| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516000320073 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2516000320073 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
Н ургийн овгийн Т.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, **********, ***********, **********, *********, ам бүл ***, Говь-Алтай аймгийн ************ сумын ******* баг ********-ын *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Говь-Аптай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д* ********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь:
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Г-ыг утсаараа яриулаач гэж Оппа А-97 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 02 дугаар сарын 27-ны оройн 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сум, ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” оёдлын газрын лангуун дээрээс хохирогч Д.Б-ийн эзэмшлийн Самсунг А-15 загварын гар утсыг, утасны кейс Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 442,500 төгрөгийн, улмаар Хаан банкны виза картнаас 323,700 төгрөгийг гарган авч хохирогч Д.Б-д нийт 766,200 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сум, ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* баарны текэн дээрээс хохирогч Г.С-ийн эзэмшлийн Iphone 16 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.С-д 6,419,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө ******* дүүргийн *** дугаар хороо “ ******** ” хотхоны *** дугаар ээлжийн барилгын талбайгаас “ ********** ” ХХК-ийн хөрөнгө болох 3 хайрцаг буюу 45 ширхэг мэдрэгчтэй гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн ойролцоо байрлах Голомт банкны урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Iphone-14 pro max маркийн гар утсыг шүүрч авч зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Б.Б-т 2,800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ********** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадна иргэн П.Ч-т унадаг дугуйгаа зарна, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би ойрхон хүнсний дэлгүүр ороод цэнэглээд ирье" гэж хуурч, төөрөгдөлд оруулан, хохирогч П.Ч-ийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг шилжүүлэн авч, 2,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдэд холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Н ургийн овгийн Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 8 (найм) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Б-өөс 2,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ч-т, 416,200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 2,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б нарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт 89 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 3 ширхэг сидиг /CD/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие Т овогтой Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 (хоёр) жил 8 (найм) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн юм. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ үнэн зөвөөр хүлээн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч Д.Б-д хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хасаж хөнгөрүүлж өгнө үү. Хорих ял эдлэж байх хугацаандаа хохирлоо чадах хэмжээгээрээ төлөх болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Г-ыг утсаараа яриулаач гэж Оппа А-97 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
4.1.1. Дээрх үйл баримт нь хохирогч Ч.Г-ын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 7 цагаас 8 цагийн хооронд ********** багт байрлах ******** хүнсний дэлгүүрт ороод байж байхад гаднаас танихгүй нэг залуу орж ирсэн. Намайг тамхи аваад зогсож байхад тэр залуу хажууд зогсоод ах сайн уу? гэсэн, би зөрүүлж мэндэлсэн. Тэгээд тэр залуу дэлгүүрээс 6000 төгрөгөөр 100 граммын савлагаатай Хараа нэртэй архи авсан. Би түрүүлээд дэлгүүрээс гараад явсан миний араас тэр залуу гарч ирээд миний хувцасны халаасанд авсан архиа хийгээд ах хоёулаа гудамж жаахан уруудаад архиа хуваагаад ууя гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт зам хөндлөн гараад нөгөө залуу та гар утсаа өгч байгаач би нэг ярьчихаад өгье гэхээр нь би гар утсаа тэр залууд өгсөн. Тэгээд тэр залуу миний гар утсыг аваад зугтсан юм. Ийм асуудал болсон. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж байна. Би тухайн залууг ерөөсөө танихгүй.
Урьд өмнө үзэж харж байгаагүй. Би тамхи авах гэж орсон. Төлбөрийг би өөрийн гар үтаснаас эгч П рүү залгаад П эгч дэлгүүрийн худалдагчийн дансанд 5,000 төгрөг хийсэн. Миний гар утас ОРРА-А97 маркийн гар утас өөрөө цэнхэр өнгийн, хар өнгийн кэйстэй гар утас байгаа. 2023 оны 11 сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажил хийж байхдаа 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шилэн наалт нь шинэ. Гар утас өөрөө цэнхэр өнгийн, кэйс нь хар өнгөтэй, 2 сим карт уншдаг. Гар утсандаа хийдэг код байхгүй. Гар утасны ар талд ОРРА-97 гэсэн бичиг, 1 МЕА-код гэдэг нь наалттай байгаа. Би өөрөө харвал танина. Би одоо гар утсаа 1,600,000 төгрөгөөр үнэлж байна. Ямар нэгэн эвдэрсэн гэмтээсэн юм байхгүй. Мобиком 99**********, Юнител 89********** гэсэн дугаарууд байсан. Өөр надад алдсан ямар нэгэн зүйл байхгүй. Гар утсаа олж авмаар байна. Би тэр залууд итгээд утсаар яриад өгье гэхээр нь утсаа өгөөд тэр залуу аваад зугтсанд гомдолтой байна. Би Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар: ТХҮ-921/15 дугаартай дүгнэлттэй танилцлаа надад санал гомдол алга байна. Би гар утсаа хүлээн авлаа. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй байна. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-48 дахь тал),
4.1.2. Гэрч Ч.Н-ийн “...Танина. Манай төрсөн дүү байгаа юм. Надтай 20 цагийн үед ярьсан. Ярихдаа би дэлгүүрт ирсэн байна. Дэлгүүрээс тамхи авах гэсэн юм гээд надыг дэлгүүрийн худалдагчтай яриад 5000 төгрөг худалдагчийн данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд 20 цаг 20 минутын үед танихгүй 95******** дугаараас хүн залгаад танай дүү чинь гар утсаа алдчихлаа гэж ярьсан. Би та хэн бэ? гэхэд дэлгүүрийн худалдагч байна сая танай дүү дэлгүүрээс тамхи аваад гарсан эргээд гар утсаа алдчихлаа гээд ороод ирлээ гэсэн. Тэгээд би дүүтэйгээ худалдагчийн утсаар ярихад дүү би гар утсаа алдчихлаа сая нэг залуу намайг гар утсаа өгөөч утсаар ярьчихаад өгье гэснээ аваад зугтчихлаа гэсэн. Манай дүү Г 20 цаг 03 минутад өөрийнхөө 99******** дугаараас над руу залгасан. Тэгээд сүүлд нь дэлгүүрийн худалдагчийн 95********* дугаараас 20 цаг 22 минутад залгасан. Хэрэглэсэн байсан. Хэр согтолттой байсныг мэдэхгүй байна. Танихгүй. Өмнө нь харж байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 51-52 дахь тал),
4.1.3. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т нь хохирогч Ч.Г-аар Т.Б-г таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 19-32 дахь тал),
4.1.4. “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 921/15 дугаартай “ОРРА-97” маркийн гар утас 1,200,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан дүгнэлт (1-р хх-ийн 60-61 дэх тал),
4.1.5. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хар өнгийн кэйстэй цэнхэр өнгийн оппа-97 гар утсыг Т.Б-өөс хураан авсан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ч.Г-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 33-34 дэх тал),
4.1.6. Хохирогч Ч.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт (1-р хх-ийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,
4.2. 2025 оны 02 дугаар сарын 27-ны оройн 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ********* сум, ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ********* ” оёдлын газрын лангуун дээрээс хохирогч Д.Б-ийн эзэмшлийн Самсунг А-15 загварын гар утсыг, утасны кейс Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 442,500 төгрөгийн, улмаар Хаан банкны виза картнаас 323,700 төгрөгийг гарган авч хохирогч Д.Б-д нийт 766,200 төгрөгийн хохирол учруулсан байна.
4.2.1. Дээрх үйл баримт нь хохирогч Д.Б-ийн “...Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр М-ын ажил дээр байж байхад 18 цагийн үед гаднаас цэнхэр өнгийн куртик, жийнсэн өмдтэй намхан шардуу царайтай залуу орж ирээд дээлний үнэ асуугаад эхнэр дээл 200,000 төгрөг гэсэн чинь тэр залуу та дрож авчих манай эхнэр дрож авчихсан гээд уурлаад байна эхнэртээ дээл авахаас та энэ дрожийг 300,000 төгрөгөнд авчих эхнэр уурлаад байна гээд гуйгаад байхаар нь дээл өгөөд дансаар 40,000 төгрөг хийж өгсөн юм. 50,000 төгрөг бэлнээр маргааш ирээд авъя гээд гарсан юм. Тэр залууг гараад 5 минут орчмын дараа би өөрийнхөө гар утсаар ярих гэхэд миний гар утас байхгүй алга болчихсон байсан. Эхнэрийнхээ гар утсаар залгахад миний гар утсыг авчихаад дугарахгүй алхаад байсан.
Дахиад 2-3 удаа залгахад дуудаж байгаад холбогдохоо больсон юм. Тэгээд гар утсаа алдсанаа охин А-д хэлсэн чинь охин орой ажлаасаа ирэхдээ надад шинэ гар утас зээлээр авлаа гээд аваад ирсэн юм. 02 дугаар сарын 26-ны өглөө Юнител орж сим картаа сэргээлгээд гар утсаа асаатал Хаан банкнаас зарлагын мэдэгдлүүд ирсэн. Ямар мэдэгдлүүд ирдэг билээ гэж бодоод хартал тээврийн хөлсний урьдчилгаа гээд 459.000 төгрөг орсон, тэрнээс гадна зөндөө зарлага гарсан мэдэгдэл ирсэн юм. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж шалгуулж байна. 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр М нь өөрийн данснаасаа 40,000 төгрөгийг шилжүүлсэн эхнэр нэрийг нь мэдэх байх би сайн мэдэхгүй байна. Тэр залуу гаднаас дрож тэвэрсэн орж ирсэн юм. Тэгээд дээлийн үнэ асуучихаад эхнэр дрож авсан байна, би давхар авчихлаа, эхнэртээ дээл авах гэсэн юм, 300,000 төгрөгөөр авчих 7м урттай гээд гуйгаад байхаар нь цагаан сар болж байгаа юм чинь гэж бодоод дээлээ 200,000 төгрөгөөр бодоод 90,000 төгрөг бэлнээр өгчих гэхээр нь бэлэн мөнгө байхгүй дансанд 40,000 төгрөг байна гэсэн чинь за тэгүүл шилжүүлчих 50,000 төгрөгийг нь маргааш ирээд авъя гээд явсан юм. Гар утас, гар утасны кэйсэнд байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг байсан. 2024 оны 06 дугаар сард бэлэн 400,000 төгрөгөөр Самсунг-АОЗ гэдэг гар утас Теди төвийн үүдэн дээрээс танихгүй хүнээс худалдаж авч байсан юм. 2025 оны 01 дүгээр сард Оргил худалдааны төвөөс 15,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй байна. Цагаан өнгийн хар кэйстэй, асаахаар дэлгэцний дээд хэсгээр шарласан, шилэн наалт бүтэн. 02 сарын 27-ны өдөр шилэн наалтаа 5000 төгрөгөөр худалдаж авч наалгасан юм. Би өөрөө харвал танина. Тэр залууг орж ирээд гарснаас хойш өөр хүн орж ирээгүй. Харвал танина. Миний эзэмшлийн Хаан банкны 53******** дугаарын данснаас 2025.02.27-ны өдөр болон 02 сарын 28-ны өдрийн шөнө нийтдээ 323,700 төгрөгний зарлага гарсан байсан юм. Гар утсаа 350,000 төгрөгөөр, кейсээ 15,000 төгрөгөөр үнэлж байна. Бусад эд зүйлс Хаан банкны картаа 10,000 төгрөгөөр, жолооны үнэмлэхээ 12,500 төгрөг, иргэний үнэмлэх 50,000 төгрөг шинээр захиалж авах байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 119-121 дэх тал),
4.2.2. Гэрч Н.М-ын “...Тухайн өдрийн орой 6 цаг өнгөрч байсан байх, намайг ажил дээрээ байж байхад гаднаас дрож тэвэрсэн залуу орж ирээд дээлнүүдийн үнэ асууж байгаад энэ дрожийг хямдхан авчихаач манай авгай дрож авсан гээд уурлаад байна, миний энэ дрожийг аваад дээл өгчих гэртээ эхнэртээ дээлтэй очье гээд гуйгаад байхаар нь шар цоохор дээлийг 200,000 төгрөгөнд бодоод би өөрийнхөө данснаас тэр хүний өгсөн данс руу дансанд үлдсэн байсан 40,000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд тэр залуу гараад явсан юм. Тэр залууг гараад явсны дараа 5 минут орчмын дараа манай нөхөр Б гар утсаараа ярих гэхэд гар утас нь алга болсон байсан юм. Би 300,000 төгрөгөнд авахаар тохиролцож дээлээ 200,000 төгрөг, дансанд байсан 40,000 төгрөгөө шилжүүлээд өөр мөнгө байхгүй байсан болохоор маргааш ирээд 60,000 төгрөгөө авчих гэсэн чинь тэр залуу за тэгье би маргааш ирээд авъя 10,000 төгрөг хасаад явчихъя, 50,000 төгрөг ирээд авъя гэж хэлээд явсан юм. Манай нөхрийн гар утасных нь кэйсэнд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны виза картууд нь байсан юм. Цэнхэр куртиктэй, шар гуталтай, бор малгайтай, намхан, шар залуу байсан юм. Харвал танина...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 124-125 дахь тал),
4.2.3. Д.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 53*********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1-р хх-ийн 87-88, 113-114 дэх тал),
4.2.4. 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “*********” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1-р хх-ийн 98-101 дэх тал),
4.2.5. 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 102-110 дахь тал),
4.2.6. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 921/68 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (1-р хх-ийн 133-135 дахь тал),
4.2.7. Хохирогч Д.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлт (1-р хх-ийн 152 дахь тал),
4.2.8. Хохирогч Д.Б-д 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,
4.3. 2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сум, ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* баарны текен дээрээс хохирогч Г.С-ийн эзэмшлийн Iphone 16 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.С-д 6,419,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
4.3.1. Хохирогч Г.С-ийн “...Би хувиараа Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй бааранд кассан дээр сууж ажилладаг юм. Өчигдөр шөнө буюу 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би ажил дээрээ буюу ******* баарны кассан дээр сууж байсан юм. Шөнийн 00:54 цагт манай баараар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч ирээд тооцоогоо ав гээд дуудаад байхаар нь түрхэн зуур кассаа эзэнгүй орхиод дээд давхар руу гарах хоорондоо хамт ажилладаг А-г кассан дээр очоод сууж бай эзгүй үлдлээ гээд дээрээс дуудсан юм. Тухайн үед А дээд давхарт ширээ цэвэрлээд байж байсан бөгөөд А-г дээрээс буугаад ирэх хооронд касс эзгүй 1, 2 минут болсон. Тэгээд А-г очих хооронд нэг эрэгтэй хүн гаднаас орж ирээд текний ард тавьсан байсан миний барьж ашигладаг Iphone 16 pro max загварын гар утсыг хулгайлсан байсан бөгөөд тухайн үйл явдал манай хяналтын камерын бичлэг дээр бичигдсэн байгаа. Тухайн хүн А-г дээд давхраас буух хооронд текэн дээр очоод миний утсыг хулгайлаад А-тай яг хажуугаар нь зөрөөд гараад явж байгаа нь харагдаж байсан. Миний утсыг хулгайлсан хүн манайхаар үйлчлүүлээгүй шууд гаднаас орж ирээд л миний гар утсыг хулгайлаад аваад гарсан байсан. А нь миний утсыг хулгайлсан хүний царайг харсан гэсэн. Бичлэгээс харахад царай нь харагдаж байгаа, хар куртиктээ эрэгтэй хүн байсан. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Мобиком салбараас 6,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Iphone 16 pro max загварын шаргал өнгөтэй, гар утас байсан, ажиллагаа хэвийн баталгааны хуудас, хайрцаг зэрэг нь бүгд байгаа. Авсан үнэндээ үнэлж байна” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 180-181 дэх тал),
4.3.2. Гэрч Л.А-ийн “...Би Говь-Алтай аймгийн ******** сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ******** бааранд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажиллаж байна. Өчигдөр мөн ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Шөнийн 00:50 цагийн орчимд би баарны дээд давхарт ширээ цэвэрлээд байж байсан юм. Тэгээд байж байтал манай ажлын эгч С намайг дуудаад текэн дээр очоорой эзгүй үлдчихлээ гэсэн. Тэгээд би яг шатаар бууж байтал текний хэсгээс нэг ах надтай зөрөөд баарнаас гараад явчихсан. Тэгээд би тухайн үед утас алга болсон талаар мэдээгүй бөгөөд текний ойролцоо байж байтал манай захирал Э эгч ирээд орлогын мэдэгдэл шалгах гээд утсаа хайтал олдоогүй. С эгчийн Iphone 16 pro max загварын гар утсаар бид хэд орлогын гүйлгээ зэргээ шалгадаг юм. Тэгээд өнөө өглөө камер шүүхэд надтай зөрсөн эрэгтэй хүн текэн дээр очоод С эгчийн гар утсыг хулгайлаад аваад явсан байсан. Ийм үйл явдал болсон юм. Надтай зөрсөн С эгчийн утсыг хулгайлсан эрэгтэй хүн өвдгөөр татсан урт хар куртиктэй, куртикнийхээ ар хэсэгт timberland гэсэн бичиглэлтэй байсан санагдаж байсан. 40 орчим насны 160 орчим см өндөртэй байсан. Царайг харсан, би тухайн хүнийг одоо хараад таньж чадна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 184-185 дахь тал),
4.3.3. Гэрч Л.А-аар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 160-164 дэх тал),
4.3.4. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.С-аас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 167-169 дэх тал),
4.3.5. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.С-аар Iphone 16 pro max загварын гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 171-174 дэх тал),
4.3.6. “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХУ-921/75 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт (1-р хх-ийн 194-196 дахь тал),
4.3.7. Хохирогч Г.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлт (1-р хх-ийн 211 дэх тал),
4.3.8. Хохирогч Г.С-д Iphone 16 pro max загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 176 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
4.4. 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө ******* дүүргийн *** дугаар хороо “**********” хотхоны *** дугаар ээлжийн барилгын талбайгаас “**********” ХХК-ийн хөрөнгө болох 3 хайрцаг буюу 45 ширхэг мэдрэгчтэй гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
4.4.1. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч Д.Т-ын ********** хорооллын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 226-227 дахь тал),
4.4.2. Хохирогч Г.А-ийн “...Би ********** дүүргийн *** дугаар хороо *********** *** - *** тоотод оршин суудаг. Одоо ******** ХХК-д ****** ажилтай. ******* дүүргийн *** дугаар хороо ********** хотхоны *** дугаар ээлжийн барилгын талбайгаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 3 ширхэг буюу 45 ширхэг мэдрэгчтэй гэрэл хулгайд алдсан. Харуул байдаг. Бид нар камерын бичлэг үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө барилгын хашааны задгай хэсгээр нэг хүн орж ирэхдээ эд зүйл барьж гарч ирж байсан... Барилгын ажил өдрийн цагаар явагдаж байгаа. Одоо хэр их хүн ажиллаж байгаа талаар тодорхой мэдэхгүй байна. Туслан гүйцэтгэгч болон хувиараа засал хийж байгаа хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 28 дахь тал),
4.4.3. Гэрч Ч.О-ийн “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Hippo led гэсэн бичигтэй лед гэрлийг манай барилгын материалын лангуун дээр гадуураа ногоон куртиктэй, намхан нуруутай 40 гаран насны эрэгтэй 15 ширхэгтэй нэг хайрцаг гэрэл 1 ширхэгийг нь 13,000 төгрөгөөр бодож 195,000 төгрөгийг ямар байдлаар өгснийг санахгүй байна. Тэгээд тухайн өдөр 2 хайрцаг нийт 30 ширхэг лед гэрлийг надад 390,000 төгрөгөөр өгсөн. Мөнгийг шилжүүлж бэлэн зэргээр өгсөн. Маргааш нь тухайн хүн бас Hippo led гэсэн бичиглэлтэй лед гэрлийг нэг хайрцгийг, бас хар өнгийн хайрцагтай багаж бололтой зүйл барьж ирсэн. Тэгээд намайг авах уу гэхээр нь тухайн багажийг нь аваагүй гэрлийг нь нэг ширхгийг 13,000 төгрөгөөр бодож 195,000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь яаж өгснөө одоо санахгүй байна... Тухайн хүнд дансаар болон бэлнээр өгсөн. Би Хаан банкны 50********** Ч.О гэсэн дансаар өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 30-31 дэх тал),
4.4.4. “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Ц.Т-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ХУ2-24/592 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 34-39 дэх тал),
4.4.5. Хохирогч Г.А-ийн санал гомдолгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт (2-р хх-ийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
4.5. 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн ойролцоо байрлах Голомт банкны урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хохирогч Б.Б-ийн эзэмшлийн iphone 14 pro max маркийн гар утсыг шүүрч авч зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Б.Б-т 2.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байна.
4.5.1. Дээрх үйл баримт нь хохирогч Б.Б-ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө найзууд Б, У, Э, Ж-ийн хамтаар ******** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ******** ” ресторанд хоол болон пиво уугаад Б, У-ийн хамт гараад У-ийг таксинд суулгаад Б-ийн хамтаар Голомт банкны урд талд сууж байхдаа нөхөр А луу залгаад гарчихлаа ирээд аваадхаач гээд дуудсан ба удалгүй нэг үл таних залуу ирээд миний эзэмшлийн iphone 14 pro max загварын гар утсыг шүүрээд зугтаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон ... үзмэн ягаан өнгийн шигтгээтэй кэйстэй сэв зураасгүй iphone 14 pro max загварын гар утас байсан...би ахиж хараад танина...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 117-118 дахь тал),
4.5.2. Гэрч Н.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим найз болох Б намайг утсаар дуудсан. 19 цаг өнгөрч байхад ********* дүүргийн *** дугаар хороо ********** зочид буудлын ******** ресторанд очиж найз Б, хамт ажилладаг Э, Ж, У нартай очиж уулзсан. Тухайн ресторанд найз нартайгаа сууж байгаад 23 цаг өнгөрч байхад тухайн газраас гарсан. Хамт ажилладаг Э, Ж, У нар гэртээ харихаар явсан бөгөөд би найз Б-ийн хамтаар үлдсэн. ********** дүүргийн *** дугаар хороо Голомт банкны үүдэнд очоод шатан дээр нь сууж байгаад Б-ийн нөхөр болох А-ыг ирж аваарай гэж утсаар нь дуудсан. А-ыг хүлээгээд юм яриад сууж байхад 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Голомт банкны үүдэнд 30 гаруй насны хар бараан өнгийн савхин куртиктэй эрэгтэй хүн дугуйтайгаа ирж зогссон. Бид хоёрт хандаж нэг үг хэлсэн бөгөөд бид хоёр сонсоогүй айн гэхэд дугуйнаасаа бууж ирээд Б-ийн гартаа барьсан байсан iphone 14 pro max маркийн гар утсыг булааж аваад дугуйгаа орхиод Саппорогийн СU-н хажуугаар ороод хойд зүгт зугтаагаад явсан. Бид хоёр хөөж амжаагүй хараад хоцорсон. А удалгүй ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд унаж явсан дугуйг нь цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 121-122 дахь тал),
4.5.3. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Б-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 111-113 дахь тал),
4.5.4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Т- 25/168 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт (2-р хх-ийн 125-127 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
4.6. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ********** дүүргийн *** дугаар хороо, ***** дугаар байрны гадна иргэн П.Ч-т унадаг дугуйгаа зарна, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би ойрхон хүнсний дэлгүүр ороод цэнэглээд ирье” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, хохирогч П.Ч-ийн эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг шилжүүлэн авч, 2,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан байна.
4.6.1. Хохирогч П.Ч-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд ********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ***** байр, ***** байрны голд байрлах саад буюу сандал дээр сууж байх үед хуучин “*****” СӨХ-д цахилгаанчны ажил хийдэг байсан Б гэх залуу ирээд бид 2 ойр зуурын зүйлс ярилцаж байх үед үл таних дугуй унасан 40 орчим насны эрэгтэй хүн ирээд Б-тэй хамт ажиллаж байсан гэж өөрийгөө танилцуулаад Б-тэй ойр зуурын зүйлс ярилцаж байгаад тухайн залуу надад өөрийн “унаж байгаа дугуйгаа зарна, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа” гэхээр нь би тухайн дугуйг сонирхоод, хэдээр зарах юм гэхэд 100,000 төгрөгөөр зарна гэхээр нь би зөвшөөрөөд тухайн залуу руу мөнгө шилжүүлэх гэтэл миний гар утасны цэнэг дууссан байхаар нь гэр лүүгээ ороод цэнэглээд ирье, чи хүлээж бай гэтэл “та гэртээ ороод яах юм бэ, би ойрхон хүнсний дэлгүүр ороод цэнэглээд ирье” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн “Iphone 13 pro max” маркийн гар утсыг тухайн үл таних залууд өгөөд явуултал тухайн залуу надад унадаг дугуйгаа үлдээгээд, хойно байсан “**********” хүнсний дэлгүүр луу гүйгээд явсан. Миний гар утсыг аваад явсан залуу буцаад гарч ирэхгүй 5 минут орчим болохоор нь Б-тэй хамт хүнсний дэлгүүр лүү очтол тухайн залуу байхгүй байсан. Гадаа гараад ойр орчмоор тухайн залууг хайгаад олдоогүй. Тухайн залууг би танихгүй, өмнө нь харж байгаагүй, 40 орчим настай, намхан нуруутай, шар царайтай, сартгар хамартай, жартгар нүдтэй, хар, саарал, алаг өнгийн юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн байсан. Би одоо харвал танина. Би тухайн залуугаас унадаг дугуй худалдаж авах зорилгоор өөрийн гар утасны интернэт банкаар мөнгө шилжүүлэх гэтэл миний гар утас цэнэггүй унтарсан байсан бөгөөд тухайн залуу гялс хүнсний дэлгүүрт ороод цэнэглүүлээд өгье гэхээр нь би тухайн үедээ нээх юм бодолгүй өгөөд явуултал, цэнэглүүлээгүй аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 211-213 дахь тал),
4.6.2. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч П.Ч-оор таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 152-154 дахь тал),
4.6.3. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Б.Х-ийн ТХҮ-925/12083 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт (2-р хх-ийн 215-218 дахь тал),
4.6.4. Шүүгдэгч Т.Б-ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 213 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
5. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
5.1. Шүүгдэгч Т.Б “...Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ үнэн зөвөөр хүлээн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч Д.Б-д хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хасаж хөнгөрүүлж өгнө үү...” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
6. Шүүгдэгч Т.Б-ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
7. Шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Г-д 1,200,000 төгрөгийн, хохирогч Д.Б-д 766,200 төгрөгийн, хохирогч Г.С-д 6,419,000 төгрөгийн, хохирогч “ ******** ” ХХК-д 1,125,000 төгрөгийн, хохирогч Б.Б-т 2,800,000 төгрөгийн, хохирогч П.Ч-т 2,100,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
8. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Ч.Г-д 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий OPPA 97 маркийн гар утсыг, хохирогч Г.С-д 6,419,000 төгрөгийн iphone16 pro max маркийн гар утсыг, хохирогч Д.Б-д 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung A-15 маркийн гар утас болон 92,500 төгрөгийн үнэлгээ бүхий утасны кэйс, Хаан банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг тус тус биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч “ ********* ” ХХК-д учруулсан 1,125,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлтийг бичгээр гаргажээ.
9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Хохирол хор уршигийн тухайд шүүгдэгч Т.Б-өөс 2,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ч-т, 416,200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 2,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Б-д 300,000 төгрөгийг хохиролд өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
11. Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт 89 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт ирсэн 3 ширхэг сидиг /CD/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
12. Шүүгдэгч Т.Б-ийн цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд 90 хоног байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг: “...шүүгдэгч энэ хэрэгт 89 хоног цагдан хоригдсон...” гэснийг “...шүүгдэгч энэ хэрэгт 90 хоног цагдан хоригдсон...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг: “...шүүгдэгч энэ хэрэгт 89 хоног цагдан хоригдсон...” гэснийг “...шүүгдэгч энэ хэрэгт 90 хоног цагдан хоригдсон...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ