Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 150

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг 

Шүүгдэгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Пийн Б-д холбогдох 1712000940054 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Шовогт П-ийн Б

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Жимбэгэр” гэх газарт хохирогч С.Д-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж газарт унаган улмаар цээжин хэсэгт нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1712000940054 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч С.Д-ийн өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын 13-ны орой ороо засаад унтах гэж байтал манай хүүхэд М-ийнд Н, Б 2 ирсэн. Тэгээд гадаа түжигнээд байсан би гараад юу болоод байна та нар больцгоо гээд хэлтэл намайг Б- ирээд шууд өшиглөж унагаад цээжин дээр олон удаа дэвсээд байсан. Тэгээд би болиоч гэхэд тоохгүй дэвсээд байсан тэгж байгаад арай гэж босоод гэртээ ороод орондоо ороод унтаад өгсөн. Б  намайг цохиж унагаад дээрээс цээжин дээр дэвсээд байсан. Н нь хараад зогсоод байсан. Миний цээж өвдөөд амьсгалахад хэцүү, хөдлөхөд хэцүү байсан. Эмнэлэгт үзүүлэхэд эмч өвчүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэр 2 их согтуу байсан. Б бид хоёрын хооронд урьд өмнө ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, 

* Хохирогч С.Дагвадоржийн дахин өгсөн: 

“...Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Жимбгэр гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 22 цагаас 00 цагийн орчимд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр өшиглөж газар унагаад дээрээс олон удаа дэвссэн. Зарим зүйлийг санахгүй байна. Н нь намайг цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Би Б-оос 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Надад хохирол өгөх баримт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/ 

* Гэрч Д.М-ийн өгсөн:

 “...2017 оны 08 сарын 13-ны өдөр би үхрээ хайж яваад Б-йнд ортол Н байсан. Тэгээд намайг Н чи хонио нааш нь битгий туугаад бай хаваржаа идээд байна чамайг би буудна шүү гээд, Б нь чи шартай залуу вэ гээд зодох гээд занаад байсан. Б нь намайг зайл яв гээд хөөснөө орой архи бэлдээд байж бай очноо гээд байсан. Би тэгээд давхиад явсан. Гэртээ ирээд байж байтал орой 21 цагийн үед тэр 2 нэг морин дээр сундлаад ирсэн. Тэгээд надаас уучлал гуйна гээд гар барих гэхээр нь үгүй гэтэл Б нь ширээ цохиод айраг өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би нүүр рүү нь цохьсон чинь Ннь намайг бариад унагасан. Гараад ир үзье гээд айраг асгаад байхаар нь  дахин цохьсон. Тэгээд гарч ирээд надтай зодолдох гээд байсан тэгэхэд манай эхнэр боль гэсэн чинь гэдэс рүү нь унатал өшиглөсөн. Тэгээд манай эхнэр урагшаа орилоод гүйсэн. Тэгээд би шар саваар цохьсон намайг ална гээд том шургааг бариад хөөгөөд би зугтсан. Манай аавыг гадаа унагаад элэг рүү нь өшиглөөд цохиод байсан. Манай аав одоо болилдоо гээд газар хэвтээд байсан гэж манай дүү хэлсэн. Н нь хараад зогсоод байснаа одоо болно гээд байсан гэсэн. Би айлд орж утсаар цагдаад мэдэгдээд ирэхэд явсан байсан. Бид нарын хооронд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Батдорж нь угаасаа архи уухаараа агсан, айлд олон удаа агсардаг. Н нь бэлчээр гээд хэрүүл хийгээд байдаг. Би цохиулаагүй. Манай эхнэр болон аавыг зодож байхыг Н харсан, манай дүү С харсан, мөн ахын эхнэр байсан. Манай дүүг нохойны төмөр идүүрээр Б цохьсон, толгой нь овойсон байсан. С-ийг зодох гээд хөөсөн, хөлөө эвгүй гишгээд өвдөөд байна гээд байсан. Би ганцаараа учраас дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

* Гэрч А.Н-ийн өгсөн

 “...2017 оны 08 сарын 13-ны өдөр би Б-той архи уусан. Тэгээд орой 22 цагийн үед Д  ахынд очсон. Тэгээд Б М хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би боль гээд МБ-ийг гараад ир зодолдоё гээд дуудаад 5 литрийн сав бариад тэрүүгээрээ цохиод тэр хоёр барилцаад авсан. Тэгээд би салгах гээд очоод татахад М-гийн эхнэр тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод Б-д гэдэсрүүгээ өшиглүүлсэн. Тэгээд би миний дүү хол зугтаа гэхэд эхнэр нь зугтаагаад явсан. Би морь руугаа явж байтал Д ах гарч ирээд та нар боль гээд уурласан. Тэгтэл Б очоод цохьсон, нэг харсан чинь Д ах газар унасан байсан. Би очоод чи боль хөгшин хүнийг яаж байгаа юм гээд морин дээрээ сундлаад гэртээ ирсэн. Б манайд жаахан байж байгаад гэр рүүгээ явсан. Тэгээд тэр шөнө нь цагдаа ирсэн. Би хүн цохиогүй тэр 2 зодолдох гэхээр нь салгах гээд хүч хүрэхгүй байсан. М гэдэг залуу Б-д ороход нь гэрээсээ зайл гэж хөөсөн гэсэн тийм болохоор М Б-ийг гэртээ ороход нь чи яах гэж манайд ирсэн юм ална гээд дайрсан. Үүнээс болоод хэрүүл маргаан үүссэн гэж бодож байна. Бид нарт урьд өмнө ямар нэг өс хонзон, өр авлагын талаар хэрүүл маргаантай зүйл байхгүй. М-гийн гэрийн хаалгыг Б- гүйж очоод өвдөглөөд цөм цохьсон. Тэр хоёр гэрт барилцаж аваад айраг цагаа асгаад гэрээс гарсан. Бид хоёр монгол архи 2 литрийг уугаад дээрээс нь 2 ш 0.5 гр Ерөөл архи уусан, их согтуу байсан. Би хүн цохиогүй, М-гийн эхнэрийг өшиглөхийг би хараахгүй. Гэхдээ эхнэр нь намайг гэдэс рүү өшиглөсөн гээд орилоод байхаар нь би зугтаа гэсэн. Аавыг нь цохьсон, цээж рүү нь цохьсон би тэгээд морио авч ирээд Батдоржийг сундлаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/  

* Насанд хүрээгүй гэрч Т.Э-ын өгсөн: 

“...2017 оны 08 сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Жимбэгэр гэх газар манай аав Д-д Б-, Н- гэх хоёр хүн согтуу ирсэн. Тэгээд манай ах М-йн гэр рүү ороод удалгүй хэрүүл зодоон болоод шуугиад байхаар нь би аавын гэрээс гарч ирээд харсан чинь Б- гэдэг хүн манай ах М-тэй барьцалдаад авсан байсан. Тэгтэл Н- эгч тэр хоёрыг салгах гэсэн чинь Б Н эгчийн гэдэс рүү нь өшиглөсөн чинь Н эгч хойшоо унаад гэдсээ бариад босож ирээд уйлаад хажуу талын айл руу яваад орсон. М ах Б гэдэг хүнээс салаад эхнэрийнхээ араас явсан чинь Б манай аавын гэр рүү явж очоод манай аав Д-йг хөл рүү нь өшиглөсөн чинь аав газар унахад Б аавын дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Б-той  хамт явж байсан Н- гэх залуу тухайн үед хараад зогсоод байсан. Тэгээд тэр хоёр явсан. Яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Н эгчийг салгах гээд очтол өшиглөсөн, манай аав Д-ийг яагаад зодсон болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

* Насанд хүрээгүй гэрч Б.С-ын өгсөн: 

“...Би 2018 оны 08 сарын 13-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Жимбэгэр гэх газар өвөө Д-ийнд байж байсан чинь орой 22 цагийн үед Б, Н хоёр согтуу морьтой манай өвөөгийнд ирээд тэгээд М ахын гэр рүү орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа М ах тэр Б гэдэг хүнтэй хэрүүл хийгээд гэрээсээ барьцалдаж аваад гараад ирсэн. Би өвөөгийн гэрээс гарч ирээд хараад зогсож байсан. Б М ах хоёрыг барьцалдаад авсан байх үед Н эгч салгах гээд очтол Б гэдэг хүн Н эгчийн гэдэс рүү өшиглөсөн. М ах тэр Батдорж гэдэг хүнээс салаад эхнэрлүүгээ явсаны дараа Б манай өвөө Д ийг гэрийн үүдэнд зогсож байхад нь явж очоод өшиглөж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд яваад өгсөн. Б-той хамт явж байсан Н нь зодоон болох үед хараад зогсоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

*Яллагдагч П.Батдоржийн өгсөн: 

“...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Жимбэгэр гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 22 цагаас 00 цагийн орчимд Дагвадоржийг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж унаган цээжин хэсэгт 1-2 удаа хөлөөрөө дэвссэн. Тухайн үед Д болон түүний ач нар болох 5-6 насны нэг охин, 13-14 насны нэг охин, түүний хүү М, хоёр бэр нь байсан. Нэг бэрийг Н гэдэг. Нөгөө бэрийнх нь нэрийг мэдэхгүй. Мөн манай найз Н байсан. Би түүнийг нэг удаа гараараа биеийнх нь цээжин хэсэг рүү цохиж газарт унаган дээрээс нь хөлөөрөө 1-2 удаа дэвссэн. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед би М-тэй хэрүүл маргаан хийсэн байсан. Д-ийг зодож цохих ямар нэгэн шалтгаан байгаагүй. М-тэй хэрүүл маргаан хийсэн уурандаа л түүнийг цохиж зодсон. Би хэрэг болох үед архи уучихсан согтуу байсан. Гэхдээ өөрийнхөө хийж буй үйлдлийг мэдэж байсан. Намайг Д цохиж зодоогүй. Би ганцаараа л цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  353 дугаартай дүгнэлтэнд:

“...С.Д-ийн биед өвчүү ясны их бие хэсгийн далд зөрөө багатай хугарал, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар өвчүү ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал / 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113-114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Жимбэгэр” гэх газарт иргэн С.Д- бусдад зодуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б үйлдсэн болох нь  хохирогч С.Д-ийн  “...Тэгээд гадаа түжигнээд байсан би гараад юу болоод байна та нар больцгоо гээд хэлтэл намайг Б ирээд шууд өшиглөж унагаад цээжин дээр олон удаа дэвсээд байсан. Тэгээд би болиоч гэхэд тоохгүй дэвсээд байсан тэгж байгаад арай гэж босоод гэрттээ ороод орондоо ороод унтаад өгсөн. Б намайг цохиж унагаад дээрээс цээжин дээр дэвсээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.М-нийн “...Тэгээд надаас уучлал гуйна гээд гар барих гэхээр нь үгүй гэтэл Б  нь ширээ цохиод айраг өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би нүүр рүү нь цохьсон чинь Нямаа нь намайг бариад унагасан. Тэгээд гарч ирээд надтай зодолдох гээд байсан тэгэхэд манай эхнэр боль гэсэн чинь гэдэс рүү нь унатал өшиглөсөн. Тэгээд манай эхнэр урагшаа орилоод гүйсэн. Тэгээд би шар саваар цохьсон намайг ална гээд том шургааг бариад хөөгөөд би зугтсан. Манай аавыг гадаа унагаад элэг рүү нь өшиглөөд цохиод байсан. Манай аав одоо болилдоо гээд газар хэвтээд байсан гэж манай дүү хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Н-ийн “... Б  М хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би боль гээд М  Б-ийг гараад ир гээд дуудаад 5 литрийн сав бариад тэрүүгээрээ цохиод тэр хоёр барилцаад авсан. Би морь руугаа явж байтал Дагва ах гарч ирээд та нар боль гээд уурласан. Тэгтэл Б  очоод цохьсон, нэг харсан чинь Д-  ах газар унасан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Э-ын “...манай ах М-ийн гэр рүү ороод удалгүй хэрүүл зодоон болоод шуугаад байхаар нь би аавын гэрээс гэрч ирээд харсан чинь Б  гэдэг хүн манай ах М-тэй барьцалдаад авсан байсан. Тэгтэл Н  эгч тэр хоёрыг салгах гэсэн чинь Б Н эгчийн гэдэс рүү нь өшиглөсөн чинь Н  эгч хойшоо унаад гэдсээ бариад босож ирээд уйлаад хажуу талын айл руу яваад орсон. М ах Б  гэдэг хүнээс салаад эхнэрийнхээ араас явсан чинь Б манай аавын гэр рүү явж очоод манай аав Д-ийг хөл рүү нь өшиглөсөн чинь аав газар унахад Б  аавын дээрээс хөлөөрөө дэвсээд байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.С-ын”... М  ах тэр Б  гэдэг хүнээс салаад эхнэрлүүгээ явсаны дараа Б  манай өвөө Д-ийг гэрийн үүдэнд зогсож байхад нь явж очоод өшиглөж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 353 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Б-ийн бусдын биед халдаж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Б -ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэн шүүхээс шүүгдэгч П.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б  нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний өндөр настай хохирогч С.Д-ийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б-ийг хохирогчид бие махбодийн зовиур шаналгаа үүсгэн, тохуурхан доромжилж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох 11.4 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт гэмт хэргийн шинж болгон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн  тусгай ангид хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заажээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид 480.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч С.Д -нь цаашид эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн  жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Ш овогт П-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч С.Д-д 480.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч С.Д нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР