Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 147

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Н.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Шид  холбогдох 1812001690112 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:, Б овогт Н-ын Ш/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Ууж гэх газраас иргэн Б.Гийн 1 тооны даага, 2 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж, 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*  Шүүгдэгч Н.Шийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө шарга даага, 2 бяруу хулгайлж авсан. Хулгай хийсэндээ гэмшиж, ухаарч байна..” гэх мэдүүлэг

 

*Эрүүгийн 1812001690112 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Б.Гийн өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу гэх газарт манайх хаваржиж байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийнхөө хаваржааны орчимд бэлчээрт байсан мал сүргээс 1 тооны им тамгагүй шарга зүсмийн даага, зөв чих нь онь имтэй буруу чих нь имгүй 1 тооны хар зүсмийн бяруу, 1 тооны ягаан зүсмийн бяруу нийт 3 тооны мал байхгүй болсон байсан. Тэгээд өөрийнхөө мал бэлчдэг бэлчээр бас өөр хүний малаар өөрийнхөө 1 даага, 2 бярууг хэсэг хугацаанд хайгаад ямар нэгэн сураг чимээ гараагүй мал алга болсоны дараа өдөр адуугаа манай нутгийн Зоригоо гэж дууддаг залуугийн хаваржааны хажуугаас олсон харин манай үхрүүд хэсэг хэсгээрээ хуваагдсан хаа сайгүй салсан байсан тэгээд бас яг тухайн үед манай эхнэр болох О нь Улаанбаатар хот явсан би гэртээ ганцаараа байсан болохоор цагдаа сэргийлэхэд хэлж чадалгүй эхнэрийнхээ араас Улаанбаатар хот явсан юм тэгээд түүнээс хойш хөдөө буцаж ирээд өөрийнхөө малаас байхгүй болсон 1 тооны даага, 2 тооны бяруугаа нутаг усныхаа хүнээс асуугаад эрэл сурал болж байгаад нутгийн хүнээс сураг сонсоод байсан чинь манай алга болсон 1 даага, 2 бярууг манай саахалт айлын залуу болох Н.Ш хулгай хийсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би Н.Штой, мөн аав, ээжтэй нь уулзахад эхлээд хулгай хийсэн талаараа огт ярихгүй би аваагүй гээд ээж, аав нь хүртэл биднийг загнаад байхаар  нь танай хүүхдийг авсан гэдгийг саахалт айлын Н надад хэлсэн гэсэн чинь Ш тиймээ би хулгай хийсэн гэдгээ манайханд ярьсан тэгээд түүнээсээ 3 билүү, 4 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна нэг шөнө 01 цагийн орчимд манай гэрт Н.Ш өөрийн ээж, аавтайгаа манайхаас авсан малаа туугаад ирсэн. Тэгээд авчирсан малыг гараад харахад манайхаас 4 сард алга болсон 1 шарга даага, улаан бяруу нь зүсээрээ ирсэн харин хар бярууны оронд цонхигордуу зүс нь яг хэлэхэд хэцүү нэг бяруу авчирч өгсөн тэгээд манайхаас хулгай хийсэндээ уучлалт гуйгаад буцсан. Тэгээд л бид нар тухайн үед чимээгүй өнгөрсөн. Манайх өдөр бүр малаа хотлуулдаг бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө л ганцхан хотлуулаагүй. Яагаад би он, сар, өдөрөө сайн санаж байна гэхээр 2017 оны 04 сарын 24-ний өдөр нь бүх малаа бүртгэсэн байсан. Тэгээд ч манайх тийм олон малгүй, хүний нүдэн багцаагаар л хараад малынхаа зүсийг толгой бүрчлэн мэдэж болохоор л айл. Зөв чих нь онь имтэй эвэр нь дөнгөж зухуйж байсан ягаан бяруу, сүүл цагаан хар зүсмийн бяруу, им тамгагүй шарга зүсмийн даага хулгайд алдсан. Харин манай алдсан мал дотор хурдан удмын үнэ цэнэтэй мал байгаагүй. Н.Ш гэдэг залуутай бол айл аймаг олон жил хамт амьдарч байна, С.О гэх хүнийг огт харж байгаагүй. Хэдэн төгрөгийн үнэлгээтэйг  хэлж мэдэхгүй байна, тиймээс мэргэжлийн үнэлгээ гаргадаг хүнийг үнэлсэн үнэлгээгээр тогтооно. 1 тооны шарга даага, улаан бяруу нь зүсээрээ мөн байсан. Харин манайд өгсөн цонхигордуу зүсмийн бяруу нь манайхаас алга болсон бяруу биш байсан. Манайхаас алга болсон хар бярууны оронд төлбөрт өгсөн. Би төлбөр мөнгөө авсан учраас нэхэмжлэх зүйл гомдол санал гэхээр зүйл надад байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Гэрч Г.О өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын эхээр манай саахалт айлын хүн болох Б.Г манай нөхөртэй уулзсан тэгээд танай хүү болох Н.Ш нь манай малаас 1 тооны даага, 2 тооны бярууг авсан байна танай хүү туугаад явж байхыг саахалт айлын хүн харсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай гэрийн хүн өөрийнхөө хүүтэй уулзсан, би тэр орой өөрийнхөө хүүхэдтэй уулзахад би Б.Г гэх айлаас нэг тооны даага, хоёр тооны бярууг авсан гэж хэлсэн. Тэгээд би аавтай нь хүүгийнхээ хулгай хийсэн малыг зүсээр нь өгч, нэг бярууг нь өгсөн бас 500.000 өгсөн тэгээд тэр айл гомдол саналгүй болсон. Би Б.Гийнд мал өгөх үед өөрийнхөө нөхөр хүүхдийг авч очиж уучлалт гуйгаад тэднийхээс хүүгийнхээ авсан гэх нэг тооны шарга даага, хар зүсмийн бярууг эзэнд нь зүсээр нь буцааж өгсөн. Харин нэг бяруу нь үхсэн байсан учраас малаас ягаан цонхигор зүсмийн бярууг өгөөд өөрийнх нь мал мөн эсэхийг асуухад мөн гээд авцгаасан тэгээд л салцгаасан. Б.Гтай ойрхон нэг хамрын наана, цаана л хаварждаг айл...”гэх мэдүүлэг/хх-ийн 28  дугаар тал/,

 

*Гэрч Н.Нын өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын эхээр манай саахалт айлын хүн болох Б.Г нь надад хандаад танай хүү болох Н.Ш нь манай малаас 2 тооны бяруу, 1 тооны даагыг авсан байна. Танай хүү туугаад явж байхыг саахалт айлын Д.Н харсан байна гэсэн тэгэхээр нь би өөрийнхөө хүүтэй уулзаад Б.Гийн хэлж байгаа үнэн бол хүний юм авчирч өг гэсэн манай хүү нэг өдөр яваад Б.Гийнхаас авсан гэх малаа буцааж авчирч өгсөн. Тэгээд тэрнээс нь хохирлыг нь барагдуулж байгаа гэж би Б.Гт 500.000 төгрөг бэлнээр өгөөд манай хоёр гэр бүл ямар нэгэн гомдол саналгүй болцгоосон бас өөрийнхөө хүү Н.Шийг Б.Гийнх руу явуулж уучлалт гуйлгуулсан. Би өөрийнхөө хүүг Б.Гийнд мал өгөх үед нь өөрийнхөө эхнэр хүүхдийн хамт очиж уучлалт гуйгаад тэднийхээс авсан гэх нэг тооны шарга даага, хар зүсмийн бярууг эзэнд нь зүсээр нь буцааж өгсөн нэг бяруу нь үхсэн байсан учраас өөрийнхөө малаас ягаан цонхигор зүсмийн бярууг өгөөд өөрийнх нь мал мөн эсэхийг асуухад мөн гээд авцгаасан тэгээд л салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

 

*Гэрч Г.Сгийн өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сард өөрийн нөхөртэйгөө хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2017 оны 04 дүгээр сарын 30-ны үеэр Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд манай адуунд шарга зүсмийн даахьтай жижиг биетэй даага байсан. Харин үхэр дотор даахьтай улаан зүсмийн тугалан бяруу бас хар зүсмийн  даахьтай бяруу нийлсэн бэлчиж байсан тэгэхээр нь би өөрийнхөө хүүхдээс ямар учиртай мал болох талаар асуухад Н.Н ахынхаас ирсэн юм эхийгээ хөхөөд байхаар нь ээжийг нь ширгээх гэж авчирч өгсөн гэж л хэлж байсан. Тэгээд түүнээс хойш оторт нүүсний дараа тухайн хоёр бярууны нэг нь татаад үхсэн. Тэгээд манайх оторт байж байгаад нүүж ирээд хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 07 дугаар сарын эхээр би бас өөрийнхөө эхнэртэй рашаанд орохоор явсан хойгуур Д.Нын хүү ирээд нөгөө үлдсэн шарга даага, нэг бяруугаа авахаар ирэхэд нь манай хүү болох С.О нь оторт явж байгаад үхсэн бярууг нь төлж өөрийнхөө малаас нэг тооны бярууг Н.Шид өсгөн.  Түүнээс хойш юу болсон талаар огт мэдэх зүйл алга. Манай хүү болох С.О надад хэлэхдээ намайг сумын төвд тоглолт үзээд явж байхад Н.Ш надтай уулзаад эхийгээ манай 2 бяруу, 1 даага хөхөөд байх юм эхээс нь салгах хэрэгтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би тэр малыг нь ачиж ирсэн гэж надад хэлсэн. Нэг тооны хар зүсмийн бяруу, нэг тооны улаан зүсмийн жижиг биетэй тугалан бяруу тэгээд бас жижиг биетэй шарга зүсмийн даага байсан тухайн малнуудын им тамгыг нь би ёстой анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

 

*Гэрч Э.Оын өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сард манайх Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Ууж гэх газарт нутагладаг байсан. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хйилгэхээр явсан. Тэгсэн тухай өдрийн шөнө нь манай малаас 1 тооны шарга зүсмийн даага, 2 тооны бяруу алдагдсан гэж нөхрөөсөө сонссон. Тэгээд би Улаанбаатар хотод 10 гаруй хоноод гэртээ ирэхэд манай малаас 1 тооны шарга даага, сүүл цагаан хар зүсмийн нэг бяруу, улаан ягаан зүсмийн нэг бяруу тус бүр байхгүй болсон байсан учраас зүсээр нь яг сайн мэдэж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа 2017 оны 07 дугаар сарын дундуур байх, эхээр ч билүү би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна нэг өдөр шөнө дунд манай гэрт Н.Ш аав, ээжтэйгээ ирээд манай малаас 1 тооны даага, 2 тооны бяруу хулгай хийснээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж манайхаас авсан гэх шарга зүсмийн даага, улаан ягаан бярууг зүсээр нь буцааж өгч харин алга болсон хар бярууны оронд цонхигордуу эрлийз маягийн нэг бяруу төлж өгсөн. Нэг шарга даага, улаан ягаан бяруу хоёр нь зүс имээрээ яг мөн байсан харин нэг бяруу нь манай бяруу биш өөр бяруу байсан одоо дээрх малуудыг үзье гэвэл манай малд зүсээрээ бүгд байгаа мөн малаа хайсны бензин шатахууны төлбөрт 500.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар тал/,

 

*Гэрч Д.Нийн өгсөн:

“...2017 оны 07 дугаар сард санагдаж байна, би Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутагт малаа цуглуулаад явж байтал Зоригоо гэх залуугийн хашаан дотор нэг шарга даага уяатай, хар, улаан 2 бяруу сул байсан. Тэгээд би тухайн үед юу болох талаар нь мэдэхгүй явсан. Тэгтэл түүний дараа 3 хоног өнгөрсөн байхад Г намайг хонио хариулаад явж байтал над дээр ирээд та шарга даага, 2 бяруу харсан уу гэхээр нь би 3 хоногийн өмнө малаа бөөгнүүлээд явж байтал Зоригоогийн хашаан дотор байсан гэж хэлсэн. Н.Шийг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй байна. Хашаан дотор нэг даага, 2 бяруу хашсан байсныг нь харсан. Хохирогч Гт Н.Шийг хулгай хийсэн талаар хэлээгүй. Би малын хашаан дотор 1 толгой даага, 2 толгой бярууг харсан гэж хэлсэн. Н.Шоос Б.Г цохилдуулж асуугаад л малаа хулгайлсан гэдгийг олсон байх...’ гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/

 

*Шинжээч А.Бын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/

*Шинжээч А.Бын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/

*Шинжээч А.Бын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Ууж гэх газраас иргэн Б.Гийн 1 тооны даага, 2 тооны бяруу алдагдаж 490.000 төгрөгийн хохирол учирсан гэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг Н.Ш үйлдсэн болох нь хохирогч Б.Гийн “...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийнхөө хаваржааны орчимд бэлчээрт байсан мал сүргээс 1 тооны им тамгагүй шарга зүсмийн даага, зөв чих нь онь имтэй буруу чих нь имгүй 1 тооны хар зүсмийн бяруу, 1 тооны ягаан зүсмийн бяруу нийт 3 тооны мал байхгүй болсон байсан. Тэгээд түүнээс хойш хөдөө буцаж ирээд өөрийнхөө малаас байхгүй болсон 1 тооны даага, 2 тооны бяруугаа нутаг усныхаа хүнээс асуугаад эрэл сурал болж байгаад нутгийн хүнээс сураг сонсоод байсан чинь манай алга болсон 1 даага, 2 бярууг манай саахалт айлын залуу болох Н.Ш хулгай хийсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би Н.Штой, мөн аав, ээжтэй нь уулзахад эхлээд хулгай хийсэн талаараа огт ярихгүй би аваагүй гээд ээж, аав нь хүртэл биднийг загнаад байхаар  нь танай хүүхдийг авсанг саахалт айлын Н тэгсэн гээд хэлсэн чинь Ш тиймээ би хулгай хийсэн гэдгээ манайханд ярьсан тэгээд түүнээсээ 3 билүү, 4 хоногийн дараа буюу 2017 оны 04 дугаар сарын эхээр шиг санаж байна нэг шөнө 01 цагийн орчимд манай гэрт Н.Ш өөрийн ээж, аавтайгаа манайхаас авсан малаа туугаад ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Оын “...2017 оны 07 дугаар сарын эхээр манай саахалт айлын хүн болох Б.Г манай нөхөртэй уулзсан тэгээд танай хүү болох Н.Ш нь манай малаас 1 тооны даага, 2 тооны бярууг авсан байна танай хүү туугаад явж байхыг саахалт айлын хүн харсан байна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нын “...2017 оны 07 дугаар сарын эхээр манай саахалт айлын хүн болох Б.Г нь надад хандаад танай хүү болох Н.Ш нь манай малаас 2 тооны бяруу, 1 тооны даагыг авсан байна. Танай хүү туугаад явж байхыг саахалт айлын Д.Н харсан байна гэсэн тэгэхлээр нь би өөрийнхөө хүүтэй уулзаад Б.Гийн хэлж байгаа үнэн бол хүний юм авчирч өг гэсэн манай хүү нэг өдөр яваад Б.Гийнхаас авсан гэх малаа буцааж авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сгийн “...2017 оны 04 дүгээр сард өөрийн нөхөртэйгөө хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2017 оны 04 дүгээр сарын 30-ны үеэр Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд манай адуунд шарга зүсмийн даахьтай жижигхэн биетэй даага байсан. Харин үхэр дотор даахьтай улаан зүсмийн тугалан бяруу бас хар зүсмийн  даахьтай бяруу нийлсэн бэлчиж байсан тэгэхээр нь би өөрийнхөө хүүхдээс ямар учиртай мал болох талаар асуухад Н.Н ахынхаас ирсэн юм эхийгээ хөхөөд байхаар нь ээжийг нь ширгээх гэж авчирч өгсөн гэж л хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Нийн “...2017 оны 07 дугаар сард санагдаж байна, би Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутагт малаа цуглуулаад явж байтал Зоригоо гэх залуугийн хашаан дотор нэг шарга даага уяатай, хар, улаан 2 бяруу сул байсан. Тэгээд би тухайн үед юу болох талаар нь мэдэхгүй явсан. Тэгтэл түүний дараа 3 хоног өнгөрсөн байхад Г намайг хонио хариулаад явж байтал ирээд та шарга даага, 2 бяруу харсан уу гэхээр нь би 3 хоногийн өмнө малаа бөөгнүүлээд явж байтал Зоригоогийн хашаан дотор байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шинжээч А.Бын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Н.Шийн бусдын малыг  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шид холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Шид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт,  хохирогч Б.Г нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус  мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Н.Шид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Шийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга зүсмийн морийг хураан улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын яллагч шүүгдэгч Н.Шийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэн С.Оын унаж явсан Хюндай портер маркийн 21-37 АРХ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Н.Ш нь гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдохгүй, хулгайн гэмт  хэрэг төгссөний дараа буюу өөрийн мориор хохирогчийн 1 тооны даага, 2 тооны бярууг тууж ирээд хашсаны дараа уг малыг С.О ачиж явсан нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох  баримтаар тогтоогдох бөгөөд прокурор 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолоор С.От холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.От буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ш-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Н.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 17 тоот, 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Н.Шоос гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг хурааж улсын орлого болгож, Хюндай Портер маркийн 21-37 АРХ улсын дугаартай автомашиныг эзэмшигч Архангай аймгийн Хотонт сумын 4-р баг, Улаанчулуу гэх газар оршин суух С.От буцаан олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР