Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

                                                        Б.А, С.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/321 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А, С.Ж нарт холбогдох эрүүгийн 2513000000337 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аяагүл, шүүгдэгч Б.А, С.Ж, шүүгдэгч нарын өмгөөлөгч  Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.      

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн А******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүнтэй, эхийн хамт амьдардаг, ************ багт оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж**** овогт Б********* А****, /РД: [********];

 

2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн У******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 хүнтэй, ганц бие, ********тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ял, 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар 13 хоногийн хорих ял, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар 13 хоногийн хорих ял, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,

Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Б****** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 08 хоногийн хорих ял, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар 14 хоногийн хорих ял,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,  2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан,  Б**** овогт С******** Ж******, РД: [********].

 

3.Холбогдсон хэргийн  талаар:

            3.1. Шүүгдэгч Б.А, С.Ж нар бүлэглэж, 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т***** Х******” ХХК-ийн агуулахад хууль бусаар нэвтэрч 1 шуудай 50 кг-ын гурил, 2 шуудай тахианы махны бүрмэл /сухар/-ийг **-** БӨН улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Б 265,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт хамаарах гэмт хэрэгт;

3.2. Шүүгдэгч Б.А нь 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн С.Б гэрт хохирогч Н.А өмчлөлийн “Huawei nova Y7” загварын гар утсыг “нэг удаа ярьчхаад өгье” хэмээн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар тухайн утсаар ярьж байсан мэт дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтаж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаар хохирогч Н.А 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

3.3. Шүүгдэгч Б.А нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т*****-2” орон сууцны зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Х.Н эзэмшлийн “М******-5” загварын **-** БӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

3.4. Шүүгдэгч С.Ж нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал худалдаалах захад байрлах цайны газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Х эзэмшлийн “Samsung galaxy А-16” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 355,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 318 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.А дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх  хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч  С.Ж дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус  зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн  2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор: 

            5.1. Шүүгдэгч Ж**** овогт Б********* А****, Б**** овогт С******** Ж****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Х********” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

          мөн шүүгдэгч Ж**** овогт Б********* А****, Б**** овогт С******** Ж****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Х********” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          мөн шүүгдэгч Ж**** овогт Б********* А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Д********” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          5.2. Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

          мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 

          5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

          5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч Б.А эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

          5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, С.Ж нарт оногдуулсан хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А цагдан хоригдсон 49 хоногийг, шүүгдэгч С.Ж цагдан хоригдсон 16 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцож,

          5.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж гэмт хэргийн хор уршигт 100,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Ж олгож шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч С.Ж давж заалдах гомдлын агуулга:

6.1. Миний бие С.Ж нь 9 дүгээр багт оршин суудаг. Ам бүл ганц бие. Би Б.А гээд залуутай танилцаад архи уусан. Тэгээд Б.А нэг газарт ажиллаж байна байгаа, мөнгө авна гээд очсон. Дараа нь 1 шуудай 50 кг гурил, 2 шуудай тахианы амтлагч авч ирсэн. Тэгээд замд 1 шуудай гурил, 1 шуудай тахианы амтлагч  90,000 төгрөгөөр зарсан. Тэгээд 5 залуу нийлээд архи  уусан. Ө**** босоод ажилд явсан. М**** зах  дээр мөрдөн байцаагч Б******* гээд залуу ирээд байцаалт авсан. Би бүх юмаа хэлж өгсөн. Миний бие муу байна. Т***** гэмтэлтэй. 56 настай. Та бүхнээс ялыг хөнгөлж өгөхийг хүсье.

 

7. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Т нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн А******** сумын 01 дүгээр багт оршин суудаг, амь бүл 2-лаа эхийн хамт амьдардаг байсан. Шүүгдэгч Б.А Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаатай ялаар шийтгэж, түүнийг нэмж нэгтгэснээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн одоогийн байдлаар 86 хоног цагдан хоригдож байгаа ба дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.2. Өмгөөлөгчийн зүгээс тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан асуудал нь анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг бага ч гэсэн хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

7.3. Шүүгдэгч маань гэмт хэрэгт холбогдсон асуудалдаа маш их гэмшиж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байна. Мөн шүүхээс гэм буруугаа зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж болно гэж хуульд заасан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүсэж байна.

7.4. Шүүгдэгч Б.А нь хорих ялаар шийтгүүлэхээс өмнө өндөр настай эхийн хамт А******** сумын Х** багт оршин суудаг байсан ба эхэд нь түүнээс өөр харж хандах хүнгүй. Шүүгдэгч Б.А эрүүл мэндийн хувьд дурдвал Улсын нэгдүгээр төв эмнэлгийн У******-А********** төвд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэвтсэн ба хэвтрийн хугацаанд Б*** шилжүүлэн суулгах багийн хурлаар орж, зүүн бөөрийг эмч нар донор бөөрөөр сонгож, зүүн донор бөөрийг хэвлийн дурангаар авах мэс заслыг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хийж, хүнд өвчтэй хүнд донор болж амьдрал бэлэглэсэн болно. Одоо шүүгдэгч Б.А нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн У******-А********** төвийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний эмчийн хяналтад байгаа ба 2025 онд гэдэсний түгжрэлээс болж хагалгаанд орсон байна. Шүүгдэгч Б.А донор болж амьдрал бэлэглэсэн хүн нь амьд сэрүүн ажлаа гүйцэтгэж, гэр бүлийн хамт амьдарч байгаа юм байна.

7.5. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлал зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайд, Х******* нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/198 хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг “Э***** шилжүүлэн суулгах мэс заслын 7.33 б-д зааснаар 89 хувиар тогтоосон байна.

7.6. Иймд шүүхээс хүсэх нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, С.Ж нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэм хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна.

8.2. Шүүгдэгч нарын давж заалдах гомдлын агуулга нь эрүүгийн хариуцлагын хэмжээг багасгаж өгөөч гэх агуулгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн хор уршиг, хохирлын  шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан гэж үзэж байна. 

8.3. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэмжээг багасгахтай холбоотой ямар нэгэн баримтыг гаргаж өгсөнгүй. Анхан шатны шүүхээс ял оногдуулах үед харгалзан үзэх үзүүлэлтүүд, хөнгөрүүлэх талаар бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа тул анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Ж, Б.А, түүний өмгөөлөгч Х.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ. 

 

11. Шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар:

11.1. Шүүгдэгч Б.А, С.Ж нар бүлэглэж, 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т***** Х******” ХХК-ны агуулахад хууль бусаар нэвтэрч 1 шуудай 50 кг-ын гурил, 2 шуудай тахианы махны бүрмэл /сухар/-ийг **-** БӨН улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Б 265,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 

-Иргэн А.Б 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-08 дахь тал/,

-“Т***** Х******” ХХК-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /1 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

-Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15, 70 дахь тал/,

-Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

-Ш****** “Х** үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай ““Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн дундаж үнийг 2025 оны 8 дугаар сарын байдлаар 9,000,000 төгрөгөөр тогтоов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

-Ш****** “Х** үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2751 дугаартай “Ө** гурил 1 шуудай нь 105,000 төгрөг, сухар /бүрмэл тахианы/ 20 ширхэг 8,000 төгрөгөөр нийт үнэ 160,000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

-Яллагдагч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,  

-Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

11.2. Шүүгдэгч Б.А нь 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн С.Б гэрт хохирогч Н.А өмчлөлийн “Huawei nova Y7” загварын гар утсыг “нэг удаа ярьчхаад өгье” хэмээн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар тухайн утсаар ярьж байсан мэт дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтаан өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаар хохирогч Н.А 650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Иргэн Н.А 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

-Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129, 155 дахь тал/,

-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/, 

-Ш****** “А*** Б******” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0141 дугаартай “2025 оны 8 дугаар сарын байдлаар “Huawei nova Y7” загварын гар утас 650,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 136-140 дэх тал/,

-Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

11.3. Шүүгдэгч Б.А нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т*****-2” орон сууцны зогсоолд байрлуулж тавьсан хохирогч Х.Н эзэмшлийн “М******-5” загварын **-** БӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Иргэн А.Д 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

-“М******-5” загварын **-** БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 06-11 дэх тал/,

-“М******-5” загварын **-** БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Х.Н хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,

-Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 16, 53 дахь тал/,

- Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

- Ш****** “Х** үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дугаартай “...2025 оны 10 дугаар сарын байдлаар “М******-5 загварын мотоцикл 450,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

- Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

11.4. Шүүгдэгч С.Ж нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал худалдаалах захад байрлах цайны газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Х эзэмшлийн “Samsung galaxy А-16” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 355,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 

- Иргэн Х.Х 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2  дахь хавтаст хэргийн 77 дахь тал/,

- Хохирогч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 80, 121 дахь тал/,  

- Иргэний нэхэмжлэгч Р.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал/, 

- “Samsung galaxy А-16” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

- Хохирогч Х.Х  “Samsung galaxy А-16” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 89 дэх тал/,

-“Ч***** хаан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг /2 дахь хавтаст хэргийн 92-95 дахь тал/,

- Ш****** “А*** Б******” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-25-0179 дугаартай “2025 оны 10 дугаар сарын байдлаар 1 ширхэг “Samsung galaxy А-16” загварын гар утас 350,000 төгрөг, 1 ширхэг гар утасны гэр 5,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 104-108 дахь тал/,

- Яллагдагч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

12. Шүүгдэгч Б.А, С.Ж нарт  холбогдох дээрх хэргүүдийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн оролцоог хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж бодитой, үндэслэлтэй сэргээн тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар (1) Б.А, С.Ж нар нь бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, (2) шүүгдэгч Б.А, С.Ж нар нь тус тусдаа, бие даасан бүрдэл, төгсгөлтэйгөөр буюу дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, (3) шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

12.1. Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Б.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан 1 үйлдэл, мөн түүний бусадтай бүлэгдэж, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан 1 үйлдэл тус бүрийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зүйлчилж, тус тусад нь гэм буруутайд тооцсоныг гэм буруугийн зарчмын үүднээс буруутгах үндэслэлгүй бөгөөд харин нэг төрлийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт нэгтгэн эрх зүйн үр дагаврыг системчлэн тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг журамлан нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Мөн шүүгдэгч Б.А үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүх хэргийн үйл баримтад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг хоёр жил, хоёр сарын хугацаагаар тогтоохдоо  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөв хэрэглэжээ.

12.2. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан 1 үйлдэл, мөн түүний бусадтай бүлэгдэж, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан 1 үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар үндэслэлтэй зөв зүйлчилж, гэм буруутайд тус тусад нь тооцсоны дараа дээр дурдсан хууль хэрэглэх зарчим, аргачлал ёсоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг журамлаж, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол зэргээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж үзсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, шүүх энэ талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолд хангалттай тусгаж, дүгнэснийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

13. Шүүгдэгч С.Ж нь “...Миний бие муу байна. Т***** гэмтэлтэй. 56 настай. Та бүхнээс ялыг хөнгөлж өгөхийг хүсье...” гэж,

- шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Т нар “... шүүгдэгч Б.А нь хорих ялаар шийтгүүлэхээс өмнө өндөр настай эхийн хамт А******** сумын Х** багт оршин суудаг байсан ба эхэд нь түүнээс өөр харж хандах хүнгүй. Б.А нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн У******-А********** төвд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэвтсэн ба хэвтрийн хугацаанд Б*** шилжүүлэн суулгах багийн хурлаар орж, зүүн бөөрийг эмч нар донор бөөрөөр сонгож, зүүн донор бөөрийг хэвлийн дурангаар авах мэс заслыг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хийж, хүнд өвчтэй хүнд донор болж амьдрал бэлэглэсэн болно. О*** шүүгдэгч Б.А нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн У******-А********** төвийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний эмчийн хяналтад байгаа ба 2025 онд гэдэсний түгжрэлээс болж хагалгаанд орсон байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлал зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайд, Х******* нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/198 хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг “Э***** шилжүүлэн суулгах мэс заслын 7.33 б-д зааснаар 89 хувиар тогтоосон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье..” гэж тус тус ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой давж заалдах гомдол гаргасныг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзвэл: 

13.1. Шүүх хэрэгт цугларсан хууль ёсны нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, Б.А, С.Ж нар нь бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Б.А, С.Ж нар нь дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон бөгөөд гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн байна. Иймээс энэ талаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж гаргасан шүүгдэгч С.Ж давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

13.2. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Х****, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ыг баталсан бөгөөд шүүгдэгч Б.А бөөрний донор болсон байдал болон түүний хөдөлмөрийн чадвараа 89 хувь алдсан нөхцөл байдал нь түүнийг хорих ялаас чөлөөлөх дээрх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгдэгч С.Ж, Б.А, түүний өмгөөлөгч Х.Т нарын “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” тухай гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.А, С.Ж нарын хамтран оролцож болон дангаараа үйлдсэн гэм хэргүүд мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг шүүгдэгч нарын үйлдэл холбогдол тус бүрээр үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэргийг зүйлчилсэн, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.А, С.Ж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/321 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ж, Б.А, түүний өмгөөлөгч Х.Т нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК