Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00193

 

......лийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03420 дугаар шийдвэртэй, ......лийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.... ХХК-д холбогдох

Ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 15 553 250 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Н.... ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №9 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний 2.2 дах хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлж урьдчилгаа төлбөр 15.553.250 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн. Гэрээнд зааснаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг ашиглалтад, улсын комисст хүлээлгэн өгч, компанийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрийн хуваарийг дахин тохиролцохоор болсон боловч 2019 оны 6 дугаар сарын байдлаар орон сууцны барилгын суурь ч тавиагүй байна. Ингээд гэрээ байгуулсан компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандахад барилга барихад саад бэрхшээл учирсан тул гэрээгээ цуцлъя, урьдчилгаа төлбөрт төлсөн 15.553.250 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор буцаан олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй бидэнтэй уулзахгүй байна. Иймд Иргэний хууль, дээрх гэрээний холбогдох зүйл, заалт урьдчилгаа төлбөрийг буцаан олгох хэлцлийг тус тус үндэслэн Н.... ХХК-аас 15.553.250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н.... ХХК-аас 15.553.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......лд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.... ХХК-иас 238.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......лд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хариуцагч "Н...." ХХК болон нэхэмжлэгч ......л нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 15.553.250 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурьдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэлнэхэмжлэгч ......лийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 15.553.250 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх "...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй" гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ......л, хариуцагч Н.... ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 15.553.250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид шүүх хуралдааны шатанд эвлэрч, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 15.553.250 төгрөгийг хариуцагч 2021 оны 1 дүгээр сарын 28-нд 2.553.250 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 28-нд 3.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 28-нд 5.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 28-нд 5.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.... ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 15.553.250 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 28-нд 2.553.250 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 28-нд 3.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 28-нд 5.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 28-нд 5.000.000 төгрөгийг тус тус төлж нэхэмжлэгч ......лд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ