Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/330

 

                                   

                                            

 

     2026          03            24                                                                                2026/ДШМ/330

 

М.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Э.Намуун,

шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч М.Хандармаа, Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч М.Хандармаа, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.О-т холбогдох 2503006191132 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Ш- овгийн М-ын О- /РД: БМ-/, ......, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо Петровис шатахуун түгээх станцын хойд замд Toyota Aqua загварын М- УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Р.Тунгалагийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш- овогт М-ын О-ыг “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би анхны байцаалтан дээр сандарсан үедээ нэг хундага уусан гээд хэлчихсэн юм. Түүнээс согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...” гэв.

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна.

2. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоож дүгнэхдээ, цусан дахь спиртийн агууламжаар бус харин амьсгал дахь спиртийн агууламжаар тогтоож байгаа нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь: Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан А/131 дугаартай тушаалын хавсралтаар батласан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д зааснаар цусан дахь спиртийн агууламжийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь илүү нарийвчлалтай үнэн дүгнэлт гарах нөхцөл бүрдэх юм.

3. Миний үйлчлүүлэгч С.О-ын амьсгал дахь спиртийн агууламж нь харьцангуй багаар тогтсон, хэргийн хохирогч нь гомдолгүй болсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь харьцангуй хүндэдсэн байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд энэ байр сууриа дэмжиж гомдол гаргаж байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.О-ын гэж хаягласан цуснаас спиртын агууламж илрээгүй гэсэн байдаг бөгөөд драйгер багажаар шалгахад М.О-ын амьсгалд дахь спиртын агууламж 0,264% гэж гарсан. Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р бүлэгт заасан журмын дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа юм. Харин драйгер багаж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу авагдсан нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд нотлох чадварын хувьд шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь илүү хүчин чадалтай. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгч дүгнэхдээ М.О-ыг 7 хоногийн дараа цусны шинжилгээ өгсөн мэтээр ойлгож бичсэн байна. Гэтэл М.О-аас 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 цагийн үед шинжилгээ хийлгэхээр түүний цуснаас дээж авч дүгнэлт нь 2025 оны 06 сарын 02-ны өдөр гарч энэхүү дүгнэлтээр цусан дахь спиртийн агууламж 0% гэж гарсан. Иймд М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул М.О-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд согтуурсан гэж үзсэн талаарх үндэслэлээ маш тодорхой тайлбарласан. Шүүгдэгч М.О-ын хувьд 0.26 хувь гарсан. Энэ нь бага хэмжээ бөгөөд тухайн үед цуснаас шинжилгээ авахад илрэх боломжгүй бага хэмжээ гэх хариу гарсан. Хуульд согтуурсан гэдгийг тайлбарлахдаа “амьсгал дахь спиртийн агууламж, эсхүл цуснаас гарсныг ойлгоно” гэж заасан. Тиймээс согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэж прокурорын зүгээс зүйлчилсэн. Ял шийтгэлийн хувьд тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зүйл ангийг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч М.О-т холбогдох 2503006191132 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Шүүгдэгч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо Петровис шатахуун түгээх станцын хойд замд Toyota Aqua загварын М- УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Шүүгдэгч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо Петровис шатахуун түгээх станцын хойд замд Toyota Aqua загварын М- УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Т-ийг мөргөсөн, уг мөргөлтийн улмаас Р.Т-ийн амь нас хохирсон болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/,

явган хүний гарцаар 2 урсгалтай, урсгал бүр нь 2 эгнээтэй замыг хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Т-ийн эхний урсгалын өнгөрөөд, явж буй зүгийнхээ 2 эгнээг өнгөрөөд 1 дүгээр эгнээнд мөргөгдсөн байдлыг тогтоож буй осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал /1-р хх-ийн 11-18/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-10/,

гэрэл зургууд: “...Toyota Aqua загварын М- УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд жолоочийн суудлын хажуу талын тавиарт тагийг нь онгойлгосон пиво, жолоочийн хажуугийн зорчигчийн суудлын хажууд сөжү архи, ар талын зорчигчийн суудлын шалан дээр сөжү архины шил дөрвөн ширхэг, пивоны лааз нэг ширхэг...” шил байв.  /1-р хх-ийн 16-17/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг амьсгалд тодорхойлогч Quen Alcodetect Pro багажаар шалгасан баримт: “...М.О-ын  драйгер багаж ашиглан шалгахад 0,264% тоон үзүүлэлт илэрсэн тухай...”  /1-р хх-ийн 13/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө-ы: “...Миний бие 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал 14 цагийн үед мэдээлэл аваад очиход манай ээж машинд мөргүүлсэн зам тээврийн ослын улмаас нас барсан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн: “...Урд улсын дугаар байхгүй, баруун урд оврын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын баруун зүүн гэрэл асахгүй, урд аюулгүйн дэр задарсан, урд салхины шил цуурч хагарсан, урд копуд эвдэрч хэлбэрээ алдаж үрчийсэн онгойх боломжгүй болсон, урд буфер хагарсан, урд краштин төмөр, бэхлэгдсэн эд ангиудын хамт мотор тал руу чихэгдэж орсон, зүүн урд гэрэл хагарч нэг тогтоогч нь дээр санжганаж унасан. Зүүн гар талын гэрэл шалгах боломжгүй санжагнаж унасан нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. ...Тоормос нь стандартын шаардлага хангаж байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь 2023-12-09, 2024-11-30-д тус тус техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. Уг авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 108-111/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 19-22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/1612 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон куртиканд үүссэн 65х60мм, ягаан цамцанд үүссэн 85x20 мм хэмжээтэй гэмтлүүд нь нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ халцралт, ногоон куртиканд үүссэн 10мм, 9мм, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ сэмрэлт, бор өнгийн өмдөнд үүссэн 85мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. ...” /1-р хх-ийн 137-139/, 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ЕГ0625/1811 дугаар: “...Р.Т-ийн цогцост аман хүзүүний мултрал, нугасны бүрэн тасрал, сээрний 8-р нугалмын их биеийн бяцарсан, 9-р нугалмын сэлтэрсэн хугарал, нугасны бүрэн бус тасрал, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, аарцаг ясны зүүн талын олон яс уулзах үер салсан, баруун шуу, богтос ясны далд, баруун шаант тахилзуур ясны доод 1/3-н ил хугарал, зүүн шагайн гадна, дотор хавчаар далд хугарал, шагайн үений мултарал, гол судасны нумрах хэсгийн бүрэн бус тасрал, зүүн зулай, чамархайн дэлбэн, баруун зулайн дэлбэн, бага тархины хоёр тал бөмбөлгийн дээд гадаргуу, өтөнцөр хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зүүн шилбэний шарх, зүүн чамархай, хоёр хацар, хэвлий, зүүн хөлийн хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр ойролцоо буюу нэг цаг хугацаанд зам тээврийн ослийн үед цохих, дарах, шахах механизмаар амьддаа үүснэ. Амь хохирогч нь тархи, нуруу, нугас цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” /1-р хх-ийн 152-164/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1379 дугаар мөрдөгчийн магадлагаа: “...Явган зорчигч Р.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч М.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэслэлтэй байна. ...” /1-р хх-ийн 182-183/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

2. Хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц, хоорондоо зөрүүгүй байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдлыг сэргээн тогтож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.О-ын:

“...Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож,

явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зогсоох арга хэмжээ авалгүйгээр гарцаар гарч байгаа явган зорчигч Р.Т-т зам тавьж өнгөрөөлгүй түүнийг мөргөж, амь насыг нь хохироосон...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял...”-ыг оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М.О-ын амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын болон эд хөрөнгийн хохирлуудыг төлж барагдуулсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан ялыг доод хэмжээгээр нь буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн тухайн  зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор оногдуулсан ялыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

4. Шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч нар нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/4052 дугаар: шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. М.О- гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.” /1-р хх-ийн 128-129 дүгээр тал/ гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн М.О-ыг согтууруулах ундаа хэрэглээгүй тул түүний үйлдлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ М.О-ыг 7 хоногийн дараа цусны шинжилгээ өгсөн гэж хугацааг буруу тогтоож дүгнэсэн байна.  

Хууль тогтоогч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбартаа “...Тайлбар: -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. ...” гэж амьсгал дахь спиртийн агууламж, цусан дахь спиртийн агууламжийг тус тусад нь ялган зааглаж заасан.

Шүүгдэгч М.О- нь хэрэг болсон 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 59  минутад /1-р хх-ийн 85-87 тал/ өөрийн амьсгалд спиртийн агууламж илэрсэн нөхцөл байдалтай маргаангүйгээр гэрчийн мэдүүлэг өгчээ. Түүнчлэн, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол үйлдсэн цаг хугацаа, хэзээ албаны дарга нь батласан болох нь /1-р хх-ийн 120/ тодорхойгүй байх ба М.О-ын биеэс хэзээ, хэн, хаана, ямар нөхцөлд хэнээс цусыг авсан байдлыг тогтоох баримтууд хэрэгт бэхжүүлэгдээгүй байна. 

Иймд хэргийн газрын үзлэг хийхэд бэхжүүлэгдэгдсэн М.О-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн доторх байдлыг харуулж буй жолоочийн суудлын хажууд задалсан пиво, сөжү архи зэрэг согтууруулах ундаа тавьсан байгаа гэрэл зураг /1-р хх-ийн 16 тал/, М.О-ын амьсгалд 0,264% үзүүлэлт бүхий согтууруулах ундаа илэрсэн /1-р хх-ийн 13 тал/ зэргээр тус хэрэг болсон 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 50 минутын үед шүүгдэгч М.О-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь нотлогдож байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хийлээ.

Иймд шүүгдэгч М.О- түүний өмгөөлөгч М.Хандармаа, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө- нь хохиролд 35,827,765 төгрөг нэхэмжилсэн ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0825/2143 дугаар: “...Х- овогтой Ө-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1-р хх-ийн 167­-169/, 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 0825/3365 дугаар: “...Хууль ёсны төлөөлөгч Х- овогтой Ө- /УХ-/-ийн сэтгэцэд 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1-р хх-ийн 175-177/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт бэхжүүлэгджээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө-д шүүгдэгч М.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 100,000,000 төгрөг нөхөн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ө- тус гэмт хэргийн улмаас нэхэмжлэх хохирол, хор уршгийн төлбөр байхгүй талаар хүсэлтийг гаргасан /1-р хх-ийн 243-246 тал/ байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч М.О-ыг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх, шүүгдэгч М.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх ба оногдуулсан ял шийтгэлийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зөв дүгнэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад М.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “...2 дахь хэсгийн 2.3 дахь заалт...” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнийг давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин есдүгээр бүлэгт заасан эрх хэмжээний хүрээнд зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.  

7. Шүүгдэгч М.О-ын шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч М.Хандармаа, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын 2026 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ