| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2510010081346 |
| Дугаар | 2026/ДШМ/354 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/354
2026 03 27 2026/ДШМ/354
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ундармаа,
шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ш-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510010081346 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Г-ын Ш-, ......., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЛГ-/;
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 2.803.680 /хоёр сая найман зуун гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар иштэй нийт урт 25 см, ажлын хэсэг 14 см, иш 11 см урттай 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн оруулгатай хар хуванцар иштэй нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, иш хэсэг 11 см урттай 2 ширхэг хутга, нийт 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ш- давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнд гомдолтой байна. Энэ хэргийг илрүүлэхэд маш чухал хэрэгсэл болох байрны давхруудын болон манай 9 давхрын камерын бичлэгийг үзээгүй. Камерын бичлэгийг шалгаж үзсэн бол Д.С-ын манай гэрт ямар байдалтай ирсэн, эргээд гарсан цаг хугацаа тодорхой болж, хэргийн байдлаас цочирдож бид хоёрын хэн хэн нь “болсон явдлыг сайн санахгүй байна” гээд эргэлзсэн, тээнэгэлзсэн мэдүүлэг, явсан маршрутыг тогтооход чухал туслалцаа үзүүлэх байсан.
2. Хохирогч Д.С-ын мэдүүлэгт “миний хэвлийн тус газарт мах идэж байсан хутгаараа нэг удаа хутгалсан” гэж мэдүүлсэн. Мөн Д.С-ын эмнэлэгт очоод авхуулсан зураг дээрх нүүрэн дээрээ Ш-хны ул мөр, мөн тухайн үед өмсөж явсан хувцас нь урагдсан байсныг шинжээч дүгнэсэн /1хх 27-31/. Гэтэл би Д.С-тай ноцолдож, хувцсыг нь урах тэнхэл тэр үед байгаагүй. Миний бие маш муу, их Ш-талттай, цусаар бөөлжөөд хоносон байсан. Д.С- эрүүл ч, согтуу ч намайг “эвхээд” тавьчих тэнхээтэй, надаас 7, 8 насаар дүү хүн бөгөөд энэ “нүүрний Ш-х” мөрдөгчийн асуултад хөндөгддөггүй, анхааралд нь байдаггүй нь эргэлзээтэй. Зөвхөн хэргийн материалд байдаг ба үүнд дүгнэлт, тайлбар хийгээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганаас гар, хурууны мөр илрээгүй гэсэн дүгнэлт /1хх 154-159/.
4. Шинжилгээнд ирүүлсэн хутгануудаас биологийн гаралтай ул мөр, цус илрээгүй гэсэн дүгнэлт /1хх 162-167/.
5. Шинжилгээний байгууллагуудын дүгнэлтийн ач холбогдлыг яллах дүгнэлтэд харгалзан үзээгүй. Шинжээчийн ЕГ0525/840 дугаартай “...дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтийг мөн харгалзан үзээгүйд гомдолтой байдаг.
6. Мөрдөгч Ган-Эрдэнийн надаас мэдүүлэг авсан, бичсэн байдалд маш их эргэлзэж гомдолтой байна. Мөрдөгч нь миний хууль зүйн мэдлэг дутуу дулимаг байдал, өөрийг нь хуулийн хүн, мөрдөгч гэж итгээд болсон явдалд эргэлзээтэй байгаагаа мэдүүлсээр байтал бүр эсрэгээр нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн мэт мэдүүлгийг хавтаст хэрэгт бүрдүүлсэн нь хоосон цаасан дээр гарын үсэг зураад байснаас гарцаагүй болжээ. Миний зуун хувь буруу гэдгээ ухаарч, нэгэнт өнгөрснийг ойлгож байгаа ч мэдүүлэхэд илүүдэхгүй болов уу. Бүр худлаа хэлээгүй мэдүүлэг байна билээ. Тухайлбал, “...хэвлийн тус газарт хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна, мах идэж байсан... хутгаар хутгалсан гэж бүдэг бадаг санаж байна. Би Д.С-ыг хэзээ, яаж гарсныг мэдээгүй, гэртээ унтаад хоцорсон байсан хүн чинь хутгалсан хутганы бариулыг өнгө энэ тэрийг санаад л, бүр цаашилбал, Д.С-ын гар утас руу хэд хэдэн удаа залгахад гар утсаа авахгүй байсан, хаана юу хийж явсныг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг өгөөгүй болно. Ерөнхийд нь мэдүүлэг авч байна гэж яриулж сонсож авчхаад дараа нь бичихдээ ийм сонин мэдүүлэг авсан нь хүртэл үнэмшил муутай байна. Тухайлбал, “...тухайн үед болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна, бүтэн нэрийг нь мэдэхгүй, Ш- гэж дууддаг найзындаа хамт архи уусан”, “...тухайн дэлгүүрт хяналтын камерын ажилтан хийж байсан Ш- гэх хүн над руу...” гэсэн мэдүүлгийг үзэж байхад Д.С- нь намайг нэр төдий л мэддэг хүн мэтээр мэдүүлэг өгсөн хүн байна билээ. Мөрдөгч Ганбаяр мэдүүлэг авахдаа байцаалтын өрөөнд аваагүй, 3-4 хүн ажилладаг өрөөндөө хамааралгүй ажилтны дэргэд авсан бөгөөд хажуу талд суудаг ажилтан нь хүртэл надад хандаж “...хүний биед хутга хүргэсэн бол хүнд гэмт хэрэг “ гэж бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад нэг нэгэндээ нөлөөлөх байдлаар хандаж байсныг хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа мэдсэн, миний зүүн гуянд их хэмжээний хөхрөлт, өвдөлттэй байсныг хэлэхэд тэр 2 мөрдөгч албан өрөөндөө миний өмдийг доошлуулж үзээд “одоо мэдэгдэх юм алга” гэж хэлэхэд нь 7-8 сарын дараа алга болно биз дээ гэж хэлээд гарч байлаа. Энэ байдлыг би зохих ёсны сэтгэл зүйн дарамт, ер нь хутгалсан гэсэн мэдүүлэг болгосон гэж үзэж байгаа болно. Үүнээс эхлээд янз бүрийн юм бодогдоод хардах сэтгэл төрж эхэлснийг мэдэгдье. Хардах эрхийн хүрээнд хохирогчийн хуучилж байсныг санахад С- нь надад нэг удаа “манай хүргэн ХУД-ийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад нас барсан” гэж хэлж байсан санагдаад “талийгаачийн гэр бүлийн хүн нь гэрчийн мэдүүлэг өгч явна, түүний эцэг нь энэ хэргийн хохирогч юм байна” гээд найз нөхөд явсан үе нь бодогдож, надад нэг л онцгүй хандаад байна уу” гэж бодогдож байсныг тэмдэглэе.
7. Зөвхөн хохирогч талын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн бүрдүүлэлт хийсэнд гомдолтой байна. Манай гэрээс хохирогчийн хэвтэж байсан Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль 30-50 метрийн зайд байдаг. Хөндлөнгийн гэрчээр манай давхрын хөршүүдээс мэдүүлэг авч болох байсан. Энэ бүгд хийгдээгүй, зөвхөн нэг талыг баримталсан ба хүү, охин хоёроос нь сургуулийн хажууд хэвтэж байсныг нь хараад түргэний эмч, цагдаа дуудсан эмэгтэйн мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурдсан байдаг.
8. Хэрэгт мөн манай гэрийн шалан дээр цусны толбо байгаа гэрэл зураг авагдсан байдаг. Орны доорх Ш- хувинд байх цустай бөөлжистэй харьцуулан судалж, хэнийх нь цусны бүлэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоож дүгнэлт гаргаагүй.
9. Анхан шатны шүүх хуралдаанд миний хохирогчид өгсөн 13.000.000 төгрөгийн зорилго, сэдлийг тодруулахад анх удаа хуралд оролцож байгаадаа тулгамдаж сандраад тодорхой ойлгохоор хариулж чадаагүй тул ичмээр санагдлаа. Гол зорилго нь нэн түрүүнд эрүүл мэндээ анхаарч, эмчилгээ тасалдах, цаашилбал түүнээс шалтгаалж эрсдэл хүндрэл гарах магадлалтайг иргэн хүний хариуцлага, хэрэг бүрэн төгс илэрч нотлогдоогүй байсан ч зүгээр байсан хүнийг дуудаж архи ууж, үүнээс улбаатай хохиролд оруулж цалин орлогогүй болгосон, цагаан сар удахгүй болох гэж байсан учраас хохирогчийн тавьсан саналын дагуу 1 сард 1.200.000-1.300.000 төгрөгийн цалинтай байх байсан гэж тооцоолоод 7-8 сар ажилгүй, биеийн эрүүл мэнддээ анхаарал тавих санхүүгийн боломж гэж бодож анх эмнэлэгт хэвтэж байхад нь өгсөн 3.000.000 төгрөг дээр тохиролцсоныхоо дагуу 10.000.000 төгрөгийг 3-4 хувааж тэтгэврийн зээл авах, цалин хөлс болон төрсөн ах дүүсийн мөнгөн тусламжийн эх үүсвэрээр төлсөн болно. Түүнээс өөр хэргийг далдлах юм уу, авлига хахуулийн сэдэл байгаагүй болохыг тодруулж байна. Хохирогчид мөнгөн тусламж өгсөн талаараа мөрдөгчид бичгээр мэдэгдэж байсан. Д.С-ын хүү 50.000.000 төгрөг нэхэмжилж, өгвөл хэргийг хаалгаж өгөх асуудлыг тавих, базууд гэх 2 хүн үгээр өдөж, биед халдахыг санаархах зэрэг сэтгэл зүйн дарамтууд байсан. Тухай бүр эхний мөрдөгч болон Д.С-т хэлж сэтгэл санааны хямрал, бачимдлаас үүсэж буй явдал байна даа гээд орхиж байсан.
9. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт буюу “санаатайгаар урьдчилан бэлтгэж, хийц зориулалтыг нь өөрчилсөн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Хуулиудын зарим зүйл заалтыг хэрэглээ талаас нь тодруулж тайлбарласан тогтоолуудыг Улсын дээд шүүх гаргадаг юм байна. Үүнийг өөрийнхөө ойлголтын хэмжээнд судлахад энэ хэрэгт холбогдох заалт, зүйлчлэл бүр тохирч нийцэхгүй байна. Би тохиолдлын байдлаар энэ хэрэгт холбогдсон болохоос “зориуд санаатайгаар урьдчилан бэлдээд, гэрийн хэрэглээний хутгаа хийц зориулалтыг нь өөрчилсөн” гэсэн нотлох баримт, дүгнэлт хэрэгт байхгүй. Өндөр настай миний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн хүнлэг, энэрэнгүй байх, хүний эрхийн асуудал зэрэг олон боломжтой талыг орхигдуулж, хэрэг бүрэн нотлогдоогүй байхад хамгийн чанга зүйл заалтаар зүйлчилж, шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Миний насны хүн ийм муухай зүйлийг санаатайгаар, ахуйн хэрэглээний хутганыхаа хийц зориулалтыг өөрчлөөд хийнэ гэдэг хэний ч санаанд багтамгүй асуудал гэж үзэж байна.
Иймд миний үйлдэл холбогдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн баталгаатай нотлогдож тогтоогдохгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хохирогч ямар ч гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан гэсэн тайлбар, мэдүүлгийг бичгээр өгснийг, хохирогчийн биеийн байдал нь сайн, ямар нэгэн зовуурь, өөрчлөлтгүй байгааг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.803.680 төгрөгийг төлж барагдуулах боломжтой байгаа, нуруу нугасны мэс засалд орж нуруундаа хөдөлгөөнт төмөр суулгацтай, 5 килограммаас дээш хүнд зүйл өргөж болохгүй эмчийн заалттай, ходоодны цооролтой амаар болон бөгсөөр цус алддаг өвчтэй байгааг, өндөр настай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэж, эсхүл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Г.Ш- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хохирогч бид хоёр согтуу байсан тул муудалцсан ба хохирогчийг хутгалсан эсэх талаар мэдэхгүй, санахгүй байгаа. Манай эргэн тойрны 2-3 камерыг шүүж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй “хүн хутгалсан” гэдгийг олж тогтоогоогүй, нотлогдоогүй учраас харамсаж байна. Миний мэдүүлэг болон гэрч Ганбаярын мэдүүлэг давхар нотлогдох ёстой. Камерын бичлэг шүүсэн бол болох байсан. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаагүй. Хохирогчийг би дуудаж ирээд асуудалд оруулчихсан. Бид хоёрын харилцаа ямар байсан гэдгийг мэдэхгүй, хохирогчийн ажлын газар манай гэрээс 20-30 метрийн зайтай, зэргэлдээ газруудын камерыг шүүж, хохирогчийг ажилдаа явсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Намайг яриулаад үгэн дотор үг дайгаад мэдүүлэг бичсэнд үнэхээр их гомдолтой байна. Би ялаас зутаах, хүнийг луйвардах санаа бодол байхгүй, би хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Мөн би өмгөөлөгч авсан ч надад туслаагүй, “би хөдөө явж байна, та очоод мэдүүлгээ өгчих”, мөн прокуророос яллах дүгнэлтийг “та очоод авчих” гэж хэлсэн. Тухайн өмгөөлөгчид гомдсоноо хэлсэн. Давж заалдах шатны шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө өөр өмгөөлөгч авсан. Би хуулийн байгууллагатай маргалдахгүй, миний үйлдсэн хэрэг нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд надад маргах зүйл байхгүй. Миний эрүүл мэндийн байдал муу байна. Нуруундаа аппараттай, ходоодны цооролтой, элэг муу, өвдөхгүй юм гэж байхгүй. Нас дагасан өвчин болон олдмол өвчин их байна. Би цагдан хоригдох хугацаандаа хоёр удаа эмнэлэгт хэвтэж, 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Мөн 3-4 жил нойргүйдэлтэй явж байна. Би хохирогчийг санаатай хутгалаагүй, би мөнгөгүй байсан учраас Ш- тайлах гэж найзыгаа дуудаж ирээд хэрэгт холбогдсон. Хохирогч хөдөө орон нутгаас ирж ажиллаж байсан мөн цагаан сар болох гэж байсан учраас хэрэг нотлогдоогүй байгаа хэдий боловч “би чамд мөнгө өгье” гээд 3.000.000 төгрөг хохирогчийн эхнэртэй яриад өгсөн. Энэ гэмт хэргийг санаатай зориуд үйлдээгүй учраас хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Миний ар гэрийн амьдрал хэцүү байна.” гэв.
Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нотолж тогтоогоогүй байна. Анхан шатны шүүх хурал болохоос 2-3 хоногийн өмнө өмгөөлөгчөө солиод намайг өмгөөлөгчөөр авсан. Хамгийн гол асуудал нь хохирогч “миний хэвлий тус газарт нэг удаа хутгалсан” гэж мэдүүлсэн ба хэрэгт хохирогчийн нүүр хэсэгт урт сорвитой зураг бас авагдсан. Мөн хохирогчийн хувцсанд таталцал, түлхэлцлийн улмаас үүссэн урагдал байдаг. Шүүгдэгч Г.Ш- тухайн үед ажлаа тараад гэртээ Ш-талтын байдалтай хэвтэж байхдаа хохирогчийг “гал дээр мах хийчихлээ, ганц шил архитай ирээд хоол ид” гэж утсаар ярьсан. Хохирогч Д.С- “ирээд Г.Ш-тай архи хувааж уусан, тэгээд нам унтчихсан” гэж мэдүүлсэн. Нам унтчихсан хүн хүний биед гэмтэл учруулах боломжтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Г.Ш- ходоодны Ш-хтай учраас архи уусны улмаас цусаар бөөлждөг. Хэргийн газарт үзлэг хийсэн баримтаар шалан дээр цус байдаг бөгөөд уг цуснаас биологийн дээж аваагүй, хэний цус гэдгийг тогтоогоогүй. Хохирогч “мах идэж байсан хутгаараа хатгасан” гэж мэдүүлдэг боловч Г.Ш-ын гэрээс эд мөрийн баримтаар хурааж авсан 3 ширхэг хутганаас хурууны хээ илрээгүй. Уг хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Хохирогч хэвлийн тус газартаа гэмтэл авсны улмаас 8 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоох журам хоорондоо зөрүүтэй байдаг. Хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй. Г.Ш- “намайг хутгалсан гээд байхаар нь би хутгалсан байх гэж бодсон, тэгээд над руу дайраад байхаар хохирлыг төлсөн” гэж ярьдаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хэргийн үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаах, эсхүл гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэж өөрчилж өгнө үү. Хохирогчийн биед учирсан гэмтэл түүний хөдөлмөрийн чадвар алдалтад огт нөлөөлөөгүй. Хохирогч эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд бүрэн эдгээд гарсан. Хөнгөн гэмтэл байж байгаад яагаад хүнд гэмтэл болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Тухайн үед мөрдөгч Ган-Эрдэнэ миний үйлчлүүлэгчийг “ажлын цаг тарсан учраас энэ хуудсан дээр гарын үсэг зурчих” гээд гарын үсэг зуруулж авсан. Би Г.Ш-ын мэдүүлгийг уншиж өгөхөд “би дээрх мэдүүлгийг өгөөгүй” гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй.” гэв.
Прокурор Д.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтай хүрэлцээтэй нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ш- зэвсгийн чанартай зүйл ашиглаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар хангалтай тогтоогдсон. Камерын бичлэг шүүж үзээгүй, хэрвээ камерын бичлэг шүүсэн нөхцөлд хэрэг тодорхой болох байсан гэж ярьдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Г.Ш-ын орон байранд камер байхгүй, зөвхөн гэрт орж, гарч байгаа бичлэг харагддаг. Хохирогч анх мэдүүлэхдээ болон эмнэлгийн тусламж авахдаа “Г.Ш- намайг мах идэж байсан хутгаараа хутгалсан” гэж мэдүүлдэг. Г.Ш- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хутгалснаа санахгүй, зарим үйл баримтыг “санахгүй байна” гэж мэдүүлдэг. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээрээ санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ш- гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогчид төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухай үеийн камерын бичлэгийг өнөөдрийн байдлаар шүүх боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш жилийн хугацаа өнгөрсөн учраас мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хувцасны урагдал, нүүрэнд Ш-х байсан талаар тайлбартаа дурдаж шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл тогтоогдсон атлаа яагаад хүнд гэмтлийн зэрэг болсон бэ гэж хэллээ. Шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтлийн зэрэг тогтоогдсон талаар хангалттай хэлсэн. Шүүх шинжилгээний эмч нар гэмтлийн зэрэг гаргахдаа тодорхой журам мөрдөж ажилладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед гомдол гаргах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүх хэргийг боломжит хөнгөн байдлаар шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Г.Ш-ыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Дээдсийн өргөө хотхоны Г- дугаар байр, Г- тоот гэртээ урьд хамт ажилладаг байсан хохирогч Д.С-ын хэвлий хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн, нарийн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн Ш-х, хэвлийн хөндийд цус алдалт /1900-2200 мл/ бүхий гэмтэл учруулсан, дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, ...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн... гэж үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялын төрөл хэмжээг сонгож хэрэглэх учиртай.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасантай нийцэх юм.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт шүүгдэгчийн өөрийн гэм буруу, учруулсан хор уршигт хандаж буй хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, хор уршгийг арилгах зэрэг хүсэл зоригоо илэрхийлж байгаа байдлыг ойлгоно.
Хэргээс үзэхэд, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “... санаатай гэмт хэрэг үйлдээгүй, гэмтэл учруулах санаа сэдэл байхгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй буюу тусгайлан бэлтгэсэн зэвэг хэрэглээгүй, зохиомол ял үүсгэж намайг зориуд яллаж байна....Д.С-т хүнд гэмтэл учруулаагүй, энэ нь ямар ч нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй учир гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү.” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэсэн байр суурь илэрхийлж оролцсон байдлаас дүгнэвэл шүүгдэгч Г.Ш-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэхгүй юм.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Ш-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг, шүүгдэгч Г.Ш- нь Эрүүл мэндийн даатгалын санд 2.803.680 /хоёр сая найман зуун гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ