| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0170/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Ад холбогдох 1812003600205 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт С-ийн А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А нь 2018 оны 06 дугаар сраын 26-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бат-Номгон” дэлгүүрийн гадна иргэн А.Бтай маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812003600205 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч А.Бын өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би Н гэх найзынхаа хамтаар явж байтал Батномгон дэлгүүрийн ойролцоо үл таних 4 залуу байж байсан. Тэгээд тэр 4 залуу Н бид хоёрыг дуудахаар нь очтол Н-тай нэг залуу нь маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би очоод салгах гээд дундуур нь ортол нэг залуу нь миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа маш хүчтэй цохьсон. Би шууд цагдаа дуудсан. Тухайн үед уг зодооныг салгаад байсан танихгүй өндөр залуу намайг цохьсон гэх хүний гэрийг цагдаа нарт зааж өгөөд Бортолгойгоос гэрээс нь барьж авч ирээд намайг зодсон залууг саатуулсан. Цагдаа нар намайг тухайн үед эмнэлэг рүү явж үзүүл гээд би ээж З-ын хамтаар эмнэлэгт очиж үзүүлж зүүн талын хөмсөгөндөө оёдол тавиулсан. Би тэр хүний нэрийг мэдэхгүй харвал танина. Намайг цохиж зодсон гэх хүнийг цагдаа нар гэрээс нь авч ирээд цагдаа дээр хонуулсан. Намайг тэр залуу чулуугаар миний зүүн талын нүд хөмсөг орчимд нэг удаа цохьсон. Тэр залуутай хамт явсан 2 залуугийн нэг нь миний нүд рүү мөргөсөн, нөгөөх нь миний ар нуруу хэсэгт ганц нэг удаа хөлөөрөө өшиглөж байсан. Би тэнд байсан хүмүүсийг цохиж зодоогүй. Тэр хүмүүс согтуу байсан, тэдгээр хүмүүсийг Н танина. Би танихгүй. Намайг 3 хүн хамт зодсон нэгийг нь мэдэхгүй, харвал гурвууланг нь танина. Цагдаа дээр хоносон залуу нь миний зүүн хөмсөг рүү чулуугаар цохьсон. Нэг залуу нь намайг мөргөсөн, нэг залуу нь миний ар нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Уг нь тухайн үед 4 залуу хамт явсан тэр 4 залуугийн нэг нь надад огт гар хүрээгүй харин салгаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
* Хохирогч А.Бын дахин өгсөн:
“...Намайг маш хүчтэй цохьсон болохоор би чулуугаар цохьсон гэж бодсон, тэнд байсан хүмүүс юугаар цохьсон болохыг нь бүгд харж байсан. Сүүлд сонсоход намайг чулуугаар цохиогүй гэж байсан. С.А ганцаараа зодсон. Бид хоёр ер нь хоорондоо зодолдсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/
*Гэрч Л.Лын өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед шиг санагдаж байна. Өөрийн гэртээ би согтуу хэвтэж байхад А над руу залгахаар нь би гарч Бат-Номгон дэлгүүрийн наад талын голын эрэг дээр бид хоёр нэг шил архи хувааж уугаад гэр рүүгээ харьж явахад Бат-Номгон дэлгүүрийн ард талд 2 залуутай таарсан. Тэгээд манай найз А Н гэх өндөр залуутай маргалдаад байсан. Тэр хоёр заамдалцаад авахад Н, А гэх 2 залууг А.Б гэх найз нь салгах гэхэд А А.Бтай зодолдсон. Аийг Б нь унагаж байгаад хадан дээр чирээд зодсон. Тэгээд А тэр залууг нүүр хэсэгт нь 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд А дийлэхгүйгээ мэдээд зугтаагаад гүйсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Бортолгойд байх Д.Б гэх залуу уг зодооныг харж байсан, мөн манай тэнд байдаг Ээгий гэх 20 орчим насны эмэгтэй харж байсан. С.А, А.Быг 2-3 удаа нүүрэнд нь цохьсон. Б Аийг нүүрэнд нь цохиод унагаж газарт чирсэн. Би тухайн үед салгаж дийлэхгүй хажуугаас нь харсан. Удаан зодолдоогүй. Бын хөмсөг сэтэрсэн байсан. Аээс бас цус гарсан байсан. Тэгээд А зугтаасан. Быг өөр цохиж зодсон хүн байхгүй. Бид нар тухайн үед бүгд согтуу байсан. А.Б, Н гэх 2 залуу нь их согтуу байсан. Н нь бараг тасрах гэж байсан байх Атэй барьцалдаж авахдаа угаасаа гуйваад байсан. А.Б бид нартай уулзахаас өмнө хөмсөг нь сэтрээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш санагдаж байна. Би хэдэн үхэр хураагаад явж байтал хэдэн залуучууд маргалдаад байхаар нь Бат-Номгон дэлгүүрийн тэнд очтол А гэх залуу 2 залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очтол А нэг өндөр Н гэх залуутай маргалдаад байсан. Сүүлдээ барьцалдаж аваад нэг нэгнийгээ боотол Б гэх залуу голоор нь гүйгээд ортол А нэг удаа цохьсон. Н нь их согтуу байсан болохоор тэндээ зогсож байгаад доошоо суусан. Тэгээд Б гэх хохирогч залууг А нүүр ам хэсэгт 2-3 удаа цохьсон. Тэгтэл Б нь Аийг хөл рүү нь ороод унагаж газарт нуруугаар нь чирсэн. Би нэг очоод салгадаг юм уу гэтэл А босоод гүйсэн. Тухайн үед Бор Мандах гэсэн байх, мөн Ээгий гээд нэг эмэгтэй дэлгүүрийн үүдэн дээр гарч ирээд харж байсан. С.А А.Быг 2-3 удаа цохиж хөмсөгийг нь сэтэлсэн. Тэгээд Б нь Аийг унагаж нуруугаар нь газарт чирсэн. Бүгд архи уусан байсан. Бид нар бол ядарсан хүмүүс Бор толгой хороололдоо архи уугаад л явж байдаг. Н тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч М.Эгийн өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэртээ 15 цагийн үед би дэлгүүр ороод л буцаад харьсан. Би дэлгүүр орох замдаа уг зодооныг харсан. С.А, А.Б 2 зодолдоод А.Бын зовхи хэсэгт нь А 2-3 удаа удаа цохиод зовхиноос нь цус гараад байсан. Дэлгүүрийн цаад талын буланд байсан. Би зодооны дараа дэлгүүрийн эгч дээр ороод эгчээ та саяны зодооныг харсан уу? гэхэд тэр эгч би хараагүй ээ манай дэлгүүрийн гадна талын камер ажиллахгүй байгаа гэж хэлсэн. А гэх ах Бын нүүрэн хэсэгт нь 3-4 удаа цохьсон. Өөр хэн нэгэн хүн Быг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаартай дүгнэлтэнд:
“...А.Бын биед дараах гэмтэл учирчээ. А.Бын биед тархи доргилт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 1 шүд хөдөлсөн нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамрын таславчийн хуучин муруйлттай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал /
*Яллагдагч С.Аийн өгсөн:
“...Би дээрх хэрэг гардаг өдөр архи уусан болохоор согтсон байсан. Тэгтэл 2 залуутай маргалдсан. А.Б гэх залуутай би зодолдсон. Тэр намайг зодсон. Би мөн түүний хөмсгийг нь сэт цохьсон. Би тэр өдөр архи их уусан. Хэдэн шил архи уусан гэдгээ мэдэхгүй байна. Миний нуруу шалбарч урагдсан. Би хөдөө айлын мал маллаж байсан болохоор хэрэг гардаг өдөр хөдөө явсан. Би одоо гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 06 дугаар сраын 26-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бат-Номгон” дэлгүүрийн гадна хохирогч А.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.А нь үйлдсэн болох нь хохирогч А.Бын“...Тэгэхээр нь би очоод салгах гээд дундуур нь ортол нэг залуу нь миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа маш хүчтэй цохьсон...””... Намайг маш хүчтэй цохьсон болохоор би чулуугаар цохьсон гэж бодсон, тэнд байсан хүмүүс юугаар цохьсон болохыг нь бүгд харж байсан. Сүүлд сонсоход намайг чулуугаар цохиогүй гэж байсан. С.А ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Лыны “...Тэр хоёр заамдалцаад авахад Н, А гэх 2 залууг А.Б гэх найз нь салгах гэхэд А А.Бтай зодолдсон. Аийг Б нь унагаж байгаад хадан дээр чирээд зодсон. Тэгээд А тэр залууг нүүр хэсэгт нь 2, 3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын “...Сүүлдээ барьцалдаж аваад нэг нэгнийгээ боотол Б гэх залуу голоор нь гүйгээд ортол А нэг удаа цохьсон. Н нь их согтуу байсан болохоор тэндээ зогсож байгаад доошоо суусан. Тэгээд Б гэх хохирогч залууг А нүүр ам хэсэгт 2-3 удаа цохьсон. Тэгтэл Б нь Аийг хөл рүү нь ороод унагаж газарт нуруугаар нь чирсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Эгийн”... Би дэлгүүр орох замдаа уг зодооныг харсан. С.А, А.Б 2 зодолдоод А.Бын зовхи хэсэгт нь А 2-3 удаа удаа цохиод зовхиноос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 292 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч С.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Б нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч С.А нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг /450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан /450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР