн шалгаж тогтоосон болох, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг хэрхэн бүрэн гүйцэд шалгаж тогтоож чадаагүй болох, хэрхэн нэр төдий хийж гүйцэтгэсэн талаар санал дүгнэлтдээ дурдсан бөгөөд энэ бүхнийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчиж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүдэд хөтлөгдөн хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шинжээч хууль, тогтоомж хэрэглэх түүний зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглодог.
Гэтэл тус хавтаст хэрэгт гаргуулсан техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтуудыг зөрчсөн, зөрчөөгүй талаар дүгнэлт гаргаж түүнийг нь прокурор, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа асуудал юм. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэлтийг бид гаргахгүй талаар асуултад хариулаагүй байхад шинжилгээний байгууллагаас өөр газраар гаргуулсан дүгнэлтүүдээр тус хариултад хариулсан байгаагаас мөн 1-р хариултаараа хариулах боломжгүй гэсэн атлаа 2-р хариултаараа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар тус тус хариулж байгаагаас тодорхой харагдах бөгөөд тус дүгнэлтүүд нь прокурорын болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь хууль зөрчиж байна.
Тухайлбал: 2-р ХХ-ийн 28-31-рт авагдсан ШД, 5-р ХХ-ийн 46-49-р авагдсан ШД зэргээс харагдана. Анхан шатны шүүхээс хууль зөрчиж гаргасан дүгнэлтүүдийг холбогдох хэсгүүдийг авч Ц.Г-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Үүнд: Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох шинжилгээ хийсэн шинжээч ** ** ТТА улсын дугаартай LGMG МТ*** маркын тээврийн хэрэгсэлийн жолооч хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд түр ба удаан зогсох талаар зохицуулсан бөгөөд тус дүрмийн 1.2.34-д түр зогсолт гэж ... хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг ойлгохоор, 1.2.35-д удаан зогсолт гэж ... зориуд зогсоосон үйлдлийг ойлгохоор тус тус хуульчилж тайлбарласан. Харин Ц.Г-ын хувьд тус эвдэрсэн машинд ирж засвар хийсэн засварчин болох Д.Б-ын 1-р ХХ-ийн 166-рт авагдсан мэдүүлгээр зайлшгүй зогсолт хийсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн хүнд оворын техникийн засварыг хийж байж замаас зайлуулахаас өөрөөр холдуулах боломжгүй болох нь тогтоогдож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т Зайлшгүй зогсолт гэж жолооч зорчигчийн биеийн байдал тээж яваа ачаа байгалийн үзэгдэлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл ... шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Мөн 24.5-р зүйлийн журам стандартыг баримтлана гэснийг зөрчсөн гэж энэ нь ямар стандарт журам болох үүнийг хэн хэрхэн зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй атлаа Ц.Г-д хамаатуулсан нь үндэслэлгүй. 9.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлгүй засварчин ирэхийг хүлээж 2 хоног зогсоход аккумлятор цэнэггүй болж ослын дохио асаах боломжгүй болсон. 9.4, 9.5-т заасныг зөрчсөн асуудлыг Ц.Г хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч зам дээр орлуулж эд зүйл тавьсан.
Түүнчлэн зам дээрх овор хэмжээ ихтэй тээврийн хэрэгсэлийг автобусны жолооч хол, ойрын гэрэлдээ хурдаа тааруулж явсан бол харсан даруй зогсоох арга хэмжээ авах байсан боловч огт зогсоох арга хэмжээ аваагүй болох нь хэргийн газрын үзлэг болон бүдүүвч зурагаар маш тодорхой нотлогдож байхад огт дүгнэлт хийлгүйгээр автобусны хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтэд хөтлөгдөн Ц.Г осол гарахад ганцаараа буруутай мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл тээврийн хэрэгсэлийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг автобусны жолооч тус тус зөрчсөн байхад үүнийг няцаасан дүгнэлтийг огт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл автобусны жолооч зогсоох арга хэмжээ аваагүй болох зогсоож болох хурдыг сонгож чадаагүй болох хэргийн газрын үзлэг болон бүдүүвч зурагнаас харахад Автобус ДАМП-н хойд талын өнцөг рүү мөргөөд 35 м явж кроун машинтай мөргөлдөж түүнийг 21 м түрж яваад дээр нь гарч зогссон нөхцөл байдлаас маш тодорхой харагдана. Түүнчлэн автобусны хол ойрын гэрлийн тусгалыг шалгаж тодорхойлж шалгаж чадсан бол, шинжээчийн мэдүүлэгт дурдсан шиг 100 метрийн зайнаас гэрлийн тусгалд орж ирсэн саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан бол хохирлын хэмжээ бага байх боломжтой нөхцөл бүрдэж байгаа болно. Урьд анхан болон давж заалдах шатны шүүхийн нэмэлт ажиллагаа хийлгэх шийдвэрүүд бүрэн хэрэгжээгүй зарим зүйлсийг ор нэр төдий биелүүлсэн нь гэмт хэргийн бодит байдлыг шалган тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад энэхүү хэрэгт ганцхан Ц.Г-ыг гэм буруутай гэж хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Автобусны хол ойрын гэрлийн тусгал, жолоочийн нүдний хараа, тормосны механизм ажиллагаатай байсан эсэх зэрэгт огт дүгнэлт хийхгүйгээр шинжээчийн дүгнэлтэд хэт хөтлөгдөж хуулийн зүйл заалт хэрэглэх хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох зэрэг дүгнэлтүүдийг техникийн шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөн шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд хэргийн бодит байдал хавтаст хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал зэрэгт дүгнэлтийг зөв хийлгэж гэмт хэргийг хэн үйлдсэн болох нөхцөл байдлыг тогтоолгох ач холбогдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц овогтой Г миний бие нь 19** онд төрсөн, ** настай 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 03 цагийн орчимд миний унаж явсан МТ86 маркийн машин явж байгаад гэнэт эвдрэл гарч зайлшгүй зогсолт хийсэн юм. Энэ гарсан эвдрэлийг би өөрөө засах ямар ч боломжгүй тул захиралд танилцуулж засварын баг дуудсан. Тэгээд аваарын бүх гэрлээ асаагаад ослын зогсолтын тэмдэг байхгүй байсан тул боломжоо ашиглаж 120 м орчимд том машины тал дугуй тавьсан. Мөн чулуу овоолж тусгаарлагч гялгар гудсаар гурвалжин тэмдэг хийж тавьсан. Гэрэл ойно гэж бодож тавьсан.
Би энэ хэрэгт өөрийгөө огт буруугүй гэж боддоггүй, 50 хувь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч цагдаа, прокурор, шүүхээс дуудсан үед цаг алдалгүй ирдэг. Автобусны хурдыг тодорхойлох боломжтой. Автобус маш хурдтай явсан нь хэрэгт байгаа баримтуудаас харагдаж байгаа. Жолооч Б нь надтай уулзаж ахаа 2-лаа 50:50-иар хэргээ хүлээе гэж гуйж байсан. Мөн гэрч нар автобус торгууль ихтэй, хугацаа дууссан, хүн тээвэрлэх эрхгүй зэрэг мэдүүлэг өгсөн байдаг. Иймээс миний ялыг хөнгөрүүлж, амьдралд тус болж өгнө үү гэж чинь сэтгэлээсээ гуйж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл, хэмжээг хуульчлан заажээ. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан мансуурсаны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласанаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна. Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ц.Г-ын үйлдэл болон гарсан хор уршгийн хоорондын шууд, зайлшгүй шалтгаант холбоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны стандартын хэмжээнд эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Ослын нөхцөл байдалд зам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, харанхуй цагийн үзэгдэлт хязгаарлагдмал байдал, замын нөхцөлөөс үүдэлтэй объектив хүчин зүйлс бодитоор оршин байсаар байхад эдгээрийг шүүгдэгчийн ашиг сонирхолд тайлбарлан үнэлээгүй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Шүүх шинжилгээний дүгнэлт болон физик нөхцөл байдлын баримтууд нь жолооч ослоос зайлсхийх, зогсоох арга хэмжээ авах оролдлого хийсэн байх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд ийм нөхцөлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэм буруугүйд тооцох”, “эргэлзээг шүүгдэгчийн ашиг сонирхолд тайлбарлах” суурь зарчмуудтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/272 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтын үнэлгээтэй нийцээгүй тул хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Г-ыг цагаатгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.
Хууль зүйн хэрэглээний үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг харьцуулан шалгахад, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодитой, бүх талаас нь үнэлээгүй, харин яллах талд ашигтай баримт, тайлбарыг харьцангуй авч үзсэн нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад осол гарах нөхцөл байдалд зам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл байсан, осол харанхуй цагийн нөхцөлд, үзэгдэлт хязгаарлагдмал үед гарсан, мөн зогсоох бодит техникийн боломж, шалтгаант холбооны асуудал шинжээчийн нарийвчилсан дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдоогүй байхад эдгээрийг шийдвэр гаргахдаа зохих ач холбогдлоор нь үнэлээгүй байна. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд бүрэн зогсолтын мөр тогтоогдоогүй гэж дурдсан боловч энэ нь жолооч зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн нэг утгатай дүгнэлтэд хүргэх боломжгүй бөгөөд харин ослын дараах хөдөлгөөний зай, түрэгдсэн байдал зэргийг хамтад нь үнэлэх ёстой байсан атал уг физик нөхцөл байдлыг шүүгдэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан зарим мэдүүлэг, тухайлбал тухайн агшинд өгсөн субъектив тайлбаруудыг шүүх шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримт мэтээр үнэлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтад тавигддаг эргэлзээгүй, бодит, шалгагдсан байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаалаа.
3. Учир нь тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/11 дугаартай магадлалд дурдагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа удааширч, цаг хугацаа алдсан гэдэг нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох үүргээс тэднийг чөлөөлөх, урьд өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.
4. Мөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүйгээс шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэрэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн олж тогтоох үүрэгтэй.
5. Мөрдөх байгууллага, Прокурор нь гэмт хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хугацаанд нь зохих ёсоор нягт, нямбай шалгах нь уг байгууллага албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотлоно гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн энэ хэргийн тухайд тогтоогдвол зохих нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй, өмнөх магадлалаар заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ