| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2506007402763 |
| Дугаар | 2026/ДШМ/355 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/355
2026 03 27 2026/ДШМ/355
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Дөлгөөн,
цагаатгагдсан этгээд Д.Т-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/217 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Дөлгөөний бичсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар эсэргүүцэлд үндэслэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2506007402763 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-ойн Т-, ....., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ОД-/;
Д.Т- нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт, О- хотхоны 804 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүү Д.Б-тай маргалдаж, түүний биед хүч хэрэглэн халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокуророос Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй хэргийг болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Дөлгөөн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж, дүгнэхдээ алдаа гаргаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, улмаар илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан.
Шүүгдэгч Д.Т- 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О-” хотхоны 804 дүгээр байрны гадна байрлах авто зогсоол дээр “тээврийн хэрэгслийг нь зөвшөөрөлгүй авч явсан, машин өгөхгүй байна” гэх шалтгаанаар Д.Б-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үснээс нь зулгаах, хөл рүү нь өшиглөх, хөл, гар, нүүр хэсэгт цохих зэргээр бие махбодод нь халдаж, бүсэлхий, баруун зүүн гуянд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үенд хаван зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч Д.Б-, гэрч Т.Д-, Б.Б- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1208 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх хэргийн газарт байгаагүй, хохирогч Д.Б-тай ашиг сонирхлыг зөрчилтэй байж болох Д.О-ийн гэрчээр өгсөн эргэлзээ бүхий, хэрэг гарснаас хойш 10 сарын дараа өгсөн мэдүүлгийг цагаатгах тогтоолын гол үндэслэл болгосон нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд мөрдөгчөөс мэдүүлэг авах ажиллагааны өмнө хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг сануулсны дараа мэдүүлэг авах ажиллагааг явуулдаг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1208 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед учирсан бүсэлхий, баруун зүүн гуянд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үенд хаван зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой гэсэн байна.
Хохирогч Д.Б- “...Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, О- хотхоны 804 дүгээр байрны гадаа эд хөрөнгийн маргааны улмаас маргалдаж буй төрсөн эгч Д.Т-тэй таараад урд эд хөрөнгийн маргаантай асуудлыг ярьж эхлэхэд учир зүггүй үснээс зулгааж, өшиглөж, хөл, гар, нүүр, нүд хэсэгт цохисон. 102 дугаар руу залгахад 2 цагдаа ирээд бид хоёрыг салгасан. Хоёр цагдаагийн хажууд мөн адил хэл амаар доромжилж, зодож танхайрсан. Зүүн гуяны гадна дотор талд хөхөрч няцарсан, баруун хөлийн дотор хэсэг болон цээж хөхөрсөн, хоёр гарын булчин, шуу хэсэгт хөхөрч няцарсан, баруун гарын эрхий хурууг машиныхаа хаалгаар хавчсан...” гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон, үндэслэл бүхий нотлох баримтууд юм.
Гэтэл шүүгч хэргийн бодит байдлын талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг мухарлах зорилгоор хийгдсэн, хохирогч Д.Б-тай урьд хамтран амьдрагч байсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, хэргийн талаар хараагүй, хэргийн бодит байдлыг мэдэхгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй байж болохуйц үйл баримтыг сэргээж ярьсан гэрч Д.О-ийн өгсөн “...Д.Б- 12 дугаар сарын эхээр дуудлагын жолоочтой машинтайгаа ирсэн. Ирэхээсээ өмнө гэртээ 2 хоног ирж хоноогүй, гадуур шоудаж явж байгаад согтуу ирэхэд бүх бие нь хөх алаг болсон байдалтай, баруун гарын булчин хэсэг нь базуулсан юм шиг хөхөрсөн, 2 гуяны дотор тал хөхөрсөн, 2 шилбэ нь мөн адил хөхөрсөн, эрхий хуруу тулчихсан байсан..., согтуу явж байгаад уначихсан гэж хэлээд надад 1 бичлэг үзүүлж байсан...” гэх хохирогчийн биед учирсан гэмтлүүд үүссэн цаг хугацаа болон биед учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс илтэд зөрүүтэй, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс цаг хугацааны хувьд мөн илт зөрүүтэй нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, гэрч Д.О-ийн мэдүүлэгт хохирогч 2024 оны 12 дугаар сарын эхээр гэртээ ирэхдээ биедээ гэмтэлтэй байсан гэж мэдүүлсэн боловч гэмт хэрэг нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу сарын сүүлийн өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байхад цаг хугацааны илтэд зөрүүтэй үйл баримтын талаар ярьсан гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэсэн. Түүнчлэн хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагч нар болох гэрч Т.Д-, Б.Б- нарын мэдүүлэгт дурдсанаар Д.Т- нь тээврийн хэрэгслийн гадна талд зогсож байхад хохирогч Д.Б- орцноос гарч ирсэн гэх ба Д.Т- нь хохирогчийг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн бие махбодод нь халдахаар дайрч байсан, хөл рүү нь мөн өшиглөсөн зэргээр Д.Т-ийг хэргийн газарт хэрхэн биеэ авч явж байсан болохыг тодорхой мэдүүлсэн байна.
Дээрх гэрч нар нь үйл явдал болж өнгөрсний дараа дуудлагаар очсон, гэмт хэрэг үйлдэгдэж байхыг хараагүй болохоо үнэн зөвөөр мэдүүлсэн байхад Д.Т- нь Д.Б-ын хөл рүү 1 удаа өшиглөсөн гэх боловч өшиглөлтийн улмаас хөлийн аль хэсэгт цохигдсон нь тодорхойгүй, уг үйлдлийг хохирогчийн баруун гуянд учирсан цус хуралт гэмтэлтэй шууд холбоход учир дутагдалтай гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан хохирогчийн мэдүүлэг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Д.Б-ыг зодоогүй. Д.Б- миний тээврийн хэрэгслийг авч явснаас хойш 1 сар 27 хоногийн дараа “О-” хотхоны 804 дүгээр байрны гаднаас олж авсан буюу тээврийн хэрэгслээ авах гэж зөрчил үүссэн. Түүнээс зодоон болоогүй. Д.Б- энэ үйл баримт болохоос 3 хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгээс гарч яваад хүнд зодуулж ирснийг хамтран амьдарч байсан Д.О- гэрчилсэн.” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Гэрч Д.О-ийн мэдүүлгээс харахад цаг хугацааны хувьд андуурсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг учрал болсноос хойш мэдүүлэг авсан. Хохирогч Д.Б-, Д.О- нар хамтран амьдардаг байсан. Гэрч Д.О- Д.Б-ыг зодуулсан, цохиулсан байдалтай гуя нь хөхөрсөн, улаан эрээн болсон байдалтай орж ирсэн гэж мэдүүлдэг. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Д.Б- цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгслийн асуудлаар дуудлага өгснөөс биш, “би хүнд зодуулж байна” гэх байдлаар дуудлага, мэдээлэл өгөөгүй. Хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч оролцсон бөгөөд яллагдагчаас өндөр, биерхүү, яллагдагчид зодуулахаар биетэй байгаагүй. Хохирогч гэм буруугийн шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцдоггүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч Д.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулахаар зүйл болоогүй. Энэ талаар дуудлагаар очсон хоёр цагдаагийн албан хаагч мэдүүлдэг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Д.Т-ийг “хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүү Д.Б-тай маргалдаж, түүний биед хүч хэрэглэн халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх ямар учраас үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.
Хэргээс үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Д.Б-ын “...эд хөрөнгийн маргааны улмаас маргалдаж буй төрсөн эгч Д.Т-тэй таараад урьд эд хөрөнгийн маргаантай асуудлыг ярьж эхлэхэд учир зүггүй үснээс зулгааж, өшиглөж, хөл, гар, нүүр хэсэгт цохисон. Зүүн гуяны гадна дотор тал, баруун хөлийн дотор хэсэгт хөхөрч няцарсан, цээж болон 2 гарын булчин шуу хэсэгт хөхөрч няцарсан, баруун гарын эрхий хурууг машины хаалгаар хавчсан...” /хх 19-20/, гэрч Т.Д-ийн “...дуудлагаар очиход дуудлага өгсөн гэх эмэгтэй дүү гэх эрэгтэй хүний хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” /хх 33/, гэрч Б.Б-ын “...дуудлагаар очиход дуудлага өгсөн гэх эмэгтэй дүү гэх эрэгтэй хүний хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, ...эмэгтэй нь эрэгтэйг цохих гээд дайраад хэл амаар доромжлоод байсан...” /хх 35/ гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1208 дугаартай “...Д.Б-ын биед бүсэлхий, баруун гуянд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үед хаван зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх 26-27/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, гэрч Д.О-ийн “...12 дугаар сарын эхээр дуудлагын жолоочтой машинтайгаа ирсэн. Ирэхээсээ өмнө нь 2 хоног ирж хоноогүй гадуур шоудаж явж байгаад согтуу ирэхэд бүх бие нь хөх алаг болсон байдалтай байсан, өөрөөс нь асуусан чинь юман дээр унасан байх гэж хэлсэн. ...Баруун гарын булчин хэсэг нь базуулсан юм шиг хөхөрсөн, 2 гуяны дотор тал хөхөрсөн, 2 шилбэ нь мөн адил хөхөрсөн, эрхий хуруу тулчихсан байсан гэсэн ба харааны шилний 1 тал нь хагарсан байсан. Согтуу явж байгаад уначихсан гэж тухайн үед надад хэлж байсан. Надад эгчдээ зодуулсан гэж хэлээгүй маргалдсан гэж хэлээд надад 1 бичлэг үзүүлж байсан...” гэх мэдүүлгийг “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл явдлыг “2024 оны 12 дугаар сарын эхээр” гэж хэлсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг хангалттай сэргээн дүрсэлж, эх сурвалжаа тодорхой зааж чадсан...” гэж таамагласан байдлаар үнэлсэн байх бөгөөд Д.Т-ийг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор гэрчүүдийн мэдүүлгийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Д.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Д.Т-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/217 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Э.Дөлгөөний бичсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ