| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0024/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
Хохирогч: Б.Э
Шүүгдэгч: Ё.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ёгийн Ё.Ст холбогдох 1712002210004 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө овгийн Ёгийн С,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ё.С нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Даагын тал гэх газарт Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Хохирогч Б.Эийн шүүх хуралдаанд мэдүүлсэн”...Миний хувьд өөрөөс гарсан хохирол төлбөрийг нэхэмжилж гомдол гаргаж байна. Үүнээс илүү дутуу хохирол төлбөр нугалаад авъя гэсэн санаа байхгүй. Анх би 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо өмнөх 2.600.000 төгрөг, одоо хохирол төлбөрт гарсан 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгөний цаана өчнөөн хохирол бий. Би хүйтэн нойтонд нүүр амандаа шарх сорвитой учраас малдаа явж чадахгүй байдалд хүрээд малчин авч малаа маллуулах болсон. Энэ байдлыг үгүйсгээд байгаад би их гомдолтой байгаа. Ё.С миний дээрх байдлыг үгүйсгээд байх шаардлага байхгүй байх гэж бодож байна. Энэ хүн миний амьдрал, миний мал ямар байдалтай байсныг сайн мэдэж байгаа. Би мал дээрээ ганцаараа байдаг. Энэ хэрэг бараг жил гаруй болж байна. Бүхэл бүтэн Прокурорын байгууллага байж цагдаагаас ирсэн хэргийн материалыг бүрэн дүүрэн шалгаж, нотолж чадаагүйд энэ хэрэг удааширсан гэж бодож байна. Үүнд хэн хохирогч байна хохирогч л хохирч байна. Өмнөх болсон шүүх хуралдааныг би шударга бус явагдсан гэж үзэж байгаа. Өнөөдөр миний нэхэмжилсэн хохирол төлбөрийг шийдэж өгөхгүй бол би цааш нь гомдол гаргана...” гэх мэдүүлэг
* Эрүүгийн 1712002210004 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Б.Эийн өгсөн:
“...2017 оны 10 сарын 31-ний өдөр Батцэнгэл сумын Б багийн Д тал гэх газар Ч гэх айлд Ё.С Ч нартай хууч хөөрөөд 1 шил архи хувааж уугаад сууж байтал У /Б.Б/, Б.Б хоёр орж ирээд, Улаанаа /Б.Б/ бид нартай амар мэнд асуутал. Ё.С өөдөөс нь У /Б.Б/-г чи хаанахын цавчаачин ороод ирэв гэхээр нь, би юу яриад байгаа юм бэ? хүн орж ирээд амар мэнд мэдэж байхад гэтэл Ё.С намайг чамд ямар хамаатай юм гээд, бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд гэрээс гарч зодолдох гээд барьцалдаж аваад ганц нэг цохилцсон чинь хүмүүс бид хоёрыг салгаад, би тэр доороо явган сууж байсан чинь Ё.С миний нүүр рүү нэг удаа өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн. Өмнө нь барьцалдаж авахдаа миний хамар руу нэг удаа гараараа цохисон юм. Бид хоёрын дунд өмнө нь ямар нэг өс хонзонгийн зүйл байгаагүй. Бэлчээрийн асуудлаас болж ганц, нэг маргалдаж байсан. Ё.С намайг зодож цохиод, миний нүүрэнд шарх, сорви үүсгэсэн. ...Би 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс эмнэлэгт үзүүлж эхэлсэн. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Улаанбаатар хотод Мөнгөн гүүр, МЖЖ, Од хийморь гэх хувийн эмнэлэгүүдэд үзүүлсэн. Би 13 хуудас хохирлын баримт, эмчилгээний талаарх зардлууд болон 1 ширхэг хагалгааны дараах гэрэл зургийг хавтаст хэрэгт хавсаргуулмаар байна. Би цаашид 6 сарын хугацаанд эмнэлгийн хяналтанд байна. Тэр хугацаанд бас зардал мөнгө гарахаар байгаа. Одоогийн байдлаар 4198000 төгрөгний зардал гараад байна. Энэ хохирол мөнгийг барагдуулмаар байна. Эмч 6 сарын хугацаанд доргиж, даарч болохгүй гэсэн учраас дэглэм барьж байгаа. Тиймээс малчин хөлсөлж, 300.000 төгрөгөөр цалинжуулж байгаа. Баримтыг бүрдүүлж, шүүх хуралд өгнө..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-07, 8-9 дүгээр тал/,
* Гэрч С.Чын өгсөн:
“...Ё.С, Б.Э нар манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед ирсэн. Тэгээд би тэр өдөр архи уучихсан байсан байсан болохоор мэнд мэдчихээд унтаад өгсөн. Ё.С, Б.Э нарын маргалдаж, зодолдсон талаар юу ч мэдэхгүй байна. Маргааш өглөө нь эхнэрээсээ сонссон. Манай эхнэр надад ярихдаа Ё.С, Э нар нь хоорондоо үл ойлголцон маргалдаж хэрэлдсэн гэж ярьж байсан Өөр зүйл яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
* Гэрч Б.Бийн өгсөн:
“...Би Ё.С, Б.Э хоёрыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Даагын тал гэх нутагт Чынд маргалдаж зодолдох үед нь хамт байсан. Тэр хоёр малын бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Өмнө нь Ё.Сийн аав Ё гэдэг хүн Б.Эд бэлчээрийн асуудлаас болж агсам тавьж байсан гэж Б.Э Ё.Ст яриад, тэр асуудлаасаа болж хоорондоо маргалдаж зодолцсон юм. Б.Э, Улаанаа /Б.Б/, Ё.С гурав хоорондоо маргалдаж, зууралдаад байхаар нь би Ё.Сыг салгаж аваад, та гурав боль, бие биедээ гай болно гэж хэлээд байж байтал Б.Эийн хамарнаас цус гарсан байдалтай газар буруу хараад сууж байсан чинь Ё.С надаас салаад Б.Эийн араас нүүр рүү нь 1 удаа өшиглөчихөөд алга болчихсон. Намайг Б.Эийг очоод харахад хацар нь язарчихсан, цус нь тогтохгүй байхаар нь сумын төв рүү авч яваад эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Тэр хоёр уг нь бие биенээ олон цохиогүй. Зөрөөд ганц нэг удаа бие биенийгээ цохилцож салаад, дараа нь Б.Эийг гэрийн гадаа хамраасаа цусаа гойжуулаад сууж байхад нь Ё.Ё.С араас нь очоод нүүрийг нь хага өшиглөчихсөн. Тэр хоёр өөд өөдөөсөө зөрөлдөж, ганц нэг удаа цохилсон, хаана нь яаж цохилцсоныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,
* Гэрч Б.Бын өгсөн
“...Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутагт байх С.Ч гэх айлд очиход Б.Э, С.Ч нар байсан. Би гэрт сууж байсан хүмүүстэй мэндэлсэн чинь Ё.С миний өөдөөс ямар тагнуул, ямар авчигч нь яваад байна гэтэл Б.Э Ё.Сыг чи хүн сайн байна уу гээд мэндэлж байхад юу яриад байгаа юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёр гэрээс гарч маргалдаад Ё.С ахад Б.Э нь “ танай аав манай хонийг хөөгөөд байна” гэж хэлтэл өөдөөс нь чи өөрөө бэлчээрээ хамгаал гэж хэлээд Ё.С нь Б.Э ахын хамар руу баруун гараараа хоёр удаа алгадчихсан. Тэгээд Б.Э ахын хамарнаас цус гараад цусаа гойжуулаад сууж байхад нь хүрч ирээд нүүр нүү нь нэг удаа өшиглөчихсөн. Тэгэхээр нь би гүйж очоод юу болж байна гэж асуутал Ё.С ах чамд ямар хамаатай юм бэ гээд намайг нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Өөр цохиж зодоогүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний бие зүгээр байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/
* Гэрч Ц.Нгийн өгсөн:
“... Ё.С, Б.Э хоёр манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирээд хоорондоо хууч хөөрөөд сууж байтал манай сумын Улаанаа /Б.Б/ гэдэг залуу гаднаас орж ирээд мэнд мэдэлцээд суусан. Тэгээд ууж байсан шар айрагнаасаа Улаанайд хийж өгсөн. Улаанаа /Б.Б/ манайд орж ирэхдээ нилээн халамцуу байсан. тэгээд гэрт сууж байсан хүмүүстэй нэг л эвгүй мэндлээд байсан. Тэгээд Улаанаа /Б.Б/ Ё.С хоёр маргалдаж, гэрээс гарч уулзалдаад, эвлэрээд гэрт орж ирсэн. Тэгтэл Б.Э, Ё.С хоёр хоорондоо маргалдахаар нь би гэр битгий буулгачих гэж хэлтэл гэрээс гарч яваад гадаа хоорондоо зодолдоод байхаар нь би гэрээс гарч Улаанааг /Б.Б/ явуулах санаатай байж байтал Б.Э Ё.С хоёр зодолдоод Б.Эийн хамарнаас цус гарсан харагдаж байсан. Би тэр хоёрыг нэг нэгнээ цохихыг хараагүй. Б.Эийн нүүрнээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаартай дүгнэлтэнд:
“... Б.Эийн биед биед тархи доргилт, хамрын нуруу, зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зүүн зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 209 дүгээр тал /,
* Яллагдагч Ё.Сын өгсөн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Б.Эийн хамт Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутагт С.Ч гэх айлд очсон юм. Тэгээд Б.Э бид хоёр нийслэл нэртэй 2 литрийн пиво уугаад сууж байтал гаднаас манай нутгийн Б.Б гэдэг залуу орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо мэнд усаа мэдэлцээд би Б.Быг тоглоомоор чи хаанахын цовчигч вэ гэж хэлсэн. Бид гурав пиво уугаад хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг гэрийн үүдэнд сууж байтал Б.Э хоёулаа гаръя гээд авч гарсан. Тэгээд надад хандаж чи хэзээ ийм болчихсон чацага вэ, чи Б.Быг тэгж хэлж болохгүй гэхээр нь чамд хамаагүй, дүү бид хоёрын асуудал гэж хэлсэн чинь Б.Энтөр хоёулаа зодолдох уу гэхээр нь зодолдмооргүй байна гэж хэлтэл эхлээд миний зүүн эрүүнд гараараа нэг удаа цохьсон. Би өөрөөс нь чи яаж байгаа юм гээд гарыг нь барьж авсан чинь гар тавь гэсэн. Тэгээд гарыг нь тавьтал баруун гараараа миний дух руу нэг удаа цохьсон. Би зөрүүлээд Б.Эийн нүүр рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би нэг хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Тэр хооронд би Б.Эийн нүүр рүү өшиглөсөн байна лээ. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгаад гэр, гэртээ харьцгаасан. ...Би Б.Эийг нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Б.Эийн нүүрэнд үүссэн гэмтлийг би учруулсан, зодоон болохоос өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Би Б.Этэй зодолдсоны улмаас миний толгой тархи байнга өвдөж байгаа. Нэг удаа ухаан алдаж уналт өгсөн. Б.Э миний толгой болон нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж зодсон. Б.Э намайг гараараа цохиж зодсон. Тэр өдрөөс хойш миний толгой тогтмол өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Хохирогч Б.Эийн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 10-26 дугаар тал/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28, 70, 71 дүгээр тал/
* Компьютер томографийн оношлогоо /хх-ийн 63 дугаар тал/
* Хохирогч Б.Эийн Амбулатороор эмчлүүлэгсэдийн карт /хх-ийн 64-67 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Даагын тал гэх газарт Б.Э нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ё.С нь үйлдсэн болох нь хохирогч Б.Эийн “....2017 оны 10 сарын 31-ний өдөр Батцэнгэл сумын Баян-Уул багийн Даагын тал гэх газар Ч гэх айлд Ё.С Ч нартай хууч хөөрөөд 1 шил архи хувааж уугаад сууж байтал Улаанаа /Б.Б/, Б.Б хоёр орж ирээд, Улаанаа /Б.Б/ бид нартай амар мэнд асуутал. Ё.С өөдөөс нь Улаанаа /Б.Б/-г чи хаанахын цавчаачин ороод ирэв гэхээр нь, би юу яриад байгаа юм бэ? хүн орж ирээд амар мэнд мэдэж байхад гэтэл Ё.С намайг чамд ямар хамаатай юм гээд, бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд гэрээс гарч зодолдох гээд барьцалдаж аваад ганц нэг цохилцсон чинь хүмүүс бид хоёрыг салгаад, би тэр доороо явган сууж байсан чинь Ё.С миний нүүр рүү нэг удаа өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн. Өмнө нь барьцалдаж авахдаа миний хамар руу нэг удаа гараараа цохисон юм. Бид хоёрын дунд өмнө нь ямар нэг өс хонзонгийн зүйл байгаагүй..” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Б.Э, Улаанаа /Б.Б/, Ё.С гурав хоорондоо маргалдаж, зууралдаад байхаар нь би Ё.Сыг салгаж аваад, та гурав боль, бие биедээ гай болно гэж хэлээд байж байтал Б.Эийн хамарнаас цус гарсан байдалтай газар буруу хараад сууж байсан чинь Ё.С надаас салаад Б.Эийн араас нүүр рүү нь 1 удаа өшиглөчихөөд алга болчихсон...” гэх мэдүүлэг, Б.Бын “...Ё.С нь Б.Э ахын хамар руу баруун гараараа хоёр удаа алгадчихсан. Тэгээд Б.Э ахын хамарнаас цус гараад цусаа гойжуулаад сууж байхад нь хүрч ирээд нүүр нүү нь нэг удаа өшиглөчихсөн. Тэгэхээр нь би гүйж очоод юу болж байна гэж асуутал Ё.С ах чамд ямар хамаатай юм бэ гээд намайг нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Нгийн “.... Тэгтэл Б.Э, Ё.С хоёр хоорондоо маргалдахаар нь би гэр битгий буулгачих гэж хэлтэл гэрээс гарч яваад гадаа хоорондоо зодолдоод байхаар нь би гэрээс гарч Улаанааг /Б.Б/ явуулах санаатай байж байтал Б.Э Ё.С хоёр зодолдоод Б.Эийн хамарнаас цус гарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 276 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ё.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ё.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Э нь шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны үед 5.190.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтаас эмчилгээ хийлгэж эм тариа авсан болон эмчлүүлэхээр явахад хэрэглэсэн гэх зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан үр дагавар буюу хохирол гэж үзэн нийт 2.640.600 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид шүүх хуралдаанаас өмнө төлсөн /хохирол төлсөн баримт ирүүлсэн/ 2.000.000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 640.600 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Б.Эийн нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000, малчин авч ажиллуулсан 1.000.000 төгрөг нь гэмт хэргийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй гэж үзэн тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4-т Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарна, 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байна гэж заасан байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилж байсан хүүхдүүдээ сургуульд болон хөдөө гэрт хүргүүлэхэд хэрэглэсэн мөн үхэр, адуугаа хүнд бензин өгч харуулсан гэх 31200 төгрөг /хх-20х/, 54000 төгрөг /хх-21х/, 45000 /хх-22х/ төгрөг, Улаанбаатар хот руу эхнэрийн явсан зардал, замдаа хоол унд идсэн гэх 70000 төгрөгийг нийт 200.200 төгрөгийг нэхэмжлэлээс хохирогч шүүх хуралдаанд татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ё.С нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн түүнд хохирогчид тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ё.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ё-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Соос 640.600 / зургаан зуун дөчин мянга зургаан зуу/төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгож, түүний нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ё.Ст хохирогч Б.Эд шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 640.600 /зургаан зуун дөчин мянга зургаан зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Ё.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ё.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР