Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2022/00021

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29-ний өдөр            226/МА2022/00021                                 Хэрлэн сум

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.З-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00021

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Б.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат,

Хариуцагч Г.З-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэртэй Б.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.З-т холбогдох “16.200.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Г.З-тэй 2020 оны 05 дугаар сарын  29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн юм. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.З- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож, 250 хоногийн 6.000.000 төгрөг болон үндсэн зээл 12.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг болсон. Тус зээлээс хариуцагч нь 2021 оны 07 дугаар сард 1.800.000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 16.200.000 төгрөгийг хариуцагч Г.З-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.З- шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О-өөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан. Үндсэн зээлсэн мөнгөнөөсөө бэлнээр болон хүнс бараа нийт 5.580.080 төгрөгийг төлсөн. Мөн хүүд 1.800.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Б.О-ийн 2017 онд надад зээлсэн гэх 5.000.000 төгрөгийг өөрийн данснаас шүүж үзэхэд миний дансанд тус гүйлгээ орж ирээгүй байсан. Бидний хооронд мөнгө зээлж авах, өгөх харилцаа олон удаа үүсч байсан боловч 2016-2017 онд Б.О-өөс 5.000.000 төгрөг аваагүй. Дэлгүүрийн тооцоо нийлдэг гараар бичсэн хар дэвтэр дээр өгсөн гэж тайлбар бичсэн байна. Хэрвээ би мөнгө зээлсэн бол өнгөрсөн 6 жилийн хугацаанд өгөхгүй байна гэж байхгүй. Зээлсэн мөнгөө төлсөн л байх учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байна. Энэ зүйлд зааснаар хэрвээ мөнгө зээлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би Б.О-өд 7.000.000 төгрөг, 6 сарын хүү 1.470.000 төгрөг, нийт 8.470.000 төгрөг төлөх байснаас 8.602.700 төгрөг төлсөн. Тиймээс дахин мөнгө төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.З-ээс 3.359.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл, алдангид 12.840.580 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Шүүхийн шийдвэрт “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчилсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн талуудын хооронд бичгээр хийсэн 1202 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь тухайн өдрөө гүйцэтгээгүй байна. ...Өөрөөр хэлбэл уг гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө” гэж заасан байх ба энэ гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 12.000.000 төгрөгийг өгөөгүй, өмнө нь буюу 2017, 2019 онуудад мөнгийг өгсөн тул дээрх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд бичгээр хийсэн 1202 тоот гэрээний үүргийг шаардах боломжгүй гэж дүгнэлээ” гэжээ.

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээнд заасны дагуу зээлдүүлсэн мөнгийг хариуцагчийн  дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Гэхдээ гэрээний үүргийн гүйцэтгэл гэрээ байгуулагдахаас өмнө биелэгдсэн байсан.

Өөрөөр хэлбэл гэрээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ч гэрээний биелэлт 2017 онд 5.000.000, 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 5.000.000, 2019 оны 12 дугаар сарын 31-нд 2.000.000 төгрөгийг тус тус хариуцагчид өгснөөр биелэгдсэн.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх тухай зохицуулсан. Тухайлбал 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө” гэсэн. Энэ зохицуулалтын агуулга нь үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх нөхцөл, боломжуудыг дурдсан байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэгч, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр заажээ. Бодит байдал дээр Б.О- нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.З-т хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог төдийгүй Г.З- ч өөрөө хүлээн зөвшөөрч дэвтэр дээр харилцан тэмдэглэл үйлдэж явсан байдаг.

Харин дансанд хийсэн тухай асуудал нь гэрээний үүргийг гүйцэтгэх хэлбэр юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хэлбэрийг зөрчсөн асуудал нь ямар тохиолдолд зөрчил үүсэх вэ гэвэл үүрэг гүйцэтгэх хэлбэрийг зөрчсөний улмаас тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг бодитой хүлээн авч чадахгүй нөхцөлд хүрсэн бол үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж үзэж болох юм. Жишээ нь бэлэн өгөхөөр тохирсон мөнгийг дансаар шилжүүлсний улмаас тухайн этгээдийн зээлсэн банкны зээлэнд автоматаар татагдсан, битүүмжлэгдсэн тохиолдлууд байж болох юм. Түүнээс биш үүрэг гүйцэтгэх хэлбэрийг зөрчсөнөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хүү алданги нэхэмжлэхдээ хариуцагчийн гэрээ байгуулахаас өмнө төлсөн хүү болох /1.800.000+840.000/ 2.640.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээ байгуулснаас хойших хугацааны хүү, алдангийг нэхэмжилж байгаа юм.

2. Мөн шүүхийн шийдвэрт “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь 1202 дугаартай гэрээний дагуу хариуцагчаас алданги 4.200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх 1202 дугаартай гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байх тул алданги нэхэмжлэх эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 4.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бичгээр байгуулсан гэрээг дүгнэхдээ хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзсэн хэдий ч яг хуулийн ямар үндэслэлээр уг дүгнэлтэд хүрсэн тухайгаа шийдвэртээ дурдаагүй нь хуулийн үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэдэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл эсхүл хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл, улмаар хуулийн аль үндэслэлд хамаарагдах гэдгийг тодорхой дурдаагүй байна.

3. Талууд анхнаасаа бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч сайн дурын үндсэн дээр тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлж байсан нь хэрэгт авагдсан баримт буюу тооцоо нийлсэн дэвтэрт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэлээр нотлогддог. Энэ баримтаа хариуцагч нь шүүхэд гаргаж өгч хэргийн материалд хавсаргасан, мөн шүүх хуралдааны явцад энэ талаараа мэдүүлдэг.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийх шаардлагагүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.З- нь нэхэмжлэгч Б.О-өөс зээлсэн мөнгөнийхөө хүүд 2.640.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд тухайн хүүд төлсөн мөнгийг хожим нь шаардах эрхгүй буюу үндсэн хүүгээс хасуулахаар шаардаж болохгүй юм.

Талуудын хооронд хийсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тооцоогоор өмнөх хугацаанд өгч, авсан тооцоог хийсэн бөгөөд шүүхээс дээрх хугацаанаас өмнө хийсэн гүйлгээний дансны хуулгыг давхардуулан нэхэмжлэлийн үнийн дүгнээс хассан байна. Үүнд:

- 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн 300.000 төгрөгийн гүйлгээ /мах нийлүүлсний төлбөр/

- 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн 300.000 төгрөгийн гүйлгээ /мах нийлүүлсний төлбөр/

- 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г.З-ээс шилжүүлсэн 555.000 төгрөг нь тус тус тооцоонд тэмдэглэгдсэн “1.000.000 төгрөг өгөв” гэсэн тооцоололд багтсан,

- 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр У-н данснаас шилжүүлсэн 500.000 төгрөг зэрэг болно. Дээрх мөнгөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэл гаргахдаа дээрх мөнгөн дүнг төлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцсон. Гэтэл хариуцагчийн төлбөрөөс давхардуулан хассан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.О- нь нь хариуцагч Г.З-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.200.000 төгрөг, 250 хоногийн алданги 6.000.000 төгрөг, нийт 16.200.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан,

Хариуцагч нь Г.З- нь  зээл, зээлийн хүү, алдангийг бүрэн төлж барагдуулсан тул төлөхгүй гэж 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-нд 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг дансаар авсан, харин 2017 онд 5.000.000 төгрөг аваагүй,  7.000.000 төгрөгийн 6 сарын 3.5 хувийн хүү 1.470.000 төгрөг, нийт 8.470.000 төгрөг төлөхөөс 8.602.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Талууд зээл, зээлийн хүү, хугацаа зэрэг зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар анх амаар хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсний дагуу нэхэмжлэгч Б.О- нь 7.000.000 төгрөгийг өөрийн харилцах банкны данснаас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгийг  бэлнээр тус тус  хариуцагч Г.З-т шилжүүлсэн, зээлийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нөхөж бичгээр байгуулж, хүсэл зоригийн илэрхийллээ хожим баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулж зээлийн гэрээ бичгээр хийсэн  нь  гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй“ гэж заасантай нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлдэгч Б.О- нь зээлдүүлэгч Г.З-т 2019 оны 11 дугаар сарын 29-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-нд 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 2017 оны 03 дугаар сарын 03-нд 5.000.000 төгрөгийг  бэлнээр тус тус өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн 12.000.000 төгрөгийг зээлдүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ /хавтаст хэргийн 5, 94 хуудас/.

 

Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд байгаа бичгийн нотлох баримтад 6.500.000 төгрөгийг авав. Г.З-т” гэж тэмдэглэгдсэн байна. Хариуцагч нь 2017 онд 5.000.000 төгрөгийг аваагүй гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

 Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бичгээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шатны шүүхийн зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай нийцээгүй үндэслэл муутай болжээ.

 

Харин анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Б.О-, Г.З- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэгч нь зээл болон зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч хариуцагч нар нь анхнаасаа алдангийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д заасныг баримтлан зээл, зээлийн хүү нийт 14.520.000 төгрөгөөс /үндсэн зээл 12.000.000 төгрөг, сарын 3.5 хувийн 6 сарын хүү 2.520.000 төгрөг/ хариуцагчийн бэлнээр болон бараагаар өгсөн 8.640.500 төгрөгийг /бэлнээр 4.238.000 төгрөг, бараагаар өгсөн 4.402.580 төгрөг/ хасч тооцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг /5.880.000 төгрөг/ хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

 Нэхэмжлэгчийн “талуудын хооронд хийсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тооцоогоор өмнөх хугацаанд өгч, авсан тооцоог хийсэн бөгөөд шүүхээс дээрх хугацаанаас өмнө хийсэн гүйлгээний дансны хуулгыг давхардуулан нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассан байна” гэсэн гомдлын тухайд:

 

Дээрх тооцоонуудын талаар үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.З-ээс 3.359.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл, алдангид 12.840.580 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,” гэснийг "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.З-ээс 5.880.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.320.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,” гэж , 2 дахь заалтын “68.701” гэснийг “104230” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.БОЛОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.ТЭГШСУУРЬ       

 

                                                                                            Б.ДЭНСМАА