| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0107/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-гийн Б-д холбогдох 1812003690216 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Т овогт М-гийн Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн “Өлтийн ам” гэх газарт иргэн Д.Л-г, мөн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.А-ыг тус тус хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, Д.Л, Л.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812003690216 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.Л-гийн өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өлтийн аманд хонио хариулаад явж байхад Б гэх залуу ирээд та манай хонь руу яагаад хонио туугаад байгаа юм гэхээр нь би морьноос буугаад газарт явган суугаад танай хоньтой юу гэж нийлүүлчихэв дээ чи өөрөө хонио цаашаа туучих гэхэд чамайг ална шүү гэхээр нь би алахгүй юу гэхэд цээж рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд, ар нуруунаас 2 удаа өшиглөөд морио унаад давхиад явчихсан. Тухайн үед мэдэгдэхгүй байснаа орой нь гэртээ ирэхэд өшиглөсөн газар нь өвдөөд байсан. Тэгээд эмч ирж үзээд зөөлөн эдийн гэмтэл гайгүй байна гэж хэлээд өвчин намдаах тариа хийгээд эм өгчихөөд явсан. Тэгээд 2 хоног гайгүй байснаа дахиж өвдөөд цустай цэр гараад болохгүй болохоор нь аймгийн эмнэлэгт ирж үзүүлэхэд зүүн талын 6 дахь хавирга чинь зөрүүтэй хугарсан байна гэж хэлсэн. Намайг зодуулдаг өдрийн маргааш нь манай охин Л.А М.Б-тэй уулзах гэж гэрт нь очиход танай аавыг алчихсан байхад гомдол нэхэх хүн байхгүй гэж хэлээд зодсон байсан. Тухайн үед би, М.Б, М.Б-ийн дүү гэх нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй хүүхэд хамт явсан, өөр хүн байгаагүй. Сууж байхад хөлөөрөө цээж рүү 2 удаа, ар нуруунаас 2 удаа өшиглөсөн, өөр цохиж зодоогүй. Би гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар тал/,
* Хохирогч Л.А-ын өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өлтийн ам гэх газарт байх аавынхаа гэрт нөхөр, хүүхдүүдийн хамт 19 цагийн үед очсон. Тэгэхэд миний аав хүнд зодуулчихсан гээд орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь хэнд зодуулсаныг нь асуухад М.Б гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт М.Б-ийн гэрт очиход М.Б ахтайгаа хамт хашааны шонгийн нүх ухаад байж байсан. Би очиж мэнд усаа мэдчихээд М.Б-ээс яагаад манай аавыг зодсон талаар нь асуухад айлын хонийг манай хоньтой нийлүүлэх гээд туугаад байхаар нь зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд хүн зодох эрх байдаг юм уу гэхэд би зодож болдог юм гэхээр нь би цохих гээд гар далайтал намайг цохиж амжаагүй байтал М.Б намайг нүүр лүү гараараа алгадсан, манай нөхөр У намайг өмөөрч Брүү дайрахад тэр ах нь салгасан. Тэгээд М.Б намайг хэл амаар доромжлоод байхаар нь би М.Б-тэй зууралдаад байж байхад намайг угзараад хоёр өвдөгөөр нь минь газарт унагаасан. Тэгээд М.Б-ийн ээж нь гарч ирээд танай ээж, аав хоёр чинь салчихсан биз дээ танай аавыг алчихсан байхад яадаг юм, хүн тоохгүй хүнийг гээд хэл амаар доромжилоод байсан. Тэгээд хэсэг хоорондоо маргалдаж байгаад салцгаасан. Би М.Б-ийг цохиогүй, 2 удаа цохиж гэж оролдсон. Манай нөхөр Б.У М.Б-ийг зодоогүй. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/
* Гэрч Б.У-ын өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өлтийн ам гэх газар байх хадам аав Д.Л-гийн гэрт ирэхэд хадам аав хүнд зодуулсан гээд хэвтэж байсан. Манай эхнэр ямар хүнд яагаад зодуулсан юм гэж асуугаад бид хоёр М.Бат-Эрдэнэ гэх хүний гэрт очсон тэгэхэд М.Б гэх залуу нь ахтайгаа хамт малын хашааны шонгийн нүх ухаад байж байсан, манай эхнэр М.Б-тэй уулзаад хоорондоо маргалдаад байсан. Би наана нь ахтай нь хамт суугаад тамхи татаад байж байтал манай эхнэрийг М.Б гэх залуу цохиод унагаасан. Тэгэхээр нь би очиж уурандаа М.Б-ийг нэг удаа гараараа шанаа руу нь цохьсон. Тэгэхэд манай эхнэр намайг чи хойшоо байж бай би өөрөө учраа олно гээд М.Б-гэх залуу руу цохих гээд дайрахад М.Б- нь манай эхнэрийг угзарч газарт унагаасан. Тэгээд М.Б-ийн ах бид хоёр салгаад явцгаасан. Манай эхнэрийг цохиод авахаар нь би нэг удаа шанаа руу нь гараараа цохьсон. Би өөр цохиж зодоогүй. Эхлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж газарт унагаасан, дараа нь угзарч газарт унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/
* Яллагдагч М.Б-ийн өгсөн:
“...2018 оны 06 сарын 28-ны өдөр хонио бэлчээрт гаргачихаад хашааны өтгийг малтаж байсан чинь Л ах уулын энгэрт бэлчиж байсан хонийг манай хонь руу шахчихаад гэррүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би мориороо хонь руугаа мордоод хонио эргүүлж байтал Л ах ирэхээр нь яагаад манай хонь руу хонио шахаад байгаа гэхэд нь нийлвэл ялгаад авчихгүй юу гэсэн тэгээд бид хоёр маргалдаад Л ах бид хоёр морьноосоо буугаад барьцалдаж аваад би Л ахыг газар унагаад цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөчихөөд мориндоо мордоод явсан. Маргааш нь охин нь ирээд манай аавыг яагаад зодож байгаа юм гэсээр манайд ирсэн. Тэгэхээр нь өчигдөрийн болсон явдлыг хэлээд нэг удаа алгадаад түлхээд унагасан. Тэгээд Л.А гэр рүүгээ явсан. Би Д.Л, Л.А гэх хүмүүсийг танина. Ойролцоо хаваржиж зусдаг. Бие биенийхээрээ орж гардаг. Д.Л ахыг хонь нийлүүлэх гэлээ гээд цээж хэсэг рүү 2 удаа өшиглөж цохиж зодсон. Л.А нь аавыгаа зодлоо гэж ирэхээр нь нэг удаа хацар хэсэг рүү алгадаад түлхэж унагасан. Би Архангай аймгийн Ихтамир сум Бугат баг Өлтийн ам гэх газар Л ахын цээж хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Охин А-ыг хацарлуу нь нэг удаа алгадаад түлхэж унагасан. Л ах архи уусан байсан байх сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 294 дугаартай дүгнэлтэнд:
“...Д.Л-гийн биед зүүн талын 6-р хавирганы суганы урд шагамаарх зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтэнд:
“...Л.А-ын биед тархи доргилт, баруун хөхний дээд хэсэг, хоёр өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг зулгаралтууд нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн “Өлтийн ам” гэх газарт иргэн Д.Л, мөн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Л.А нар нь бусдад зодуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Бат-Эрдэнэ үйлдсэн болох нь хохирогч Д.Л-гийн”... Б гэх залуу ирээд та манай хонь руу яагаад хонио туугаад байгаа юм гэхээр нь би морьноос буугаад газарт явган суугаад танай хоньтой юу гэж нийлүүлчихэв дээ чи өөрөө хонио цаашаа туучих гэхэд чамайг ална шүү гэхээр нь би албал алахгүй юу гэхэд цээж рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд, ар нуруунаас 2 удаа өшиглөөд морио унаад давхиад явчихсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.А-ын“...Тэгэхээр нь би нөхрийн хамт М.Б-ийн гэрт очиход М.Б ахтайгаа хамт хашааны шонгийн нүх ухаад байж байсан. Би очиж мэнд усаа мэдчихээд М.Б-эс яагаад манай аавыг зодсон талаар нь асуухад айлын хонийг манай хоньтой нийлүүлэх гээд туугаад байхаар нь зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд хүн зодох эрх байдаг юм уу гэхэд би зодож болдог юм гэхээр нь би цохих гээд гар далайтал намайг цохиж амжаагүй байтал М.Б намайг нүүр лүү гараараа алгадсан, манай нөхөр У намайг өмөөрч М.Б рүү дайрахад ах нь тэр ах нь салгасан. Тэгээд М.Б намайг хэл амаар доромжлоод байхаар нь би М. тэй зууралдаад байж байхад намайг угзараад хоёр өвдөгөөр нь минь газарт унагаасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.У-рын “...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өлтийн ам гэх газар байх хадам аав Д.Л-ийн гэрт ирхэд хадам аав хүнд зодуулсан гээд хэвтэж байсан. Манай эхнэр ямар хүнд яагаад зодуулсан юм гэж асуугаад бид хоёр М.Бат-Эрдэнэ гэх хүний гэрт очсон тэгэхэд М.Б- гэх залуу нь ахтайгаа хамт малын хашааны шонгийн нүх ухаад байж байсан, манай эхнэр М.Б---тэй уулзаад хоорондоо маргалдаад байсан. Би наана нь ахтай нь хамт суугаад тамхи татаад байж байтал манай эхнэрийг М.Бат-Эрдэнэ гэх залуу цохиод унагаасан. Тэгэхээр нь би очиж уурандаа М.Б---ийг нэг удаа гараараа шанаа руу нь цохьсон. Тэгэхэд манай эхнэр намайг чи хойшоо байж бай би өөрөө учраа олно гээд М.Б-гэх залуу руу цохих гээд дайрахад М.Б- нь манай эхнэрийг угзарч газарт унагаасан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Л-гийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 294 дугаартай дүгнэлт, хохирогч Л.А-ын биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 295 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Б-йн 2 хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч М.Б- нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нартай эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б- нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-гийн Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР