Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2022/00023

 

 

 

 

 

2022оны 06 сарын 29-ны өдөр            226/МА2022/00023                                      Хэрлэн сум

 

 

 

 

М.Д-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Б-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00023

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч М.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157/ШШ2022/00075 дугаар шийдвэртэй М.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-т холбогдох “20.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч М.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б- нь надаас 20.000.000 төгрөгийг  “мөнгөний хэрэг болоод байна, зээлээч” гэхээр нь манай эхнэр хүнээс сарын 7 хувийн хүүтэй мөнгө зээлж түүнд өгсөн. Г.Б- нь зээлсэн 20.000.000 төгрөгийг удаахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, мөнгөө нэхэхээр утсаа авахгүй, олдохгүй, худлаа ярьж хойшлуулсаар өдийг хүрсэн. Би Г.Б-ийн нэр дээрх данс руу 4 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Иймд 20.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийн хамт, нийт 20.257.950 төгрөгийг Г.Б-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Б-т 20.000.000 төгрөг зээлсэн. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус банкны дансаар шилжүүлсэн. Би зээлсэн мөнгөө л нэхэмжилж байгаа.

Жонш олборлосон асуудал тусдаа. Жонш олборлосон асуудлыг Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 77.000.000 төгрөгөөр намайг шатаасан. Би өөрийн эд хөрөнгийг авах гэтэл компрессор алга болсон. Компрессор 5.500.000 төгрөгийн үнэтэй байсан. Би өөрийн техникээ авчирсан. Зардлыг 30, 70  хувиар тооцно гэж гэрээ байгуулсан. 50 метр жонш байгаа гэсэн. Гэтэл 1 метр жонш л байсан. Би 15-20 хүнтэй цуг очсон. Г.Б- тэр уурхайг хариуцаж байсан. Би өөрийн ажилчдын цалин хөлс, хоол унд, машины түлш зэргийг нь дааж байсан. 3 сар ажиллаж байж би 53 тонн жонш ачаад Бор-Өндөр рүү явуулсан. 2 хүн цуг явуулсан. Намайг архи уулгаад хэмжсэн тонныг харуулаагүй 9 тонн болсон гэж хэлсэн. Гэтэл жолооч нь 53 тонн болдог гэж хэлж байсан. Ёотон цагаан машиныг би аваагүй. Хаана байгааг мэдэхгүй. Нийт 3 удаа л жонш машинаар ачсан” гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутагт орших “У”-ийн уурхайд М.Д- гэдэг хүнтэй бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр гэрээ хийж урьдчилгаанд 20.000.000 төгрөг авч оруулсан. Уурхайг бүтнээр нь 1 жил ажиллуулна урьдчилгаанд нь “Тоёота ланд 200” маркийн авто машин өгье гэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгээд надад 20.000.000 төгрөг өгөөд гарсан бүтээгдэхүүнийг 70, 30 хувиар хуваах гэрээ хийж ажилласан. Ажиллах хугацаандаа 80-90 тонн жоншны 30 хувь, 24 тонн 400.000 төгрөгөөр бодоход 9.600.000 төгрөг болох ёстойг суулгасан. Манайхаас тэсэлгээ түлш, мах, хэрэглээний зардал 18.070.000 төгрөг болсон. Энэ тооцоог ажил ахалж байсан М.Д-гийн охинтой нийлсэн” гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие М.Д-гээс 20.000.000 авсан нь үнэн. Тэсэлгээний материал авах 20.000.000 төгрөгийг урьдчилгаа болгоод өгөөд уурхай дээр ажиллахаар бид хоёр тохиролцож гэрээ байгуулсан. 20.000.000 төгрөгийг би зээлж аваагүй. 7 сард 100.000.000 төгрөг, 8 сард 100.000.000 төгрөг орж ирсэн болохоор уг 20.000.000 төгрөгийг зээлж авсан бол буцаагаад өгөх боломж бүрэн байсан.

Уурхай ажиллуулахад гарах зардлыг М.Д-гийн бригад 100 хувь хариуцна гэсэн болохоор 20.000.000 төгрөгийг суутгасан. Жижиг сажиг зардлыг суутгаагүй. 77 сая төгрөгийн зардал гарсан гэдгийг мэдэхгүй. Би эдний бригадын тооцоонд ордоггүй. Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ 20.000.000 төгрөгт хамааралтай. Зээлийн гэрээг байгуулаагүй. М.Д-гийн бригад 2020 оны 11 сар хүртэл жонш олборлосон. Цэвэр ашиг нь хэдэн төгрөг гэдгийг сайн мэдэхгүй байна. 50.000.000 төгрөгийн ашиг олсон байх. Бригад бригад тус тусдаа жонш ачиж байсан. Би 20.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157/ШШ2022/00075 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-ээс 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Г.Б- нь М.Д-тэй 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба энэхүү гэрээний 1.1-т “Энэхүү гэрээний зорилго нь “Д” ЗБН-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Улаан-Өндөр 1” хайлуур жоншны бичил уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулахад талууд хамтарч ажиллах, олборлосон бүтээгдэхүүн /жонш/-ийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хувааж авах зэрэг жоншны бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино”, 2.2-т “Уурхайд ашиглагдах хөрөнгө оруулалт ба техник тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон эцсийн бүтээгдэхүүн гаргах, борлуулах хүртэлх нийт санхүүгийн нөөцийг Б тал 100 хувь бүрдүүлж ашиглана” гэж заасны дагуу жоншны бичил уурхайн үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй ашиглагдах тэсэлгээний зөвшөөрөл болон материал татахад шаардлагатай хөрөнгө оруулалт болох 20.000.000 төгрөгийг М.Д-гээс харилцан тохиролцож авсан.

Гэрээний 2.2-т заасны дагуу нийт санхүүгийн нөөцийг Б тал буюу М.Д- хариуцах ёстой байсан боловч тэсэлгээний зардал, шатахууны зардал, тээврийн зардал, бусад жижиг зардлууд бүгд Г.Б- хариуцаж байсан. Учир нь Г.Б- нь 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт авсан учир уг хөрөнгө оруулалтаас М.Д-гийн гаргасан тэсэлгээ, шатахуун, тээврийн зардал болон гэрээний дагуу авах 30  хувийг хасч тооцож байсан.

Энэ хугацаанд М.Д-гийн бригад жоншоо олборлож 3 удаа тээвэрлэлт хийсэн ба тооцоо нийлж 19.408.400 төгрөгийн тэсэлгээ, шатахуун, тээвэрлэлтийн зардлыг Г.Б-т өгөх ёстой байсан учир уг мөнгийг хөрөнгө оруулсан 20.000.000 төгрөгөөс хасч тооцсон.

Харин үлдэгдэл 591.600 төгрөгийг төлөх ёстой юм /хавтаст хэрэгт авагдсан эхнэр О-н дансны хуулганд 2020.08.07-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020.09.15-ны өдөр 5.514.000 төгрөг шилжүүлж байсан/. 

Гэтэл М.Д- нь Г.Б-тэй хамтран ажиллахаа больсноос хойш би 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, энэ мөнгө хамтран ажиллах гэрээтэй ямар ч хамааралгүй, 20.000.000 төгрөгийг зээлсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргасан. Бодит байдал дээр Г.Б- нь М.Д- гэдэг хүнийг огт танихгүй, өөрөө очиж жоншны газрын нь үзээд хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Уг 20.000.000 төгрөг нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу хамтран ажиллах гэрээг байгуулснаас 2 хоногийн дараа Г.Б-ийн данс руу шилжиж орсон.

Мөн хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалт болгож буюу тэсэлгээний зардалд шаардлагатай 20.000.000 төгрөг шилжүүлсэн талаар шүүх хуралдаан дээр эхнэр Оюунчимэг гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс М.Д-, Г.Б- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэгч М.Д-д 20.000.000 төгрөг олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх гэрээний 2.2 “Уурхайд ашиглагдах хөрөнгө оруулалт ба техник тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон эцсийн бүтээгдэхүүн гаргах, борлуулах хүртэлх нийт санхүүгийн нөөцийг Б тал 100 хувь бүрдүүлж ашиглана” гэсэн заалт, мөн М.Д-г 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ”-г байгуулснаас хойш 20.000.000 төгрөгөө шилжүүлсэн, шүүх хуралдаан дээр гэрч О “20.000.000 төгрөгийг гэрээний урьдчилгаа буюу хөрөнгө оруулалт болгон өгсөн” талаар мэдүүлэг өгсөн зэрэгт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн дансны хуулгад үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үзэж байгаа бол Г.Б-ээс М.Д- хүү 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 100.000, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 100.000, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 1.500.000, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 5.514.000, нийт 7.214.000 төгрөгийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Д- нь зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь Г.Б- нь 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй, “Бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ”-ний хөрөнгө оруулалт болгож буюу тэсэлгээний зардалд 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, тэсэлгээ, шатахуун, тээвэрлэлтийн зардлыг Г.Б-т хариуцаж байсан учир 20.000.000 төгрөгийг суутгасан тул нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

 “...Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нэхэмжлэгч М.Д- нь хариуцагч Г.Б-т 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус банкны дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.  ...20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч авсан талаар болон бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй гэх үйл баримтад талууд  маргаагүй. ...Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч М.Д-, хариуцагч Г.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иргэний хуулийн 281. дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул  хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157/ШШ2022/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  257.950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                                        Г.ТЭГШСУУРЬ

           

                                                                                                         Г.БОЛОРМАА