Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 4

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хянаад

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баасансүрэн овогтой Чинзориг миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн өмчийн хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан хууль ёсны дуудлага худалдаагаар худалдан авсан Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламжийг миний нэр дээр бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сэлэнгэ аймгийн болон Баянгол сумын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч холбогдох иргэний маргааныг хааж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

            Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас бүрэн татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.БАЙГАЛМАА