Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/356

 

2026          03             27                                                                           2026/ДШМ/356

 

Д.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2210013701025 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө- овгийн Д-ийн О-, ........, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЦД-/;

Д.О- нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” /Д-/ байрны Д- тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэрээсээ хөөж гаргах зорилгоор татах, чирэх, цохих, өшиглөх зэргээр биед нь халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурор Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Ц- өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр буюу ажил дээрээ байж байхад хамаатны эгч Т- “алдарт эхийн одон” авсан хэлэхээр нь баяр хүргэх гээд Сүхбаатарын талбай дээр очиход манай хамаатны эгч Т-, түүний нөхөр Б-, хамаатны дүү Х-, түүний эхнэр А-, манай эхнэр А-, мөн Т- эгчийн танил гэх нэг эмэгтэй байсан. Тухайн үед Т- эгч тэр эмэгтэйд намайг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст мөрдөгч хийдэг гэж танилцуулсан. Тэгээд одонгоо аваад гарч ирээд тэд нар тэмдэглэхээр болж “ресторан руу явлаа, хамт явах уу” гэж надаас асуухад нь би ажилтай гэж хэлээд яваагүй. Намайг ажлаа тараад гэртээ байхад хамаатны эгч болон манай дүү, түүний эхнэр, манай эхнэр ресторанаасаа түрүүлээд манайд ирсэн. Т- эгчийг хаана байгаа, яагаад ирээгүй талаар асуухад танил нь гэх эмэгтэй нь хамт байгаа, тэр хүнийг явуулчхаад ирнэ гэж хэлсэн. Нэлээн байж байгаад Т- эгч рүү залгахад танил нь явахгүй байна, явуулчхаад яваад очъё гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай гэрт Т- эгч, өөрийн танил гэх эмэгтэйн хамт ирэхээр нь яагаад хамт ирж байгаа талаар асуухад “нөхөр нь ирж авна гээд ирэхгүй байна, тэгээд танай дүүгийнд чинь хамт очъё” гээд тухайн газрын гарсан төлбөрийг нь даагаад, гадна дэлгүүрээс өөрийн мөнгөөр нэг хайрцаг пиво аваад манай эгчийн хамт манай гэрт ирсэн гэж хэлсэн. Тэр эмэгтэй тухайн үед эгчийг дагаад ороод ирсэн болохоор би гэрээсээ шууд гаргаж явуулж чадаагүй. Тэгээд манай хамаатныхан болон тухайн эмэгтэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тэр эмэгтэй “би сэтгэл судлаач” гэх зэргээр юм ярьж, хамаатны хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байсан. Манай дүү болон түүний эхнэр хэрүүл хийгээд байхаар нь түрүүлээд манай гэрээс явсан. Би одон авсан эгчийн нөхөрт хандаж “таны үс чинь нэлээн бууралтсан байна, нэлээн хөгширсөн байна” гэх зэргээр ярихад тэр эмэгтэй хажуугаас орж ирээд “чи халзан юм байж олон юм ярилаа, чи ер нь цагдаа юм байж яаж ийм байранд амьдардаг юм, хахуулийн мөнгөөр амьдарч байгаа юу” гэх зэргээр над руу хэл амаар доромжилж дайрч, агсам согтуу тавьж эхэлсэн. Би тэр эмэгтэйг гэрээсээ явахыг удаа дараа шаардсан боловч манай гэрт гуталтайгаа орж ирээд буйдан дээр суугаад намайг хэл амаар доромжилж агсам тавиад гарахгүй байсан ба тэр эмэгтэйг гэрээсээ гаргах зорилгоор биед нь хүрч, чирч гаргаад хаалгаа хаасан. Мөн би энэ хүний худал мэдүүлснээс болоод цагдаагийн байгууллагад 12 жил шударгаар ажилласан үр дүн ямар ч хэрэггүй болж ажлаасаа гарч гадаад улсад амьдралаа дээшлүүлэх зорилгоор яваад энэ хэргээс болоод баригдаж ирсэн. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд одоо ч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Тухайн хүн согтууруулах ундаа хэрэглэсэн, миний орон байрнаас явахгүй, маргалдсан нөхцөл үүссэн. Миний зүгээс санаатайгаар гэмтээх зорилго агуулаагүй, зөвхөн орон байрнаас гаргах, нөхцөл байдлыг таслан зогсоох үйлдэл хийсэн. Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн тогтоогдоогүй, санаатай гэмтээсэн гэдгийг хангалттай нотлоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Д.О-ыг гэм буруутайд тооцсон боловч тухайн баримтуудад Д.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй талаарх нотлох баримтууд байсан. Өөрөөр хэлбэл гэрч Т-, гэрч Х-, гэрч А-, гэрч АмарТ- нар “хохирогч Д.Ц- бусдын орон гэрт зүй бус үйлдэл гаргасан, түүний зүй бус үйлдлийг таслан зогсоохоор гэрээс гаргахыг шаардсан, гарахгүй болохоор түлхэж гаргасан” гэж мэдүүлдэг. Энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар заасан гэмт хэрэг үү, эсхүл өөрийгөө хамгаалах үйлдэл үү гэдгийг ялгаж тогтоох ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан үндэслэлийг шүүх няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй. Үүнд дүгнэлт хийлгэхийг хүсэж байна. Анхан шатны шүүх гэрч А-гийн мэдүүлгийг дүгнэлгүй орхигдуулсан. А- шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр нь мөн эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй. Үндсэн хуульд гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар заасан. Хэргийн болсон үйл явдлын талаар мэдэж байгаа гэрчийн мэдүүлгийг гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг болгож болохгүй. Энэ зарчмыг буруу хэрэглэсэн. Д.Ц- нь ямар үйлдэл гаргасан талаар тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар А-гийн мэдүүлгийг үндэслэх ёстой. Гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хуралдаанаар эцэслэн дүгнэж чадаагүй. Хохирогчийн биед үүсэн гэмтэл яаж үүсгэгдсэн цохиулснаар үүссэн үү, эсхүл өшиглүүлсний улмаас үүссэн үү гэдгийг гэмтэл тус бүр дээр тодорхой болгох ёстой. Хохирогчийн буруутай үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэмтэл учруулсан байх боломжтой. Гэмтэл тус бүр дээр хэн ямар гэмтлийг, яаж учруулсан бэ гэдгийг тодорхой болгож чадаагүй. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй буюу хохирогчийн “О- гэх хүн эхнэрээ болон тухайн орон сууцанд байсан бусад хүмүүсийг зодоод байсан. Мөн намайг бас зодсон” гэсэн мэдүүлэг үнэн үү, худал уу гэдгийг тогтоох шаардлагатай. Гэтэл гэрчүүд “намайг зодоогүй, харин Ц- гэх хүн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, агсам согтуу тавьж согтуурхаад байсан, эхнэр А-г О- зодсон зүйл байхгүй” гэж мэдүүлдэг. Хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг нь цаг хугацаа өнгөрөх тусам илүү хүнд, ноцтой буюу хэт нэг талыг барьсан мэдүүлэг байна. Энэ хэрэгт нийт 7 гэрч байгаа. Эдгээр хүмүүс бүгд садан төрлийн харилцаатай хүмүүс учраас үг нийлүүлж мэдүүлсэн гэх агуулгатай дүгнэлтийг шүүх гаргасан. Яагаад гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж шалгахгүй байна. Хууль сануулсан учраас гэрчүүд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл хамаатан садан гэх байдлаар хандаж хэргийг хянан хэлэлцэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг дутуу явуулсан. Тухайн орон сууц камертай, 10 орчим айл байдаг. Шөнийн 00 цагт зодоон, агсам согтуу тавьж байгаа үйлдэл болсон байхад камерын бичлэгийг яагаад шалгаж болоогүй вэ, яагаад хөндлөнгийн гэрчээс мэдүүлэг авч болоогүй юм бэ. Дээрх ажиллагааг хийсэн нөхцөлд гэмт хэрэг эргэлзээгүй тогтоогдох байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан учраас энэ хэрэг бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, ойлгомжтой, цохисон, өшиглөсөн талаар тодорхой илэрхийлсэн байдаг. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр учруулсан гэмтлийг тодорхой дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгааг ойлгохгүй байна. Гэрч Э- буюу хохирогчийн нөхөр “манай эхнэрийг О- гэх залуу хэл амаар доромжлон, салаавч гаргасан гэж” мэдүүлсэн. Мөн Т- “гараас бариад хаалга хаачихсан, О-оос өөр хүн хүрээгүй” гэх мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Д.Ц-ын “...Д.О- нь Т- эгч болон түүний нөхөр рүү Б- юу юм, Б-г бол цохино гэсэн утгатай хачин ааш, араншин гаргаад сонин болчихоор нь би ах дүү хүмүүс ингэж болохгүй, баярын өдөр нэгэнтэйгээ битгий ам зөр, согтсон байна гэж хэлсэн чинь шууд над руу чи шулам чөтгөр, амилсан чөтгөр гэж хэлж дайрсан. Тэгэхэд Т- эгч “чи одоо яагаад байгаа юм“ гэж хэлэхээр нь би ариун цэврийн өрөөнд орж тамхиа авчхаад явъя гээд ариун цэврийн өрөөнд ороход миний тамхи байхгүй байсан. Би миний тамхи хаана байгаа юм бэ, тамхиа авчхаад гарья гэж хэлэхэд О- зайл, гар, гуйлгачин, янхан гэх зэргээр олон янзын хараал хэлж дуудсан. ...О- тэр хавиар орилж хашхираад агсам тавьж байснаа цэнхэр өнгийн шингэн зүйл гаргаж ирээд над руу харуулаад би бол ийм тамхи татдаг, чи бол гуйлгачин гэх байдлаар хэлсэн. Сүүлдээ миний уур их хүрсэн, тэгтэл Т- эгч гаръя, гаръя ямар аймаар айлд ирчих вэ, чи эгчийгээ яаж байгаа юм гэх зэргээр хэлж байтал О- хүрч ирээд буйдан дээр сууж байхад миний хоёр гарын бугалгаас бариад базаж чанга атгахаар нь аймар өвдөж байна, чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь О- миний доод уруул орчим гараараа 1 удаа цохиод, хөлөөрөө миний зүүн гуяны гадна хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би газарт унасан чинь ахиад миний баруун хөл рүү өшиглөсөн, тэгж өшиглөхөд нь миний баруун хөлийн дунд хуруу нэлэнхийдээ хөхөрч няцарсан байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бүгд болиоч гээд салгаж авсан, О-ын эхнэр нь хориод дийлэхгүй байсан ба Т- эгчийн нөхөр нь газраас босгож ирээд үүд рүү аваад гарах гэсэн чинь О- араас хүрч ирээд намайг заамдаад шалан дээр чирээд гэрийнхээ хаалгаар гаргаад гараараа цээжний баруун хэсэгт нэг удаа цохиход би газар унасан. ...Би О-д цохиулаад буйдангийн урд гал тогооны хэсэгт доод уруулын орчим цохиулж өшиглүүлээд бөгсөөрөө унасан, мөн гадаа цээж рүүгээ цохиулж хойш унасан. Намайг О-оос өөр хүн цохиж зодоогүй...” /1хх 36-37, 137/ гэсэн,

гэрч Б.Э-ын “...манай эхнэр над руу залгаад уйлаад намайг дүү нь зодчихлоо, “Д-” дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээс гараад очсон. Намайг очиход манай эхнэр үүдэнд ганцаараа уйлсан байдалтай, бага зэрэг халамцуу байж байсан. Юу болсон талаар асуухад Тунгаа эгчийн дүү нь намайг хөл рүү өшиглөж зодсон гээд балмагдсан байдалтай байсан. ...Цагдаагийн хэлтэс дээр байхад эхнэрийн биеийг харахад хүйс орчмоор улайсан, гарын бугалга хэсгээр хөхөрсөн, хөл нь доголсон байдалтай байсан. Тэгээд гэртээ очоод хувцсаа тайлаад үзсэн чинь гарын бугалга, булчин хэсэг нь хөхөрч, няцарч улайсан, суга, гуя хэсэгт хөхөрсөн, хөлийн хуруу нь гэмтсэн байсан. Маргааш нь Шүүхийн шинжилгээний хүрээлэн орж эмчид үзүүлэхэд биед нь үзлэг хийгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж зураг авхуул гэсэн учраас гэмтэл орж хөлийн зураг авхуулсан чинь эмч нь гипс тавьсан...” /1хх 39-42/ гэсэн,

гэрч Б.Т-ийн “...О- Ц-ыг гараас нь бариад татаад гаргаад хаалга хаачихсан. ...Ц-ын биед О-оос өөр хүн хүрээгүй, А- амаараа л маргалдаж байснаас түүний биед халдсан, зодолдсон асуудал байхгүй...” /1хх 44-45/ гэсэн,

гэрч Б.Б-ийн “...Би тухайн шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан. Олон дуудлага ирдэг учраас яг аль дуудлагынх нь хүмүүс гэдгийг мэдэхгүй шөнө 00 цагийн үед гаднаас хөдөлгөөнт эргүүлийнхэн дуудлагаар авч ирсэн гээд 1 эмэгтэй хүн авч ирсэн байсан. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан ба одонгийн найранд очсон, найрын эзний дүү нь зодсон, цагдаад зодуулсан, та нар цагдаагаа өмөөрөөд байгаа юм уу гэсэн зүйл яриад байсан. Энэ үгийг өөрөө л яриад агсраад, согтуурхаад байснаас бид нарын зүгээс юу ч яриагүй юм. Тэгээд гомдолтой гээд байсан учраас мөрдөгч нь холбогдох ажиллагаануудыг явуулсан байх...” /1хх 139/ гэсэн,

гэрч Б.С-ийн “...2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн байна. ...Тухайн шөнө үүрэг гүйцэтгэж байхад одон аваад гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо маргалдсан гэсэн асуудал яригдаж байсан. Зодуулсан гэх эмэгтэй нь согтуу байсан. ...Зарим зүйлийг нь би тодорхой санахгүй байна, ямар ч байсан үйл явдлыг нь санахад зодуулсан гэх эмэгтэй одон авсан найзынхаа дүүгийн гэрт архи уугаад хоорондоо маргалдаад ирсэн гэж яригдаж байсан...” /1хх 141/ гэсэн,

Шинжээч Б.Д-гийн “...Д.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь цохих, цохигдох, базах хүчний үйлчлэлийн аль алинд нь үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хөлийн дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гуянд цус хуралт, баруун бугалга, суга, цээжний цус хуралтууд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Баруун гарын эрхий хурууны гэмтлийг тухайн өрөөний гэрэл, гэрэлтүүлгээс хамаарч бүдэг цус хуралтыг анзаараагүй байх боломжтой. Доод уруулыг сөхөж татаж үзээгүй учир шинжээчийн дүгнэлтэд гэмтлийг тусгаагүй...” /1хх 145/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7782 дугаар “...Д.Ц-ын биед баруун хөлийн дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, суга, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1хх 74-75/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7782 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Ц-ын биед гэмтэл учирсан гэх ирүүлсэн фото зургийг харахад доод уруулын дотор салстад өнгөц шарх, баруун гарын эрхий хурууны ар хэсэгт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Ц-ын биед нэмэлтээр тогтоогдсон доод уруулын дотор салстад өнгөц шарх, баруун гарын эрхий хурууны ар хэсгийн цус хуралт гэмтэл нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7782 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” /1хх 151-153/ гэсэн дүгнэлтүүд,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл /1хх 22/

хохирогчийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-25/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрслэл оношилгооны илгээх бичиг /1хх 160/,

осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх 158/,

гэрч Б.Т-ийн хохирогч Д.Ц- руу бичсэн зурвасын хуулбар /1хх 163/,

хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүл мэндийн тодорхойлолт /1хх 164-169/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага, лавлагааны хуудас /1хх 20-21/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.О- нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Д-” /Д-/ байрны Д- тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэрээсээ хөөж гаргах зорилгоор татах, чирэх, цохих, өшиглөх зэргээр түүний биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.О-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.О- “...би анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд одоо ч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Хэрэг миний өөрийн орон байранд болсон бөгөөд тухайн хүн согтууруулах ундаа хэрэглэсэн, орон байрнаас явахгүй, маргалдсан нөхцөл үүссэн. Миний зүгээс санаатайгаар гэмтээх зорилго агуулаагүй, зөвхөн орон байрнаас гаргах, нөхцөл байдлыг таслан зогсоох үйлдэл хийсэн. Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй, санаатай гэмтээсэн гэдгийг хангалттай нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг үр дагавартай буюу Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулдаг хор уршигтай.

Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гадаад илрэх хэлбэр, агуулгын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч ямагт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийсэн, Эрүүгийн хуульд тусгайлан заасан үйлдэл, эс үйлдэл юм.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Д.О- нь хохирогч Д.Ц-тай маргалдаж улмаар “гэрээс гар” гэсэн асуудлаас болж түүний биед халдан, эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун булгалга, суга, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан байх ба тухайн нөхцөл байдалд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон, хохирогчоос хууль бус, бодитой довтолгоон эхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин хохирогчийн биед  халдсан үйлдэл нь түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч, гэрч нарт эрх үүрэг, тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан /1хх 35, 38, 41, 43, 136, 138, 140, 144/ баримт хэрэгт авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон өөрийн аюултай, хууль бус үйлдлийг ухамсарлаж дүгнэлт хийлгүйгээр гэм буруу дээр маргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ